Галын шугамнаас эгшиглүүлсэн бүрээн дуугаа урлагийн ноён оргилд цангинуулсан эрхэм

2016.10.07 Баасан №094 (2125)

1939 оны хавар дарь үнэртсэн Дорнодын талд 20 гаруйхан настай залуу хөгжимчин идэрхэн байлдагчидтай мөр зэрэгцэн явжээ. Бүрээн дуугаараа нөхдөө сэрээж, бас хөглөж явсан тэрээр хожмоо Монголын хөгжмийн урлагийн ноён оргилд хүрчээ. Энэ эрхэм бол төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа юм. Тэрээр 1916 оны гал луу жилийн намар Сайн ноён хан аймгийн говийн хошуунд мэндэлжээ. Говь нутагт айлын 15 дахь хүү болон төрсөн тэрээр хангай нутгийн Гончиг хэмээх хүнээр овоглуулах болсон нь сонин түүхтэй. Түүнийг өсгөн хүмүүжүүлсэн аав нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд гайхамшигт Гончиг хэмээн алдаршсан нэгэн байжээ. Түүний эхнэр нутаг усандаа уран Дулам гэж нэрлэгддэг, үрийн зулай үнэрлэх хувьгүй бүсгүй байсан гэдэг. “Гайхамшигт” хэмээх уртын дууг гайхалтай сайхан дуулдаг байсан нь түүнд гайхамшигт Гончиг нэрийг хайрлажээ. Амьдрал тэднийг нуган үр хайрлах заяа дутсан учраас Жадамба гэдэг айлаас хүүхэд өргөж авсан байна. Гэтэл тэр хүүхэд нь хүн болж чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Төд удалгүй Жадамба Гончигтой таарч “Хүүхэд минь мэнд өсөж байна уу” гэхэд “Энэ талаар дахин дурсахыг хүсэхгүй байна. Бидэнд золгүй явдал тохиолдсон” гэжээ. Түүний хариуд Жадамба гуай “Нэгэнт эхний хүүхэд минь хүн болоогүй бол дахин нэг туслая” хэмээн нэг ойтой хүүгээ үрчлүүлсэн нь ирээдүйн алдарт хөгжмийн зохиолч Г.Бирваа байжээ. Хөгжмийн зохиолч Г.Бирваа хожим нь “Энэ нь миний хувь тавилан байж. Гончиг хэмээх айлд өссөн минь миний урлагт орох зам мөрийг нээсэн байх. Учир юу гэвэл, аавынхаа тэр сайхан дууг сонсож өссөн нь тархинд минь сууж хөгжмийн зохиолч болоход минь нөлөөлсөн” хэмээн дурссан байдаг. Тэрээр “Намрын шөнө”, “Гоёхон чимэг ч юмуу даа”, “Зандан шоо” зэрэг 200-гаад дуу, “Нийслэл хүү”, “Хөдөөгийн баясгалан”, “Баянбулгынхан”, “Улаан дарцаг”, “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг 18 кино, “Эрдэнэ тээлийн унага”, “Арван танхил, гурван хашир”, “Шинэ байшинд”, “Их хурим”, “Их говийн зоригтон хүмүүс” “Харц хатан” зэрэг 13 жүжиг, “Аргат бяцхан баатар”, “Ишиг хөөрхөн нэр”, “Цурхай загасны тушаалаар” тэргүүтээ 18 хүүхдийн жүжгийн хөгжим, найрал хөгжимд зориулсан 150 гаруй найруулга, симфони чуулбар, дууль, марш, гоцлол аяз 30 шахмыг туурвижээ. Энэ олон бүтээлийн эзэн зургаан настайгаасаа хийдэд шавилан сууж, бурхны ном үзсэн байна. Гэхдээ нэг их удалгүй хар болж ээждээ араг үүрүүлж, савар бариулаагүй төдийгүй мал маллаж ахуй амьдралдаа тусладаг байжээ. Г.Бирваа хөгжмийн авьяастайгаас гадна шатар, лимбэ урлан борлуулдаг гарын дүйтэй хүн байсныг онцолдог. Харин урлагтай холбогдсон түүх нь цэргийн амьдралаас эхэлжээ. Тодруулбал, 1936 онд цэрэгт татагдаж хөгжмийн салаанд алба хааснаар ирээдүйд нэрээ цуурайтуулах үүд хаалга нь нээгджээ. Улмаар Улсын циркийн удирдаач, Хүүхэлдэйн театр, Б.Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн театрийн хөгжмийн багш, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Урлагийн замаар явж олонд танигдсан түүний амьдрал сонсогчдын нүдэнд харагддаг шигээ тийм ч дардан шулуун байсангүй. Тухайн үеийн нийгмийн хар шуурга түүнийг тойролгүй дайрчээ.  Тэрээр “Коммунизм гэдэг чинь Америкт л байдаг юм” гэж хэлснийхээ төлөө долоон жилийн ял авч байжээ. Өөрөө хөдөлмөрч нэгэн болохоор хоригдож байхдаа шаргуу ажиллаж хугацаанаасаа өмнө суллагдсан байна. Хоёр жил гаруй хугацаанд хоригдохдоо хүнд хэцүү ажил хийж гар, хуруу нь эвдэрсний улмаас төгөлдөр хуураа орхисон аж. Үүндээ их харамсаж явдгаа илэрхийлж “Эдгээр он жил миний амьдралын хамгийн хар бараан үе” хэмээн ярьсан байдаг. 

