"Мотив"-чууд найман жилийн ойгоороо дахин "тэсэрнэ"

2016.01.04 Даваа №001 /2032/

Б.Бадамгарав

“Анхаарлын төвд” буландаа “Мотив” хамтлагийн дуучин Б.Сайнцогтыг онцолж байна.

-Шинэ жилийн үеэр хамгийн эрэлттэй байдаг хамтлагийн нэг нь танайх. Шинэ жилийн цэнгүүнд хэр их оролцов?
-Баяр дээр баяр нэмж, ая дуугаа өргөнө гэдэг маш сайхан. Баярлаж, догдолсон хүмүүсийн эмоци юутай ч зүйрлэшгүй. Энэ жил эдийн засаг хямралтай байсан ч гэлээ байгууллагуудын баярын арга хэмжээ нижгэр сайхан боллоо. Манай хамтлаг арванхоёрдугаар сарын 15-наас эхлээд он дуустал өдөр бүр 4-5 арга хэмжээнд урилгаар оролцсон. Хүмүүс тун сайхан хүлээж авч байлаа.
-“Мотив”-ынхон сүүлийн жил гаруйн хугацаанд нам гүм байсан гэхэд болно. Энэ хугацаанд ямар ажлууд амжуулав?
-Сүүлийн жил хагасын хугацаанд шинэ уран бүтээл гаргасангүй. 2016 онд манай хамтлагийн найман жилийн ой болно. Ойгоо угтаад олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Тухайлбал, хоёр цомог гаргана, бас намар тоглолтоо хийнэ. Тэгэхээр 2016 он бидний хувьд тун завгүй, шинэ уран бүтээлийн олз омог дүүрэн сайхан жил болно байх.
-Хоёр цомог гаргана гэлээ. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?
-Эхнийх нь найман дуунаас бүтнэ. Энэ бол маш том гэнэтийн бэлэг байх болно гэдгийг итгэл төгс хэлье. Цомгийн ажил одоогоор 80 хувьтай байна. Харин дараагийн цомог нь таван дуунаас бүтнэ. Гишүүд тус бүрийн дотоод ертөнцийг илэрхийлсэн дөрвөн дуу, мөн залуусыг уриалсан сэдэвтэй нэг дуу бий. Сонсогчид маань биднийг “Мотив” хамтлагийн залуус гэдгээр нь сайн таньдаг боловч Анхаа, Ганбаа, Жижгээ, Сайнаа гэж чухам хэн бэ гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй. Тэгэхээр дуугаараа дамжуулан өөрсдийгөө илүү сайн таниулахыг хүссэн. Шинэ уран бүтээлүүдээ хавраас олны хүртээл болгохоор төлөвлөөд байна.
-Саяхан та дуучин Т.Цогсогмаатай хамтран уран бүтээл хийсэн байсан. Энэ мэтчилэн өөр дуучидтай хамтарч эсвэл бие даасан уран бүтээл хийх бодол бий юу?
-Мэргэжлийн дуучин бүр бие даасан цомгоо гаргахыг хүсдэг байх. Надад ч гэсэн бие даасан уран бүтээл хийх бодол бий. Гэхдээ ойрын үед биш. Дөрвөн залуу хамтлаг байгуулан, нэг зорилгын дор найман жил хөдөлмөрлөж байна. Энэ хугацаанд олон сайхан уран бүтээл гаргасан. Цаашид энэ амжилтаа үргэлжлүүлэхийг хүсч байна. Миний хувьд хамтлаг нэгдүгээрт байх учир бие дааж уран бүтээл хийхийг яарахгүй.
-Хамтран ажиллах саналууд хэр их ирдэг вэ?
-Хааяа хамтарч уран бүтээл хийх санал ирдэг. Цаг зав давчуу байдаг учраас тэр бүр хүлээж авч чаддаггүй.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.