Ч.Ганхуяг: Гаднын банк орж ирээд зээлийн хүүг бууруулбал Монголын мөнгөний судсыг таслахтай адил

2016.10.05 Лхагва №093 (2124)

Иргэдэд банк, санхүүгийн талаарх мэдээллийг олон талын эх сурвалжтай хүргэх хүрээнд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуягтай банкны зээлийн асуудлаар ярилцлаа.

-Хүмүүс санхүүгийн тулгамдсан асуудлаа банкнаас зээл авах байд­лаар шийдэж байна. Тэгвэл зээлийн хүүг хэрхэн тогтоодог вэ. Энэ арилжааны банкны эрх мэдлийн асуудал уу?
-1991 оноос хойш Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Зээлийн хүүг бол зах зээл тогтоож байна. Өөрөөр хэлбэл, банкууд санхүүгийн эх үүсвэрээ иргэдийн хадгаламж болон харилцах данс, зарим нь гадаадын томоохон байгууллагын урт хугацааны зээлээр бүрдүүлдэг. Мөн нэг хэсэг нь Засгийн газрын тодорхой хөтөлбөрийг тодорхой нөхцөл­тэйгөөр хэрэгжүүлэх зарчмаар эх үүсвэр авч байна. Ингээд авсан эх үүсвэрийн зардал буюу хүүн дээр өөрийнхөө үйл ажиллагааны зардал болон зээлийн эрсдэлийн зардлаа нэмээд хүүгээ тогтоож байна. Жишээ нь, эх үүсвэрээ 15 хувиар авлаа гэхэд банкууд дунджаар 24 хувийн хүүтэй зээл гаргаж байна гэвэл зээлийн эрсдэл, үйл ажиллагааны зардал буюу түрээс, ажилчдын цалин зэрэг бусад зардлыг гаргасны дараа хүү тогтоож байгаа хэрэг. Оны сүүлээр эндээс зөрүү буюу ашиг гарвал тэр нь банкны ашиг болдог.

-Манай улсын банкны зээлийн хүү бусад улсынхтай харьцуулахад өндөр байна гэж зарим хүн дүгнэдэг. Үүнийг арилжааны банкны ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй гэлцдэг. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Өнөөдөр банкны цэвэр арилжааны буюу бизнесийн зээлийг  авбал зарим бизнест долларыг 12 хувиар, зарим нь төгрөгөөр 30 хүртэл хувиар аваад байна. Өнөөдөр зээлийн төлөө 16 банк өрсөлдөж байна. Нөгөө талд Банк бус санхүүгийн 500 гаруй байгуулага зээл өгч байна. Тэд жилийн 30-60 хувийн хүүтэй зээл өгч байна. Зээлийн хүүг 1990-ээд онтой харьцуулахад буурсан нь бодит үнэн. Нөлөө талаар ОХУ-тай юу эсвэл орон сууцны ипотекийн АНУ дахь зээлтэй харьцуулаад байна уу гэдгийг бид ярих хэрэгтэй. 
Эсвэл урт хугацаанд авдаг Азийн хөгжлийн банкны жилийн 2 хувийн хүүтэй зээлтэй харьцуулаад байна уу. Тэгэхээр зарим хүн гадаадын банкуудын цахим хуудас руу ороод кредит картны болон байр, машин авахад хүү нь хэд байгаа эсэхийг шалгах, харьцуулах хэрэгтэй. Харин манай иргэд банкинд мөнгөө хадгалахдаа 15-17 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай хадгалж байна. Үүнд банк үйл ажиллагааны зардал болон эрсдэлийн зардлаа нэмээд хүүг тооцож байгааг санах хэрэгтэй. Нөгөө талаар төгрөгөөр зээл авч байгаа бол монгол төгрөг 1900 орчим байж байгаад 2300 хүрч байгаа тул банк ханшийн эрсдэлийг тооцоонд зайлшгүй оруулдаг. Жилдээ 15-20 хувиар савлаж байгаа энэхүү мөнгөний ханш зээлийн хүүн дээр нэмэгддэг гэдгийг санах хэрэгтэй.
