Онгодын цагаан эрчистэй “Оюухай” наадмын тэнгэр дор

2016.09.28 Лхагва №090 (2121)

 

Г.СОНИНБАЯР

 

Шар нохойтын өвөлжөөнд дөрөө мултлахуй 


Өглөө эрт зүсэрсэн орой намрын цагаан бороон дундуур өвсөн толгой бөхөлзүүлэнхэн их найрагчийн нутгийг зорин довтолголоо. Ахай бэйсийн хошууны алтан хилийг давж Ихэр худаг, Баянбулагаар дайрч Цагаан тэмээтийг хэжин явахуй зөөлөн бороо сая татарч намиатсан шар талын долгио биднийг угтлаа. Тэнгэрийн дорно хаяанд будан дунд өндөлзөх нь Дархан хан уул, тэрнээс нааш цэнхэртэх нь Ов товын тал... Тэр талын дундах ботгон бор толгод бол Бор ухаа. Эдүгээгээс 80 жилийн тэртээх үхэр сарын хуучдаар энэ л эгэл борхон толгод дундахь Шар нохойтын өвөлжөөнөө Цагаан тэмээтийн Гэлэгринчингийнд нэгэн хүү дуугаа хадаан мэндэлжээ. Ийнхүү аав, ээждээ үр нь болж, ганц ахдаа дүү нь болж заяасан энэ бяцхан хүү хожмын их яруу найрагч Чойном байлаа. Найрагчийн орчлонд хадаасан анхны дууг сонссон их тал намрын тэнгэр дор анир алдан дуниартана. Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 80 жилийн ойг зорин ирэгсэд Шар нохойтын өвөлжөөнөө зүг зүгээс цугларав. Их найрагчийн нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, хэлбичгийн ухааны доктор Дорлигийн Ганболдоор ахлуулсан Улаанбаатарынхны цуваа хамгийн өнөр өтгөн нь байлаа. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүй, “Монгол уламжлал” академийн тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Лувсандамбын Дашням, “Улирал ба зохиолч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Данзангийн Нямаа, Сүхбаатар аймгийн утга зохиолын нэгдэл болон тус аймгийн уран бүтээлчдийн төлөөлөл болж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач Айлтгүйн Төмөр-Очир, яруу найрагч Сумъяагийн Амартайван тэргүүтэй найрагчид дөрөө нийлжээ. Мөн “Оюухай” наадамд шүлгэн хүлгээ уралдуулах 50 гаруй найрагч Улаанбаатараас очсон юм. Түүнчлэн Хэнтий аймгаас төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит аймгийн төв номын сангийн захирал Анхбаяр баг хамт олноо авч очсон байлаа. Хан Хэнтийн хөх хөвч, хатан Ононыхоо эрэгт бясалган сууж, гэгээн уянгын мөрүүдээ тэрлэгч Биндэръяа нутгийн найрагч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Балдансодномын Энхжаргал, хэдхэн хоногийн өмнө “Утга зохиолын төлөө” хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртсэн Хан Хэнтийн сайхан найрагч Л.Бааваа, яруу найрагч Г.Амаржаргал тэргүүтэй найрагчид Хэнтий аймгийн “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Гансүрэнтэй хамт иржээ. Дорнод аймгийн утга зохиолын нэгдлийн тэргүүн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ц.Жамбалгарав ч мөн дорнын талын найрагч залуусаа дагуулан ирж их найрагчийн бууцнаа дөрөө мулталсан. Говьсүмбэр аймгийн утга зохиолын нэгдлийн тэргүүн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Энхтөр мөн боржигин нутгийнхаа найрагчдын хамт ирсэн байлаа. Говьсүмбэрийн найрагчид Р.Чойном найрагчийн мэндэлсний 80 жилийн ойд хамгийн том бэлэгтэй ирсэн юм. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Р.Батжаргал “Ринчиний Чойном” шүлэглэсэн роман бичсэн бол яруу найрагч Лу.Содномдорж “Чойномын ертөнц” шүлгийн ном бүтээжээ. Мөн Говьсүмбэрийн яруу найрагч, зураач Б.Мөнх-Өлзий Р.Чойномын зураг бүхий дурсгалын домбо бүтээснээ “Өд” сангийн тэргүүнд хүндэтгэн барьсан. Б.Энхтөр найрагч өөрөө “Чимээгүй аянга” судалгааны номоороо их найрагчийн ойд бэлэг барьж байгаа ажээ. Ноён хутагтийн нутаг Дорноговь аймгаас Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Г.Цэдэвдорж тэргүүтэй дөрвөн найрагч хүрэлцэн ирсэн. 


