Г.Онон: Харь гаригийнхны элчин сайдын яамыг Монголд байгуулахыг зөвшөөрөх хэрэгтэй

2016.09.28 Лхагва №090 (2121)

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

“Харь гариг сонирхогчдын чуулга уулзалт ирэх аравдугаар сарын 8, 9-нд Мэдээлэл технологийн үндэсний паркт болно” гэсэн зар сонирхол татав. Сонирхолдоо хөтлөгдөн явсаар энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Монголын Раелийн хөдөлгөөний тэргүүн Г.Ононтой ярилцлаа. 

 

-Харь гариг сонирхогчдын чуул­га уулзалт болно гэж сонслоо. Анх удаа зохион байгуулах гэж байгаа нь энэ үү?
-Ийм уулзалт дэлхийн өнцөг булан бүрт болдог. Дэлхийн 97 оронд хүлээн зөвшөөрөгдөж үйл ажиллагаагаа явуул­­даг Олон улсын Раелийн хөдөл­гөөн гэж байдаг. Түүний Монгол дахь салбар болох Монголын Раелийн хөдөлгөөнөөс энэ удаагийн чуулга уул­залтыг зохион байгуулна. Одоогоос 10-аад жилийн өмнө Олон улсын Раелийн хөдөлгөөний салбар Монголд анх үүссэн. Түүнээс хойш жил бүр тасралтгүй ийм төрлийн уулзалт семинаруудыг зохион байгуулж ирсэн. Мэдээллийн эрин зуунд амьдарч бай­гаатай холбоотойгоор хүмүүс харь гаригтай холбоотой мэдээллийг өнөө­дөр өргөнөөр авдаг болсон байх. Тиймээс энэ жил уулзалт семинараа олон нийтэд нээлттэй зохион байгуу­лахаар болсон юм. Манай энэ удаагийн уулзалт сонирхсон бүх хүнд нээлттэй. Одоогийн байдлаар 6000 гаруй хүн сонирхож, 2000-аад хүн оролцох саналаа ирүүлээд байна.

 

-Дэлхийн өнцөг булан бүрт ийм ар­га хэмжээ болдог гэлээ. Жил бү­рийн намар нэгэн зэрэг болдог юм уу?
-Жил бүр бүсийн нутгийн ба тивийн уулзалт семинарууд дэлхий даяар болдог. Тухайн жилийнхээ харь гариг, нисдэг биеттэй холбоотой барим­туудаа болон орчин үеийн шинэ дэвшилтэт мэдээллүүдээ бусадтайгаа хуваалцдаг юм.

 

-Өмнөх жилүүдэд тодорхой хү­рээл­лийн дунд зохион байгуулсан уулзалтад хэр олон хүн хамрагддаг байв?
-Манай хөдөлгөөний албан ёсны гишүүд, дэмжигчид гээд 500 гаруй хүн бий. Үүнээс идэвхтэй байдаг 50 гаруй хүн байдаг. Энэ талаар олон жил судалсан, тодорхой мэдээлэлтэй болсон хүмүүс байдаг. 

 

-Харь гариг гэж байдагт итгэдэг хүмүүс гэсэн үг үү?
-Тийм. Харь гариг гэж байдаг, үгүйг дэлхий дахинд судалж байгаа. Харин манайд энэ чиглэлийн судалгаа, мэдээ мэдээлэл Ж.Гүррагчаа гуайг сан­сарт ниссэх үед хэсэг шуугиад чи­мээгүй болсон. Гэхдээ үнэхээр сонир­хож судалдаг хүмүүс нь мэдээлэл их цуглуулсан байдаг.

 

-Зүгээр нэг сонирхохоос гадна суд­лаачийн төвшинд ажиллаж бай­гаа хүн Монголд хэр олон байдаг вэ?
-Миний мэдэхээр 10 гаруй хүн бий. Бүр ном гаргасан хүн ч байгаа.

 

-Энэ удаагийн уулзалтад Японы судлаач ирж оролцоно гэж сонссон. Тэр хүнийг танилцуулаач.
-Япон улсаас Кожи Мияашита гэдэг судлаач ирж лекц уншина. Кожи Мияашита бол энэ чиглэлээр олон жил судалж мэргэшсэн хүн. Монголд Олон улсын Раелийн хөдөлгөөний сал­бар нээгдсэнээс хойш жил бүр ирж монгол­чуудад мэдээллээ хуваалцаж байсан.

