Ерөнхийлөгч уучилсан ч иргэд уучлахгүй

2016.10.05 Лхагва №093 (2124)

Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин буюу ФАРК-ийг улс төрийн нам болж, тайван замаар улс төр хийх боломж олгох эсэх асуудлаар тус улсын иргэдийн дунд явуулсан бүх нийтийн санал асуулгын дүн эсрэг гарчээ. Санал асуулгад оролцогчдын 49.76 хувь нь эвлэрлийг дэмжиж, 50.23 хувь нь татгалзсан байна. Ингэснээр Колумбид улс төрийн маш эгзэгтэй нөхцөл байдал үүслээ. ФАРК бүлэглэл, Колумбийн Засгийн газрын хооронд хэдэн жил үргэлжилсэн энхийн хэлэлцээр энэ оны зургадугаар сард амжилттай дуусч, хоёр тал наймдугаар сарын 24-нөөс эхлэн гал зогсоогоод байсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт Картахен хотноо энхийн гэрээгээ баталгаажуулан гарын үсэг зурж, ёслолын ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Куба, Венесуэлийн Ерөнхийлөгч Рауль Кастро, Николас Мадуро нар ач холбогдол өгөн оролцсон билээ. Бүлэглэлийн удирдагч Тимолеон Хименес энэ үеэр ард түмнээс уучлалт гуйж, цаашид улс төрийн нам болон төлөвшихөө мэдэгдсэн. Гэвч 30 гаруй жилийн хугацаанд хэтэрхий их цус урсч, хэтэрхий их хүчирхийлэл үйлдсэн учир ард түмэн тийм ч амархан уучлахгүй бололтой. Санал асуулгын өмнө явагдсан бүх судалгаа иргэд ФАРК-ийг өршөөж, эвлэрлийг дэмжинэ гэж гарч байсан ч хэрэг дээрээ эсрэгээр эргэчихлээ. Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн өндөр алба хашиж байсан ахмад улстөрчдөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, ФАРК-тай хийсэн эвлэрлийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар сөрөг хүчинтэй зөвшилцөх үүрэг өгсөн байна. Улс төрийн намуудын удирдлагатай уулзсаныхаа дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Х.М.Сантос санал асуулгын дүнгээс үл хамааран эвлэрлийн гэрээгээ авч үлдэхийг эрмэлзэж байна. Харин хүчингүй болгох хүсэлтэй улстөрчдийг Ерөнхийлөгч асан А.Урибе тэргүүлж байгаа юм. Тэрээр бүлэглэлийн зарим гишүүнийг аллага хүчирхийлэл үйлдсэнийх нь төлөө шоронд суулгаж, удирдагчдыг нь улс төрд орохыг хориглосон нөхцөлд эвлэрч болно гэсэн санаа илэрхийлж байгаа юм. Х.М.Сантос харин ФАРК-д “Үгүй” гэж хэлэх нь дахиад аллага хүчирхийллээ хий гэж байгаатай ялгаагүй. Тиймээс боломж гарсан дээр нь иргэний дайныг дуусгах нь зөв гэж үзэж байгаа юм.  Парламентад цөөн суудалтай болон суудалгүй жижиг намуудын хувьд ФАРК-д 10 суудал шууд хуваарилахаар болсныг эсэргүүцэж байна. Ажлын хэсэг сөрөг хүчний намуудтай хэлэлцээр хийсний дараа л байдал тодорхой биз ээ.      


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.