Элитүүд эндээс төрдөг

2016.10.10 Даваа №095 (2126)

Нэр нь хүртэл “Бусдыг ойлгох”, “Таны төлөө” гэсэн утгатай, түүндээ тохирсон үйл ажиллагаатай нэгэн сургуулиар зочлов.  “Чанартай боловсролоор өөдрөг ирээдүйг бид бүтээнэ” гэсэн уриатай юм.  Хүүхдэд зөвхөн хичээл заах бус амьдрах арга ухаанд суралцсан “хүн” болгохын төлөө гэсэн чин зорилготой. Гаднын хүний нүдээр харахад тус сургуулийн орчин их энгийн. Сурагчид нь сургуулийн таних тэмдэг бүхий улбар шар өнгийн футболкоор жигдэрчээ. Чөлөөтэй, өнгөлөг харагдах аж. Сургалтын төлбөрт өдрийн хоолны үнэ орсон байдаг тул сурагчид өдөр сургуулийн цайны газартаа хооллоно. Хоолны меню нь ижил учраас  захирал, багш, сурагч гэлтгүй адилхан хоол иднэ. Тэнд харилцан бие биесээ хүндэлсэн ижил төвшний харилцаатай нь илэрхий. Харин багш, захирал нар нь бүгд цагаан халаад өмсөнө. Монголчуудын хувьд цагаан халаадтай хүнийг  эмч нараар  голдуу төсөөлдөг. Гэхдээ тэднийг Монголын хойч үеийнхний оюун санааг эмчлэгч “эмч” гээд хэлчихэд буруудахгүй санагдана. Энэ бол "Улаанбаатар Эмпати" сургууль. "Бид Монтурк" нэрээр нь сайн мэднэ. 1994 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль нэртэйгээр МУИС-ийн лицей хэлбэрээр байгуулагдаж байсан. Үүнээс хойш мэдлэг, чадвараараа гайхагдсан олон боловсон хүчин бэлдэж гаргажээ. Тус сургуулийн авсан шагналыг тоочвол их. Гэхдээ төгсөгчдийнх нь ЭЕШ-нд авдаг оноо хамгийн том шагнал юм шиг санагдсан. Тэд жил бүр дунджаар 615 оноо авдаг юм билээ.  Төгсөгчдийнх нь мэдлэг, чадвараас том шагнал гэж хаа байх вэ. Харин хамгийн сүүлд авсан “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага” шагнал нь өөрийн эрхгүй анхаарал татаж байлаа.  Олон улсын  BID байгууллага  Ази, Америк, Европ тивийн орнуудын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг чанарынх нь тогтвортой байдлаар үнэлж "Улаанбаатар Эмпати" сургуулийг “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага”-аар өргөмжилжээ. Энэ нь хувийн сургууль ийм шагнал хүртсэн анхны тохиолдол юм байна. Ингээд эгэл орчноос элитүүдийг төрүүлдэг "Улаанбаатар Эмпати" бүрэн дунд сургуультай танилцуулж тус сургуулийн захирал Д.Ганбаатарыг ярилцлагыг хүргэе.

-Улаанбаатар Эмпати сургууль Монголын боловсролд, ирээдүй хойч үеийнхэнд ямар хувь нэмэр оруулсан гэж та үздэг вэ?

