Өвлийн спортод төрийн дэмжлэг үгүйлэгдэж байна

2016.10.05 Лхагва №093 (2124)

Урин дулаан болоход тас мартагдаад, хүйтэн болж эхлэхэд санаанд ордог өвлийн спортыг Монгол Улс цаашид хэрхэн авч явах ёстой вэ. Хэрвээ манай улс өвлийн спортыг хөгжүүлэх ёстой гэж үздэг бол яг одооноос санаа тавьж, өөрийн юм шиг хандах хэрэгтэй. НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж дэлхийн хамтын нийгэмлэгт нэгдэн орсон 1961 оноос хойш л манай тамирчдад олимпийн наадмын өндөр босготой үүд хаалга нээлттэй болсон түүхтэй. Монголын тамирчид одоогоос хагас зуун жилийн тэртээ, 1964 оны нэгдүгээр сарын 29-нд Австрийн Инсбрук хоноо алтан соёмбот төрийн далбаагаа мандуулан жагсч, анх удаа олимпийн наадамд хөл тавьсан билээ. Тэр цагаас хойш манай баг тамирчид 1976 онд Инсбрукт дахин болсон өвлийн олимпоос бусдад нь оролцсон. АНУ-ын Солт-Лейк хотод 2002 онд болсон XIX наадмын үеэр тухайн үед ОУОХ-ны ерөнхийлөгч байсан Ж.Рогге МҮОХ-г он удаан жил удирдсан Ш.Магван гуайтай уулзаж, “Ази тивд өвлийн улиралтай, цас үздэг хуруу дарам цөөн улсын нэг байж Монголд өвлийн спорт хөгждөггүй нь хачирхалтай” гээд толгой сэгсэрч байсан тухай дуулсан. Шинэ зуун гараад өвлийн спорт улам л уналтад орсон нь нууц биш. 

Анхныхаа өвлийн олимпод 13 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байсан манай улс 50 жилийн дараа Сочид ердөө хоёрхон тамирчнаа илгээсэн нь дээрх үгийн баталгаа. Уг нь өвлийн спортын зарим төрлөөр дэлхийд биш юм аа гэхэд “шар” тивдээ тэргүүлэгчийн эгнээнд орох боломж манайд байгаа юу гэвэл бий. Ж.Роггегийн тэмдэглэснээр манайх өвлийн улиралтай, цас үздэг Азийн цөөн хэдэн орны нэг. Үүнээс гадна төрөөс дэмжлэггүй хэрнээ манай өвлийн спортынхон санаанд оромгүй амжилт гаргасан тохиолдол цөөнгүй. Наад захын жишээ гэвэл тэшүүрчин Б.Сумъяа. Тэрээр Норвегийн Лиллехаммер хотод болсон Залуучуудын олимпийн наадмын тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн. Ингэснээр манай улс өвлийн олимпийн наадмын аваргатай болсон. Техникийн баазгүй, ядаж дээвэртэй ганц ордонгүй нь өвлийн спортынхны амжилтаас хойш татаад буйг дээр доргүй мэднэ. Өвлийн спортын битүү дээвэртэй ордонтой болбол өвлийн спорт хөгжөөд зогсохгүй өвлийн гадаад, дотоодын аялал жуулчлал ч хөгжих нь дамжиггүй. Үүнийг төр засгаас бодлогоор дэмжээд өгөхсөн. Өнөөдрийн байдлаар өвлийн спортын улсын шигшээ баг гэж хоёр л төрөлд хэдхэн тамирчин, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнийг төрөөс тэтгэж байдаг.
 Үүнийг эс тооцвол Монголын өвлийн спортыг үнэндээ дур сонирхол, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн хэдхэн хүн, холбоод удирдан хөдөлгөж, амьтай авч яваа билээ. Өнөө улсынхаа нэрийг дэлхийд мандуулаад байгаа жүдо, бокс, чөлөөт бөх, буудлагын төрлийн амжилт ч гэсэн ядуу, дутуугийн зовлон туучиж явснаа төрийн зүгээс онцгойлон дэмжсэний хүчинд сэвхийтэл босоод ирсэн. Элэгтэй, сэтгэлтэй бизнесмэнүүдийн хичээл зүтгэл, зарцуулсан хөрөнгө мөнгийг үгүйсгэж болохгүй л дээ. Тэд улс орон хүнд байх жилүүдэд чангаасаар байгаад төрийн хараанд авчирсан нь үнэн. Өдгөө өвлийн спортод төрийн дорвитой дэмжлэг үнэхээр үгүйлэгдэж байна. Төрийн зүгийн дэмжлэг гэдэгт янз бүрийн зүйл багтана. Наад зах нь битүү дээртэй мөсөн гулгуурын талбай хэрэгтэй. Олигтойхон цанын бааз шаардлагатай. Түүнээс биш зугаалга, бизнесийн зориулалттай “Скай ресорт” шиг бааз биш юм. Монголын төр засгаас өвлийн спортод өнөөдрөөс зөвөөр анхаарч эхэлбээс мөдхөн БНСУ-ын Пёнчаньд болох цагаан олимпийн ээлжит наадамд ч тамирчид маань амжилт үзүүлж болох юм. Хамгийн гол суурь болох хүний нөөц буюу дур сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй тамирчин, тэднийг дасгалжуулах багш нар манайд байна. Гагцхүү бааз, талбай, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл нь дутагдаад байна. Энэ бол төр засгийн 100 хувь шийдэх асуудал билээ.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.