Д.Эрдэнэбат: Оюутолгойн мөнгийг Монголын банкаар дамжуулах ёстой

2016.10.07 Баасан №094 (2125)


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Н.Энхболд: -ТЭЗҮ нь бэлэн болчихсон, хөдлөхөд бэлэн болсон маш олон том төсөл байгаа. Тэдгээр төслүүдээ хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй юм биш үү. Ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүд бий юү. Байгаа бол ямар төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөлгөхөөр шийдвэрлэсэн бэ. 2017 онд багтааж эхлүүлэх төслүүдээс ямар ашиг гарна гэж тооцсон бэ. МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан томоохон төсөл хөтөлбөрүүд ирэх онд амжихгүй юм гэхэд 2018, 2019 онд хэрэгжиж эхлэх үү. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр ямар шатанд боловсруулагдаж байгаа вэ. 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэ­бат: -Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрүүд  2017 оны төсвийн тухай хуу­лийн төсөлтэй хамт өргөн баригдаагүй учраас УИХ-ын гишүүд дутуу ойлголттой байх шиг байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах мөрийн хөтөлбөрт зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг тус­гаж өгсөн байгаа. 2017 онд эхлүүлэхээр болсон хэд хэдэн төсөл хөтөлбөр байна. Үүнд, эрчим хүчний чиглэлээр “ДЦС-3”-ын өргөтгөл, Дорнод аймагт болон Тавантолгойн цахилгаан станц, харин төмөр замын чиглэлээр Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигтийн төмөр замуудыг барьж, ашиглалтад оруулах ёстой. Түүнээс гадна барилгын салбарт цемент, бусад материалын үйлвэрүүдийг бий болгох чиглэлд ажиллана. Эдгээрийг ирэх онд эхлүүлэхийн тулд ТЭЗҮ, бусад бичиг баримт боловсруулах ажлууд, сонгон шалгаруулалт зэрэг бүх үйл ажиллагааг 2017 оны нэгдүгээр улиралд багтааж хийж дуусгах ёстой юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс  зөвлөмж гарчихвал Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг төсөв хэлэлцэх явцад оруулж ирэх боломж байгаа.  
Ц.Нямдорж: - УИХ-ын гишүү­нийхээ хувьд төрийн байгууллагаас мэдээлэл авч, асуудал дэвшүүлэх эрх­тэй. Энэ эрхийнхээ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн талаар Татварын ерөн­хий газар болон бусад газраас мэ­дээлэл авсан. Намайг бараг Б.Чойжил­сүрэнтэй хуйвалдчихлаа гээд Ц.Элбэгдорж өнөөдөр юм ярьчихсан юм аа даа. Би Б.Чойжилсүрэнтэй хуй­валдаад 49 хувийг нь авчихсан юм уу хаашаа юм. Юу яриад байгаа юм. Надад Засгийн газарт хүртэл байхгүй мэдээлэл байна шүү. Нотлох баримтын хэмжээнд үнэлж болох мэдээллүүд байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө. Зургадугаар сарын 23-нд Ташкентад гурван улсын тэргүүний уулзалт болоход Худалдаа хөгжлийн банкны О.Орхон өөрөө очиж эцсийн цэг тавьсан. Би үүнийг л хэлсэн юм. Одоо мэдэн будлиад байж хэрэггүй. “Эрдэнэт”-ийн татвар төлөлтийн байдлыг надад биш намын бүлэгт гаргаж өгсөн тоонууд байна. Наймдугаар сарын байдлаар улсын төсөвт 20 тэрбум төгрөг оруулсан байсан юм. Есдүгээр сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр 54 тэрбум төгрөгийн татвар оруулсан байна гэж ТЕГ тайлан гаргаж өгсөн байна. Өнгөрсөн жил 323 тэрбум төгрөгийн татвар төлж байсан юм. Тэгэхэд “Эрдэнэт”-тэй адилхан үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” есдүгээр сарын мэдээгээр улсад 278 тэрбум төгрөг татварт төлчихсөн байна. Өнгөрсөн жил Оюутолгой 140 тэрбумыг төлсөн. Энэ жил дахиад 278 тэрбумыг төлчихөөд байна. 278 тэрбум 54 тэрбумын хооронд асар их зөрүү байгаа биз. Тийм учраас хэлэлцүүлгийн явцад том аж ахуйн нэгжүүдийнхээ орлого зарлагыг сайн авч үзэхийг Байнгын хороонд санал болгож байна. Энэ асуудлаа хэлэлцье. Ер нь бүлэглэл дамжсан луйвраа хамгаалахын тулд их ажил хийх юм шиг байна. Өчигдөр хоёр сэтгүүлчийг надаас  45 сая төгрөг авч нэвтрүүлэгт орсон гэж гүтгээд өнөө /өчигдөр/ орой Худалдаа хөгжлийн банкны О.