Гадаад хэл сурахад буддын сургаал тус болно

2016.10.05 Лхагва №093 (2124)

Хэл сураагүй нь таны буруу биш
Гадаад хэл суръя гэж боддоггүй хүн үгүй. Зөвхөн ингэж бодоод л яваад байх юм бол та хэзээ ч мөрөөдөлдөө  хүрэхгүй. Харин хэл сурахын төлөө уйгагүй хөдөлмөрлөж зүтгэсэн хүн л амжилтад хүрдэг. Ийм жишээ бидний эргэн тойронд зөндөө бий. Бас хэл сурахсан гэсээр 30 гарчихсан, бүр 40 насны дөрөө жийж яваа хүмүүс зөндөө л байдаг. Хэлтэй бол хөлтэй гэдэг үгийг амны уншлага болгодог, орчин үеийн даяаршиж байгаа ертөнцөд хэл гэдэг хэчнээн чухал болохыг мэддэг атлаа хүмүүс яагаад хэл сурдаггүй юм бэ. Үүнд юуны өмнө ахуй амьдрал, нөхцөл орчин, ажлын цаг зав гээд олон л шалтгаан байгаа. Хэл сурахад хувь хүнээс шалтгаалах олон хүчин зүйл бий. Гэхдээ хамгийн гол нь чин хүсэл эрмэлзэл, мятрашгүй, тууштай зан чухал. Энэ хоёр үгүй бол хэл сурна гэдэг бараг боломжгүй. Үүн дээр хэл­ний авьяас, ой тогтоолт гээд олон чанарууд танд байх юм бол харийн хэлийг өөрийн болгож чадна. Хамгийн гол нь хэл сурахын тулд уйгагүй оролдох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. 
Тэгвэл хувь хүний хүчин зүйл, идэвх, оролдлого, чармайлтаас гадна нийгмийн бусад шалтгаан хэл сурахад нөлөөлдөг гэдгийг ч хүлээн зөвшөөрөх ёстой. Тухайлбал, гадаад хэлний сургалтын чанар. Манай улсын хувьд ерөнхий боловсролын сургуульд ч, дээд боловсролын  тогтолцоонд ч  тэр гадаад хэлний сургалтын арга зүй тун хоцрогдмол, хуучинсаг хэвээр байгаа. Үүнээс болоод гадаад хэлний сургалт тэр бүр үр дүнтэй болдоггүй. Олон хүн гадаад хэлийг амжилттай сурч чадахгүй байгаа нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс хамаараад зог­сохгүй хамгийн гол нь манай гадаад хэлний сургалтын арга зүй, орчин нөхцөл хоцрогдсонд асуудлын гол байгаа гэдгийг гадаад хэлний багш нар онцолдог. Уг нь гадаад хэлийг амжилттай суръя гэсэн хүн тухайн хэлийг сурахтай холбогдсон бэрхшээлүүдийн талаар үнэн зөв ойлголттой болж улмаар түүнийг гэтлэн давах аргуудаа зөв тодорхойлж чадвал богино хугацаанд сайн сурах бололцоотой ажээ. Энд дараагийн нэг бэрхшээл гарч ирнэ.  манайд хэрэг­лэгдэж байгаа гадаад хэлний сурах бичгүүдэд ихээхэн учир дутагдал байдаг. Сурах бичгүүдийн бүтцээс харах юм бол цагаан толгойгоо зааж дуусаад үгсийн давтамж муутай том том саланги бичвэрүүдтэй холбогдсон дүрмийн мэдлэгийг ойлгож, шинэ үгийг цээжлэх амаргүй асуудлыг хэл эхлэн сурч байгаа хүний өмнө тавьдаг. Түүнчлэн олонхи сургууль хэлний доод курсуудэд шинэ залуу багш нараараа заалгаж эхэлдэг тул тэд хичээлийг эрчимжүүлэх нэрийдлээр хэт хурдан зааж суралцагсдыг хөлдөө чирэх явдал түгээмэл байдаг. Ингэс­нээр эхлэн суралцагчид гадаад хэлийг сурна гэдэг авьяастай, цөөхөн хүмүүсийн санаархдаг хэрэг юм байна, миний хувьд ёстой бүтэшгүй нь гэсэн гутранги бодолтой хоцордог тал бий. Үнэндээ хүн бүхэн хэл сурах боломжтой. Тиймээс ямар аргаар, хэрхэн сурах вэ гэдэгт л гол учир байгаа ажээ. Өөрөөр хэлбэл хэл сураагүй нь таны буруу биш. Дээр өгүүлсэнчлэн та туршлагагүй, залуу багш нарын “туршилтын туулай” болсон, эсвэл хуучинсаг арга барилаар хэл сурах гэсээр эрч хүч, урам зоригоо мохоосон байж мэднэ. 
