Ардын нам ардын хүүхдийг алагчлах нь

2016.10.05 Лхагва №093 (2124)

Сонгуулиас хойш буюу энэ оны зургадугаар сараас хойш хүүхдийн мөнгөний ганц сарынхыг ч атугай олгоогүй засгийн эрх баригчид гэнэт л сайн хүн болж өнгөрсөн долоо, найм, есдүгээр сарын мөнгийг нөхөж олгохоор боллоо гэв. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх, бүр хүүхдийн мөнгөний талаар нэг ч үг дуугарахгүй байсан МАН-ынхан гэнэт хүүхдэд хайртай болсон нь орон нутгийн сонгуультай холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийн өмнө иргэдийн саналыг хүүхдийн мөнгөөр нь барьцаалж худалдан авах санаархал гэж хэлж болох талтай. Нэг үгээр, “Манай намыг сонговол долоо, найм, ес, аравдугаар сарын мөнгийг 60 хувьд нь бөөнд нь өгнө” гэдгээ ил цагаан мэдэгдчихлээ. Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгохоор тусгасан юм. Гэтэл амьжиргааны төвшин тогтоох энэ судалгааг нь задалж үзвэл гэртээ будаа агшаагч, угаалгын машин, хөргөгч, зурагт, ус буцалгагчтай айлын хүүхэд боломжтойд тооцогдож мөнгө авах жагсаалтаас хасагдаж буй бололтой. Иргэдийнхээ хүүхдийг ийн зурагттай, зурагтгүйгээр нь ялгаж буй шалтгаанаа "зорилтот бүлэг" гэсэн хоёрхон үгээр халхавчилж байна. 
Хүүхдийн мөнгийг ийнхүү зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгоно гэсэн МАН-ын бодлого хүүхдийн эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээн УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдээд буй. Тэрээр Үндсэн хуулийн Цэцэд хандсан мэдэгдэлдээ, УИХ-ын 2016 он 09. 07-ны өдрийн 38 дугаар тогтоолоор "2016 оны 7-12 дугаар саруудад амьжиргааны төвшний 1-10 дугаар бүлэгт орсон хүүхэд бүрд бэлэн мөнгөөр, үлдэх хүүхдийн мөнгийг хойшлуулан 2019 оноос эхлэн нөхөж олгох”-оор болсон нь Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчмуудыг үл хүндэтгэсэн, харамсалтай, хариуцлагагүй явдал  юм” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн манай улсын нэгдсэн “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-д зааснаар “Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй...” гэснийг зөрчиж байгаа гэжээ. 
Хүүхдийн мөнгө бол халамж биш хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Уг мөнгөний эх үүсвэр болох Хүний хөгжил сан бол уул уурхайн салбараас олсон орлогыг иргэн бүрт тэгш хуваарилах зорилготой. Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгөөр дамжуулан өрх гэрийг дэмжих, төрөлтийг нэмэгдүүлэх хүн ам зүйн бодлогыг дэмжсэн бодлого явуулдаг. Айл өрхүүд хүүхдийн мөнгөө дийлэнх нь хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зориулан хадгаламж нээж дансаа холбуулсан байдаг юм билээ. 
Ард иргэдийнхээ саналыг хүлээн авдаг сүсэг бишрэл, хар ухаантай Сангийн сайд, Ерөнхий сайд нарын маань чихэнд  “Амьтны хүүхдийг алаг үзэж болохгүй” гэдэг үг дуулдаагүй бололтой. МАН мөрийн хөтөлбөртөө, Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно гэж амлалт өгсөн байсан ч эсрэгээр нь хэрэгжүүлэв. 
2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас, Төсөв хүнд байгаа тул хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох санал гаргаж байсан. Энэ үед сөрөг хүчин буюу одоогийн эрх баригч МАН-ын гишүүд “Хүүхдийг ялгаварлаж болохгүй, Үндсэн хууль зөрчинө" гэж  эрс эсэргүүцэж байлаа. Гэтэл өөрсдөө хэрэгжүүлэхдээ, ардын хүүхдэд алагчилж мөнгө олгож болдог аж. 
Ардын хүүхдийг алагчилж болохгүй гэж тэд түрүүчийн парламентын үед мэдэгдэж, түүгээр ч зогсохгүй 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амлалт болгон тусгасан байсан шүү дээ. Хүүхдийг алагчлах нь байтугай ээжид нь хүртэл цалин олгоно гэж амлаж байсан нь саяхан. Тэд мартчихсан бол бид мартаагүй учраас сануулъя. "Хүүхэд төрүүлэн өсгөх бүрт ээжүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцох "Цалинтай ээж" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ" гэж амлаж байсан нь МАН-ын тараасан сонгуулийн мөрийн хөтөлбөрт цагаан дээр хараар бичээстэй л байгаа. 
Ингээд зогсохгүй хууль нь УИХ-аар батлагдаж, хэрэгжээд эхэлчихсэн байсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг 2021 он болгон хойшлууллаа. МАН-ын мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна” гэж туссан байсан ч яаманд ажилладаг хэдэн хүн л өнөөдөр хүүхдээ шинээр цэцэрлэгт оруулж байх шиг байна. Харин хүүхэд харах үйлчилгээнд хүүгээ, охиноо найдаж үлдээж байсан эцэг, эхчүүд өнөөдөр яах учраа олохгүй л сууж байгаа нь бодит дүр зураг. 
Ер нь хүүхэдтэй холбоотой зүйлд МАН-ынхан хойрго хандаж байгааг юу гэж ойлгох вэ. Эсвэл сонгуулийн саналын эрхгүй болохоор хүүхдүүдээ ялгаварлаад байна уу. Ингэж бодох бас нэг шалтгаан нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн хугацааг бас л хойшлууллаа. Энэ хуулиар хүүхэд аль болох гэр бүлдээ эцэг, эхтэйгээ хамт амьдрах, гэр бүлд нь төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах үүднээс зайлшгүй тохиолдолд төр оролцох нөхцөлийг хууль зүйн үндэслэл, тогтолцооны хувьд бий болгоод байсан юм. Гэвч бас л “царцав”.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.