Ж.Ширнэнсүрэн: эрхэм сайхан мэргэжлийн эзэд нь шүү дээ, бид

2016.10.03 Даваа №092 (2123)

Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан ахмад багш Ж.Ширнэнсүрэнтэй ярилцлаа.

-Юун түрүүн танд дэлхийн багш нарын өдрийн мэнд хүргэе. Багш хэмээх эрхэм алдрыг хүртэж, эрдмийн өргөөнд ирж байсан үеэс тань яриагаа эхэлье. 
-Энэ мэргэжлийн эзэн болоод 30 гаруй жил болжээ. Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул хүн. Бага, дунд ангидаа сумандаа сурч байгаад Булганд 10 жилээ дүүргэсэн. Тэр үед Улсын багшийн дээд сургууль гэж нэрлэгддэг байсан. Одоогийн МУБИС-д Монгол хэл, уран зохиолын багшийн ангид элсэн орсон. Их сургуулиа төгсөөд өөрийн төрөлх нутгаасаа ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Төд удалгүй хань ижилтэй болоод Цагаан-Үүр сум руу шилжсэн. Гэхдээ хөдөө нэг их удаан ажиллаагүй. Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Тэр үед 1987 он байлаа. Хан-Уул дүүргийн 41, Баянзүрх дүүргийн 69, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуульд багшилж байсан. Тэтгэвэрт гарсныхаа дараа “Сод эрдэм” дунд сургуульд хэсэг ажиллалаа.

-Өмнө нь хичээл заалгадаг байсан багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллахаар болжээ. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?
-Анх сумынхаа сургуульд ажиллахаар очиход сайхан хэрнээ бас сүрдмээр байсан. Өмнө нь хичээл заалгадаг байсан багш нарынхаа хажууд их дээд сургууль төгсч ирчихээд юу ч мэдэхгүй байх вий гэсэн болгоомжлол асар их байлаа. Мөн их сургуульд хэдий сурсан ч практик тал дээр тэдний хаана нь ч хүрэхгүй шүү дээ. Наад зах нь хүүхэдтэйгээ харьцах харьцаа, багшлах арга зүй гээд л... Эдгээр зүйлс чинь явцын дунд амьдралын туршлагаар хүнд хуримтлагддаг юм билээ. Хэдийгээр монгол хэл, уран зохиолын багш гэж байсан боловч орос хэлний хичээл түлхүү заадаг, түүний хажуугаар эвлэлийн суртал нэвтрүүлэгч хийх ажлыг надад даатган өгсөн. Энэ нь тухайн үедээ дөнгөж сургуулиа төгссөн залуу хүнд ахадсан ажил юм шиг байвч тэр бүхнээс би өөрийгөө чөлөөтэй  илэрхийлэх чадвар болон хариуцлагатай байдлыг сурсан. Сүүлд хотод ирээд Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургуульд багшилж байхад Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулиас багшлах санал ирсэн. Манай гэртэй ойрхон байсан учир баяртайгаар хүлээж авсан. Гэтэл түр амралтаа авсан хүний оронд намайг оруулсан байдаг байгаа. Нөгөө багшийн амралтын хугацаа дуусаад иртэл миний чиглэлийн багшийн орон тоо байхгүй болов. Тэгээд намайг бага ангийн багш хийлгэхээр санал гаргасан. Хуучин сургуулиасаа гарсан байсан учир хийхээс өөр аргагүйд хүрлээ. Монгол хэл, уран зохиолын багш хүн чинь дуу хөгжим, технологи, тоо бодлого гээд бүхий л төрлийн хичээл заасан даа. Тэр цаг үе миний амьдралын хамгийн бэрх үе байсан гэж хэлж болно. Ажлаас гадна олон зүйлээр амьдрал намайг сорьсон. Гэхдээ үүнээс харахад удирдлагын алдаа, доод албан тушаалтны амьдралд их хүндээр тусдаг. Яг үүн шиг багш хүний алдаа, зан араншин хүүхдийн амьдралд их нөлөөлдөг. Тиймээс багш гэдэг алдах ёсгүй хүмүүс байдаг.