Манай гадаад хэлний сургалтын чанар муу, арга зүй нь хуучинсаг гэдгийг дээр хэлсэн. Нээрээ л багш хичээлийн эхний хэсэгт даалгавар шалгана. Гуч, дөчин сурагчтай нэг ангид бол багш хүүхэд бүрийн даал­гаврыг шалгасаар хичээлийнхээ үнэт цагийн  ихэнхийг барна. Ингээд шинэ хичээл зааж эхэллээ гэж бодъё. Сурах бичиг­тэй холбогдсон хүндрэл бас гарна. Сурагчдын ихэнхи нь шинэ үгээ цээжлээгүй, дүрмээ ойлгоогүйн ул­маас хичээлд хандах хандлага сулхан байх нь ойлгомжтой. Тэгэхээр даал­гавар шалгаж байх үед эхэлсэн нөгөө назгай байдал хичээлийн турш сэмээрхэн үргэлжилнэ. Багш ч гэсэн ийм байдалтай зугуухан эвлэр­­дэг бөгөөд өөрчилье ч гэсэн аргаа мэдэхгүй, өөрчиллөө ч гэсэн цалин хөлс амьдрал ахуйд нь нэмэр болохгүй тул тэгсхийгээд биед амар шиг байж байгаад хонх дуугарахыг хүлээнэ. Биднийг бага дунд болон их сургуульд сурч байхад гадаад хэлний сургалт иймэрхүү байдалтай байв. Одоо ч гэсэн нөхцөл байдал үүнээс нэг их дээрдээгүй. Дээрх байдал хаа сайгүй ноёлж байгаа болохоор цөөн тооны, биеэ дайчилж, чөлөөт цагаа гадаад хэл сурахад зөв ашиглаж чад­даг суралцагсдыг эс тооцох юм бол олонхи нь гадаад хэлний хичээлд дур сонирхол буурч, тэр хэрээр сурсан мэдсэн зүйлсээр хомс хоцордог. Хү­мүүсийн гадаад хэл сурах хүсэл тэ­мүүлэл ихсэж байгаагийн эсрэг ма­най гадаад хэлний сургалтад оршиж байгаа дээрх мэт назгай байдлыг зарим зальжин улс овжин ашиглаж гадаад хэлийг “Амар хялбар сурах аргуудын” талаар лекц уншин, ном хэвлүүлж хэтэвчээ түнтийлгэхийг санаархах болсон нь ч нууц биш. Шинжлэх ухаан техник хөгжсөн өнөө цагт бид ийнхүү гадаад хэлийг сурч ядаж байхад ма­най өвөг дээдэс эсгий гэрт, өөхөн дэнгийн гэрэлд эртний Монголын гэрийн сургалтын аргаар монгол бичиг, манж, хятад, төвд, самгарьд зэрэг дорно дахины таван хэлэнд нэвтэрхий гүүш, мэргэдийг бэлтгэн гаргаж байсан билээ. Энэхүү хэл сурах арга ухааныг орчин үеийн гадаад хэлний сургалтад бүтээлчээр хэрэглэж чадваас сурагч, оюутанд хоёр гурван гадаад хэлийг төвөггүй сургаж болно гэдгийг нэрт орчуулагч Д.Болдбаатар онцолсон байдаг. Тэрээр гадаад хэл сурахын хэрээр хувь хүний хүмүүжил боловсролын чанар дээшилдэг гэж үздэг. Д.Болдбаатар орчуулагч хэл сурах нь Буддын шашны билиг барамидийн онол, нисванистай холбон тайлбарласан нь нэн сонирхолтой. Энэ талаар дор сонирхуулъя.