Г.Бирваа агсан зургаан хүүхэдтэй бөгөөд тэдгээрээс тав нь аавынхаа жим мөрөөр урлагт хөл тавьсан байна. Түүнээс бидний хамгийн сайн мэдэх нь ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдорж, төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нар билээ. Ийм бахархам түүхтэй Монголын урлагийн салбарт сор болсон гэр бүл ховорхон. Өдгөө түүний зуун жилийн ой тохиож байгаа бөгөөд үр хүүхдүүд, ач зээ, Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл, урлагт хайртай, түүнийг хүндэлж, биширдэг олон шавь нар нь хамтран ойг нь тэмдэглэхээр бэлдэж байна. Ойн хүрээнд Г.Бирваагийн нийтлэлийн номыг гурван ботиор хэвлэн дэлгэх, театрын музейд үзэсгэлэн гаргах, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хүндэтгэлийн тоглолт хийх зэрэг ажлууд багтжээ. Мөн түүний нэрэмжит нийтийн дууны улсын уралдааныг Баянхонгор аймагт зохион байгуулах юм.

сэтгэлд хоногшсон
буурал зохиолч
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж “Миний аав гаднаа хатуу харагддаг ч дотроо их зөөлөн хүн байлаа. Биднийг ерөөс эрхлүүлдэггүй. Магтах нь ховор. Бүгд урлагийн мөрөөр явахад ч гэсэн нэг ч юм хэлж эсэргүүцэж байсан нь үгүй. Анх аавыг цэрэгт байхад цэргийн хөгжимчин ирээд “Энэ цэргийн шүд нь их гоё юм. Үүнийг хөгжимчнөөр авлаа” гэсэн гэдэг. Хөгжмийн зам руу орох эхлэл нь ингэж тавигдаж байсан юм билээ. Гэхдээ аав угаас хөгжмийн хүн болох хувьтай байсан байх гэж би боддог. Уран бүтээлээ хийж дуусгаад хамгийн түрүүн ээжид сонсгодог. Ер нь ээжээс үргэлж зөвлөгөө авдаг байсан. Аав минь надад “Хүнтэй зөв үерх, зөв хүнээ сонгож нөхөрлө. Муу юмнаас хол яв. Амьдралын замаа өөрөө сонго” гэж сургадаг байсан. Энэ нь дотныхоо хүнд гүтгэгдээд хоригдож байснаас нь болсон байх. Аавын шавь нар гээд залуу хөгжмийн зохиолчид манайд их ирдэг. Би тэдэнтэй нь найзууд байсан. Тэр үе их дурсамжтай санагддаг.“Муурын байшин” жүжгэн дээр аавтайгаа хамтран ажилласан. Энэ нь надад бахархалтай байдаг. Тэгэхэд мөн ч их зүйл ааваасаа сурсан даа. “Жүжгийг зөв тоглож байна уу буруу тоглож байна уу” гээд хараад зогсож байдагсан. Тэгээд “Үүнийг ингэж дуулахгүй. Ярьж дуулах ёстой” гээд үргэлж зааварлаж зөвлөдөг. Нүүрэн дээр минь огт намайг магтаж үзээгүй. Харин далдуур найз нөхөддөө “Манай хүү найруулагч болох аядаад байх шиг. Уг нь миний хүү чинь аливаа юмыг өөрөөр хардаг мундаг хүү шүү дээ” гэж хэлдэг байсныг надад хожим хүмүүс хэлсэн. Аав “Хүнийг хайрлах, энэрэх үзэл байхгүй бол ямар ч хөг аялгуу гарахгүй” гэж үргэлж ярьдаг байсан. Энэ нь миний бодлоос огт гардаггүй” гэлээ.
