Татварын 90 хувийн хөнгөлөлт дөрөвхөн салбарт үйлчлэх нь

2016.10.05 Лхагва №093 (2124)

Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жилийн 1.5 тэрбумаас хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар бууруулж нэг хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Гэвч энэ нь жилийн 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой бүх аж ахуйн нэгжид хамааралтай биш ажээ. Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албабн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уг хуулийн төслийг өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед бүх аж ахуйн нэгжид хамааралгүй нь тодорхой боллоо. Татварын энэхүү хөнгөлөлт нь зөвхөн хүнс, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд л хамааралтай юм байна. Энэ нь Байнгын хорооны гишүүдээс багагүй шүүмжлэл хүртлээ. 

Төсвийн байнгын хорооны гишүүд Сангийн яам, Татварын ерөнхий газрын удирдлагуудаас дараахь байдлаар асуулт асууж, саналаа хэллээ.
  
Ж.БАТЗАНДАН: -Энэ хуулийн төслийг баталснаар хэдэн аж ахуйн нэгж хамрагдах вэ. Жилийн 1.5 тэрбум төгрөгийн орлоготой болох гэж аж ахуйн нэгжүүд задарч жижгэрэх байх. Үүнээс урьдчилан сэргийлэх механизм хуулийн төсөлд бий юү. Дөрөвхөн чиглэлийн татварыг бууруулахаар тусгасан байгаа нь ямар учиртай юм бэ. Бусад салбаруудаа ч оруулж болохгүй юү?
Л.ЗОРИГ (Татварын ерөнхий газрын үүргийг түр орлон гүйцэтгэгч): -Хуулийн төслийг боловсруулахдаа хүнс, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар тооцсон. Тиймээс хуулийн төсөлд бусад салбарыг оруулаагүй. Татварын энэ хөнгөлөлтийг 2021 он хүртэл аж ахуйн нэгжүүдэд эдлүүлнэ гэж тооцсон. Тэр болтол жижиг, дунд үйлдвэрлэл сэргэж 1.5 тэрбумээс дээш орлоготой аж ахуйн нэгж олшрох байх. 

Х.БУЛГАНТУЯА (Сангийн дэд сайд):  -Газар тариалан, мал аж ахуйн чиглэлийн 2546, хүнсний 958, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэлийн 726, барилгын материал үйлдвэрлэлийн 736 аж ахуйн нэгж хамрагдана гэж тооцсон. Ингэснээр татварын орлого 1.3 тэрбум төгрөгөөр буурна. Татварын бааз суурь ингэж багасахаар байгаа ч цаашдаа үйлдвэрлэгч орон болох зорилт тавьж байгаа учраас татварын бодлогод ийм өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн юм. “Хөнгөлөлтийг үзүүлэх зорилгоор албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлно” гэсэн заалт бий. Энэ бол аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдлэх зорилгоор жижгэрч задрахаас урьчилан сэргийлсэн заалт. Олон охин компанитай бол бүгдийнх нь орлогын нийлбэр дүнгээр тооцно.

Ц.ДАВААСҮРЭН: -Орлогын албан татварыг нь бууруулах аж ахуйн нэгжүүдийг салбараар нь хуваасан нь буруу. Хуулийн төсөлтэй бүр нарийн танилцах юм бол барилгын материалын үйлдвэрлэл дотроо модон эдлэлийн үйлдвэрлэлийг оруулаагүй байна. Ингэж маргаан үүсгэж байхаар нийтэд нь 1.5 тэрбум гэсэн босго тавьчихаж болдоггүй юм уу.
Х.БАДЕЛХАН: -Аж ахуйн нэгжүүдийг дөрвөн төрлөөр хаязгаар­ласнаар хөнгөлөлт үзүүлсэн болохгүй. Жилийн 1.5 тэрбум  төгрөгийн орлоготой бүх аж ахуйн нэгжийг хамруулъя. 
З.НАРАНТУЯА: -Салбар сал­бараар нь ингээд ангилчихаар та бүхэн тооцооллоо хийхэд ч хэцүү болно. Тиймээс жилийн 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлготой ау ахуйн нэгжүүдээ нийтэд нь хамруулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүдээ хариуцлагажуулах зорил­гоор нэг хувийн тавар авдаг болох бус төлсөн татварынх нь 90 хувийг буцаан олгодог болох нь зөв юм биш үү. Ингэвэл аж ахуйн нэгжүүд татварын буцаалтаа авах зорилгоор тайлан тооцоогоо үнэн зөв гаргадаг болно.
О.БАТНАСАН: -Байгаль орчин, ногоон хөгжил гэж сүүлийн жилүүдэд их ярих болсон. Бид ч гэсэн сонгуулиар энэ талаар ярьж сонгогчдын саналыг авсан. Харин түүнээс хойш энэ чиглэлд анхаарлаа хандуулахгүй байх шиг санагдаж байна. Тиймээс татварын хөнгөлөлт үзүүлэх салбарт мод үржүүлэг, загас үржүүлэг хоёрыг нэмэх нь зөв. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөхөн аж ахуйн нэгж байдаг юм.
О.БААСАНХҮҮ: -Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ илүү сайжруулаад баталмаар байна. Үндсэн хуульд “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, эрүүл мэндийн байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг. Гэтэл энэ төслөөр бол хүнийг эрхэлж байгаа ажлаар нь гадуурхах гээд байна. Жилийн 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой, хүнс, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлэхээр тэгш байдлын зарчим алдагдана. Тиймээс бүх салбарыг хамруулсан байдлаар хуулиа батлах хэрэгтэй Ингэхгүй бол УИХ-ын шийдвэр Үндсэн хуулийн цэц рүү очих болно. 
Төсвийн байнгын хорооны гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Байнгын хорооны хуралдаан тарсны дараа Сангийн сайдаар олон жил ажилласан туршлагатай парламентч Ч.Улаан Сангийн яам, Татварын ерөнхий газрынханд зөвлөгөө өгсөн юм. Тэрээр “Салбараар нь ингэж ангилж оруулж ирдэг чинь буруу. Маргаашнаас эхлээд л цахим орчинд шүүмжлэл дагуулна. Б.Чойжилсүрэн сайд өөрийнхөөө барилгын бизнесийг татварын хөнгөлөлтөд хамрууллаа” гээд л эхэлнэ шүү дээ. Тэр тусмаа орон нутгийн сонгууль дөхчихсөн байгаа үед” гэсэн юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.