"Ардын үг" зөвлөлдөх аян нийслэлийн дөрвөн дүүрэгт үргэлжилнэ

2016.10.12 Лхагва №096 (2127)

"Ардын үг" зөвлөлдөх аян үргэлжилж байна. "Монголын медиа корпорац"-аас санаачлан хэрэгжүүлж буй уг аян өмнө нь Дорноговь аймагт болон нийслэлийн зарим дүүрэгт явагдаж байсан юм. Уг аян нь тулгамдаж буй асуудлуудыг нь тухайн газарт оршин суудаг иргэдээр нь хэлэлцүүлж, шийдвэр гаргагчдад үгийг нь дамжуулан хүргэх, бодлого шийдвэрт нь тусгуулах зорилготой юм. "Ардын үг" зөвлөлдөх уулзалт энэ удаа нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд зохион байгуулахаар болсон талаараа "Монголын медиа корпорац"-ын гүйцэтгэх захирал Д.Бадамдаш, Маркетинг, борлуулалт, хамтын ажиллагааны газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "Ийгл ньюс" телевизийн тоймч Ө.Золбаяр, "МЕК" судалгааны байгууллагын захирал Л.Золбаатар нар олон нийтэд мэдээлсэн юм. 

Д.Бадамдаш:
-Аливаа орон нутгийн иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож аваад, тэдэнд эхлээд мэдээлэл өгнө. Түүний дараа мэдээлэл бүхий иргэдээр тодорхой асуудлаар хэлэлцүүлэг явуулж, санал бодлыг нь авч, үнэлэлт, дүгнэлт өгүүлэх нь "Ардын үг" иргэдийн зөвлөлдөх аяны гол зорилго юм. Тэнцвэртэй мэдээлэл авсан иргэд аливаа асуудлыг хэлэлцсэний үр дүнд гаргасан шийдвэр нь зарим тохиолдолд парламентын гаргасан шийдвэрээс илүү оновчтой байдаг тохиолдол олон бий. Яагаад гэвэл, зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа иргэд санамсаргүй түүврийн аргаар сонгогдож байгаа. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд ямар нэгэн сонирхлын зөрчлийн нөлөөнд автах нь харьцангуй бага байдаг юм. Үүнийг АНУ-ын Стэнфордын их сургуулийн багш, судлаач Жеймс Фишкин санаачилсан байдаг. Манай улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "Нийслэлийн маргааш" сэдвийн хүрээнд анх зөвлөлдөх уулзалт явагдсан юм. Ингэхдээ Улаанбаатар хотод тулгамдсан дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 төслийг иргэдээр хэлэлцүүлж, эрэмбэлүүлэн санал бодлыг нь сонссон байдаг. Төлөөллийн ардчиллын хувьд үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж судлаачид үздэг. Өөрсдийгөө төлөөлүүлэн сонгосон албан тушаалтан нь үүргээ хангалттай биелүүлдэггүй, амалсандаа хүрдэггүйтэй холбоотойгоор итгэлцлийн хямрал үүсч байна. Тиймээс  одоогийн ардчиллын сул талыг нөхөхийн тулд Зөвлөлдөх ардчилал гэсэн нэр томъёог гаргаж ирсэн байдаг. Сонгуулийн үед хийгдэж байгаа учраас сонгуультай холбоотой гэж үзэх хүмүүс байна. Гэхдээ зөвлөлдөх аян нь улс төрийн нөлөө, сонгуультай ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Цаашид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор иргэдийн дунд "Ардын үг" зөвлөлдөх аяныг хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудтай ярилцаж байна. Мөн Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд зэрэг олон түмний хамгийн их анхаарал татаж буй томоохон төслүүд дээр ардын үгийг сонсохоор төлөвлөөд байна. 

