МАН-ын ахмадууддаа барьсан “бэлэг”

2016.10.07 Баасан №094 (2125)

-ХАМТЫН ТЭТГЭВРИЙГ ЗОГСООЛОО-

Монголын өндөр настнууд энэ оны олон улсын ахмадын баярын өдрийг Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосон  шийдвэртэйгээр угтлаа. Ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэхээр байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг  УИХ-аас хүчингүй болгож хишиг төдий үлдээв. МАН-ынхан Хамтын тэт­гэврийг зогсоосон энэ өдрийг ахмадуудын хувьд хар өдөр гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлж байлаа. 

Уг хуулиар бол олон жилийн туршид хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд, нөгөө гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгоход чиглэгдсэн байв. Доод тал нь 15 жил хамт амьдарсан байх, 20-иос дээш жил нийгмийн даатгалын шимт­гэл төлсөн байх гэхчлэн хатуухан шалгууртай байв. 
Хууль батлагдсанаар, ахмад настнуудын амьжиргааны төв­шинг бууруулахгүй байх, гэр бүлийг тогтвортой байлгахад нөлөөтэй гэж үзэж байсан юм. Учир нь улсынхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийн төлөө бүтээн байгуулалтад оролцож явсан ахмад настнууд хуримтлуулсан хөрөнгө бай­тугай, хувийн өмчгүй, зөвхөн тэтгэврийн орлогоороо амьдарч байгаа нь өнөөгийн бодит төрх. Гэтэл гэр бүлийн гишүүний нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа нь санхүүгийн хүнд байдалд орох тохиолдол олон байдаг аж. Тиймээс ч хууль санаачлагчид тухайн хүнд болон гэр бүлд нь хохиролтой байдлыг халж тухайн хүний нэрийн дансны мөнгийг 100 хувь биш юм аа гэхэд тодорхой хувийг олгоё гэсэн юм.
Тэтгэврийн санд ч энэ хууль сөргөөр нөлөөлөхгүй гэж тухайн үед баталсан. Бид на­саараа хөдөлмөр эрхлээд 20-30 жилийн турш нийгмийн даатгалын шимтгэлийг цалин­гаасаа төлдөг. Үүнийхээ үр шимийг яг хүртэж эхлэх үед уй гашуу тохиолдохыг хэн ч урьдчилан хэлж чадахгүй. Нэг үгээр хэлбэл, өөрийнхөө төлсөн татварыг буцаан авч буй хэрэг. Ажил хийж байхдаа хуримтлуулсан тэтгэврийн сан нь улсын төсөвт огт ха­маарал­гүй гэдгийг гишүүд өөрсдөө мэдэж байгаа. 
Гэтэл улсын төсөв хүнд­рэл­тэй байгаа нэрийн дор Ардын намаас санаачлан хуулийг  хү­чин­гүй болгосноор ахмад настанд төрөөс үзүүлэх хайр халамжийн томоохон бодлогыг үгүй хийсэн нь энэ. Оронд нь “Насны хишиг” хэмээх  нэртэй хөгшдөө  насаар нь ангилан 100-300 мянган төгрөгийг хагас жилд олгох шийдвэр гаргасан. Ингэснээр иргэн хүн гэр бүлийнхээ хүний төлсөн татварыг буцаан авах эрх бүхий хуулийг Богдын хишиг гэдэг шиг төр өөрөөсөө өгч байгаа хишгээр сольчихов. Өнөөдрийн байдлаар 360 орчим мянган ахмад тэтгэвэр авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Эхнэр юм уу нөх­рийн аль нэг нь нас барсан тохиолдолд уг тогтоолгосон тэт­гэврийн 70 хүртэл хувьтай тэнцэх мөнгийг өөрийн амьдрах хугацаандаа авах боломжийг хуульчлаад байлаа. 
Харин   сайд Б.Чойжилсүрэн, хамтын тэтгэврийн  тухай хуу­лийг үгүй болгосон шалт­гаанаа тайлбарлахдаа, “Сүсэг бишрэлтэй хөгшид маань нэгнийхээ мөнгийг авмааргүй бай­на гэсэн саналыг манай яаманд  ирүүлээд байгаа тул хуулийг цуцлах саналыг оруулж байгаа юм” гэж байв. Хамтын тэтгэвэр бол олон жи­лийн турш хамтдаа босгосон амьд­ралын хуримтлал болж ирж байгаа насаараа ажилласан хөдөлмөрийн “хөлс” гэдгийг Сангийн сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан Ерөнхий сайд хүртэл мэднэ. Гэтэл Ерөнхий сайд, хамтын тэтгэврээс болж “хөгшчүүл нэг нэг рүүгээ харж муухай юм бодно” гэж яриад олон нийтийн хэл аманд орж байв. Засгийн газрын тэр­гүүн ингэж ярьснаас хагас са­рын дараа ахмад настнуудад зориулсан мэндчилгээндээ, “Бид ахмадуудынхаа нийгмийн халамж, хамгааллын асуудлыг орхигдуулахгүйгээр Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж эхлээд бай­­на” гэсэн байсан ч олон ахмадын үзэж буйгаар МАН-аас 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн ахмад настны нийгмийн халамж, хамгааллыг сайжруулна, айл өрхийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн амлалт ийнхүү тэдний амьдралд дордуулсан байдлаар шийдэгдэж байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.