Орхон, “Эрдэнэт”-ийн Ц.Даваацэрэн гэх хүмүүс сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгуулах гэж байна. Өдөр нь 11:00 цагт Ерөнхийлөгч нь мэдэгдэл хийж дайрч байна. Орой нь харин хүлээн авалт болох юм байна. Ингээд цаашаа "Эрдэнэт"-ийн луйврыг дарах бүх ажиллагаа явагдана даа. Тийм учраас "Эрдэнэт"-ийн асуудлын учрыг нь олоорой. Би хэрэгт дуртайдаа ингээд байгаа юм биш шүү. Энэ олигархи, хуйвалдааны бүлэглэл чинь ард түмний нуруун дээр хувалз шиг суучихаад, улс орныг самарчих гээд байна. Хэрвээ "Эрдэнэт"-ийн асуудал ингэж Ерөнхийлөгчийн айлчлалаар яригдах байсан юм бол УИХ-д энэ асуудлаа оруулж ирэхгүй яасан юм. Засгийн газар одоо мөрдөгдөж байгаа "Эрдэнэт"-ийн дүрмээр саналаа УИХ-д оруулж ирж, зөвшөөрөл авах ёстой. Гэтэл алга. Зургадугаар сарын 13-ны хуралдаанд "Эрдэнэт"-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны хоёр ажилтан бүтэн танилцуулсаар байгаад л шийдвэрийг гаргуулсан юм байна лээ ш дээ. Хуулийн зөвлөх нь Пүрэвтүвшин гэдэг хүн, Нэгдүгээр орлогч нь О.Орхон гэдэг хүн байсан. Засгийн газ­рын хуралдаан дээр сайд шиг танилцуулж байгаад л энэ шийдвэрийг гаргуу­лаад авсан юм байна лээ. Хойно очиж баахан хэлэлцээр хийж, элдэв юм хийж хаячихаад Засгийн газрын сайд шиг хурал дээр нь орж ирээд хүссэн шийдвэрээ гаргуулаад явсан байсан шүү. 
Д.Эрдэнэбат: -Хэдэн тоо тод­руу­лах зайлшгүй шаард­лагатай. Эмч багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулах асуудлаар өмнө нь хэвлэл мэдээллээр байр сууриа илэр­хийлсэн. Д.Лүндээжанцан гишүүн энэ тэтгэмж сүүлийн дөрвөн сар байхгүй болсон гэсэн гэдэг нь үнэн ш дээ. Ерөнхий сайд ард иргэдтэй уулзахаараа 2017 он хүртэл тэтгэвэрт гарахгүй тэвчээрэй гэх юм. Тийм тэвчээртэй яваад байх зүйл биш л дээ. Улсын төсвийн тодотгол хэлэлцэх үед энэ тэтгэмжийн хэмжээг бууруулаад 1-12 болгоод кнопдчихсон. Гэтэл өнгөрсөн дөрвөн сарын хуга­цаанд нэг удаагийн тэтгэмжээ авч чадаагүй хүмүүсийн асуудлыг яаж шийдэх юм бэ. Үүнд хариулт авмаар байна. Түүнчлэн 36 сарын тэтгэмжийг бууруулснаар улс төр хийгээд байгаа юм биш. Харин багш, эмч нарын нэг удаагийн тэтгэмжийг 36 сар байх ёс­той гэдэг дээр Ардчилсан намын бүлэг хатуу байр суурьтай байгаа юм. Бусад гишүүд ч гэсэн ийм байр суурьтай байгаа гэж ойлгож байна. Энэ асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Гэтэл дахиад л 2017 оны улсын төсөвт энэ асуудлыг оруулж ирэхдээ 36 хүртэл гээд оруулаад ирсэн. Хэд болгож ч бууруулж болно гэсэн тодорхойгүй зүйл оруулж ирлээ. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор нэг санал оруулъя. Багш эмч нарын нэг удаагийн тэтгэмж 36 сар байна гэсэн өгүүлбэр оруулчих. Ийм хоёрын хооронд гурвын дунд тоо оруулж ирж нийгмийг, багш, эмч нарыг битгий бужигнуул. Зарчмын хувьд саналаа оруулна. Төсөв дээр ажиллаж байгаа хүмүүс үүнийг анхаараад авна биз. Ерөнхий сайдын хэлснээр 2017 он гараад тэтгэвэрт гарна гээд хүлээдэг хөгшчүүл байхгүй. Дараагийн асуудал, орлогын тухай ерөөсөө ярихгүй юм уу. Саяхан Ерөнхий сайд "Оюутолгой" компанийн удирдлагуудтай уулзсан гэсэн. Гадагшаа гараад байгаа мөнгөө Монголын банкаар оруулж ирэх юм уу, үгүй юм уу. Монголын бүх баялгаа гадагш нь өгчихөөд нэг ширхэг цент ч Монгол Улсын банкаар дамжиж орж ирэхгүй байгаа шүү. Энэ тухай өнгөрсөн дөрвөн жил хэлээд бараагүй. Валютын хомсдол Оюутолгойн үйл ажиллагаанаас болж үүссэн. Далд уурхайн хөрөнгө оруулалтаар мөнгө орж ирж байгаа боловч манай бүх зэс, алт гадагшаа гараад Монголд нэг цент ч орж ирэхгүй байгаа. Энэ урсгалыг зохицуулахгүй бол хэзээ ч валютын хомсдол, ханшийн савалгаанаас салах­гүй. Ганцхан Оюутолгой монополь эрх­тэйгээр баяжмалын мөнгөө гадаадад байршуулж байгаа энэ байдлыг хэзээ шийдэх юм бэ.