-Тэр үед хөдөөнөөс хотод шилжиж ирэхэд ажлын байр хэр элбэг байв?
-Тухайн үед тэр тусмаа миний хувьд хүндрэлтэй байсан зүйлийг оноод асуучихлаа. Хөдөөний, хотын паспорт гэж байдаг байсан. Манай үеийнхэн сайн мэдэж байгаа. Хөдөөний паспорттой хүн хотод ажилд ороход их хэцүү цаг үе байсан. Тэр үед хотын паспортгүйгээсээ болоод эрэгтэй хүн эмэгтэй хүний нэр дээр ажиллах тохиолдол ч байдаг байсан шүү. Миний хувьд эхэндээ хотын паспортгүй тул ажил олдохгүй байдаг байлаа. Нэлээд хөөцөлдөж явсны эцэст хотын паспорт авч чадсан.

-Тийм ярвигтай цаг үед нутагтаа яагаад ажиллаж амьд­раагүй юм бэ?
-Манай хань цагдаагийн ажилтан байсан болохоор хот руу томилогдсон. Би ч өөрөө хот суурин газар ажилласан ч яахав гэсэн бодолтой байсан. Тохироо нь тэгж бүрдээд хотод ирсэн байх. Одоо ингээд бодохоор хөдөө ажиллаж байсан бол сайхан байх байсан болов уу гэсэн бодол хааяа хааяа төрдөг. Хөдөө нутаг гэдэг угаасаа л хүний сэтгэл татсан сайхан газар шүү дээ. Гэхдээ туулсан амьдралдаа гутраагүй ээ. Сайхан хамт олонтой, олон шавьтай болоод өөрийн туулах ёстой замаараа явж ирсэн.

-Таны залуу байх  үеийн  боловс­ролын систем одоогийнхтой харь­цуулбал ямар байна вэ?
-Дээр үед бол социалист системтэй орнуудын адил бүх нийтийг сургах ёстой гэсэн үзэл суртлыг баримталдаг байсан. Сүүлийн үед их өөр болж, янз янзын хөтөлбөр боловсруулах юм. Тэр байтугай уран зохиолын хичээлийг хасах тухай яригдсан. Энэ бол маш буруу зүйл гэдгийг учир мэдэх хүмүүс нь хэлсэн. Тэр бүү хэл хүүхдэд багаас нь эх хэлийг сайн төлөвшүүлэх хэрэгтэй. Учир нь бичих хичээлдээ сайн хүүхэд бусад бүх хичээлдээ сайн байдаг. Харин бичих, унших хичээлдээ муу хүүхэд түүнээсээ болоод анги хамт олноосоо хөндийрөх, өөртөө итгэлгүй болох зэрэг зан чанартай болдог. Хүн ярьж байж л хүмүүстэй харилцаж, нийгмийн амьдралд оролцдог шүү дээ. Үүнтэй яг адил. Гэтэл манай эцэг эхчүүдийн зарим нь мэдэхгүй хүүхдээ буруу зүйлд хүчлэх нь бий. 
Нэмж хэлэхэд улсын сургууль анги танхимын хүрэлцээ муутай, олон сурагчид байдаг болохоор хүүхдийн хөгжих чадвар бололцоо дутмаг байдаг юм шиг санагддаг. Мөн сүүлийн үеийн хүүхдүүд би юм сурах гэж хичээлд явж байна гэж бодохоосоо илүү заавал явах ёстой, явахгүй бол болохгүй гэсэн бодлоор хандаад байгаа нь ажиглагддаг.  

-Монголчуудын дунд бараг зүйр үг болтлоо яригдсан ийм нэг үг байдаг даа. Багш хүний хүүхэд хүмүүжилгүй байдаг гэдэг. Үргэлж л хүүхдүүдийг сургадаг та өөрийнхөө хүүхдийн хүмүүжилд хэр анхаардаг вэ?
-Загасчны морь усгүй гэдэг дээ. Энэ үнэний ортой үг шиг санагддаг. Өөрийнхөө хүүхдийг хичээлээ хийсэн болов уу гэж бодохоосоо өмнө өнөөдөр энэ хүүхдүүдэд ямар даалгавар өгөх вэ гэж бодогддог. Өөрийнхөө хүүхдийг хичээлээ ойлгож байгаа болов уу гэхээсээ өмнө тэр хүүхэд миний заасныг ойлгосон болов уу гэж боддог. Гэхдээ яг тийм хүмүүжилгүй байдаг гэдэг нь үгүй байх аа. 

