Ливийн хувьсгалын жинхэнэ шалтгаан юу байсан бэ

2016.10.07 Баасан №094 (2125)

-М.Каддафийг зайлуулах оролдлого 30 жилийн өмнөөс эхэлжээ-

Дэлхийн улс орнууд дахь Ливийн ЭСЯ-ны гадаа одоо босогчдын зохиосон гурван өнгө бүхий туг далбаа намирч байгаа билээ. Ливид болсон  энэ төрийн эргэлтээс болж ОХУ тэргүүтэй олон орон тэрбум, тэрбум ам.долларын цэвэр алдагдалд орсон. Тэгвэл ливийн хувьсгал хэнд ашигтай байв аа. Ливийн удирдагч юуны учир барууныхны дургүйцлийг төрүүлээ вэ. "Переводика" портал сайт 1981 оны наймдугаар сарын 3-нд "Newsweek" сэтгүүлд гарч байсан "М.Каддафийг унагах төлөвлөгөө" гэсэн материалыг саяхан нийтэлжээ. 

Түүнд "... энэ бол ТТГ-ын явуулах сонгодог ажиллагаануудын нэг байх болно. Ажиллагааны эхний хэсэг нь М.Каддафийн дэглэмийн сул талуудыг олон нийтэд сурталчлах явдал. Дараагийн алхам нь хүчтэй сөрөг хүчнийг бий болгох. Ажиллагааны гуравдугаар шат нь (эрсдэлтэй ч байж болох юм) М.Каддафийн эсрэг хагас цэргийн ажиллагаа явуулах бүлэг байгуулж, дэмжих, болж өгвөл М.Каддафийн эсрэг партизаны дайн өдөөх" гэж өгүүлжээ. 
Ийм төлөвлөгөө 30 жилийн өмнө л гарч байсан байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тусалж байгааг бид мэднэ. Гэхдээ заавал яагаад 2010 онд хэрэгжүүлсэн юм бол оо.

Ам.доллартай тэрсэлдэв
Эдийн засгийн хямрал нүүрлэсний дараа дэлхийн улс орнуудын дунд алтны нөөцөө нэмэгдүүлэх нууц уралдаан явагдаж эхэлсэн билээ. БНХАУ энэ уралдаанд одоогоор хамгийн идэвхитэй оролцож тэргүүлэх хандлагатай байгаа бөгөөд саяхан алтан юань цутгах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. 
Тэгвэл М.Каддафи бүр 2002 онд Араб, Африкийн орнуудад хандан ам.доллар, еврогоос татгалзаж, алтаар цутгасан динар хэмээх нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох саналыг дэвшүүлж байжээ. Тэрээр Араб, Африкийн 200 сая иргэнийг нэгтгэсэн холбооны хүчирхэг улс байгуулахыг мөрөөдөж байв. Түүний энэ санааг Ливи, Иран, Судан, Бруней улсууд шууд дэмжсэн бол Индонези, АНЭ, Йемен, Бангладеш, Мавритани, Мальдив улсууд сүүлд дэмжигчдийн эгнээнд нэгдсэн юм. 
Харин эсрэг талд ӨАБНУ, Арабын орнуудын лиг зогсч байв. Энэ нь М.Каддафи Арабын орнуудын лигийн хурал дээр Саудын Арабын хаан Абдалла ибн Абдель Азизыг "Их Британийн бүтээгдэхүүн, АНУ-ын холбоотон" хэмээн нэг бус удаа шүүмжилж байсантай холбоотой байсан юм.
М.Каддафийн энэ уриалга, зорилго барууны орнуудыг жинхэнэ айдас хүйдэст автуулжээ. Байдал М.Каддафийн талд эргэвэл эдгээр орны үндэсний валютууд үнэгүйдэх аюул тулгараад байлаа. Үнэхээр ч жинхэнэ алтан динарын хажууд ам.доллар, франк, фунт юу ч билээ дээ. 
Францын Ерөнхийлөгч асан Н.Саркози үүнийг мэдрээд АНУ-д хайр зарлаж, "Ливичүүд хүн төрөлхтний санхүүгийн байдалд аюул учруулахуйц санаа сэдэж байна" гэж хамгийн түрүүнд мэдэгджээ. Тэднийг ингэж байх зуур М.Каддафи элдэв зүйлд санаа бодлоо хоёрдуулалгүйгээр Африк, Арабыг нэгтгэх ажилдаа нухацтай хандсаар байв. Тэрээр ингэж байж л Африкийн орнуудыг хагас колоничлолын байдлаас гаргаж чадна гэж найдаж байжээ. 
Тийм ч учраас Ливийн алтан динар зоосыг хадгалж байсан эрдэнэсийн агуулах Эвслийн цэргийнхний устгасан анхны обьектуудын нэг болсон байна.