 

-Японы судлаач лекц уншихаас гадна харь гаригтай холбоотой ба­римт материалуудаар үзэсгэлэн гар­гана гэсэн. Манай улсад ийм баримт материал хэр их байдаг юм бэ?
-Манай хөдөлгөөнөөс хэвлүүлсэн “Харь гаригийн захиас” номыг уншаад Дархан-Уул аймгаас нэг эмэг­тэй Швейцарьт төвтэй Олон улсын Раелийн хөдөлгөөн рүү захидал бич­сэн байсан. Монголын Раелийн хөдөл­гөөний гишүүд бол бүгдээрээ үл мэ­дэг­дэх биеттэй их, бага хэмжээгээр учирсан хүмүүс байдаг. Ялангуяа хөдөө амьдардаг олон хүн тийм зүйл­тэй таарсан байдаг. Харамсалтай нь техник технологийн дэвшил муу­гаас болоод баримтжуулсан тохиолдол цөөхөн. Мөн хэн ч итгэхгүй, эсвэл эвгүй байдалд орчихно гээд өөрт тохиолд­сон зүйлээ хэнд ч ярилгүйгээр дотроо хадгалсан хүн ч олон. Манай энэ удаагийн үзэсгэлэнд дэлхий да­хинд тохиолдсон зарим үйл явдлын баримт материал тавигдана. Бид харь гариг буюу өөр дэвшилтэт гариг ертөнц бидэнтэй зэрэгцэн амьдарч буйг батална.

 

-Өөрт чинь бас тийм зүйл то­хиол­дож байсан гэсэн үг үү. Ер нь харь гариг, нисдэг биетийн тухай хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-Тийм. Би 2007 онд Монголын Раелийн хөдөлгөөний гишүүн болсон. Миний танил эгч утсаар “Монголд харь гаригийн хүн ирчихсэн байна. Чи ирж харах уу” гэж асуусан. Би гайхаад “Ямар сонин юм бэ. Тийм юм байж болдог юм уу” гэж хэлээд утсаа тасалчихсан. Гэхдээ очиж үз­мээр санагдаад нөгөө газар нь очсон. Тэгтэл тас хар, урт савхи өмссөн, хав хар нүдний шилтэй хүн байсан. Хараа муутай хүн бол үнэхээр л харь гаригийн хүн байна гэж харахаар санагдсан. Тэр хүн бол Монголын Раелийн хөдөлгөөнийг үүсгэсэн хүн. Түүнтэй ярилцаад Олон улсын Раелийн хөдөлгөөний талаар анх сонссон. Түүнээс хойш би энэ бай­гуул­лагатай холбогдсон. Тэр хүн Японы Кожи Мияашитатай онгоцонд танилцсан юм билээ. Танилцаад Кожи Мияашита харь гаригийн тухай ном бэлэглэсэн гэсэн. Тэр ном болон ярьсан зүйл нь сэтгэлийг нь маш их хөдөлгөсөн учраас түүнийг Монголдоо урьж энэ мэдээг монголчуудад түгээх зорилгоор анх Раелийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан түүхтэй. Тивийн академик семинар, уулзалт гэж болдог. Би өнгөрсөн зургадугаар сард болсон Азийн цугларалтаас хойш Монголын Раелийн хөдөлгөөнийг тэргүүлэн ажил­лаж байгаа. Түүнээс өмнө манай хө­дөл­­гөөнийг Японы судлаач Кожи Мияа­шита тэргүүлэн ажилладаг байсан.


-Танай хөдөлгөөний үйл ажил­ла­гааг хаанаас санхүүжүүлдэг юм бэ?  
-Манайх бол ашгийн бус төрийн бус байгууллага. Бид аливаа үйл ажил­­лагаагаа гишүүдийнхээ хандив, дэмж­лэгээр зохион байгуулдаг. Ту­хайн үйл ажиллагаанд оролцож бай­­гаа хүмүүсээсээ ямар ч төлбөр авдаг­гүй. Энэ хэмжээний үнэ цэнэтэй мэдээл­лийг мөнгөөр хэмжих боломжгүй юм. Энэ төрлийн мэдээлэл монгол хэл дээр хомс байдаг учраас гишүүд, дэмжигчдийнхээ хандиваар монгол хэл дээр ном материалыг орчуулан хэвлэдэг. Энэ мэт бүх үйл ажиллагаагаа зөвхөн гишүүдийнхээ тусламж дэмж­лэгтэйгээр явуулж байна. Гэхдээ Монголынхоо гишүүд, дэмжигчдээс хандив хараахан авч амжаагүй бай­на. Азийн бусад орны гишүүдийн дэмжлэгээр гурван ном хэвлүүлсэн.


-Тэр хүмүүст танай байгууллагыг санхүүжүүлэх нь ямар ашигтай байдаг юм бол. Магадгүй зарим хүн танай байгууллагыг гадаадаас санхүү­жилт авдаг гэхээр цаанаа өөр далд зорилготой юм байна гэж хардаж магадгүй л дээ.
-Хувийн хэрэгцээгээ шийдчихсэн хүмүүс хүнд тустай зүйл хийхийг хүсдэг шүү дээ. Тиймээс харь гаригийг ойлгодог хүмүүс өөрийнхөө дуртай зүйлдээ мөнгө зарцуулж байгаа гэсэн үг. Тэд хувьдаа буян хийж байна гэж боддог байх. Бид буян хийнэ гэхээрээ яадаг билээ. Тагтаа хооллох, нэг удаа хүүхдүүдийг баярлуулах гэх мэт цаашдаа үр дагавар багатай зүйл ихэвчлэн хийдэг. Харин хүний оюун санаанд хийж өгч байгаа буян гэдэг бол асар том буян шүү дээ. Тиймээс тэд хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг гэж боддог. Нөгөөтэйгүүр хө­дөл­гөөний үйл ажиллагаанд тийм ч их мөнгө зарцуулагдаад байдаггүй.  


