“Цагаан хадаг”-ийн нууц

2016.09.28 Лхагва №090 (2121)

- Жинжмаа+Даваа=Сумъяа -

 

Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Олимпийн мөнгөн медальт МУГТ Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Хүлэгү пикчерс”-ийн бүтээл “Цагаан хадаг” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байгаа билээ. Уг киноны зохиолыг Т.Номуунзул бичиж Ж.Сэнгэдорж найруулсан бол Т.Жинжмаа, Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр Б.Батмэнд, О.Анужин нарын жүжигчид тогложээ. Монголын жүдо бөхийн холбоотой хамтран хийсэн тус киногоороо тамирчин хүний тэсвэр тэвчээр, хөдөлмөр, тэдний зорилго, хүсэл мөрөөдлийг харуулахыг зорьжээ. Тус киноны гол баатар Д.Сумъяагийн яриаг хүргэе.

 

Д.СУМЪЯА: киногоо үзэх гэж тэсч ядан хүлээж байна

-Өөрийн чинь амьдралаар кино хийх тухай сонсоод яаж хүлээж авсан бэ?

-Эхлээд жаахан гайхаж эргэлз­сэн. Т.Номуунзул эгч ирээд жүдо бөхийн тамирчны амьд­ралаар кино хийх бодолтой байна гээд жүдо бөхийн холбоонд санал гаргасан чинь Ц.Мөнхцэцэг, М.Уранзаяа та гурвыг санал болгосон. Харин надад чиний амьдрал илүү сонирхолтой санагд­лаа гэж хэлсэн. Тэгээд би энэ санааг баяртайгаар хүлээн авсан. Яагаад гэвэд та­мирч­ны амьдралаас сэдэвлэсэн уран сайхны кино байдаггүй. Дандаа баримтат кино байдаг. Үүнээс хойш хоёр, гурван удаа зохиолчтойгоо уулзаж ярилцсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж зохиолоо бичсэн байх. Гадаадад тэмцээнтэй явж байхад Т.Номуунзул эгч надруу зураг явуулаад чиний тухай кино­ны зураг авалт эхэлсэн гэж хэлсэн нь тухайн үедээ их л сайхан санагдаж билээ. 

 

-Т.Номуунзул зохиолчид таны амьдрал их сонин санагдсан гэж байна шүү дээ. Та тийм сонирхолтой амьдрал туулсан хүн үү?
-Киногоо үзэхээр тодорхой бо­лох байх аа. Гэхдээ бусдын л адил өссөн. Увс аймгийн Баруун­туруун суманд хүүхэд насаа өнгө­рөөсөн. 2000 оны эхээр Улаан­баатар хотод ирж суралцаж байсан. 2006 онд анх жүдогоор барилдаж эхэлсэн. Товчхондоо ийм л намтар, амьдралтай хүн.

 

-Та киногоо үзсэн үү?
-Үзэж амжаагүй байгаа. Маш их догдолж, тэсэн ядан хүлээж байна даа. Сайхан кино болсон байх гэдэгт найдаж байгаа. 

 

-Өмнө нь энэ киноны талаар нэг их яригдахгүй байсан хэрнээ олимпоос медал авсны тань дараа шуугиж эхэлсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Миний өмнө маш том тэмцээн хүлээж байсан учир киноныхоо талаар нууцалсан. Манай баг тамирчид, гэр бүлийнхэн маань саяхнаас мэдсэн.

 

-Киноны үйл явдал таны амьдрал хоёр хэр зохилдож байгаа бол?
-Кинон дээр гарч байгаа бүх зүйлийг миний амьдрал гэж ойлгож болохгүй. Түүнийг чинь уран сайханжуулна, зохиолч өөрийн ур маяг, чимэг хачраа нэмнэ гээд зөндөө зүйл байгаа шүү дээ. Хамгийн гол нь баримтат кино биш уран сайхны кино гэдгийг маш сайн ойлгоосой гэж хүсч байна.

