Морин хуурын чуулгыг Ц.Батчулууны нэрэмжит болгоё

2016.10.05 Лхагва №093 (2124)

Хөдөө талаас хөвчин дэлхийд танигдсан Морин хуурын чуулга

Наяад оны эхээр ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Монголын үндэсний радиогийн “Малчин” нэвтрүүлэгт зориулж дан морин хуурын аялгууг 108 хуурчаар хуурдуулжээ. Мөн тэр жил  Дундговь аймгийн соёл урлагийн арав хоногийн үеэр  30 гаруй хуурч “Мандалговийн магтаал”-ыг аялгуулж байжээ. Энэ нь тухайн үедээ шинэлэг содон зүйл байснаар барахгүй, олны анхаарлыг ихэд татсан байна. Энэ нь олон хуурчид хамтран тоглох, найрал хөгжмийн хэлбэрт орох анхны алхмууд байв. Дээрх үйл явдал нь хоёр чавхдаст хөгжмийн өлгий нутагт морин хуурын мэргэжлийн чуулга хэрэгтэйг шаардсан хэрэг байжээ. Үүнийг морин хуурч Ц.Батчулуун соргогоор харж, ажил хэрэг болгон, хөөцөлдөж Морин хуурын чуулга хэмээх байгууллагыг  байгуулсан нь өдгөө 25 дахь жилтэйгээ золгож байна. Анх 1992 оны долдугаар сарын 9-ний өдрийн 123-р тогтоолоор байгуулагдсан тус чуулга нь 1993 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Дуурь бүжгийн академик театрт анхны тоглолтоо хийж байсан түүхтэй. Чуулгын бүрэлдэхүүн “Чилэгүн”, “Морин хуурын дөрвөл”, “Ятгын дөрвөл”, “Хулан”, “Арга билэг”, “Этно жазз” хамтлаг, мөн мэргэжлийн дээд боловсролтой 30 гаруй уран бүтээлчээс бүрддэг байна. Морин хуурын чуулгын урын санд  манай нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Э.Чойдог, Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Мөнхболд болон залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл, Б.Түвшинсайхан нарын шилдэг бүтээлүүд багтдаг ажээ. Үүнээс гадна В.А.Моцарт, Дж.Пуччини, Ж.Бизе, П.И.Чайковский, А.Хачатурян зэрэг дэлхийн сонгодог, орчин үеийн шинэ урсгал чиглэлийн хөгжмийн бүтээлээр урын сангаа баяжуулжээ. Тус чуулга Дуурь, бие биелгээ, бүжгийн жүжиг, уламжлалт морин хуурын гоцлол татлага, концертоос гадна тайз дэлгэцийн 2500 гаруй бүтээлтэй юм байна. Энэ их айлыг үүсгэн байгуулж, хамаг ачааг нь нуруун дээрээ үүрч явсан хүн бол Ардын жүжигчин, удирдаач Ц.Батчулуун юм. Тэрээр чуулгаа байгуулахдаа нэлээд бэрхшээлтэй тулгарч байжээ. Тэр тухайгаа “Манай чуулга Монгол Улсын шинэ ардчилсан үндсэн хуультай нас чацуу байгуулагдсан нь онцлогтой. Үүнийг бид их бэлэгшээдэг. Чуулга байгуулагдахад багагүй бэрхшээл тохиолдож байлаа. Хүн бүр дуртай таашаалтай хүлээж аваагүй. Янз бүрээр ойлгож байна. Морин хуурын чуулгыг Улаанбаатарт улсын чанартай байгууллага болгож байгуулах хэрэг байхгүй. Тэр дуу хуурын өлгий Дундговь аймагтаа л байгуулдаг юм байгаа биз гэж хэлэх ч хүн байсан” гэж ярьсан байдаг. Тэгвэл Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Зэвсэг  “Ц.Батчулуун Монгол Улсын түүхэнд анх Морин хуурын чуулга байгуулахаар санаачлан зориг шулуудсан тэр цаг үе бол төр, нийгэм солигдон, ороо бусгаа болж, мөнгө төгрөгний гачаалд орж, хүний сэтгэл санаа хувиран өөрчлөгдөж, хандсан зүгтээ амьдрал хөөн бэдэрч ихэнх нь ажил мэргэжлээсээ “урваж” байсан цаг” хэмээн бичсэн нь түүний хүчин чармайлт, чин сэтгэлийг илтгэж байна. Нийгмийн хүнд хэцүү цаг үед урлагт хайртай, морин хуурыг эрхэмлэн үздэг түүний итгэл сэтгэлээр бүтсэн уг чуулга морин хуурыг дэлхийн оюуны өвд биет бус соёлын дээжсээр тунхаглан зарлаж чадсан. Мөн АНУ, Франц, Австри, Швейцарь, БНХАУ, ОХУ, БНХАУ, БНАСУ зэрэг дэлхийн олон орны томоохон тайзан дээр үндэсний хөгжмөө танилцуулж, морин хуурын яруу аялгууг эгшиглүүлсэн билээ. Ц.Батчулуун гуайг таалал төгссөний дараа шавь нар болон Морин хуурын чуулгын хамт олон Хөгжим бүжгийн коллежид өөрийнх нь суудаг байсан танхимыг түүний нэрэмжит болгожээ. Мөн жил бүрийн дөрөвдүгээр сарын 16-нд Морин хуурын чуулгын анхны тоглолтоо хийсэн болон Ц.Батчулуун агсны төрсөн өдөр давхацдаг энэ өдөр Морин хуурын чуулгынхан тоглолт хийдэг уламжлал тогтжээ. 

