“Ноён” төмсний тухай

2016.10.07 Баасан №094 (2125)

Өрхийн орлого төмсний хэрэглээ урвуу хамааралтай

Төмс хүний хоол хүнсний бүтцэд цухал байр суурь эзэлдэг нь маргаангүй. Өмнөд Америкийн Андын нурууны өндөрлөг газраас Европ тивээр дамжин 500 жилийн дотор дэлхийн 100 гаруй оронд тархаж, 70 гаруй оронд хүнсний гол бүтээгдэхүүн нь болон өргөмжлөгдөж, 200 гаруй нэрийн хоол, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцдог гэдэг үзүүлэлт л үүнийг батлаад өгнө. Байгалийн гамшиг, Дэлхийн дайн гэх мэт гай гамшгаас хүн төрөлхтнийг төмс л аварсан гэдэгтэй бүгд санал нийлдэг. Хэдий ийм ач тустай ногоо боловч “Аргагүйн эрхээр л хэрэглэдэг” гэсэн имиж төмсийг байнга дагалдаж ирсэн нь хачирхалтай. Ийм хоч авахад нөхцөл голохгүй ургадаг, хямд төсөр зэрэг нь нөлөөлсөн нь маргаангүй. Төмс илчлэг чанараараа байцаа, лууван, цэцэгт байцаа зэргээс 5-6 дахин илүү ч цардуул ихээр агуулдагаасаа болж ийнхүү адлагдахад хүрчээ.     
Монголчуудын хүнсний бүтцэд төмс томоохон байр суурь эзэлдэг. Гэхдээ тухайн айл өрхийн эдийн засгийн чадамж нэмэгдэх тусам төмсний хэрэглээ буурдаг сонин зүй тогтол ажиглагджээ. Жишээ нь, сард нэг сая төгрөг хүртэлх орлоготой гэр бүлийн нэг гишүүн жилд 46 кг буюу стандарт хэмжээний төмс хэрэглэдэг байхад 500 мянга ба түүнээс доош орлоготой өрхийн гишүүд жилд 60 кг, түүнээс дээш хэмжээтэй төмс хэрэглэдэг байна. Харин өрхийн орлого 1.5 сая, хоёр сая гэх мэтчилэнгээр нэмэгдэх тусам гэр бүлийн гишүүдийн хэрэглэх төмсний хэрэглээ 46 кг-аас 15 кг хүртэл буурдаг ажээ. 

