Х.Амгаланбаатар: Грекийн гадаад өрийн хэмжээ өссөн гашуун түүх бий

2016.10.07 Баасан №094 (2125)

“Стэнд бай” хөтөлбөрт Монгол Улс орох эсэх асуудал ид яригдаж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо өчигдөр байр сууриа илэрхийллээ. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодруулав. 

-Хэрэв “Стэнд бай” (Богино хугацааны хөтөлбөр) манай оронд хэрэгжиж эхэлбэл танай холбоо ямар байр суурь баримталж ажиллах вэ? 
-“Стэнд бай” хөтөлбөрийг эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ даван туулах зорилгоор улс орнууд хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд анх шилжилтийн эдийн засгийн эхэн үе буюу 1991 онд, дараа нь 2009 онд “Стэнд бай”-ийг ОУВС (Олон улсын валютын сан)-тай хамтран амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ОУВС-гаас тавьдаг гэрээний хатуу нөхцөлтэй холбоотойгоор иргэдийнхээ нийгмийн хамгааллыг дордуулах сөрөг үр дагавар гарсан туршлага бий. 
-Тухайлбал?
-Грек улсад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ОУВС-гийн хатуу шаардлагын дагуу татварыг нэмэгдүүлэх, цалин хасах, тэтгэвэрийн өөрчлөлт шинэчлэлийг хийх зэрэг эдийн засгийн хатуу бодлого явуулсан. Энэ нь иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, үе үе олон нийтийн жагсаал гарахад хүргэсэн юм билээ. Эцэст нь Грекийн эдийн засаг уналттай хэвээр, гадаад өрийн хэмжээ нь өссөн гашуун түүх бий.  Мөн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд богино хугацаанд эдийг засаг тогтворжсоноор иргэдийн цалин орлого, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх сайн үр дагаварыг хүлээж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс ард иргэддээ ээлтэй өгөөжтэй хөтөлбөрийг сонгон үр дүнтэйгээр хэрэгжүүлэх ёстой юм. 
-Ингэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Өнөөдрийн байдлаар “Стэнд бай” хөтөлбөрийг ямар нөхцөл, хугацаанд хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагуудаас иргэдэд хандан ямар нэгэн мэдээлэл өгөөгүй л байна. Ийм бүрхэг байдалтайгаар Зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал хэлэлцэгдэж байгааг буруу гэж үзэж байна. 
-Яагаад?
-Эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад бүх ний­тийн санал асуулгын үндсэн дээр энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Засгийн газраас “Стэнд бай” зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон тохиолдолд Зээлийн гэрээний нөхцөл, хөтөлбөр хэрэгжих хугацаа нь нийт иргэдэд ил тод, нийтээр хэлэлцэн зөвшилцөх ёстой юм. Мөн ОУВС-тай хийх зээлийн нөхцөлийн гэрээнд эдийн засгийн сэргэлт богино хугацаанд гарах нөхцөлтэйгөөр хийж тохиролцох юм. Түүнчлэн иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийг­мийн хамгааллын өмнө хүрсэн төвшингөөс дордуулах байвал МҮЭ Зээлийн хөтөлбөрийн нөхцөлийн та­лаар тодорхой саналаа хүргүүлнэ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.