Үнэлж баршгүйгавьяатан
Ц.Батчулуун төрийн шагналт, ардын жүжигчин ХХ зууны манлай хуурч Г.Жамъянгийн гарын шавь нарын нэг. Багшийнхаа эрдэм ухааныг өвлөн авч хуурынхаа яруу эгшиглэн, түүнд шингэсэн монгол хүний авьяас билэг, оюун чадлыг, хөдөөх талаас хөвчин дэлхийд хүртээхийн төлөө мятрашгүй зүтгэсэн нэгэн. Тэрээр 1952 онд ноён хутагт Данзанравжаагийн нутаг хэмээн алдаршсан Дорноговь аймгийн Мандах сумын нутагт мэндэлжээ. Морин хуурч, хөгжмийн багш мэргэжилтэй тэ­рээр 1971 онд Хөг­жим бүжгийн коллеж, 1999 онд Японы Токио хотын Веседа их сургуулийг төгсчээ. Үүний дараа СУИС-ийн хүндэт профессор, Монголын урлагийн ажилтны холбооны тэргүүлэгч, хөгжмийн нийгэмлэгийн тэргүүн болж байжээ. 1971-1985 онуудад УАДБЧ-д морин хуурчаар ажил амьдралын гараагаа эхэлж байсан аж. Үүний дараа Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт хөгжмийн багш, удирдаач, хөгжим бүжгийн дээд сургуулийн багшаар ажилласан гэдэг. 1992 онд чуулгаа байгуулснаас хойш амьдралынхаа сүүлийн мөч хүртэл Морин хуурын чуулгын дарга, уран сайхны удирдагч, удирдаачаар ажиллаж байжээ. Үүгээр ч зогсохгүй тэр том айлын өрхийн тэргүүн, олон шавь нарынхаа аав, ахмад багш, тууштай зөвлөгч нь байжээ. Ингэх­дээ З.Хангал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Г.Алтанхуяг, Э.Чойдог, Ц.Сүхбаатар нарын морин хуурт зориулсан бүтээлүүдийг мэр­гэжлийн өндөр төвшинд тоглосон. Мөн морин хуурыг уламжлуулан үлдээх, дэлхийн чихэнд сонордуулахад үлэмж хувь нэмэр оруулсан билээ. Үүнээс гадна Орос хөгжмийн зохиолч­дын олон томоохон бүтээлийг морин хуурт зохицуулан найруулсан нь түүний бас нэгэн том гавьяа юм. Түүний Монголын урлагт тэр тусмаа морин хуурын чуулгад оруулсан хувь нэмрийг тоочоод баршгүй. 

