Д.Оюунхорол: "Эрдэнэт"-ийн одоогийн удирдлагуудыг солино

2016.10.07 Баасан №094 (2125)

Сүүлийн үед "Эрдэнэт" үйлдвэр тойрсон асуудал олон нийт, улстөрчдийн дунд багагүй маргаан дагуулж байна. Тиймээс дээрх асуудлыг судлах Засгийн газрын ажлын хэсгийн гишүүн Д.Оюунхоролоос зарим зүйлийг тодрууллаа. 

-"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал багагүй маргаан дагуулж байна. Та тус үйлдвэрийн асуудлыг судлах ажлын хэсэгт багтсан. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаан дээр юу ярив. Мөн ажлын хэсэг ямар төвшинд ажиллаж байгаа вэ?
-"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гарсан маргаантай асуудлаар ажлын хэсэг ажиллаж байна. Нэгдүгээрт, өмнөх Засгийн газрын гаргасан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болго­сон. Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийн 51 хувийг хоёр хуваагаад, 49 хувийг эзэмш­дэг тал нь 51 хувийг эзэмшдэг талынхаа тодорхой хувийг эзэмшээд аливаа асууд­лыг шийдвэрлэдэг эрхтэй бол­чих­сон байсан. Үүнийг таслан зогсоосон байгаа. "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувь төрийн өмчийн мэдэлд байх ёстой. Энэ бол ард түмний өмч. Харин "Эрдэнэт"-ийн 49 хувийг эзэмш­дэг талын шийдвэр бол ОХУ-ын Засгийн газрын гаргаж буй шийдвэр. Нөгөө талдаа түүнийг Монголын тал худалдаж авч байгаа нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа юм. Тийм учраас энэ асуудалд оролцоод байх боломж бидэнд байхгүй. Өөрөөр хэлбэл, худал­дан авалт явагдаж байгаа процесс дээр төр засаг оролцох боломжгүй гэсэн үг. 
-Тус үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах ажиллагаа "бохир" мөнгөөр хийгдсэн гэх зүйлийг зарим хүн яриад байна?
-Хардах эрх бүгдэд бий. Тэр утгаараа хүн болгон өөр өөрийнхөөрөө асуудлыг янз бүрээр тайлбарлаж байгаа байх. УИХ, Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг шууд банкны үйл ажиллагаанд ороод, хянаж шалгах эрх байхгүй. Банк бол бие даасан байгууллага, бие даасан хууль­тай. Тийм учраас Засгийн газраас Монголбанкинд энэ мөн­гөний эх сурвалж ямар байсан бэ гэдгийг хянаж шал­гах тусгайлсан нэг заалтыг оруулах шийдвэрийг гаргасан байгаа.
-Энэ асуудлыг өөр өөрийн­хөөрөө тайлбарлаж байгаа хүмүүсийн зарим нь Монгол Улсын эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэх зүйлийг яриад байгаа шүү дээ. Ноцтой нөхцөл байдал бий болсон зүйл байхгүй гэсэн үг үү?
-Байхгүй. "Эрдэнэт" үйлд­вэрийн 51 хувийг төр мэдэлдээ авчихлаа ш дээ. Тэгэхээр ТУЗ-өө сонгоно, гүйцэтгэх захирлаа томилно. Ингэснээр үйл ажил­ла­гаагаа цаашид хэвийн явуу­лах боломж хангагдсан байгаа. 
-“Эрдэнэт”-ийн одоогийн удирдлагуудыг солино гэсэн үг үү?
-“Эрдэнэт” үйлдвэрийн удирд­лагууд болон ТУЗ-ийн одоогийн байгаа томил­гоог өөрчилж, солино. 51 хувийн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дахин боловс­руулж оруулах шийдвэрийг гаргасан байгаа.    


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.