Ч.Жаргалсайхан: Уулзваруудын нэвтрүүлэх чадварыг 20 хувиар нэмэгдүүлнэ

2016.10.05 Лхагва №093 (2124)

Д.БАЯР 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны хурлын танхимд өчигдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, ЗХУТ, Нийслэлийн Авто замын газраас нийслэлийн замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, зарим уулзварыг тогтмол баруун тийш эргэдэг болгохоор зохицуулалт хийсэн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Замын цагдаагийн газрын дэд дарга Ч.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Уулзваруудыг тогтмол баруун эргэдэг болгох зохицуулалт ямар замуудад хэрэгжих вэ?
-Монгол Улсын замын хөдөлгөө­ний дүрэмд байдаг заалтыг ашиглаж уулзваруудын нэвтрүүлэх чанарыг дээшлүүлж байгаа юм. Түүнээс биш хөдөлгөөний эрх зүйн хэв хэмжээг өөрчлөөгүй. Зарим оронд тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн дүрэм бий. Манай улсын хувьд Улаанбаатар хотын боломжит уулзваруудад энэ хувилбарыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тухайлбал, Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, мэдээллийн самбар байрлуулах бөгөөд уг журмыг энэ сарын 10-наас мөрдөж эхэлнэ. Дээрх дөрвөн замын уулзварт нэмэлт гэрлэн дохио тогтмол асч байх юм. 
-Баруун эргэх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд ямар эрхтэй оролцох вэ?
-Гол ба туслах замын тэмдэг тэмдэглэгээ хэдий тавигдсан ч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд шилжсэн буюу баруун эргэх тээврийн хэрэгсэл явган зорчигч болон тээврийн хэрэгсэлтэй огтлолцох ямар ч үед зам тавьж өгөх ёстой. 
Мөн баруун эргэх тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээ рүү шилжихдээ нийтийн тээврийн хөдөлгөөнд саад болж болохгүй. Энэ журмыг АНУ, Канад, БНСУ, ОХУ хэрэгжүүлж хөдөлгөөний ачааллаа тодорхой хэмжээнд бууруулсан юм билээ. Шинэ зохицуулалт нь уулзварын нэвтрүүлэх чадварыг 20 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой. 
-Энэ зохицуулалт бусад оронд хэр үр дүнтэй хэрэгжсэн бэ?
-Бид бусад орноос туршлага судлахдаа давуу болон эрсдлийг нь тооцоолсон. Гэхдээ Монгол Улсад хэрэгжиж байгаа дүрэм журмаар бүх зүйл шийдэгдэнэ. Хамгийн гол нь иргэдийн ухамсар чухал шүү дээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.