-Манай сургууль 1994 онд байгуулагдаж анхны төгсөлтөө 1997 онд хийсэн. Үүнээс  хойш 20 гаруй  удаа төгсөлт хийсэн байна. Манай сургуулийг жил бүр 100 орчим хүүхэд төгсдөг. Тэд маань 100 хувь их, дээд сургуульд элссэн.  Үүний 50 хувь нь гадаадын их, дээд сургуульд элссэн байгаа. Манай төгсөгчид дэлхийн 20 гаруй улсад суралцаж байгаагийн дийлэнх нь  АНУ, Турк, Япон, Солонгос, Хятад, Шенгений орнуудад сурч байна. Төгсөөд ажлын байранд очсон мэргэжилтнүүд  маань ч өндөр чадвар бүхий боловсон хүчин болдог. Энэ нь суурь боловсролыг сайн эзэмшсэнтэй холбоотой.   
-Төгсөгчид тань өндөр амжилтад хүрч байгаагийн учир нь юунд байна гэж боддог вэ? 
-Манай сургуулийн сургалтын орчин, сургах арга барилтай холбоотой. Бид эцэг эхийг сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй татан орол­цуулдаг. Хичээлээс гадуурх ажил, хамтарсан аялал зугаалга, уралдаан тэмцээн гээд эцэг, эхтэйгээ хамтарч олон үйл ажиллагаа явуулдаг. Эцэг эхийн зөвлөгөө, шаардлага нь хүүхдийн биеэ даах, зөв хүн болоход бусдаас илүү нөлөөтэй гэж үздэг.  Мөн төгсөгчидтэйгөө, тэдний эцэг, эхчүүдтэй ч байнгын холбоотой байдаг. Удирдах зөвлөлийн дарга маань гадаадад сурч байгаа төгсөгчдөө өөрийн хүүхэд шигээ очиж  эргэнэ, заримд нь тэтгэлэг олгоно. Ажилд ортол нь  дэмжиж тусладаг. Тэднийгээ сургуулиа төгслөө гээд хаячихдаггүй байнга эргэх холбоотой байдаг.
-Монголын боловсролын системд шүүмжлэлтэй ханддаг хүн цөөнгүй байдаг. Танай сургуулийн онцлог давуу тал нь юундаа байдаг вэ. Турк улсын боловсролын системээр сургалтаа явуулдаг уу? 
-Үгүй. Манай сургууль байгуулагдсан цагаасаа Монголын боловсролын стандартыг мөрдөж ирсэн. Хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшихэд ямар мэдлэг, чадвар  эзэмшсэн байх ёстой тэр бүрийг олгоно. Ингэхдээ зөвхөн шинжлэх ухааны мэдлэгээс гадна сурах арга барил, амьдрах ухааны чадвартай болгох зорилго тавьж ажилладаг.  Хэдийгээр гүнзгийрүүлсэн сургалттай биш боловч  математик, гадаад хэлийг өндөр төвшинд үздэг. Эхний жил сурагчдаа заавал дотуур байранд амьдрахыг шаарддаг. Энэ нь гадаад хэлийг вакумжуулсан орчинд үзэх сайн талтай. Дараа жилээс нь байгалийн ухааны хичээлүүдийг англи хэл дээр судалдаг. Шинжлэх ухааны мэдлэгийг англи хэл дээр судалдаг учраас хэлний төвшин бусад сургуулийн сурагчдаас өндөр төвшинд хүрч төгсдөг юм. Түүнчлэн манай сургуулийн нэг онцлог нь сургуулиа төгсөөд Монголын боловсролын аттестат авахаас гадна математик, англи хэл, мэдээлэл зүйн хичээлээр Турк лицей сургуулийн аттестат авдаг.  Энэ нь  олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг учраас гадаадын аль ч их, дээд сургуульд орох боломжийг нээж өгдөг. Түүнчлэн сурагчид маань англи, турк хоёр хэлийг өндөр төвшинд эзэмшиж байгаа нь давуу тал болдог. 
-Төгсөгчдийн тал хувь нь гадаадын их, дээд сургуульд элсдэг гэж та хэлсэн. Энэ нь Турк лицей сургуулийн дипломтой төгсдөгтэй холбоотой байх, тийм үү?
-Манай ерөнхий боловсролын гэрчилгээг улс бүхэн хүлээн зөв­шөөр­дөггүй шүү дээ. Тиймээс их, дээд сургуулийн нэгээс хоёрдугаар курсээс элсэх шаардлага тавиад байдаг. Манай төгсөгчид олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх учраас гадаадын их, дээд сургуульд шууд элсэх боломж олгодог гэж хэлж болно. 
-Хувийн хэвшлийн зарим сургууль эхний хэдэн жилдээ сайн ажиллаж байгаад яваандаа сургалтын чанар нь муудаад ирэх тохиолдол анзаарагддаг. Танай сургууль 20 гаруй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаагийн “нууц” нь юунд байдаг вэ? 
-Сургалтын чанар сайн байх нь тухайн сургуулийн зохион байгуулалттай холбоотой. Сайн багшийг тогтвор суурьшилтай ажиллуу­­лахын тулд багш нараа идэвхжүүлэх, мэдлэгийг нь дээш­лүүлэх, ажлын ачааллыг тогтвортой байлгах зэрэг нь ч чухал байдаг. Ер нь сургалтын амжилтын гол амин сүнс багш нар. Мөн хүүхдийн ачааллыг тохируулах хэрэгтэй. Багаасаа ачаалал авч сураагүй хүүхдийг хэт их шахаад байхаар хүүхэд халширдаг. Хэт их ачаалал өгөх нь сайнаас саар зүйл өгөх нь элбэг.  Энэ хичээлийн жилд манай сургуулийн 8-12 дугаар ангийн 18 бүлэгт 410 гаруй хүүхэд суралцаж, тэдгээрээс 200 шахам хүүхэд дотуур байранд амьдарч байна. Одоогоор 42 багштай. 50 хувь нь гадаад багштай. Нийгмийн ухааны хичээлүүдийг монгол багш нар заадаг. Байгалийн ухааны хичээлийг турк, америк зэрэг гаднын орнуудаас ирсэн багш нар заадаг юм. Турк багш нарын онцлог байдаг. Тэд сурагчдад ямар ч юмыг хийх арга ухааныг нь эзэмшүүлдгээрээ их онцлог. Бас хүнтэй ажиллах,  хүүхдийг муу юмнаас ангид байлгах, дэг журамд сургах талдаа их сайн. Сурагчдад яаж хооллох, дотуур байр, анги танхимд биеэ авч явахаас эхлээд хүн болгох тал дээр их анхаарна. Гадаад багш нар маань дотуур байранд хүүхдүүдтэйгээ хамт амьдраад байнга хамт ажиллаж, сургадаг. Мөн манай сургууль материаллаг бааз сайтай. Анги бүр ухаалаг самбартай. Багш самбар шохойтой зууралдаад байхгүй. Ухаалаг самбар тухайн ангийн 40 минутын үйл ажиллагааны протокол болдог байх гээд олон давуу талтай. Одоогоор манайх Дархан, Орхон, Баян-Өлгий, Улаанбаатар-Элит гээд таван сургуультай.  Таван сургууль маань нэгдсэн заах аргын нэгдэлтэй. Сургалтын хөтөлбөрөө адилхан боловсруулдаг гэсэн үг.  
-Таван сургууль сургалтын чанараар бүгд ижил төвшинтэй гэж ойлгож болох уу?
-Ер нь ижил. Улаанбаатар-Элит арай өөр, нэгдүгээр ангиас элсэлт авч Кембриджийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг. Бусад дөрөв нь нэг хөтөлбөрөөр, ижил төвшинд явдаг. 
-Элсэлтийн журмаасаа танил­цуулахгүй юу. Танай сургуульд элсэх хэцүү юү? 
-Хэцүү биш. Манайх хавар элсэлтээ авдаг. Ерөнхий боловсролын долоо, наймдугаар анги төгссөн хүүхдийг элсүүлдэг. Монгол хэл, математик, IQ гэсэн гуравхан  шалгалт л авна. Гэхдээ монгол хэлээ сайн эзэмшсэн байх шаардлага тавьдаг. Монгол хэлний шалгалтдаа бага оноо авбал элсэхэд хэцүү. Мөн эхний 10 байранд орсон элсэгчдээ төлбөрийн тодорхой хувиар хөнгөлдөг.  
-Нууц биш бол төлбөрийн хэмжээг тодруулж болох уу? 
-Нууцлах юу байх вэ. Шинээр элсч байгаа суралцагч 7.5 сая, өмнө нь суралцаж байсан нь анх байгуулсан гэрээнийхээ дагуу 5.1 сая төгрөг төлдөг. Эхний жил заавал дотуур байранд амьдрах  шаардлага тавьдаг гэдгээ дээр хэлсэн. Гэхдээ хүүхдүүд маань дараагийн жилүүдэд ч дотуур байрандаа амьдрах хүсэлт их гаргадаг. 
-Туркийн хөрөнгө оруулалт байдаг уу? 
-Байхгүй. Сургалтын төлбөр, улсаас  нэг хүүхдэд ногдох хувьсах зардал олгодог. 
-Та энэ сургуулийг үүсгэн байгуулалцаж байсан хүний нэг. Одоо ч эндээ ажиллаж байгаа юм байна. Өөрийгаа танилцуулна уу?
-Би физикийн багш мэргэжилтэй. Гэхдээ голдуу боловсролын удирдах байгууллагад 42 жил ажиллаж байна. Энэ сургуулийг анх нээгдэхэд хувь заяагаар ч гэх үү холбогдсон. Одоо ч дахин холбогдож захирлаар нь ажиллаж байна. 
-Та олон жил боловсролын байгуул­лагад ажилласан туршлага­тай хүний хувьд багш, эцэг эхчүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Сургуулийн хувьд эцэг эх гэж том хүч байдаг. Тэдний хүчийг  зөв зохистой ашиг­лавал ирээдүйн зөв монгол хү­нийг бэлдэхэд чухал нөлөөтэй. Багш хүн сурагчдад ном эрдмийг зааж өгнө, амьдралын арга ухаанд эцэг эх чухал үүрэгтэй. Одоо том болчихлоо гэж  хүүхдээ зөнд нь орхичихдог. Энэ завсар хүүхэд хүмүүжил, харилцааны хувьд их алддаг. Үүнээс хамгаалахын тулд багш, хүүхэд, эцэг, эхийн холбоог идэвхжүүлэх хэрэгтэй. Үүнийг сур­гууль бүхэн анхаараасай гэж боддог.

