“Өнөөдөр”-ийн түүхийг өртөөлөгчид үзэсгэлэнгээ гаргалаа

2016.09.28 Лхагва №090 (2121)

 

Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

Өнөөдөр сонины  20 жилийн ойд зориулсан “Бид “Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид” үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд нээлтээ хийлээ. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний түүхийн музейтэй хамтарсан энэхүү үзэсгэлэнд 1996 оноос хойш “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан болон өдийг хүртэл ажиллаж байгаа 14 гэрэл зурагчин 60-аад зургаа дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнд “Өнөөдөр” сонин анх байртай болсон, сонины анхны шуурхай хурал, 1997 онд болсон хамгийн удаан үргэлжилсэн өлсгөлөн, үндэсний болон жүдо бөхийн үе үеийн аваргуудын хөрөг, эрхтэн шилжүүлэх төв дэх хүүгийн зураг гэх мэт сонирхолтой зургууд дэлгэсэн нь олны анхаарлыг ихэд татаж байв. Үзэсгэлэнтэй холбогдуулж Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Өнөөдрийн үзэсгэлэнгийн онцлогийн талаар юу хэлэх вэ?
-Хэвлэлийн гэрэл зурагчид гэдэг нь тухайн цаг үеийн түүхийг сонин хэвлэлд гаргахаас гадна гэрлийн хальсанд буулган архив болгон үлдээж байгаа нь онцлог юм. “Өнөөдөр” сонины гэрэл зургийн алба нь СГЗ Р.Чулуунаар ахлуулсан хамгийн шилдэг гэрэл зурагчид байдаг байлаа. Нэр дурдвал С.Энхжаргал, Г.Эрдэнэтуяа, Т.Чимгээ, Э.Харцага гэх мэт зурагчид юм. Монголын түүхийг үеийн үед өртөөлөн явах хүмүүс бол яах аргагүй гэрэл зурагчид байдаг. Тиймээс ч манай “Өнөөдөр” сонин өөрийн гэсэн гэрэл зургийн “школа”-тай. Энэ их айлаас гарч ирсэн зурагчид бид сониныхоо ойд зориулж үзэсгэлэн гаргаж байгаагаараа онцлог юм. 

-Энэ үзэсгэлэнд тавигдсан зургуудыг ямар шалгуураар сонгосон бэ?
-Хүн бүр өөр өөрсдийн тавья гэж хүссэн тав таван зургаа оруулсан байгаа. Яг ийм тийм гэсэн юм байхгүй. Үзэсгэлэн дууссаны дараа эдгээр зурагнуудаа “Өнөөдөр” сониндоо бэлэглэнэ. 

-Таны ямар ямар зургууд үзэсгэлэнд орсон бэ?
-Би 2005 оны сонгуулийн үеийн болон С.Баярцогт, С.Ганбаатар нарын мэтгэлцээний зургууд мөн сүүлд дарсан үйл явдлын хэдэн зургаа орууллаа.

-Та хэзээнээс “Өнөөдөр” сонинд ажиллаж эхэлсэн бэ?
-Би 1993 оноос анх гэрэл зураг авсан гэхээр нийт 24 жил болж байгаа юм байна. Үүнээс 10-аад жилийг нь “Өнөөдөр” сонины гэрэл зургийн албанд ажиллаж өнгөрөөжээ. 

-Гэрэл зурагчин байхын сайхан нь юу вэ?
- Тухайн он цагийг авч үлдэж чаддаг нь гэрэл зурагчдын давуу тал бөгөөд үүндээ бид сэтгэл хангалуун байдаг.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.