С.Амгалан: “Чалко”-гийн өрийг 2017 онд төлж дуусна

2016.10.05 Лхагва №093 (2124)

“Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсан цагаасаа хойш нийт 22.5 сая тонн нүүрс олборлосноос 19.3 сая тонныг нь экспортолжээ. Үүнээс 2016 онд 5.2 сая тонн нүүрс экспортлоод байгаа юм байна. Тус компани нийт экспортоосоо улсын төсөвт 191.3 тэрбум төгрөг  төвлөрүүлжээ. Хятадын зах зээл дээрх нүүрсний үнийн өсөлт болон “Эрдэнэс Тавантолгой” ком­панийн экспортын үнийн та­лаар тус компанийн Маркетинг хариуцсан газ­рын захирал С.Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Тавантолгойн нүүрс уурхайн амны үнэ тул хямд байгааг ойлгож байна. Гэхдээ одоогийн байгаа­гаас илүү үнээр экспортлох боломжгүй юу?
-2011 онд Зүүн Цанхийн хэс­гийн олборлолтыг эхлэхдээ “Чалко”-гоос 350 сая ам.долларын зээл авсан. Тухайн үед ингэж зээл авахдаа байгуулсан гэрээгээр бол тус компанид 350 сая ам.дол­ларынх нь оронд нүүрс өгөх үүрэг хүлээсэн. Тэр нүүрсийг олборлоход тодорхой зардлууд гарна. Түүнийгээ арилжааны банкуудаас мөн Хөгжлийн банк­наас зээл авч шийдсэн. Одоо “Чалко”-гийн өрийн үлдэгдэл 96 сая ам.доллар үлдээд байгаа. Анх авсан 350 сая ам.доллар бол жилийн 10.4 хувийн хүүтэй. Сард сая долларын хүү нэмэгдэж байгаа гэсэн үг. “Чалко”-гийн өрийг хурдан төлж дуусах юм бол манай компани энэхүү өрийн болон хүүгийн зардыг хэмнэх болно. Ингэснээр хамгийн гол нь нүүрсний үнээ чөлөөлөх, дахин хэлэлцэж үнээ тогтоох боломжтой болно. Яагаад гэвэл тэр 350 сая ам.долларыг анх өгөхдөө гэрээн дээрээ нүүрсний суурь үнийг нэг тонныг нь 70 ам.доллараар тог­тоосон. Тэр дотор нь нүүрсний үнэ, дээр нь Цагаан хад хүртэл тээвэрлэх тээврийн зардал нь багт­сан байсан. Нэг сая тонн нүүрсийг ингэж 70 ам.доллараар авсан. Дараа нь нүүрсний үнийг дөрвөн индексээр тодорхойлсон. 
-Энэ индекс нь яг ямар итгэлцүүр вэ?
-Энэ бол Хятадын дотоодын нүүрсний үнийг илэрхийлсэн индекс байгаа юм. Дөрвөн индекс Хятадын нийт боомтууд дээр байгаа нүүрсний дундаж үнийг гаргадаг. Энэ индексүүд нүүрс­ний  үнэд 60, 10, 10, 20 гэсэн ху­виар нөлөөлдөг. Эдгээрийн өөрч­лөлтөөр улирал тутам үнээ өөрчлөх хэрэг гарч байгаа. Анх манай компани байгуулагдсанаас хойш нүүрсээ хүргэж өгөх нөхцөл өөрчлөгдсөн. Тодорхой хугацаанд Ганц мод хүртэл хүргэж өгч байгаад 2013 онд гүний гааль байгуулан нүүрсний үнээ тээврийн зардлыг нь хасаад уурхайн аман дээрээ зардаг болсон. Ингээд нүүрс худалдан авагч компаниуд өөрс­дөө ложистикийн асуудлаа зохи­цуулаад явж байгаа. 
Нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жил тогтмол унасан. Бусад эрдэс баялгийн үнэ ч унасан. Энэ жил л нүүрсний үнэ  тодорхой хувиар өсч байгаа. Бид энэ өсөлтийг бүрэн барьж чадаж байна уу гэдэгт бол хариулах хэцүү. Яагаад гэвэл бид уурхайн амны үнээр зарж байгаа, урт хугацаанд “Чалко”-той гэрээ байгуулчихсан явж байгаа. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компани өөрсдөө нүүрсний үнээ тогтоож, дур мэдэн 35 ам.доллар, 50 ам. доллар гэх боломж байхгүй. Гэрээгээр урьдчилгаа төлбөрөө төлж дуустал ийм боломжгүй. 
-“Чалко”-гийн өрийг хэзээ төлж дуусах  төлөвлөгөөтэй бай­гаа вэ?
-Манай компани байгуулагдаад тав дахь жилдээ явж байна. Зүүн Цанхийн олборлолтыг эхлүүлснээс хойш “Чалко” сард 200-300 мянган тонн нүүрс авч байгаа. Зээлийн хүү нэмэгдээд, урьдчилгаанаас хасч байгаа хэмжээнээс бодоход 2017 онд “Чалко”-гийн өрийг дарах боломж байгаа. Өрөө төлөөд дуусчихвал манай компани олон асуудлаа шийдэх эрх мэдэлтэй болно. Урьдчилгаа төлбөр дуус­саны дараа Зүүн Цанхийн нүүрс­ний 80 хувь тэртэй тэргүй “Чалко”-д очно. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-д бэлэн мөнгө орж ирнэ. Би буруу санаагүй бол заавал түүхий гэхгүй нүүрсээ угааж баяжуулаад “Чалко”-д өгч болно. Үүний давуу тал нь тухайн үедээ урьдчилгаа төлбөрөө төлж дууссаны дараа нүүрсний үнээ сайн  тохирч чадвал нэг талдаа бэлэн худалдан авагч байгаа гэсэн үг. 
-“Чалко”-д хэдэн тонн нүүрс өгөөд байгаа вэ. Нэг сая тонн нүүрс өгсний дараа үлдсэнийг нь бэлэн мөнгөөр төлнө гэсэн заалт гэрээнд байгаа юм уу?
-Тийм заалт байсан. “Чалко” манайд 350 сая ам.доллар өгөхдөө 100, 50, 50 гэх мэтээр тодорхой шатлалтай өгсөн. Тэр зээлийг бид төлөхдөө мөн хугацаатай шатлалтай бай­сан. Тэр хугацаанд нь нүүрсээ өгөх юм бол үлдсэнийг нь  бэлэн мөнгөөр төлөх боломж­той гэх мэт заалт байсан. Харамсал­тай нь тэр хугацаанууд нь өнгөрчихсөн гэж ойлгож байгаа. 
-“Чалко”-той үнийн асууд­лаар хэлэлцээ хийх боломжтой юу?
-Бид “Чалко”-той ярьж байгаа. Жишээ нь сая нүүрсний үнийн хоёр индексийг шинэчилсэн. Хя­тадын дотоодын зах зээлийн үнийг илэрхийлдэг нэг индексийг АНУ-ын индекс рүү, нөгөөг нь Английн индекс рүү оруулсан. Гэхдээ энэ хоёр индекс нийлээд нүүрсний үнэ тодорхойлоход 30 хувийн нөлөөтэй. Тиймээс Хя­тадын дотоод үнийн хоёр индекс 70 хувийн нөлөөтэй тул импортын үнэ нь өсөхөд манай нүүрсний үнэд нөлөөлөх боломж хязгаарлагдмал. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.