Чингис хаан төмс идэж өссөн үү

Монголчууд төмс хэрэглэж эхэлсэн түүх маш бүрхэг. Төмсний тухай өгүүлсэн зарим мэдээлэлд “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан “Заяатай төрсөн Өүлэн эхийн затгас төмсөөр тэжээсэн хөвгүүд Засагтан сайд болж өсөв” гэсэн өгүүлбэрийг эш татаж, Чингис хаан төмс идэж өссөн, монголчууд найман зууны тэртээгээс төмсийг хэрэглэж ирсэн мэтээр ташаарсан байх нь элбэг тохиолдох аж. Гэвч энэ нь ташаа бөгөөд Чингис хаан одоогийн бидний хэрэглэж байгаа төмсийг амсаж ч үзээгүй. “Затгас” гэдэг үгийг монгол хэлний их тайлбар тольд затгасыг “цагаан төмс” гэсэн байх бөгөөд тэрхүү нэршлээр нь нягталбал “тод улаан цэцэгтэй, төмс нь цагаан өнгөтэй сүүнд хийж хөөрүүлэн идэж болдог, чулуурхаг хөрстэй газар дөчөөс жаран сантиметр өндөр ургадаг ургамал сараана” хэмээн тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан Чингис хааны идэж өссөн төмс нь улаан цэцэгний үндэс байжээ. 
Харин одоо бидний мэддэг төмстэй монголчуудыг хятад цагаачид анх танилцуулсан байх магадлал өндөр юм. Харин нийтээр хэрэглэж хэвшсэн нь гэвэл 1940-өөд он. Миний эмэг эх Ш.Цэрэнлхам амьд сэрүүн ахуйдаа энэ талаар “Тэр үед төрөөс төрөл бүрийн хүнсний ногоо тариалаад эхэлчихсэн, түүнийгээ хэрэглүүлэхийн тулд одоогийн хэллэгээр “шахаа” хийдэг байсан. Төрийн албан хаагчдын цалингийн 50 хувьд нь  төмс, манжин лууван бодоод өгчихнө. Түүнийг идэхээсээ идэхгүй нь их, амьдралын бололцоо тааруу хамаатан садандаа өгчихдөг байсан” хэмээн дурссан юм. Үүнээс үзвэл, төмсийг төрөөс бодлогоор хүнсэнд нэвтрүүлсэн, амьдралын боломж тааруу айл өрхүүд түлхүү хэрэглэдэг байсан нь тодорхой байгаа юм. Ер нь тэр үед монголчууд хятад бараанд хэтэрхий дасчихсан учир шинэ хэрэглээ нэвтрүүлэхэд маш хэцүү байсан гэдэг юм билээ. Улс байгуулахад архи, цай, давс гэсэн гурван зүйл заавал хэрэг болдог байна. Тиймээс ЗХУ монголчуудад цай нийлүүлж эхэлсэн бөгөөд ингэхдээ хамгийн чанар муутай Гүржийн дугуй булант цайг өгсөн юм. Цайны ургамлын навч нь гол түүхий эд байтал мөчир гийшүү юутай хүйтэй нь агцалж шахсан Гүрж ногоон цайг хэрэглүүлж сургахын тулд дунд нь алтан бэлзэг, ээмэг хийж шахах гэх мэт арга хэрэглэсээр дасгасан байдаг. Харин төмсийг хэрэглүүлж сургахын тулд илүү “дарангуйллын” арга хэрэглэж байжээ.   
Төр засгаас иргэдийнхээ хүнсний нэр төрлийг олшруулахын тулд ийнхүү янз бүрийн арга хэрэглэж байсан боловч 1960-аад он гартал хөдөө орон нутагт хүнсний ногоо огт хэрэглэдэггүй хэвээрээ л байсан гэдэг.     

 