-Олон улсын Раелийн хөдөлгөөн ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Судалгааны байгууллага гэж ойлгож болох уу?
-Олон улсын Раелийн хөдөлгөөн ямар зорилготой байгууллага вэ гэхээр, хүмүүсийн өнгөрсөн, одоо, ирээдүйг аль нэг шашинтай холбож бус шинж­лэх ухааны үндэслэлтэй, баримт но­тол­гоотой мэдээллээр ойлгуулж та­ниу­­лах, олон нийтэд түгээх. Бас нэг том зорилго бий. Энэ бол олон улсын хэмжээнд яригдаж буй томоохон төс­лийг хэрэгжүүлэх. Уг төслийг 1984 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэл­сэн. Гэвч одоог хүртэл бодитоороо хэрэгжээгүй цаасан дээр хадгалагдаж байгаа. Энэ төсөл нь дэлхий дээр харь гаригийнханыг албан ёсоор хүлээж авах байгууламж барих төсөл юм. Үүнийг дэлхийн аль нэг улс орон өөрийн газар нутагтаа байгуулахыг хүлээн зөвшөөрөх ёстой. Манай улс уг төслийг хэрэгжүүлэх орнуудын шалгаруулалтад нэр дэвшиж байгаа. Нэг сая 200 мянган км квадрат газар нутагтай манай улс уг төслийг газар нутаг дээрээ хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөөсэй гэж боддог. “Майдар” төслийн бүтээн байгуулалтыг би хувь­даа дэмждэг. Гэхдээ “Майдар” төслийг хэн мэдэх билээ, үзэх гэж хэн ирэх вэ? Монгол угсаатан хүмүүс цаашлаад буддын шашны хүмүүсээр хязгаарлагдах болов уу. Өөрөөр хэл­бэл, түүнийг дагаад Монголд орж ирэх орлого нь хязгаартай гэсэн үг. Ха­рин харь гаригийнхан, нисдэг бие­түүдийг албан ёсоор хүлээж авах байгууламжийг барих юм бол түүнийг үзэх гэж дэлхийн бүх орноос хүмүүс ирнэ.

 

-Аль улсад байгуулахаа сонгох ажил явагдаж байгаа гэж ойлголоо. Энэ шалгаруулалт нь хэзээ дуусах юм бэ?
-Энэ бол Олон улсын Раелийн хөдөлгөөнөөс хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Олон улсын Раелийн хөдөлгөөн сонгон шалгаруулалт явуулаагүй байгаа. Зөвхөн аль нэг улс газар нутаг дээрээ барихыг, хүлээн зөвшөөрөхийг хүлээж байгаа. Олон улсын Раелийн хөдөлгөөний салбарууд өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулж буй орнуудад уг төслийг хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажилладаг. Шийдвэр гаргах төвшний хүмүүс л хүлээн зөвшөөрөх юм бол манай улсаас нэг ч төгрөг авахгүйгээр Олон улсын Раелийн хөдөлгөөн уг төслөө хэрэгжүүлнэ. Зураг төсөл, төсөв гээд бүх зүйл нь бэлэн болчихсон байгаа. Төслийн материал гээд 100 гаруй хуудас материал байгаа. Олон улсын Раелийн хөдөлгөөний гишүүд уг төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг босгосон. 1984 оноос хойш бэлтгэгдсэн гээд бодохоор хэр зэрэг төлөвлөгдсөн төсөл вэ гэдэг нь ойлгогдох байх. Үүнийг харийнхны элчин сайдын яам гэж нэрлээд байгаа юм.

 

-Та бүхэн “Олон улсын Раелийн хөдөлгөөний энэ төслийг Монголд хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөөч” гэж шийдвэр гаргах төвшний хүмүүст хандаж үзсэн үү?
-Бид хоёр ч удаа өргөх бичиг барьсан. Нэгийг нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж байхад Ц.Оюунгэрэл сайдад өгсөн. Нөгөөг нь Ерөнхийлөгчид өгсөн.

 

-Та бүхэнд ямар хариу өгч байсан бэ?
-Албан ёсоор хариу өгч байгаагүй. “Судалж үзээд хариу хэлье” гэж хэ­лээд л өнгөрдөг. Яамнаас өнгөрсөн жил ганц удаа албан ёсоор хариу өгсөн. Тэгэхдээ “Манай яамны эрх үүрэгтэй огт хамааралгүй юм байна” гэсэн байсан. Уг нь аялал жуулчлалтай хамгийн их холбоотой асуудал шүү дээ. Тиймээс Монголд үүнийг хүлээж авах цаг нь болоогүй юм байна гэж ойлгосон. Гэхдээ энэ жил дахин Ерөнхийлөгчид саналаа уламжилж, дэмжиж буй хүмүүсийнхээ гарын үсэгтэй танилцуулна гэж бодож байгаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.