-Зээлийн хүүг нэг хувь болгох боломжтой гэж зарим хүн яриад байна. Энэ үнэхээр боломжтой юу?
-Тэр хүн банкинд хэдэн төгрөгийг хэдэн хувийн хүүтэй хадгалдаг юм бэ гэдгийг асуучих. Банк бол нэг хүнээс мөнгө аваад нөгөө хүнд зээл олгодог. Мөн банк өөрөө хадгаламжтай хүнд зээлтэй ч бай, үгүй ч бай мөнгийг нь эргүүлэн өгөх үүрэг хүлээсэн байгууллага.  
-Хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёр ямар уялдаатай юм бэ?
-Банк өөрсдөө мөнгө хэвлэж, үйлдвэрлэдэг байгууллага биш. Банк гэдэг бол Должин гэдэг хүнээс авсан мөнгөө Дорж гэдэг хүнд зээлүүлж, түүнээс гарсан зөрүүгээр өөрсдийнхөө үйл ажиллагаагаа санхүүжүүлж, эрс­дэлээ хаагаад үйл ажиллагаа явуулдаг газар. 
-Гэтэл энэ ажиллаж байгаа уял­даа­гаа умартан хүүгээ хэт өндрөөр тооцоод байна гэх шүүмжлэл байна л даа?
-Хэт өндрөөр үнэлж байгаа асууд­лыг зах зээл зохицуулна. Өнөөдөр 16 банк хүүгээрээ хамгийн сайн харилцагчийн төлөө өрсөлдөж байна. Сайн харилцагч авахын тулд хамгийн бага хүүг эрсдэлгүй хүмүүст өгдөг. Өрсөлдөөний зарчим үйлчилж байгаа. Гэхдээ Засгийн газар 100 тэрбумын бонд Монголын хөрөнгийн бирж дээр 17 хувийн хүүтэй гаргах гэж байна. Засаг бол эрсдэлгүй. Нөгөө Засгийн газар чинь 17 хувиар банкуудаас мөнгийг нь татаж аваад байхад яаж Дорж, Дулмаа гэх хүмүүст зээлээ банкны хувиар өгөх юм бэ. Эрүүл ухаанаар бодоод үз л дээ.
-Гаднын банк оруулж ирэх тухай асуудал их яригдах боллоо. Дотоодын банкуудын зээлийн хүү өндөр байгаа учраас гадаадын банк оруулж ирнэ гэх юм. Тухайлбал, “Bank of china”?
-Нэг банк нэмэгдэнэ. Зарим хүн зээл өгөх байх. Гэхдээ бүх монголчуудын зээлийн хүү буурна гэдэгт би итгэхгүй байна. Хятадад юань чангарсан байгаа. Хятаддаа 24 хувиар зээл олгодог байгууллага энд орж ирээд монгол төгрөгийн 20 хувиар унасныг нэмээд 44 хувь болно. Монголд орж ирлээ гэж бодоход тэндээ тийм өндөр байдаг банк ямар зорилгоор бага хүүтэй зээл өгөх юм. Хэрэв тодорхой зорилго агуулж байгаа бол тэр нь эрсдэлтэй. Нөгөө талдаа зөвхөн том бизнест өгөх гэж байгаа бол манай том бизнесүүд Монголын газар нутаг, баялгийн дийлэнх хувийг эзэлдгийн хувьд Хятадын төрийн банкинд хамаг юмаа барьцаанд тавьж байгаатай адил. Дараа нь Засгийн газартай хэрхэн яаж, тэгш харилцаатай байх юм.
-Зээлийн хүү бага байх тусам зээлдэгчдэд таатай байна гэж олон нийт үзэж байна. Буурууллаа гэж бодоход бидэнд сөрөг нөлөөтэй гэж тайлбарлаад байгааг бас тэд ойлгохгүй байна л даа. Энэ талаар?
