Улстөрчдийн цуутай амрагууд

2016.10.05 Лхагва №093 (2124)

Эрх мэдэл мөнгөний адил эмэгтэйчүүдийг хөлдөө сөхрүүлэх хамгийн хүчтэй зэвсгийн нэг гэдэг нь маргаангүй. Тэгвэл гэр бүлээс гадуур учирсан эмэгтэйчүүд нь улстөрчдийг “булшлах” хүчин зүйл болох нь ч цөөнгүй. Улстөрчид ихэвчлэн эрчүүд байдаг тул сайхан эмэгтэйг өөрийн болгох хүслийг нь буруутгах аргагүй. Харин эмэгтэйчүүдийн хувьд янз бүрийн шалтгаанаар энэ сонголтыг хийдэг ажээ.     

Аргагүйн эрхээр
(Жон Кеннеди & Мэрилин Монро)

Ардчилсан намаас Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвших магад­лалтай залуу улстөрч Жон Кеннеди 1960 оны зун Тахо нуурын эрэгт амарч байхдаа Мэрилин Монротой танилцжээ. Яг тэр үед хамт байсан гэрчүүдийн хожим батлан өгүүлснээр бол жүжигчин бүсгүйд Жон бус, дүү Роберт нь илүү таалагдаж байсан гэдэг. Гэвч Жон нэр нөлөөгөөрөө жүжигчин бүсгүйг аргагүй байдалд оруулжээ. Тэд танилцсанаасаа хойш жил гаруйн дараа 1961 оны есдүгээр сард буюу Жоныг нэгдсэн улсын Ерөнхийлөгч болсны дараа дотно харилцаа үүсгэсэн юм. Тэрхүү уулзалт нь нарлаг Калифорнийн Санта Моника хэмээх сувиллын хотод болж өнгөрсөн байна. Түү­нээс хойш тэдний хооронд бусдад мэдэгдэхгүй байхын арга­гүй олон дав­тамж бүхий уулзал­тууд болж өнгөр­сөн байдаг. Ерөн­хийлөгч нууц амрагтай байх ёс­­гүй гэсэн хууль үгүй тул тойрон хүрээлэгчид нь энэ талаар эхэндээ амаа хамхидаг байлаа. Гэвч жү­жиг­чин бүсгүй архи багагүй балга­чихдаг, найз нөхөд олонтой аман­цар нэгэн байсан нь сүүлдээ улсын эрх ашигт сөргөөр нөлөөлж мэднэ гэх болгоомжлолыг зарим эрх мэдэлт­нүүдэд төрүүлсэн байна. Ту­хайн үед Тагнуулын төв газрын дарга байсан Эдгар Ж.Гувер яг энэ шалтгаанаар Мэрилинийг өдөр шөнийн 24 цагт байнга дагаж тагнах үүргийг ажилт­нууддаа өгч байсан гэдэг.  
Мэрилин хэдийгээр мансуу­руу­­лах бодис хэрэглэдэг, олон муу зур­шилтай хүн байсан ч чу­хам Ерөн­хийлөгчтэй үүсгэсэн харил­цаа­наасаа болж богино насалсан гэдэгт олон хүн итгэдэг юм. 1962 оны найм­­дугаар сарын 4-нд тэ­рээр гэртээ амьсгал хураасан билээ. Хэр­гийн газар очсон цагдаа­гийн алба­ныхан эхлээд “Хүн амины хэрэг” гэж үзсэн ч Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо хэдэн цагийн дараа хэргийг шил­жүүлэн авч, “Амиа хор­лолт” гэ­сэн шинэ дүгнэлт гаргасан билээ.  

Үзэл бодол нэг
(Валери Жискара д' Эстен & Сильвия Кристель)

Ерөнхийлөгчдийн нууц ам­рагуу­даас хэн нь ч Сильвия Кристель шиг нээлттэй байгаагүй биз ээ. Тэр хоёрын холбоо 1974 онд Валерийг Францын Ерөнхийлөгч болохоос ч өмнө эхэлсэн бөгөөд өндөр албан тушаал харилцаанд нь огтхон ч нөлөө­лөөгүй юм. Ерөнхийлөгч ас­ны дотны найзууд нь энэ талаар “Валери Кристельтэй үүсгэсэн харил­­цаагаа хэнээс ч нуудаггүй бай­сан. Яг л уулзаж учирдаг бусад бүсгүй­чүү­дийнхээ нэг адил” хэмээн дурссан нь бий. Кристель Елисейн ордонд зөвхөн албан ёсны урилгаар л очдог байсан ч Ерөнхийлөгчийн зохион байгуулсан аливаа арга хэмжээнд яг л гэрийн эзэгтэй мэт бүхнийг мэддэг байсан гэдэг. 
Түүнчлэн  гадаад аялалд нь байн­га хамт явдаг байсан ч сэтгүүл­чид энэ холбоог нь огтхон ч авч хэлэлцдэггүй, бич­лэгийн сэдэв гэж тооцдоггүй бай­жээ. Улстөрчид нууц амрагуудаа нууц биш авч явбал хожим хохирол ч бага амсдаг гэдгийг Валери баталж өгсөн юм. Сильвия Кристелийг кино сонирхогчид “Эммануэль” киноны гол дүрээр нь сайн мэддэг. 