Бизнес судлал, нийгэм судлалын хичээлийг сонгон суралцаж байна 
10а ангийн сурагч Ц.Хулан: -Би Улаанбаатар Эмпати сур­гуульд есдүгээр ангиасаа элсч, дотуур байранд амьдарсан. Энэ нь их зөв санагддаг. Гэртээ байхад саатах юм их гардаг. Чөлөөт цаг их гардаг боловч тэрийгээ үр дүнгүй өнгөрүүлдэг. Одоо бол би өдрийг дэмий үрдэггүй. Бүх зүйлийг цагийн хуваарьтай, төлөвлөгөөний дагуу хийдэг болж бүх цагаа хичээлдээ зориулах боломжтой болсон. Манай сургууль өдөр бүр найман цагийн хичээл ордог учраас 15:00 гэж тардаг. Би шууд гэртээ хариад даалгавраа хийж хэвшсэн.  Энд сурсанаар сурлага, хувь хүний хүмүүжил гээд олон зүйл сурсан.  Манай сургуульд олон гадаад багш ажилладаг юм. Тэд Монгол хүнийг биднээр төсөөлнө. Тиймээс биеэ авч явахаас эхлээд хүмүүжлийн хувьд өөр байхаас аргагүй байдаг. Би сургуулиа төгсөөд олон улсын харилцааны чиглэлээр суралцаж дипломатч болох хүсэлтэй. Тиймээс бизнес судлал, нийгэм судлал гэсэн хоёр хичээлийг сонгон суралцаж байгаа.  Энэ хичээлүүдийг тусгайлан гүнзгийрүүлж үздэг. Энэ нь сургуулиа төгсөөд мэргэжил эзэмшихэд маань туслах байх. 