Л.Золбаатар: 
-Санамсаргүй түүврээр тухайн орон нутагт оршин суудаг хүмүүсийн санал бодлыг сонсдог. “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аянд дүүрэг тус бүрээс нийт оршин суугчдыг төлөөлж чадах 150 хүртэлх хүнийг түүврийн аргаар сонгон авч ардын эксперт болгоно. "Ардын эксперт"-ыг сонгохдоо түүвэр судалгаа хийгээд тухайн орон нутгийг төлөөлж чадахуйц 300-400 хүнийг оролцуулдаг. 300-400 гэдэг тоо нь социологийн аргачлалаараа 15 мянгаас дээш хүн амыг бүрэн төлөөлөх түүвэр бөгөөд 95 хувийн итгэлцэлтэй, таван хувийн алдааны магадлалтай үр дүн гаргах хэмжээний түүвэр юм. Судалгаагаар иргэдийн саналыг хүлээн авч, утсаар нь эргэн холбогдож үнэн бодит мэдээлэл авсан эсэхийг нь шалгах систем ажиллаж байгаа. Түүний дараа зөвлөлдөх ардчиллын уулзалтад мөн санамсаргүй түүврээр дээр хэлсэнчлэн нэг дүүргээс 150 хүнийг урина. Түүний дараа холбогдох албан тушаалтнууд хийсэн ажлынхаа тайланг өгнө. Түүнийг нь уулзалтад ирсэн иргэд хэлэлцэх юм. Тодорхой мэдээлэл авсан иргэд асуудалд бодитой ханддаг.   
Ийнхүү дээрх дөрвөн дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх аян хэрэгжихээр боллоо. Үүний дүнд ойлголтын зөрүүтэй олон мэдээллийг иргэд нь хэлэлцэхээс гадна тухайн дүүргээс сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудынхаа тайлантай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм. 
Дорноговь аймагт хэрэгжсэн анхны зөвлөлдөх санал асуулга дээрх байдлаар амжилттай явагдсан. "Монголын Медиа корпорац"-аас томилогдсон ажлын хэсэг 14 хоногийн турш Дорноговьчуудын "гүүр" болж тэдний үгийг орон нутгийн удирдлагууд болон  шийдвэр гаргагчдад хүргэсэн. Мөн ард иргэдийн зүгээс өгсөн санал, хүсэлтийн дагуу мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг "Ийгл ньюс" телевиз, "Ардын эрх" сонин, "Үндэсний тойм" сэтгүүл, eagle.mn вэб сайт, ФМ 91.1 болон сошиал сүлжээгээр өдөр бүр бэлтгэн хүргэсэн юм. Дорноговь аймагт зохион байгуулсан аяны хүрээнд аймгийн иргэдийн зүгээс ирүүлсэн санал гомдлыг холбогдох газруудад уламжилсаны дүнд нэг сум шинээр цахилгаантай болж, олон жил царцаад байсан төрөх эмнэлгийн барилгын ажил үргэлжилсэн зэрэг хэд хэдэн томоохон асуудлуудлыг шийдвэрлэж чадсан билээ. 

Зөвлөлдөх ардчиллын тухай ойлголт
Энэхүү аяны гол зорилго нь зөвхөн ардын үгийг төрд дамжуулах бус, зөвлөлдөх ардчиллыг Монголд  хөгжүүлэх  ажээ.  Ингэснээр төрийн бодлого, шийдвэр ард түмний мэргэн санаа бодолтой уялдаж, улмаар эдийн засгийн хямрал, засаглалын хямралыг шийдэх гол арга, шийдэл нь болох юм. Онолын хувьд ардчилал нь шууд, төлөөллийн, элит, зөвлөлдөх гэсэн хэлбэртэй байдаг. Өнөөдөр парламент буюу төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, гаргасан шийдвэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй, үүнээс болж ард түмэн ардчиллын үнэт зүйлд ч эргэлзэж эхэлсэн нь нууц биш. Төлөөллийн ард­чиллын тогтолцоонд эрх баригчид ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг, ард иргэдийнхээ санаа бодлыг сонсдоггүй, сонссон ч бодлого, шийдвэртээ тусгадаггүй гэх зэрэг шүүмжлэл бий. Энэхүү шүүмжлэлийг залруулахын тулд шууд ардчиллыг хэрэгжүүлсэн. Гэвч шууд ардчилал буюу ард нийтийн санал асуулга нь өртөг зардал өндөртэй, иргэдээс улс төрийн өндөр боловсрол шаарддаг, популизмыг гааруулдаг гээд олон сөрөг үр дагавартай. 
Нөгөөтэйгүүр, улс төрийн хүчнүүд сонгуулиар олонхи болж чадаагүй нөхцөлд зөвшилцөл хэмээх наймаа, тохиролцоо, хуйвалдааны аргачлалыг өргөн ашиглах болсон нь төлөөллийн ардчиллын сул тал болж байна.
Тиймд манай улсад төдийлөн тохирохгүй хэв шинжүүд ажиглагддаг билээ. Тэгвэл дээрх хоёр хэлбэрт буй дутагдалтай талуудыг нөхөх шийдлийг зөвлөлдөх ардчилал гэж олж харж, ардчиллын шинэ давалгааг эхлүүлж байгаагаараа “Ардын үг” аяны ач холбогдол туйлын өндөр ажээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.