Саудын Араб 47 хүнийг зэрэг цаазалж, шашин хоорондын зөрчлийг хурцатгалаа

2016.01.04 Даваа №001 /2032/

- Иран Саудын Арабын эрх баригчдыг заналхийлсэн мэдэгдэл хийв -

Х.БАТСАЙХАН

Шинэ оны эхний өдөр Саудын Арабын эрх баригчид “Алан хядагчидтай холбоотой” хэмээн буруутгаж 47 хүнийг нэгэн зэрэг цаазаар аваачсан нь олон улсын дургүйцлийг төрүүлээд байна. Тэднийг 2003-2006 оны хооронд “Аль Каида” бүлэглэлийн зохион байгуулсан халдлагуудад оролцсон хэмээн ялласан ч бүгд шийт шашинтнууд байсан нь ийнхүү шүүмжлэх шалтгаан болжээ. Иргэншлийн хувьд 45 нь Саудын Арабынх бөгөөд, Чад, Египетийн иргэн тус бүр нэг байжээ.    
Цаазлуулагчдын дунд шийт шашинтнуудын оюун санааны удирдагчдын нэг хэмээн тооцогддог асан Нимр аль Нимр байсан талаар “Аль Арабия” теле суваг мэдээлсний дараа шийт шашинтнууд давамгайлсан Иран зэрэг улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, шашин хоорондын зөрчил хурцадсан байна. Тухайлбал, Иран улсад иргэд Тегеран дахь Саудын Арабын ЭСЯ руу дайрч, эвдэн сүйтгэжээ. Шейх Нимр аль Нимр нь 2011 онд Саудын Арабт болсон ардчилсан хөдөлгөөний гол удирдагчдын нэг байсан бөгөөд энэ хэргийнхээ улмаас баривчлагдаж, 2014 оны аравдугаар сард цаазаар авах ял сонсоод байсан юм. Ираны Шүүхийн тэргүүн, аятолла Садек Амоли-Ларижани энэ хэргийг Саудын Арабын хаан аль Саудын дэглэм хэврэг болсны шинж, цаашдаа улс орныг хагалан бутаргах эхлэлийг тавьсан ухаангүй үйлдэл хэмээн буруутгасан бол Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади мөн тийм мэдэгдэл хийсэн байна. Асуудалд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ч оролцож, Нимр аль Нимрыг цаазаар авсныг зэмлэн буруушааж, “Саудын Араб цаазаар авах ялыг хэрэглэхээ зогсоох ёстой” гэж мэдэгджээ. Ираны шашны удирдагч Аятолла Хаменей “Саудын Арабын эрх баригчид энэ үйлдлийнхээ хариуг чангахан амсах болно” гэсэн заналхийлсэн шинжтэй мэдэгдэл ч хийсэн байна.   
АНУ мөн үүссэн нөхцөл байдалд санаа зовниж  байна. Тус улсын Төрийн Департментаас өчигдөр бүс нутгийн улс орнуудын эрх баригчдад хандаж, шашны зөрчлийг дэврээхгүй байхын тулд одоо гаргаж байгаагаасаа хоёр дахин илүү хүчин чармайлт гаргахыг уриалсан байна. Мөн хүний эрхийг дээдлэх, Шүүхийн шударга тогтолцоог бүрдүүлэхийг Саудын Арабын эрх баригчдад уриалжээ. Харин Эр Риядын зүгээс, шүүмжилсэн мэдэгдэл  хийсэн улс орнуудыг “Дотоод хэрэгт оролцохыг оролдлоо” хэмээн буруутгаж байгаа юм. Саудын Араб өнгөрсөн жил 150 хүнийг цаазаар авсан нь сүүлийн 20 жил аль ч улсад гараагүй өндөр үзүүлэлт хэмээн  “Human rights watch” байгууллагаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.   
Нимр аль Нимрыг буруутгасан зүйл ангиудын дотор “Гадны суртал ухуулгад автсан” гэж бий. Гэвч гэр бүлийн гишүүдийнх нь баталж байгаагаар талийгаач суннит шашинт эрх баригчдад дарлагдан зовсон хүмүүсийн талд л ордог байсан гэнэ.  

Нимр аль Нимр гэж хэн байв
“Франс пресс” агентлаг Нимр аль Нимрын талаар дараахь мэдээллийг цуглуулжээ. 
-Тэрээр цаазлуулах хүртлээ Саудын Арабын хааны гэр бүлийн явуулж буй суннитуудыг дэмжсэн бодлогыг шүүмжилж ирсэн. 
-Сүүлийн арав гаруй жилд олон удаа баривчлагдаж байжээ. 
-Нэгэн удаагийн баривчилгааны үеэр цагдаа нарт үхлүүт болтлоо зодуулж байсан аж. 
-“Викилийкс”-д бичсэнээр, 2008 онд АНУ-ын төрийн албаны төлөө­лөгчтэй уулзаж, шашин улс төрийн талаар санал бодлоо солилцож байсан гэнэ.   

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.