Бусад сургууль онол талаас нь судлаад байдаг юм шиг санагддаг
 12б ангийн сурагч Т.Амарсайхан: -Би  Орос элчингийн  буюу орос 14 дүгээр сургуульд сурч байгаад есдүгээр ангиасаа Улаанбаатар Эмпати сургуульд суралцсан. Өмнө нь манай сургууль монгол хэл заадаггүй учраас монгол хэлээ мэддэггүй ирсэн. Энд ирээд гурван жил монгол хэл үзээд маш сайжирсан. Бусад сургуулиас онцлог нь дотуур байртай.  Хичээлийн дараа давтлага хийдэг. Мэдэхгүй зүйл гарвал багшаасаа, ангийнхнаас асуучихдаг. Ер нь манай сургуульд суралцдаг хүүхдүүд  биеэ даах чадвартай болдог. Энэ нь дотуур байрны ач. Өөр дотуур байртай ахлах сургууль бараг байхгүй. Дотуур байранд амьдарснаар олон хүний арга эвийг олж сурдаг. Гадаад багш, ангийнхантайгаа санал бодлоо ярьж, өөрийгөө илэрхийлж сурна. Өөрийнхөө ирээдүйг чамаас өөр хэн ч бүтээхгүй гэдэг ойлголтыг бүрэн өгдөг. Багш нар сурагчдаа робот шиг хичээлээр шахдаггүй. Бас бүгдийг заахгүй. Чиглүүлж арга эвийг нь заадаг. Бид харин өөрсдөө багш нарынхаа араас гүйж хэрэгтэй зүйлээ олж мэддэг.  Сургуулиа төгсөөд АНУ-д сурна гэж төлөвлөөд одооноос бэлдэж байна. Бусад сургууль онол талаас нь судлаад амьдралаас хол байдаг юм шиг санагддаг. Манай сургуульд хүн юу хийх, яахыгаа ойлгочихсон байдаг. 