Цаг ямагт бахархан дурсдаг
Морин хуурч Р.Амарбаяр “Би хорь гаруй жил багшийнхаа хажууд байж, заавар зөвлөгөө, сургааль үгсийг нь сонссон. Тэр болгон хүмүүсийн мэдээд байдаггүй нарийн зүйлсийг мэргэн анзаарч хэлдэг байсан. Биднийг оюутан байх үед багш  маань ид залуухан, хийж бүтээх хүсэл нь оргилсон байлаа. Тэгэхдээ ааш зан нь хүртэл омголон байж. Биднийг аяа тоглож чадахгүй бол шууд алгадаад авдаг байсан. Сүүлдээ нас ахиад өөр болсон. Ямар нэгэн зүйл таалагдахгүй бол ийм тийш холхиод, чихээрээ оролдоод л, харин биднийг сайн тогловол нүүрэнд нь мишээл тодроод баяртай байгаа нь илт мэдэгддэг. Мөн хүнийг урамшуулах тал дээр хэнээс ч илүү. Тэр мундаг хүнээс магтаалын үг сонсоно гэдэг чинь их хувь заяа шүү дээ. Бид багшийнхаа ачийг хариулна гэж юу байхав. Гэхдээ үйл хэргийг нь үргэлжлүүлээд, хэцүү цаг үед чармайн байгуулсан энэ чуулгын нэрийг өндөрт авч явж байвал л багш минь баярлана. Тиймээс энэ чуулгаа багшаараа овог­лоод явъя гэж бодсон. Түүний хүрээнд бичиг баримтаа бүрдүүлээд зохих шатны байгууллагад нь хандсан” гэлээ. 
Морин хуурч Н.Жигжиддорж “Багштайгаа цуг НҮБ-д элссэний 50 жилийн ойгоор АНУ-ын Нью-Йорк, ЮНЕСКО-гийн зэрэг олон том тайзан дээр хамтран тоглодог байлаа. Хамгийн сүүлд 2014 онд багш бид хоёр санаачлаад морин хуурын шинэ концерт хийсэн. Тэр нь гурван ангитай симфони оркестртой гэдгээрээ онцлог байсан. Түүнийгээ чуулгынхаа 25 жилийн ой, багшийнхаа гэгээн дурсгалд зориулж цомог болгон гаргах бодолтой байна. Учир нь бидний хамтарсан хамгийн сүүлийн томоохон уран бүтээл болохоор тэр. Монголдоо төдийгүй олон улсад алдар нэр нь цуурайтсан хүн шүү дээ, багш минь. Домог болсон тэр хүнтэй хамтдаа байсан үеэ би үргэлж бахархан дурс­даг. Багш минь төрөлхийн гайхам­шигтай удирдаач хүн байсан. Хүн бүртэй эелдэг, найрсаг ханддаг, зөрөөд өнгөрсөн ч зөвлөж явдаг. Багшийг хүндэлдэггүй, муу хэлэх хүн лав байхгүй байх. Манай Морин хуурын чуулгынхан бүгд л түүний хүүхэд шиг нь байдаг байлаа. Бэлтгэл сургуулилтаас гадна ахмад хүнийхээ хувьд ахуй амьдралын зөвлөгөө их өгдөг. Хааяа гуньж, сэтгэл хямарсан үедээ багштайгаа уулзаад үгийг нь сонсоход урам ордог байлаа” хэмээн дурсамжаа хуваалцав. 

Хуурын хөг тасрахгүй

Үнэхээр ардын жүжигчин Ц.Батчулуун Морин хуурын чуулгын эцэг юм. Улсын филармонийн хоёр давхарт байрлах тэр жижигхэн өрөөгөөр дүүрэн түүний тарьсан үр. Тэр хүний тухай ярихдаа бахарх­сан бас үгүйлсэн өнгө аястай. Ерөн­хийлөгчийн айлчлал, гадаад дотоодын хүндэт зочдыг угтах, аливаа нэгэн байгууллагын ойн арга хэмжээ, нээлт гээд сайхан бүхний тэргүүнд түүний сургасан шавь нар байдаг. Хэдий бие нь ертөнцөө сольсон ч үйл хэрэг нь бидний дунд оршсоор байгаагийн илрэл энэ буй. Түүний шавь нар Морин хуурын чуулгыг Ц.Батчулуун багшийнхаа нэрэмжит болгох хүсэлтэй байгаа аж. Гэтэл энэ нь санааны зоргоор болох асуудал бас биш бололтой. Энэ талаар төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Энэ асуудал нь Ц.Батчулууны шавь нарын дунд яригдаж байгаа. Гэхдээ энд эрх зүйн асуудал хөндөгдөнө. Энэ нь юу вэ гэхээр Морин хуурын чуулга бол Улсын филармонийн харъяа байгууллага юм. Улсын филармони нь харин Ц.Намсрайжавын нэрэмжит байгууллага шүү дээ. Энэ хүний нэрэмжит байгууллагын дотор Ц.Батчулууны нэрэмжит чуулга байж болох уу гэсэн асуудал үүсч байгаа юм. Уг нь эрх зүйн асуудал нь зөрчигдөхгүй байвал Морин хуурын чуулгыг Ц.Батчулуунаар овоглоход буруудах зүйл байхгүй” гэлээ. Зөвхөн Морин хуурын чуулгад хамаарах Ц.Батчулууны шавь нар биш чуулгын удирдах албан тушаалтнууд гар нийлэн үүний араас хөөцөлдвөл уг нь болохгүй зүйл биш биз.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.