Н.Хрущев, Р.Никсон нарын “гал тогооны хэрүүл”

2016.01.04 Даваа №001 /2032/

Х.БАТСАЙХАН

Ганцхан агшинд болсон үйл явдал түүхэнд санаанд оромгүй эргэлт авчирч, ирээдүйг эрс өөрчилсөн тохиолдол цөөнгүй. “Түүхийг өөрчилсөн мөч” булан цаашдын нөлөөлөл нь агуу байсан энгийн ийм үйл явдлуудын талаар өгүүлэх болно. 1959 он. “Хүйтэн дайн” хараахан эхлээгүй байх үед АНУ, ЗХУ улс ардын аж ахуйн салбарт олсон амжилт бүтээлээсээ сонирхуулах, нарийндаа бол аль нь илүү өндөр хөгжилтэй болохоо харуулахаар хоёр улс ээлжлэн үзэсгэлэн гаргахаар тохиролцжээ. ЗХУ-ын үзэсгэлэн 1959 оны зургадугаар сард Нью-Йорк хотноо болсны дараа АНУ-ын үзэсгэлэн долдугаар сарын 24-нд нь Москва дахь Сокольникийн цэцэрлэгт хүрээлэнд нээгдсэн байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Р.Никсон уг үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор Москвад ирсэн гэхээр хоёр улсын харилцаа тийм ч муугүй байсан нь мэдрэгдэнэ. 1955 онд болсон Женевийн уулзалтаас хойш хоёр гүрний удирдагчид уулзсан анхны тохиолдол нь тэр байв. Яг энэ үед гэр ахуйн ажлыг хөнгөвчлөх техник зохион бүтээх ажилд үсрэнгүй хөгжил дэвшил гарах үндсийг тавьсан нэгэн үйл явдал болсон юм. Н.Хрущев АНУ-ын хамгийн сүүлийн үеийн трактор, телевиз  тэргүүтэн гэр ахуйн хэрэгслийг үзээд улс орныхоо хөгжил дэвшлийг дөвийлгөх гэж зүтгэжээ. Тухайлбал, тэрээр “Пепси” ундааг амталж үзээд “Муухай амттай юм. Манайд хийдгийг гүйцэхгүй юм байна” гэсэн ажээ.   
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Р.Никсон үзэсгэлэнд тавигдсан гал тогооны өрөөг орос анддаа танилцуулж байх үед болсон энэ хэрүүл хожим хоёр улсын ард иргэдийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Учир нь хоёр их гүрэн батлан хамгаалахаас гадна ахуйн салбарт ч хүчтэй өрсөлдөхөд их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. “Гал тогооны хэрүүл” хэмээн түүхэнд бичигдсэн энэ үйл явдлаас хойш ЗХУ ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, цахилгаан бараа зохион бүтээхэд хөрөнгө хаяж эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ өрсөлдөөнөөс иргэд л хамгийн их хожсон нь тодорхой. Ингээд хоёр улсын удирдагчдын дунд ямар яриа болсныг сонирхуулъя.