 
Нисванисаас ангижирбал хэл сурах амархан

Бурхны сургаалаар бол хүний билиг оюун нь төрөлхөөсөө ямар ч хэцүү мэдлэг ухааныг ойлгон сурах чадвартай байдаг ажээ. Буддын шашинд билиг оюуны бэлгэдэл Манзушир бурхныг баруун гартаа хурц илд барьснаар дүрсэлсэн байдаг нь дайнч байлдаанч гэсэн утгыг илэрхийлж байгаа биш харин хүн билгийн чанадад хүрч чадваас үхлийг хүртэл ялан дийлж, зовлонгоос эгнэгт ангижран мөнхийн хутгийг олж болох юм шүү гэсэн гүн нарийн утгыг бэлгэдсэн хэрэг ажээ. Дөнгөж төрсөн хүүхдэд билиг оюуны энэхүү чанар нь онцгой хурц хэвээрээ хувиралгүй хадгалагдаж байдаг тул хэл хэмээх нарийн системийн учрыг төвөггүй ойлгож сурч чаддаг ажээ. Харин хүүхдийн нас нь нэмэгдэх тусам гэр бүлийн болоод байгаль нийгмийн янз бүрийн нөлөөлөлд билиг оюун автан түүний мөн чанар тоосонд дарагдаж байгаа мэт бүдгэрч ирдэг байна. Өөрөөр хэлбэл өсч томрохын хэрээр элдэв бодлын тоос билиг оюуныг улам бүр дарж байдаг тул хоёр настай хүүхэдтэй харьцуулахад 20 настай залуугийн хувьд гадаад хэлийг сурах явдал амаргүй хэрэг болон хувирдаг байна. Нас ахих тусам улам бүр зузааран билиг оюуныг тоос мэт бүрхэж байдаг элдэв дээдийн бодлыг бурхны сургаалд нисванис, түмэн бодол гэхчлэн нэрлэдэг. 
Дээр өгүүлсэн бүхнээс үзэхэд хоёр настай хүүхэд хэл суръя ч гэж бодохгүй зөвхөн билиг оюуны хурц чанартаа дулдуйдан байгалийн аясаар хэл сурчихдаг. Харин 20 настай залуугийн тухайд гэвэл гадаад хэлний хичээл дээр сууж байхдаа тухайн хичээлд анхаарлаа хандуулахын оронд “Гэдэс өлсөж байх чинь”, “Энэ хичээл хурдан дуусаасай”, “Монголд ч гадаад хэл сурахгүй юм шиг байна аа. Болж өгвөл нутагт нь оччихвол хурдан сурна байх даа”, “Хурдан харьж FM-ээ сонсох юмсан”, “Өнөө орой бүх телевизээр солонгос кинотой юм байна лээ шүү дээ” гэх мэтчилэн есөн шидийн бодол толгойд нь эргэлдэж байдаг. Тэгвэл энэ байдлыг арилгаж хоёр настай хүүхэд шиг болчихвол, өөрөөр хэлбэл билиг оюуныг тоос мэт бүрхэж, төрөлхийн хурц чанарыг нь бууруулж байдаг “Түмэн бодлоос” чөлөөлөгдөж зөвхөн гадаад хэл рүү билиг оюунаа төвлөрүүлж чадах юм бол 20 настай залуугийн хувьд хоёр настай хүүхдээс илүү сайн гадаад хэлийг сурах боломжтой болдог байна. Манай өвөг дээдэс бурхны сургаалын номлосон энэхүү зүй тогтлыг эрт дээр үеэс нарийн сайн мэддэг байсан тул “Гэрийн сургалт” хэмээх аргыг боловсруулж дорно дахины таван хэлтэй сод мэргэдийг бэлтгэн гаргадаг байжээ. “Эртний монголын гэрийн сургалтын арга” нь өвөг дээдсээс маань бидэнд өвлүүлэн үлдээсэн хосгүй нандин соёлын өв тул бид мэдээллийн эрин зууны ололттой түүнийг бүтээл­чээр хослуулан ашиглаж чадвал гадаад хэл суралцагсдад наад зах нь таван хэлийг төгс эзэмшүүлэх боломжтой. Ганц хэлийг ч олигтойхон сургачихаж чадахгүй байгаа өнөө үед таван хэлийг төгс суралцана гэдэг амаргүй сонсогдож байж болох юм. Харин хүндийн гол төв нь усны дор оршдог мөсөн уулын онолоор авч үзэх юм бол таван хэл гэдэг зөвхөн үзэгдэх тал бөгөөд дээрхи сод мэргэд гүн ухаан, тэжээхүй ухаан, төр барих зэрэг бусад нарийн төрөл мэргэжлийн эрдэмд мөн л нэвтэрхий сайн байсан байж таарна. 
Энэ бүхнээс дүгнэн хэлэхэд хүний гадаад хэл сурах авьяас бага настай хамт ул мөргүй алга болдоггүй гагцхүү та элдэв бодолд автан гиюүрч байдгаа таягдан хаяж, хамаг анхаарлаа гадаад хэл сурах үйлсдээ зориулж чадвал амжилт дэргэд чинь байдаг.