 

Т.Жинжмаа: зохиолоо анх уншчихаад “Ээ бурхан минь” гэж уулга алдаж байлаа

“Цагаан хадаг” киноны Даваагийн дүр буюу нэг үгээр хэлбэл Д.Сумъяагийн дүрийг бүтээсэн СУИС-ийн жүжигчний хоёрдугаар дамжааны оюутан, залуу жүжигчин Т.Жинжмаатай уулзаж киноны талаар зарим зүйлсийг тодрууллаа.

 

-Энэ кинонд тоглохоор сонгогдсон талаар чинь яриагаа эхэлье.
-2016 оны хоёрдугаар сард “Цагаан хадаг” киноны пробын зураг авалт манай сургууль дээр явагдсан. Түүнд зургаа авахуулсан. “Хүлэгү пикчерс” дээр нэлээд олон дуудагдсаны дараа чи энэ киноны гол дүрд тэнцлээ гэж хэлсэн. Гэхдээ бэлтгэлээ сайн хийгээрэй. Бэлтгэлээ хэр хийхээс чинь шалтгаалж жинхлэх эсэхээ шийднэ гэдэг байгаа. 

 

-Бэлтгэл гэж бөхийн бэлтгэл үү?
-Тийм ээ. Жүдо бөх гэж юу юм, яаж барилддаг, ямар ямар мэх байдаг гээд ерөнхий мэдлэгтэй болсон. 

 

-МУГТ Д.Сумъяатай нэлээд уулзаж бэлтгэл хийсэн гэсэн шүү дээ. Чиний бүтээсэн Даваа гэдэг хүн Д.Сумъяатай хэр төстэй байна вэ?
-Даваагийн дүр бол дотоод сэтгэл рүү их хандсан, үг дуу цөөтэй, эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, тамирчин хүний өөрийгөө ялах ялалтыг харуулсан дүр юм. Би зохиолоо анх уншчихаад “Ээ бурхан минь” гэж уулга алдаж байлаа. 
 

-Киноны хамгийн хэцүү хэсэг юу байв?

-Надад гурван зүйл маш хэцүү байсан. Эхнийх нь 15 см өндөр өсгийтэй гутал өмсөөд манай кинонд дасгалжуулагчийн дүрд тогло­сон Ялалт ахыг үүрээд явсан. Тэгэхдээ бүр шатаар дээшээ гарсан шүү дээ.

 

-Жүжигчин Ялалт хэдэн кг жинтэй байсан юм бол оо?

-Бараг 90 кг байсан байхаа. Дараагийнх нь хэцүү зүйл нь дугуй чирэх хэсэг байсан. Уулын өөд чирсэн. Дээрээс нь тэр уул нь хадтайг хэлэх үү, чулуу тээглээд явж өгдөггүй хэцүү юм билээ. Гурав дахь нь Шинээ ах бид хоёрын хайрын хэсэг байдаг. Түүн дээр гал командын машинаар ус цацуулдаг. Ядаж байхад тэр өдөр хүйтэн өдөр байсан. Би нимгэн даашинзтай байсан болохоор маш их даарсан. 

 

-Олон сарын турш энэ кинон дээр ажиллалаа. Үүний эцэст ямар сэтгэгдэлтэй үлдэв?

-Анхны уран бүтээлдээ “Хүлэгү пикчерс” болон Ж.Сэнгэдорж най­руу­лагчтай хамтарч ажилласан нь миний амьдралд маш азтай хэрэг тохиосон гэж бодож байгаа. Энэ кинонд тоглосноор тамир­чин хүний тэсвэр тэвчээр, хөдөлмөрийг бүрэн ойлгоогүй ч бага ч атугай мэдэрч авсан. Мөн цаашдын амьдралд минь олон сургамж, дурсамж үлдээсэн сайхан бүтээл байлаа гэж хэлье дээ. 

 

 

 

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.