Р.Никсон: Би танд энэ гал зуухны өрөөг сонирхуулья гэж бодлоо. Калифорни дахь гэрийн маань гал зуухны өрөө яг ийм байдаг юм.
Н.Хрущев: -/аяга таваг угаагч машиныг заагаад/ Манайд ийм эд бий.  
Р.Никсон: -Энэ манай шинэ загвар байгаа юм. Ийм загварын машиныг орон сууц болгонд суурилуулна. Америкчууд бид эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөхийг хүсдэг юм.
Н.Хрущев: -Капиталист эмэгтэй­тэй харилцах таны харилцаа комму­нистуудын санаанд оромгүй юм.
Р.Никсон: -Ийм байшинг 14 мянган ам.доллараар худалдаж авч болно. Дэлхийн дайнд оролцсон ахмадууддаа бид бүр ч хямдруулж өгч байгаа. Ер нь 10-15 мянган доллартай хүн бүр ийм байранд орж чадна. Манай ажилчид яг одоо ажил хаяж байгааг та мэднэ. Гэтэл тэд бүгд л ийм байранд орж чадна шүү дээ. Тэд цагт гурван доллар авдаг. Сард 100 доллар төлөөд 25-30 жилийн дараа байраа өөрийн болгож болно.
Н.Хрущев: -Манай төмрийн үйлдвэрийн ажилчид, тариачид 14 мянган доллар олдог. Гэхдээ танай байшин чанар муутай баригддаг болохоор зарах гэж 20 жил болж байгаа байх. Бид бол илүү чанартай барьдаг. Оросууд байшингаа үр ач нартаа зориулж барьдаг юм. 
Р.Никсон: -Америкчууд удахгүй шинэ байранд орохыг ихээр хүсдэг болно оо. Тэр үед энэ байрны эд хогшил нь хоцрогдсон байх биз.
Н.Хрущев: -Би Америкийн талаар олонтаа сонсч байсан. Тиймээс таныг чин үнэнээ ярьж байна гэж бодохгүй байна. 
Р.Никсон: -Гэхдээ...
Н.Хрущев: Таныг уурлаагүй гэж найдаж байна. Та нар хэдийгээр орос хүний талаар нэг ойлголт зохиогоод загварчилчихсан байдаг ч үнэндээ тийм биш юм шүү. Та америк хүн, гэхдээ танд доллар үгүй бол гадаа хоноглохоос өөр аргагүй болно гэдгийг би мэднэ.
Р.Никсон:  -Та их эрч хүчтэй хүн. Би үүнийг мэднэ, гэвч...
Н.Хрущев: -Эрч хүчтэй биш, ухаантай гэдэг нь гол...
Р.Никсон: -Хэрвээ та Сенатын гишүүн байсан бол “filibusterer” гэж нэрлэгдэх байсан даа. Ийм хүмүүс их ярьдаг, бусдадаа ч ярих боломж олгодоггүй юм. Манайд хэзээ ч 1000 орон сууц барих шийдвэрийг нэг хүн гаргадаггүй. Энэ нь манай хоёр улсын гол ялгаа.
Н.Хрущев: -Улс төрийн талаар ярьсантай чинь санаа нийлэхгүй байна. Жишээ нь, Микоян маш хурц шөлөнд дуртай байсан, харин би үгүй. Гэхдээ энэ нь хамтарч чадахгүй гэсэн үг биш шүү дээ.
Р.Никсон: -Та биднээс, бид ч танайхаас суралцаж болох юм. Гол нь чөлөөтэй солилцоо л хэрэгтэй юм. Барилгын загвар, шөлний амт, за ер нь юу сонгохоо иргэд өөрсдөө мэднэ биз.
Н.Хрущев: -/тоглоом шоглоомоор/ Та их уурласан байна. Яг л надтай зодолдох нь уу гэмээр харагдаж байх чинь. 
Р.Никсон: -/тоглоом шоглоомоор/ Яг үнэн. 
Н.Хрущев: -Таныг би өмнө нь өмгөөлөгч байсан гэж сонссон юм байна. Гэтэл уурлаж байдаг... Миний бодлоор үзэсгэлэнг барьсан хүмүүс ажлаа гүйцээж амжаагүй бололтой. АНУ ардчилал хөгжүүлээд хэдэн жил болж байгаа билээ. 300 жил үү, 150 уу. Гэтэл төвшин нь ийм л байна. Гэтэл бид дөнгөж 42 жил болсон мөртлөө төвшин ижил байна шүү дээ. Долоон жилийн дараа гэхэд бид та нарыг гүйцэж түрүүлээд цаашаа явах болно. Гэхдээ хэрвээ та нарыг хүсвэл зогсоод эргэж харан “Бидний араас яваарай” гэж хэлнэ дээ. 
Р.Никсон: -Би өнөө өглөө маш эрт үзэсгэлэн үзэхээр орж ирлээ л дээ. Их олон хүн цугласан байсан. Энэ бол хоёр улсын худалдаа цаашдаа амжилттай явагдахын тэмдэг. Гэхдээ хэрвээ энэ нь өрсөлдөөн юм бол эхлээд бидэнтэй биш, ард түмнийхээ хэрэгцээг хангахын төлөө хичээх хэрэгтэй шүү. Бас хоёр улсын ард иргэд болоод дэлхийн бүх хүн төрөлхтний амьдралын нөхцлийг сайжруулахын тулд санал бодлоо чөлөөтэй сонилцож байх нь чухал юм. Та бүхэн биднээс түрүүлсэн тохиолдол бий. Тухайлбал хиймэл дагуулыг эхэлж хөөргөсөн. Гэхдээ, тухайлбал өнгөт зурагт үйлдвэрлэлээр бид танай урд яваа.
Н.Хрущев: -Үгүй ээ. Сансар судлалын салбарт бид зэрэгцэж яваа. Бусад технологи дээр ч адилхан.
Н.Никсон: -Та хожигдлоо хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй хүн юм аа даа.  
Үүнээс цааш юу болсон талаар олон хувилбар бий. Р.Никсон Н.Хрущев руу хуруугаараа чичилж буй агшинг буулгаж үлдээсэн алдарт гэрэл зурагчин Эллиот Эрвитийн нотолсноор бол Р.Никсон гарцаагүй “Америкчууд бид баян учраас мах иддэг. Харин та нар ядуу болохоор байцаа иддэг” гэж хэлсэн гэнэ. Хариуд нь ЗХУ-ын удирдагч “Да пошел ты на ху...” хэмээн хараасан аж. Хэдийгээр ийнхүү үзэсгэлэнгийн нээлтэн дээр хоёр удирдагч ам зөрж хэрэлдсэн ч гэсэн энэ уулзалт хоёр улсын хооронд яриа хэлэлцээр эхлүүлэх боломжийг олгосон гэдгээрээ эерэг үр дагавар бий болгосон билээ.   

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.