Төгсөгчдийнхөө гэр бүлтэй байнгын харилцаатай байдаг нь бусад сургуульд байдаггүй соёл  
Төгсөгч Б.Батдэлгэр: -Би Улаанбаатар Эмпати сургуулийг 2009 онд төгссөн. Төгсөөд санхүү бизнесийн удирдлагаар суралцаад одоо Таван богд Смарт электроникс компанийн Маркетинг, борлуулалтын албаны даргаар ажиллаж байна. Улаанбаатар Эмпати сургуульд бусад сургуулиас онцлох гурван давуу тал байдаг.  Үүний нэг нь хувь хүнийг хөгжүүлэх тал дээр өөр ямар ч сургуультай харьцуулашгүй. Хэлний мэдлэгээр илт давуу төгсдөг. Мөн төгсөгчдийнхөө гэр бүл, ах дүү нартай байнгын харилцаатай байдаг нь хаана ч байхгүй соёл гэж би боддог. Ер нь манай сургууль суралцагчдаа зөвхөн онолын хичээлээр “нүдээд” байдаггүй. Их, дээд сургуульд суралцаж байгаа Улаанбаатар Эмпати сургуулийн төгсөгчид сурах арга барилд суралцсан, хэзээний их сургуулийн оюутнууд шиг байдгаараа ялгардаг. 

Гадаад хүмүүстэй  ажилладаг учраас англиар ярих хэрэгцээ байнга гардаг
Англи хэлний багш М.Мэндтогтох: -Би Улаанбаатар Эмпати сургуульд багшлаад гурван жил болж байна. Өмнө нь Дарханы салбар сургуулийг төгссөн энэ сургуулийн төгсөгч. Төрөлх сургуульдаа багшилж байгаадаа бахархдаг. Манай сургууль сурагчиддаа чанартай боловсрол олгодог гэдгийг төгсөгчийн хувьд мэднэ. Одоо багш нараа дэмжиж, бидний саналыг нээлттэй хүлээж авдагт нь талархдаг. Багш нарын санаачилсан, хийх гэсэн ажлыг маш их дэмжиж урам өгдөг. Сургуульдаа багшлах болсон нь надад олон боломжийг нээж өгч, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэх орчин нөхцөл маань болдог. Найз нөхөдтэйгөө уулзаад англиар ярих боломж гардаггүй. Хэрвээ ярилаа гэхэд Монголдоо байж гадаад хэлээр ярилаа гэх хандлагаар хүлээж авдаг. Гэтэл энд гадаад хүмүүстэй хамт ажилладаг учраас байнга ярих хэрэгцээ гардаг. Бас сурагчдадаа гологдохгүйн тулд өөрийгөө байнга хөгжүүлэх шаардлагатай. Энэ нь намайг хөгжүүлэх үндэс болж, байнга суралцаж байгаадаа баяртай байна.  

Төрөлх хэлээрээ сайн ярьдаг, өөрийгөө илэрхийлэх чадвартай хүнийг боловсролтойд тооцдог болсон
Монгол хэлний багш Н.Заяа: -Би МУИС төгсөөд 27 жил багшилж байгаа. Үүнээс 18 жилд нь энэ сургуульд багшилж байна. Манай сургуульд  инженер, эдийн засагч, банкир болох зорилготой хүүхдүүд элсэн суралцдаг. Тэдэнд төрөлх монгол хэлээ төгс эзэмшүүлэхийг бид хичээдэг. Сурагч, эцэг, эхчүүд маань одоо төрөлх хэл хамгийн чухал гэдгийг ойлгодог болжээ. Өмнө нь англи хэл, математикт сайн бол боловсролтой хүний тоонд ордог байлаа. Одоо бол хүн төрөлхтний хөгжлийн жамаар төрөлх хэлээрээ сайн ярьдаг, өөрийгөө бичгээр болон амаар илэрхийлэх чадвартай хүнийг боловсролтойд тооцдог болоод байна. Ер нь монгол хэлний чадвар муу бол бусад салбарт амжилт гаргах боломжгүй юм. Үүнийг эцэг, эхчүүд маань ч ойлгодог болсон нь сайн хэрэг. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.