Никита Михалков: Америкчууд дайны тухай киног хэзээ ч биднээс илүү хийж чадахгүй

2016.09.28 Лхагва №090 (2121)

 

Х.БАТСАЙХАН

 

Никита Сергеевич их сонин араншинтай хүн. “Сибирийн үсчин”-ий пробонд орохоор ирсэн супер од Ким Бесинжер “Энэ таны анхны кино юу” гэж асуус­наасаа болж хасагдаж бай­жээ. Найруулагч үүнд ихэд бухимдсан гэдэг. Тэрээр 1995 онд “Наранд зүдрэгсэд” ки­но­гоороо “Оскар”-ын шаг­нал гардаж, одоогоор ОХУ-аас энэ шагналыг авсан сүү­лийн хүн болсон юм. Сонир­хуулахад, “Оскар 2017” шалга­­руулалтад “Диваа­жин” кино­гоороо өрсөл­дөхөөр бол­сон нэрт най­руулагч Андрей Конча­ловский нь Ни­ки­та Михалковын төрсөн ах юм. Нэрт уран бүтээлчийн ярилц­лагыг хүргэж байна.

 

-Никита Сергеевич та бол Зөв­лөлтийн одооны хэллэгээр бол супер оддын гэр бүлд төрсөн хүн. Супер одын гэр бүлээс супер од төрнө гэдэг ховор тохиолдол шүү?
-Орчин нь байгаа юм чинь харин ч олон то­хиолддог юм биш үү. Жи­шээ нь аав, ээж хоёр маань зохиолч байсан учир манайд номноос их зүйл байдаггүй байлаа. Би зохиолч болоо­гүй ч жүжигчин болоход энэ орчин шууд нөлөөлсөн. Ээжийн аав нэрт зураач Пётр Петрович Кончаловский, эмээ­гийн өвөө нь нэрт зу­раач Василий Иванович Су­ри­ков. Тэгэхээр хүн өсч тө­лөвшихөд орчин чухал үүрэг гүйцэтгэдэг гэж би хэлэх гээд байна. 

 

-Та аавыгаа хэлэхээ март­чихлаа?
-Хүүхдийн зохиолч Сер­гей Михалков шүү дээ. Аав маань Дэлхийн II дай­ны үед галын шугаманд сэт­гүүл­­­чээр ажиллан дарийн утаа үнэрлэсэн нэгэн. ЗХУ, ОХУ-ын төрийн дууллыг зо­­­хиолц­сон ааваараа бахархдаг. 

 

-Эцэг, эхийн тань ямар чанар танд шингэсэн байдаг бол. Хүнд хэцүү үе тохиолдоход аав байсан бол ингэх байсан даа гэж бодогддог уу?
-Аав бид хоёр тэс өөр араншинтай. Би бол юмыг өөрийнхөөрөө хийж байж л санаа амардаг. Аав бол бус­дыг аялдан дагалддаг, хөөрүү сэтгэлтэй хүн бай­сан юм. Нэг удаа ээж аавын ту­хай нас биед хүрсэн ч сэт­гэ­хүй нь 13 настай хүүхэд шиг хүн гэж хэлж байж билээ.         

 

-Таны уран бүтээлд хайр дурлал, хүмүүсийн харил­цаа­ны сэдэв голчилдог байсан бол “Наранд зүдрэгсэд”-ээс эх­лээд цэрэг дайны сэдвийг ихээхэн хөндөх болж. Яагаад тэр вэ?
-Америкчуудын хийсэн “Цэрэг Райныг авар” гэдэг киног үзлээ л дээ. Тэгээд цочих шиг болсон. Энэ кино сэхээ өгсөн гэх үү дээ. Анзаараад хартал “Дэлхийн II дайнд холбоотнууд ял­сан” гэдэг санааг гарга­сан маш олон киног америк­чууд хийчихжээ. Энэ шу­дарга биш санагдсан. Хол­­­­­боот­нууд 1944 онд, фа­­­­шис­­тууд ялагдах нь то­дор­хой болчихсон үед л фронт нээсэн шүү дээ. Гер­маныг хоёр хуваахын тулд л ингэсэн гэж түүхэнд ч тодорхой бичсэн байдаг. Харин жинхэнэ ялалтыг бид хийсэн. Тиймээс үнэн бодит ойлголтыг сэргээхээр энэ сэд­вийг хөндөх болсон гэж ойл­гож болно. Гэхдээ нэг юм хэлэхэд, би дайны тухай биш, хүмүүсийн тухай кино хийдэг.

 

-Хэрвээ үзэгчдэд хэн нэг зо­хиолч, найруулагчийн бүтээ­лийг санал болго гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Астафьевын зохиолуу­дыг. Танд маш ихийг өгөх болно. Жишээ нь, “Хөг­жилтэй цэргүүд”. 

 

-Тэгвэл кино?
-“Оскар”-ын шагнал авч байсан “The Hurt Locker”-ыг нэрлэнэ. 

 

-Дайны сэдвээр кино хийдэг найруулагчдаас хэний бү­тээ­­лийг илүүд  үздэг вэ.  Спил­бер­гийн­­хийг үү, Ийст­вудынхыг уу?
-Америкчууд дайны ту­хай киног хэзээ ч биднээс илүү хийж чадахгүй. Яагаад гэвэл тэд хэзээ ч өөрийнхөө нутаг дээр дай­­таж байгаагүй. Ирак, Вьет­нам, Солонгос, Африкт явуул­сан тэдний дайн бол огт өөр дайн. Тийм бо­лохоор өөрийнхөө нутаг дэвс­гэр дээр дайтаж үзсэн улс л дайн гэж юу вэ гэдгийг хам­гийн сайн мэддэг гэдэгт би итгэдэг.     

 

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.