Ж.Эрдэнэтбат: -Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын тэтгэмж өмнөх хууль, эрх зүйн хүрээнд зохицуулагдаад явна. Өөрчлөгдөөд байх зүйлгүй. Ард иргэдтэй хийсэн уулзалтууд дээр энэ талаар ярьж байгаа. Салбарын сайд нар ч гэсэн энэ талаар хэлж байгаа байх. Гэхдээ 2017 оноос өмнө зайлшгүй тэт­гэвэрт гарах шаардлагатай бол 36 сарын тэтгэмжийг нь нөхөж олгох боломжтой. Оюутолгойн хувьд гэ­рээг засах тал дээр ажиллаж байна. Удирд­лагуудтай нь ч уулзаж байна, хууль хяналтын, эрх зүйн зөвлөгөө өгдөг хүмүүстэй ч уулзаж байгаа. Боломж байвал бүх алдааг нь засч, залруулна. 
Ө.Энхтүвшин: -Ирэх оны төсвийн орлого 5.9 их наяд төгрөг. Гэтэл зургаан их наяд гаруй төгрөгийн өр төлөх шаардлагатай байгаа. Бондын хөрөнгөөс авсан хувийн компаниуд мөнгөө төлнө. Түүнээс Засгийн газар ямар хэмжээний өр төлөх юм бэ. Түүнээс гадна хувьчлалын орлого гэж зүйл байна. Хувьчлалтай холбоотой асуудлыг тодорхой хариулж өгөөч. Мөн бизнес эрхлэгчдээ яаж дэмжих гэж байгаа юм бэ. 
Ж.Эрдэнэбат: -Бизнес эрхлэг­чид, үндэсний үйлд­вэрлэлээ дэмжих­гүй­гээр эдийн засгийг сэргээнэ гэж байхгүй. Бизнес эрхлэгчдэд өнөөдөр юу дутагдалтай байна гэ­хээр, санхүүгийн эх үүсвэр. Зарим биз­нес төрийн бодлогын алдаанаас үүдэж хямралд орсон. Жишээлбэл, барилгын салбар байна. Маш их үйлд­вэрлэл явагдсан ч худалдан авах чадваргүй болсон байна. Худалдан авах чадварыг дэмжих хэрэгтэй байна. Ипотекийн зээлд тодорхой эх үүсвэр бий болгох замаар. Нөгөөтэйгүүр, олон жил төсвийн алдагдалтай явж ирс­ний дүнд санхүүгийн зах зээл дээр байсан хөрөнгийн хуримтлалыг төр бүгдийг нь татаад авчихсан. Тийм учраас банк, санхүүгийн салбараас бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүү өндөр атлаа хэмжээ нь бага байгаа юм. Энэ бүгдийг засч, залруулах ёс­той. Тэгэхээр төрийн татаад авчих­сан байгаа хөрөнгийн арилжааны банкуудад эргүүлж өгөх, бодлогын алдаанаас болж хямарсан байгаа сал­барыг дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Дээрээс нь бизнес эрхлэгчид болон гадаадын санхүүгийн байгууллагуудын итгэх итгэлийг сэр­гээх ёстой. Ингэхийн тулд төрөөс баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Төр засаг нь баталгаа гаргавал бидэнд итгэх итгэл нь нэмэгдэнэ. Бизнес эрхлэгчид, банк санхүүгийн байгууллага, төр гээд бүгдээрээ олон улсын зах зээлээс мөнгө босгодог байх ёстой юм. 
З.Нарантуяа: -УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх үед 2017 оны төсөвт эдийн засгийн хямралаас гаргах тусгай хөтөлбөрийг удахгүй оруулж ирнэ гэсэн боловч хамт орж ирээгүй байна. Энэ хөтөлбөр орж ирэх үү. Хэзээ орж ирэх вэ. Жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжихэд төрөөс ямар арга хэмжээ авах вэ. Жижиг үйлдвэрүүд бий болгож, одоо үйл ажиллагаа явуулж байгаа хэсгийг нь дэмжихгүй бол хөдөө орон нутагт ажилгүйдэл маш их байна.
Ж.Эрдэнэбат: -Цаашдаа бид ху­дал­дааны орон гэдэг нэрээс салах хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэм­жиж байж хөгжинө. Малчдын бүтээг­дэхүүнийг үйлдвэрлэдэг дотоо­дын үйлвэрлэгчдийг бий болгох хэрэг­тэй. Тухайлбал, сүү боловсруулах үйлдвэр, арьс ширний үйлдвэрийг байгуулж дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Гэхдээ энэ жижиг дунд үйлдвэр биш, дэлхийн хэмжээнд бүтээгдэхүүнээ гаргах хүчин чадалтай үйлдвэр байх хэрэгтэй. 
Энэ мэтчилэн гишүүд асуулт асууж, үг хэлснээр дээрх хуулийн төс­лүүдийн анхны хэлэлцүүлэг дуусч, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.