“Оюухай-2016” наадмыг хамгийн холоос зорьж ирсэн зочид бол ОХУ-ын Буриадын Агын тойргоос ирсэн Дашравдан баавай, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Сөнид баруун хошуунаас ирсэн яруу найрагч Б.Тогтомж, Авга хошуунаас ирсэн яруу найрагч Н.Наранцогт нар байлаа. Дашравдан баавайн хувьд Р.Чойном найрагчийн ихэнхи шүлгийг цээжээр мэддэг бөгөөд олон шүлгийг нь буриад аялгадаа хөрвүүлжээ. Б.Тогтомж найрагч өмнө нь 2012 онд Монголд ирж “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивальд оролцон Хэнтий аймгийн Батширээт сум хүртэл аялсан нэгэн. Өмнө ирэхдээ Нямбуугийн Нямдорж найрагчийн тоонот нутагт очсон, одоо Р.Чойном найрагчийн нутагт ирж, төрсөн бууцанд нь хөл тавилаа хэмээн тэрээр тун сэтгэл өндөр байлаа. 


Ингээд баасан гаригийн үдээс хойш гэхэд Р.Чойном найрагчийн төрсөн бууцнаа эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисоос хуран цугласан найрагчид  гэрэлт хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэн, найраг, дууны дугараа түрлэг өргөв. Ингээд бид Дархан хан уулыг арлан Дархан сумын төвийг зорилоо. Дархан хан хэмээх энэхүү хөглөгөр сайхан хайрхан бол сумынхаа хамгийн өндөр цэг нь. Тиймээс ч төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын багын анд, төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж нэгэн шүлэгтээ “Холоос бараатай, холдоо бараатай Дархан хан уул” хэмээн бичсэн бизээ. 


Дархан хан уулын тухай түүх домог хүүрнэвээс үл дуусна. Тоймтойгоос нь хэлэхэд Дархан сум бол Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошууныхан юм. Энэ хошууныхан дээр үед Хардэл бэйсийн хошууныхнаас бүрдэж байсан гэдэг. 1690-ээд оны сүүлчээр Галдан бошигт Дархан уулын хавь газар түр нутаглаж байсан түүхтэй. Энэ үймээн хөлхөөнт цагт уугуул нутгийн Хардэл жанжин бэйсийн хошууныхан яльгүй зүүн тийш шилжин нүүж Галшар хэмээх газар нутагласан юм байна. Тиймээс Хардэл бэйсийн хошууныхан шөнө дөл цагаар нууцаар ирж, өвөг дээдсийнхээ шүтээн Дархан хан уулыг тахиж, хийморь, сүлдээ даатгадаг байжээ. Галшарын алдарт хурдан хүлгийн угшлыг бий болгосон Хардэл бэйсийнхэн ийнхүү Дархан хан уулыг тахиж шүтэж байсан ажээ. Ийм л түүх домогтой талын их хайрханы хараа бараанд давхисаар Дархан сумын төвд дөрөө мулталлаа.