-Багш хүн олон шавьтай байдаг учир хэзээ ч ганцаарддаггүй гэдэг. Энэ мэргэжлийн бахархал нь чухам юу юм бэ?
-Тийм ээ. Энд тэнд явж байхад “Сайн байна уу” багшаа гээд мэндэлдэг. Заримыг нь танихгүй үе ч гарна. Тэгээд яг нэрээ хэлээд, сайн ярихаар яг л шавь нар минь мөн байдаг. Намар хичээл ороход шавь нар, хамт олноо санасан байдаг шүү. Бөөн догдлол, бөөн баяр уулзацгаадаг. 
Хүүхэд гэдэг их гэгээлэг ертөнц. Мөн сургууль гэдэг инээд, шуугиан, ариун бүхэн шингэсэн их өргөө юм. Тиймээс хүүхэдтэй байнга харьцдаг хүн бол өөрөө ариусч хүүхдээс ялгарч буй тэр цагаан энергийг өөртөө шингээн авч байдаг.  Хэн нэгэнд муу санах, ёс бус үйлдэл хийх эрх бидэнд байхгүй. Биеэ авч явах байдал, тэр бүү хэл илүү дутуу юм ярих, сул үг хэрэглэхгүй байх зэргээр яриандаа хүртэл анхаарах хэрэгтэй болдог. Багш шиг эрхэм хүн хүүхдэд байдаггүй юм шиг байгаа юм. Ийм л сайхан мэргэжлийн эзэд шүү дээ бид.

-Есдүгээр сарын 1-н гэдэг өдөр багш, сурагчдын баярын өдөр байдаг. Гуч гаруй жил энэ өдөрт ач холбогдол өгч байсан хүн. Гэтэл гэнэт энэ өдөр ямар ч хамааралгүй болчихоор ямар санагдсан бэ?
-Тийм шүү. Энэ өдөрт зориулж маргааш өмсөх хувцсаа бэлдээд унтдаг байлаа. Хувцсаа бэлдэж байна гэдэг чинь цаанаа сэтгэл яаж догдолж байгааг илтгэж буй хэрэг л дээ. Тэтгэвэрт гарсан эхний жил есдүгээр сарын 1-нд би юу хийх вэ гэж бодогдож байсан. Тэгэхэд аз болж “Сод эрдэм” сургуулиас багшлах санал ирсэн. Ер нь тэгээд тэтгэвэрт гарах нас минь болоод цаанаасаа гар л гэсэн бол татгалзах эрх байхгүй шүү дээ. Хийх зүйлээ хийсэн. Залуу боловсон хүчиндээ зайгаа тавьж өгөх шаардлагатай биз дээ. 

-Сурган хүмүүжүүлэгчдийн бас нэг онцгой өдөр нь яах аргагүй багш нарын баяр байдаг. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэдэг байв. 
-Залуу байхдаа энэ баярыг тэмдэглэдэг байснаа огтхон ч санадаггүй юм. Өөрийгөө багш нарын баяр тэмдэглэх төвшинд хүрэхээр сайн багш болоогүй байна ч гэж боддог байсан юм уу бүү мэд. Нэлээд хожим нас ахисан хойноо л ач холбогдол өгч эхэлсэн байх. Одоогийнх шиг аравдугаар сард биш, хоёрдугаар сард тэмдэглэдэг байлаа. Тэгэхэд сургууль дээр баярын хурал хийгээд шагнал, урамшуулал өгдөг байсан. Одоо харин ахмад багш болсон хойно янз бүрийн үйл ажиллагаанд нь уригдаж очиж байна. Очиход шавь нар маань бүчээд авахад сайхан байдаг. Хүнд хүндлэл үзүүлэх нь хуй хуйгаар торго өгснөөс илүү зүйл шүү. 

-Мэргэжил нэгтнүүддээ зориулж баярын мэндчилгээ дэвшүүлээч.
-Мөр зэрэгцэн явсан ахмад багш нартаа болон шинэ залуу боловсон хүчнүүддээ дэлхийн багш нарын баярын мэнд хүргэе. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.