Нойрон дундаахэл сурч болох уу
Сэтгэц, хэл шинжлэлийн эрдэмтэд хүн долоо хоногт 10-12, өөрөөр хэлбэл өдөр бүр 1.5 цагийг л хэл судлахад системтэй зарцуулж чадвал тодорхой амжилтад хүрч болдгийг тогтоожээ. Тиймээс аль нэг гадаад хэлийг сурахаар шийдэхээсээ өмнө ийм хэмжээний цаг гаргаж чадах эсэхээ цэгнэж үзээрэй. Нэг эхлээд л, хэсэг хаяад л байвал үр дүн гарахгүй. Аливаа гадаад хэлний мэргэжлийн анги, эсвэл эрчимжүүлсэн сургалтын долоо хоногийн цаг нь 20-25 байдаг. Ер нь тухайн хэлний аль нэг төвшингөөс нэг шат ахихад тухайлбал pre-intermediate төвшингөөс intermediate төвшинд хүрэхэд ойролцоогоор 120 багц цагийн сургалт хангалттай байдаг нь туршлагаар нотлогдсон зүйл. Ажлынхаа хажуугаар ийм цаг хаанаас гаргах билээ гэж бодож байна уу. Тэгвэл өдрийн 24 цагийн наймд нь ажиллаж, наймд нь унтаж амарч, үлдэх наймыг нь чөлөөт цаг буюу өөртөө зарцуулъя гэж тооцъё. Хүн унтаж байхдаа хэл сурах боломжтой эсэхийг эрдэмтэд судлаад эхэлсэн ажээ. Гип­нопеди буюу нойрон дунд сургалт явуулах аргыг бүр 1916 оноос туршиж эхэлсэн байна. Ингэхдээ гадаад хэл бус Морзын цагаан толгойг нойрон дунд нь зааж байжээ. 
Гадаад хэл сурах нэг шалгарсан арга бол тухайн хэлээр цээжилж тогтоох ёстой бичвэрээ дуу хураагуурт уншиж бичих явдал. Ингэж уншиж бичихэд нэг удаа гучаад үгээс бүрдсэн 10-12 богино өгүүлбэр байхад хангалт­тай. Унтахын өмнө бичвэрээ хараад бичлэгээ дагаж уншина. Гэрлээ унтраасны дараа 40 минутын турш дууг нь намсгах маягаар уг бичлэгээ сонсч өглөө сэрмэгцээ түрүүчийнхээ эсрэгээр бичлэгээ аажмаар чангалж, 25-30 минутын дараа нойроос бүрэн сэртлээ сонсоно. Ийм маяаар 18 шөнийн хичээлээр ойролцоогоор 800-900 үг тогтоодог нь ердийн уламжлалт аргаар сурснаас даруй 6-7 дахин их хэмжээний мэдлэг эзэмшдэг нь батлагджээ. Энэ арга эрүүл мэндэд ч хоргүй. Мөн бичиг үсэгт тайлагдсан хүн минутад дунджаар 300 үг уншдаг. Тэгвэл 60 хоромд дунджаар 300 үг уншдаг юм чинь 15 минутад 4500 үг гэсэн үг. Долоо хоногт 31500, сард 126 мянга, жилд нэг сая 512 мянган үг болж таарна. Ямар ч ном 60-100 мянган үгийн сантай байдаг. Дунджаар 75 мянга гэвэл өдөр бүр 15 минут гадаад хэл дээрх ном уншаад байхад жилдээ 20 ном унших боломжтой. Ихэнх хүмүүс сурч байгаа хэлээрээ ном уншихдаа мэдэхгүй үг гарах бүрт толь бичиг эргүүлсээр залхдаг. Ингэх шаардлага байхгүй. Үнэхээр хэрэгтэй үг бол дахин давтагдах байдал, эсвэл тухайн хам сэдвээс нь таах боломжтой. Ийнхүү тааж утгыг ойлгох нь механикаар толь бичиг хардаг зуршлаас хавьгүй ач холбогдолтой юм. Тиймээс “Таяг тулаад хөлтэй болдоггүй. Даяг /төвдөөр толь бичиг/ үзээд хэлтэй болдоггүй” гэсэн үг гарчээ. Шинэ үг хэллэгийг оюун дүгнэлтээрээ олж мэдэх бүр урамшиж, улмаар цааш сурахад хөдлөх хүч болдог байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.