Ууган шавь Ю.Самбуу “Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим байгуулагдахад чадвартай хөгжимчдийг шалгаруулж авсан. Түүнд нь би шалгарсан. Тэр үед багш биднийг удирдсан юм. Тэгж багштайгаа анх танилцсан. Цэргийн дэгээр биднийг удирддаг учир их хатуу зарчимч хүн байсан. Их ч загнуулдаг байж дээ. Японы эзлэн түрэмгийлэгчдийг дарахад цэргийн бүрээ үлээж явсан тухайгаа багш үргэлж хуучилдаг. Тэр бүрээгээ орныхоо дээр өлгөн хүндэтгэдэг байсан. Хөгжим урлагаар холбогдсон хүмүүс учир бидний харилцаа маш нандин. Хожим би өөр газар ажиллахаар явсан. Тэгсэн ч гэсэн багш дээрээ ирж ярилцаж үнэтэй сургаалийг нь сонсдог байсан. Багш “Миний шавь Самбуу гэж их гар” гээд ярьдагсан. “Ном их унш, аль болох ритмтэй ая тоглохыг хичээ. Хөгжмөө хайрла” гэх мэтээр цаг ямагт л сургадаг байсан. Маш шаргуу хөдөлмөрч хүн дээ миний буурал багш” хэмээн дурслаа.

Түүний тухай сонирхолтой баримтууд

• 50 настайдаа аав болсон.

• Нэг жилд хоёр удаа “Алтан гадас” одонгоор шагнуулсан.

• Ардын жүжигчин Д.Лувсаншаравын багш юм.

• Үүрийн таван цагт босч гүйж, гимнастик хийдэг байжээ. 

• Хэлмэгдэж шоронд орсон нь цэргийн хөгжмөө орхих шалтгаан болсон.

• Ямар ч хөгжмийн боловсролгүй хэрнээ бүрээ­чин болсон. Төрөлхийн хөгжимчин хэмээн нэр­лэгддэг

• Аавынхаа 60, ээжийнхээ 47 насан дээр мэндэлсэн

• 1984 онд тэтгэвэрт гарахдаа Хөгжмийн зо­хиолч­дын холбоог 1.8 сая төгрөгийн хөрөнгөтэй хүлээлгэж өгсөн.

• Нийгмийн эмзэг асуудлыг хөндсөн шог, ёгтлол зэргийг хөгжмийн хэлээр дүрслэн үзүүлж чаддаг байжээ.

• Өөрийнхөө төлөө хэзээ ч юм гуйж үзээгүй хэрнээ 1990 онд Хөгжмийн зохиолчдын холбооноос Морин хуурын наадамд хандив өргөх хүн олж өг гэхэд савхины үйлдвэрийн даргаас гурван савхин дээл гуйсан.

• Охин Б.Мөнхжаргалаа бусад хүүхдээсээ илүү эрхлүүлж, дандаа дагуулж явдаг байсан.

• Лам байсан учир шашны өнгө аяс бүтээлүүдэд нь шингэсэн байдаг.

• 2006 онд 90 насныхаа босгон дээр ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.