Усны импортоо болихыг санаархав
М.Каддафийн 1983 онд эхлүүлсэн Ливийг цэвэр усаар хангах хоолойн ажил 2010 оны есдүгээр сарын 1-нд дуусч, ашиглалтад орсон. Нээлтийн ёслолын үеэр М.Каддафи "Одоо манай оронд АНУ-ын зүгээс ирэх аюул занал хоёр дахин нэмэгдлээ" гэж хэлж байв. 
Далайн усыг нэрэх өртөг өндөртэй технологийг халж, нуурын цэвэр ус уух боломжийг ливичүүдэд олгосон энэ голыг байгуулах ажил 1983 онд Сахарын цөлд орших газар доорх нууран дээр эхэлж байжээ. 2000 км урт, 25 тэрбум ам.долларын өртөгтэй, өдөрт долоон сая куб.метр ус дамжуулах хүчин чадал бүхий энэ даланг байгуулахдаа М.Каддафи гаднаас нэг центийн хөрөнгө оруулалт аваагүй, нэг эрэг боолт  ч импортлоогүй гэдэг. 
Барууны улсуудаас литр усаа дөрвөн ам.доллараар авдаг байсан Ливи улс нэг куб.метр усыг 35 центээр авах боломжтой болсон нь хэний эрх ашигт харшилсан байж таарах вэ. Нил мөрний усыг боосноос болж Египет, Судан, Эфиоп улсууд байлдахад ч хүрч болзошгүй байна. Тигр, Евфрат мөрний төлөө Турк, Сири улсууд ч мөн адилхан тэмцэл өрнүүлж байна. Цэвэр усны бизнес барууныхны халаасыг түнтийлгэдэг хамгийн том хэрэгсэл нь байсан гэдгийг эндээс хэн ч хараад ойлгох биз ээ. 
Хурандаад бас нэг давуу тал байсан нь мэдээж газрын тос байв. Ливи улс нь нефть болон байгалийн хийн нөөцөөрөө тивдээ гуравдугаарт орох баян орон. Дээрээс нь Ливийн нефтийг хамгийн цэвэр гэж тооцдог. 1970-аад оныг хүртэл энэ нефтийн 90 хувь нь Европын улсууд руу "урсдаг" байжээ. 
Гэтэл одоо хамгийн муу хүн гэж цоллогдоод байгаа М.Каддафи гарч ирснээр Ливийн "алтан шаргал" нефтийн зарим хэсэг БНХАУ болон бусад орнууд руу урсах болсон байна. М.Каддафи хятадуудтай түүхий эдээ наймаалцаж эхэлсэн нь барууныханд мэдээж таалагдсангүй.
Рональд Рейганы засаглалын үед Сангийн сайдын орлогчоор ажиллаж байсан Пол Робертсын үзэж байгаагаар, хурандаа М.Каддафи ОХУ-тай найрсаг харилцаатай байсныхаа төлөө, 2008 онд Африк дахь АНУ-ын цэргийн хүчинд нэгдэхээс татгалзсаныхаа төлөө, БНХАУ-д Африкийн баялгаас хүртэх боломж олгосныхоо төлөө цээрлүүлэгдсэн аж. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.