Хоол биш эрчим хүчний эх үүсвэр

Төмс гэхээр таны толгойд хамгийн түрүүнд чипс эсвэл чанаж, жигнэж болгосон ямар нэг хоол төсөөлөгдөж байгаа гэдэгт мөрийцсөн ч болно. Тэгвэл энэ хэвшмэл ойлголтыг эвдэх цаг иржээ. Төмс нь хүнснээс гадна эрчим хүчний эх үүсвэр байх бүрэн боломжтой гэдгийг Израилийн эрдэмтэд тогтоожээ. 
Иерусалимийн “Хэрбю” их сургуулийн эрдэмтэн Рабинович болон түүний багийнхан төмснөөс эрчим хүч гаргах боломжийг нухацтай судалж байна. Төмсийг цахилгаан хуримтлуулагч ялтсанд холбоод түүнээс гарсан цахилгаанаар лед гэрлийг ч асаах чадалтай эрчим хүч ялган авах боломжтойг олж тогтоосон бөгөөд үүгээр алслагдсан хот тосгонуудыг гэрэлтүүлэх боломж ойр байгаа гэж тэдгээр эрдэмтэд итгэж байгаа юм. Тэд лед гэрлээр тоноглосон 40 өрөөг гэрэлтүүлэх чадалтай эрчим хүчийг төмснөөс  гаргаж авах боломжтой гэж тооцоолоод буй.
Төмс болон бусад ургамлаас эрчим хүч гаргаж болохыг 1780 онд Луижи Галвани анх олж мэджээ. Тэрээр органик биетээс эрчим хүч гарган авахдаа мэлхийний хөлийг зэс утастай холбож үүнээсээ эрчим хүч ялган авах боломжтойг олж тогтоосон байдаг аж. Мэлхийний хөлний огцом хөдөлгөөнөөс нь эрчим хүч ялгарч байсныг тогтоосон хэрэг. Үүнээс хойш зөвхөн хөдөлгөөний эрчим хүчнээс гадна давстай уснаас ч эрчим хүч гаргах боломжтойг олж мэдсэн тул эрчим хүчний энгийн үүсвэрүүд хаанаас л бол хаанаас гарч болохыг мэдсэн байдаг.
Харин төмсний тухайд Рабинович 2010 оноос хойш Калифорнийн их сургуулийн докторын ангийн хэсэг оюутны хамтаар илүү их эрчим хүч гарган авах талаар судалж эхэлжээ. Тэд туршилтандаа одоогийн байдлаар 20 орчим төрлийн төмс хэрэглэж үзээд байгаа гэнэ. Ингэхдээ төмсийг найман минут буцалгаж улмаар амьд эсүүдийг нь багасгаж ялтсуудтай урвалд оруулах замаар эрчим хүч гаргаж авах гэнэ. Чанасан төмсөө тал бүрээс нь олон удаа зүсэх тусам илүү их эрчим хүч гарган авах боломжтой ажээ.
Энэ дашрамд өгүүлэхэд, төмснөөс өөр ногоо, жимс ч эрчим хүч ялгаруулдаг. Гэхдээ хамгийн элбэг, өөрөөр хэлбэл бааз суурь сайтай нь төмс учраас энэ салбарын гол судлагдахуун болсон байна. 
Хамгийн их эрчим хүч өгдөг жимс, хүнсний ногоо:
Лууван 0.99 вольт
Гадил 0.99 вольт
Төмс 0.98 вольт
Алим 0.97 вольт
Улаан лооль 0.94 вольт
Нимбэг 0.94 вольт
Өргөст хэмх 0.92 вольт

Урд хөршид төмсийг утгаар нь тарьдаг

Төмс Өмнөд Америкаас гаралтай боловч хожим Ази тивийн улс орнууд маш ихээр тариалах болжээ.  НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO)-ын мэдэгдлээр 2007 онд дэлхий дээр тариалсан нийт төмсний 80 хувь нь Ази тивд ногдож байжээ.  
1. Хятад 95.26 сая тонн
2. Энэтхэг 45.48 сая тонн
3. ОХУ 30.2 сая тонн
4. Украин- 23.25 сая тонн
5. АНУ 20.99 сая тонн
6. Герман- 10.66 сая тонн
7. Польш- 9.1 сая тонн
8. Бангладеш- 8.2 сая тонн
9. Голланд- 6.7 сая тонн
10. Франц- 6.3 сая тонныг тариалан эхний байруудад оржээ. 

Гэрийн эзэгтэйн сонорт...

1.    Төмсийг сэрүүн, хуу­рай, харанхуй газар хадгалдаг. Хад­галахын өмнө ялзарч, муудсан төмсийг ялгана.
2. Цэвэрлэсэн төмсийг хадгал­даггүй. Харин хэрчихгүйгээр бүтнээр нь усанд түр хийж болно. Хэрчсэн төмсийг усанд хийсэн ч тэжээллэг бодисныхоо тэн хагасыг гээдэг.
З. Төмс цэвэрлэсний дараа гараа нимбэгээр арч. Төмс, лууван зэрэг хүнсний ногоог хальсан бээлийгүй цэвэрлэхэд гар харладаг. Үүнийг нимбэгний хальсаар арчвал хэвийн болно.
4. Төмсийг шүүлтүүртэй саванд угаавал тохиромжтой.
5. Хальстай нь чанасан төмсийг болсных нь дараа хүйтэн усанд булхвал хальс нь амархан арилна. Ер нь төмсийг хальстай нь чанавал үнэт витамин нь хадгалагдана.
6. Чанасан төмсийг үрүүлдэх шаардлагатай бол үүнийг зөвхөн халуунаар нь хийнэ. Хөргөж хүйтэн болсны дараа үрүүлдвэл төмс гарт наалдана.
7. Төмсний нухаш хийж байгаа тохиолдолд халуун сүүг аажмаар хийнэ. Эс тэгвэл бөөм үүснэ.
8. Төмсийг шарахын өмнө хуурай алчуураар арч. Тэгвэл шарахад холтос нь шаргал гоё өнгөтэй болно.
9. Төмс удахаараа ногоовтор өнгөтэй болох нь бий. Энэ нь салонин хэмээх хорт бодит үүссэний илрэл. Тиймээс хүнсэндээ зөвхөн шинэ төмс хэрэглэх нь чухал.
10. Төмс зэрэг бусад ногоог усаа буцалгасны дараа хийдэг журамтай. Эхний үед бага ус хийж, буцалсных нь дараа усаа бага багаар нэмнэ. Ингэвэл ногоон дахь үнэт витамин нь алдагдахгүй.