Хайр сэтгэлээр
(Франсуа Миттеран & Энн Пенжо) 

Жак Ширак 1995 онд Ерөнхийлөгч болоод гаргасан анхны тушаал нь хатагтай Энн Пенжог Элисейн ордноос нүүлгэх байсан  гэдэг. Энн нь  Францыг 1981 оноос хойш 14 жил  засагласан Франсуа Миттераны албан бус эхнэр, одоогийн хэллэгээр бол хамтран амьдрагч байсан юм. Ф.Миттеран түүнд Елисейн ордонд өрөө гаргаж өгч, ажлынхаа өрөөнөөс шууд амрагийндаа зочлох бололцоо бүрдүүлсэн байв. Хамгийн бусармаг нь, тэрээр тухайн үед албан  ёсны  эхнэртэйгээ ч мөн хамт (Елисейн ордонд биш) амьдарч байсан билээ. Энн Пенжогоос 1974 онд төрсөн Мазарин охин Ф.Миттераны төрсөн охин бөгөөд тэрээр охиноо эцгийн хайраар дутаагаагүй гэхээр маш олон жил хоёрдмол амьдралаар амьдарч иржээ. Гэвч Ф.Миттераныг нас барах  хүртэл нэг ч хэвлэл энэ талаар бичиж зүрхлээгүй юм. Нас барсных нь дараа эхнэрүүдийн хооронд дайн дэгдэж, албан ёсных нь албан бусаа ор­шуулганд нь оролцуулахыг хориглож байв. Энн Пенжо эдүгээ Парисын нэг музейд жилийн 40 мянган ам.долларын цалинтай ажил­лаж, Сена мөр­ний эрэгт даруухан байранд аж төрж байна. Хэдийгээр амрагаасаа 20 гаруй насаар дүү ч гэсэн Энн Пенжо Ф.Миттеранд амьдралаа зориулсан төдийгүй өнгөрсөн хойно нь ч хүнтэй гэрлээгүй үнэнч хэвээр үлдсэн билээ.

Алсын хараа 
(Билл Клинтон & Моника Ливински)

Төрийн өндөр албан ту­шаалт­нуудтай үүсгэсэн харил­цаа­наасаа хамгийн их ашиг олсон бүсгүйн жагсаалт гар­га­вал Моника Ливински гарцаа­гүй эхэнд нь нэрлэгдэнэ. Энэ зальт эмэгтэй эхлээд гэнэн хонгор шиг харагдаж байгаад Биллийг Шүүхийн өмнө, ариун библи дээр гараа тавьж бай­гаад “Би энэ хүүхэнтэй хэзээ ч бэлгийн харилцаанд орж бай­гаагүй гэдгээ тангаргалъя” гэж хэлүүлж дөнгөсөн. Харин дараа нь Ерөнхийлөгчийн үрийн шингэн арчигдан үлдсэн даа­­шинзаа эд мөрийн баримт болгон гаргаж ирснээр “мад” тавьсан билээ. Тэрээр хожим ном бичиж, баримтат кино бүтээн Билл Клинтонтой үүс­гэсэн хэдхэн сарын харил­цаагаа үлдсэн насандаа элбэг хүрэл­цэхүйц хөрөнгө бэл болгон ху­вир­гасан юм.  

АЛБАН ТУШААЛ, өс хонзон
(Жон Мэйжор & Эдвина Карри)

Их Британийн Ерөнхий сайд Жон Мэйжор, хэний ч үл таних Клер Латимер гэгч бүсгүй 1993 онд өөрсдийг нь амрагийн харил­цаатай гэж бичсэн Лондоны  нэгэн хэв­лэлийг шүүхэд өгч, хоёулаа заргаа авсан  түүхтэй. Ерөнхий сайд тухайн үед “Хэзээ ч  эхнэрийнхээ  араар тавьж бай­гаагүй” хэмээн батлан өгүүлж байв. Гэвч энэ мэдүүлэг Эдвина Карри гэгч эмэгтэйн өш хонзонг зангидчих юм гэж хэн санах билээ. Ерөнхийдөө сэтгүүлч нар үнэн бичсэн  ч  нэрийг нь л андуурсан байжээ. Жинхэнэ нууц амраг нь Ж.Мэйжорын танхимд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Эдвина Карри байсан гэж хэний санаанд орох билээ дээ.    
Энэ эмэгтэй Жон Мэйжорыг эхнэрээ араар тавьж байсан гэд­гийг батлахын  тулд амрагийн харилцаагаа бараг деталь бүрээр нь бичиж олон нийтэд дэлгэсэн юм. “Жон ажлын зав чөлөөнөөс болоод хэзээ ч биеийн та­мираар хичээллэдэггүй гэж ярь­даг. Гэхдээ “нөгөө” ажлаа ядах юмгүйгээр гурван цаг тасралтгүй хийдэг байсан” гэх мэтээр түүний яриа олон нийтэд хүрсэн юм. 
Эмэгтэй хүн гэдэг хэдий төрийн сайдын ажил эрхэлж байсан ч гэсэн эмэгтэй хүн л байдаг гэдгийг тэрээр харуулсан билээ.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.