-Зээл авч чаддаггүй байсан 1990-ээд оныхон үүнийг илүүтэй ойлгоно. Өнөөдөр улс төрийн буруу шийдвэрээс болоод зээлээ төлж чадахаа байсан нэг хэсэг иргэдийн нөлөөнд ороод нийтээрээ бужигнаж болохгүй. Энэ нь цаашдын хөгжлийн стратегид сөрөг нөлөөтэй. Гэхдээ банкны зээлийн хүү буурах нь буруу гэж  би хэлээгүй шүү. Гол нь үүнийг хэн, яаж буулгах гээд байна вэ.
Өнөөдөр манай улсад дэлхийн хаана ч байхгүй бага хүү буюу ипотекийн 5 хувийн хүүтэй зээл гарч байна. Энэ нь Засгийн газар бидэнд таалагдахын тулд бидний мөнгөөр зөрүү олгож, татаас олгоод цөөн хүнд зээл өгчихөж байгаа хэрэг. Өнөөдөр биднийг хууран мэхлэх ажиллагаа явж байна. Хүүг нь татвар төлөгчид гаргаж байна шүү дээ. Бас эргээд 8 хувийн хүүтэй зээл гаргачихаж байна. Гурван сая иргэний нэг сая 100 орчим нь ажил хийгээд шимтгэлээ төлж байна. Бас 20 орчим татвар төлөгчид тэдний зээлийн хүүг төлөөд явж байгаа нь тэгээд шударга юм уу.
-Ер нь ямар үед зээлийн хүү буурдаг юм бэ?
-Эдийн засаг өсч байх ёстой. Монгол төгрөгийн ханш тогтвортой байх ёстой. Мөн хүмүүсийн гар дээр мөнгө эргэлдэж, тэд мөнгөө хадгалах хэмжээнд хүрсэн байх ёстой. Тиймээс бид өнөөдөр хадгаламжийг ярихгүйгээр хүүг яриад нэмэргүй.
-Өнөөдрийн байдлаар зээлийн хүүг бууруулах боломжгүй юм байна. Тийм үү?
-Засгийн газар 17 хувиар нэг жилийн хугацаатай зээл олгож байгаа. 17 хувь бол манай эдийн засагт байж болох хамгийн бага хүү. Засгийн газрын олон улсын зах зээл дээр гаргасан долларын бондны хүү 12 хувь байна. Тэгвэл манай эдийн засагт хамгийн эрсдэлгүй зээлийн хүү нь доллараар 10 хувь. Үүн дээр хэрэглэгчийн эрсдэл нэмэгдэнэ. Тэгж байж хүүгээ тогтооно. Гаднын банк орж ирээд хэт доогуур хүү тогтоовол өрсөлдөөний хууль зөрчиж, сайн ажиллаж байгаа банкуудыг унагаах, цаашлаад Монгол Улсын мөнгөний бодлогын буюу цусны эргэлтийг барих гэж байгаа харийн бодлого гэж харах хэрэгтэй. Үүнийг манай улстөрчид санаж, үг яриагаа хянах хэрэгтэй. Сурч, судлаагүй байж хамаагүй зүйл ярьж ард олныг үймүүлж болохгүй. Би үүнийг мэргэжлийн хүний хувьд хэлж байгаа юм.
-Арилжааны банк хүүгээ тог­тооход Монголбанкны оролцоо юу байдаг юм бэ?
-Монголбанк үнэт цаасаа гаргаж байгаа. Монголбанкны мөнгөний бодлого өөрийнх нь гаргаж байгаа үнэт цаасны хүүгээр тогтоогддог. Саяхан валютын ханшийг тогтоохын тулд Монголбанк 4.5 хувийг нэмж 15 хувь болголоо. Энэ нь банкуудыг Монголбанк хамгийн доод хүүгээ 15 хувиар тогтоосон тул банкуудыг түүнээс дээшээ хүүгээ тооцох бодлого барь гэсэн дохио. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.