Төмсний тухай зургаан баримт

• Төмс нь хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүн болоод зогсохгүй бал бурам, цардуул, спиртийн үйлдвэрийн түүхий эд бөгөөд малын ашиг шим, чанарыг дээшлүүлэх тэжээл болдог. Албан ёсны мэдээгээр төмсийг Европ руу оруулж ирсэн үеийг манай тооллын 1570 он гэж тооцож байна.
• Монгол оронд төмс тариалж хүнсэндээ хэрэглэсээр хагас зуун жил болсон ч хэдийнэ “хоёр дахь талх” болж чаджээ. Төмс шим тэжээл ихтэй, өндөр чанартай тул насанд хүрсэн хүн хоногт 250-300 гр төмс хэрэглэвэл С амин дэмээ 30-50 хувиар хангаж байна гэсэн үг. 
• Төмс ургаж соёолоход азотлог бодис нь багасч солонин хэмээх хорт бодис хуримтлагдаж гашуун амттай болдог. Солонинд хүн амьтан хордож болдог. Ялангуяа соёолж ургасан төмсний соёонд солонин их хуримтлагддаг байна. Иймээс соёолон ургасан төмсийг мал, гэрийн тэжээмэл амьтанд өгөхдөө соёог нь авч хаяад булцууг өгөөрэй. Зарим төмс хальсны хэсгээрээ ногоон өнгөтэй болсон байдаг нь солонинг таних хамгийн энгийн арга юм. 
• Төмс зөөлхөн махлаг эд бүхий бөгөөд гадна талаар нь хальс бүрхсэн байдаг. Хальс нь махлаг эдэд ус, хий орох болон элдэв мөөгөнцөр нэвтэрч өвчлүүлэхээс хамгаалах үүрэгтэй. Төмсийг хадгалахдаа дарах, шахах, цохих, хэт өндрөөс унагааж болохгүй. Төмс байнга амьсгалж байдаг учир талбайгаас хураасны дараа чийг нь алдагдаж жин нь багасна. Төмсний булцууны 75 хувийг ус эзэлдэг учраас дулаан, хүйтэнд их мэдрэмтгий. Даарч хөрсөн, хөлдөх шахсан төмсийг чанаж идэхэд чихэр амтагддаг. Энэ нь хүйтэн нөхцөлд хадгалснаас болж байгаа юм. Төмс -1-2 хэмд л хөлддөг.
• Төмс Хойд Америкт Европоос ч хожуу буюу 1621 онд нэвтэрчээ. Бермудын арлын захирагч нантинель Батлер гэгч Виржини мужийн захи­рагч Франсис Вайаттад бүхэл бүтэн хөлөг онгоцоор дүүрэн төмс бэлэг болгон илгээсэн гэнэ. 
• Оросууд бараг зуун жилийн турш төмсийг хайр дурлалд аз авирдаг гэж итгэж явжээ. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.