 

Дэлгэцнээ мөнхөрсөн дэлхийн найрагч
Шар нохойтын өвөлжөөнөөс гараагаа эхэлсэн “Оюухай-2016” наадам Дархан сумын соёлын төвд Р.Чойном найрагчийн тухай баримтат болон уран сайхны кинонуудаар үргэлжлэв. “Билигт найрагчийн дурсгалд” баримтат кино нь эдүгээгээс 20 гаруй жилийн тэртээ бүтээгдсэн юм байна. Р.Чойном найрагчийн ээж Д.Рэгзэн гуайн дурсамж яриаг уг киноноос сонсох үнэхээр сонирхолтой. Киног найруулагч Ч.Баяраа бүтээжээ. Харин “Чойном хаана байна” уран сайхны киног Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч О.Соёлт найруулжээ. Хамгийн сүүлийн кино нь найруулагч О.Анхбаярын бүтээл “Чойномын гэрээслэл”. Энэхүү баримтат киног Р.Чойном найрагчийн нүүрний хэвийг хэрхэн авсан болон уг хэв хэрхэн алдагдаж эзэн шигээ ээдрээт зам туулсан түүхээс сэдэвлэн бүтээжээ. Эдгээр кино бүрийн өмнө зохиолч, найруулагчид нь үзэгчдэд дурсамж, сэтгэгдлээ ярьж, нэг ёсондоо МN25 телевизийн “Кино эхлэхийн өмнө” нэвтрүүлгийг тайзнаа бодитоор нь дэглэв. Баримтат болон уран сайхны гурван киног амьсгал даран үзсэн Дархан сумын иргэд, хол ойрын зочид гийчид дэлхийн энтэй найрагч хүүгийнхээ дэлгэцнээ мөнхөрсөн дүр, дуу хоолойг сонсч баясав. 


Бямба гаригийн өглөө үүл манангүй цэлмэг сайхан байлаа. Дархан хан уул сумын төвийн баруун хойно хоймортоо завилах өвгөн шиг хүглийн хөхөрнө. Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 80 жилийн ойг зорин ирсэн олон хүн Дархан сумын төв талбайд цугларлаа. Хуран цуглагсдын дотор газар газрын найрагчид, олны танил алдартай эрхмүүд, бийр бичгийн садангуудаас гадна их найрагчийн төрсөн дүү нар болон ач, зээ нар, садан  төрлүүд байлаа. Мөн найрагчтай нэг довон дээр тоглож өссөн, нэг ангид тохой нийлүүлсэн суусан буурлууд тун содон харагдана. Ухна хэмээх ануухан сайхан буурал “Чойном минь эгэлгүй хүн байсан юм. Хүүхэд байхын содон хурц ухаантай байсан” гээд далбагар ханцуйгаараа нүүрээ шудрана. Ухна гуайгаас гадна Р.Чойном найрагчийн ангийн охид ч энэ их ойн баярт уригдан иржээ. Наян насны дөрөө давсан энэ сайхан буурлууд Бор ухаагийн тал, Дархан хан уулын бэл хормойд чулуун гэр барин тоглож өссөн эгэлгүй найрагч андынхаа тухай сайхан дурсамж хууч дэлгэх ажгуу.

 
Их найрагч маань дээрээ ганц ахтай, харин дөрвөн охин дүүтэй хүн. Оонын эвэр шиг ижилдсэн эр ганц ахынхаа тухай олон найраг шүлэгтээ бичсэн байдаг даа. 
Дархан хэмээх сумын альхан толгодын дунд 

Даавуу дээлтэй ах минь давхиж яваа бол... гэх мэтээр газрын хол, усны уртаас ганц ахаа санагалзан шүлэглэсэн нь олонтаа. Нээрээ л  найрагчийн ах Ринчиний Төмөрбат гэж Дархан нутгийн эгэл сайхан буурал явжээ. Насаараа нутгийнхаа “Дархан Оргил” нэгдэлд адуу малласан энэ буурал дүүгийнхээ нэр төрийг цагаадаж, төрийн шагнал хүртэх тэр сайхан цагийг буурал ижийнхээ хамт үзсан буянтан байв. Эдүгээ түүний хүүхдүүд Дархан Ахай нутагтаа сайн сайхан аж  төрж байна. Р.Чойном найрагчийн дөрвөн бүсгүй дүүгийн хоёр нь энх тунх байгаа. Дүү Р.Гандолгор нь Төв аймгийн Сэргэлэн сумаас ахынхаа ойд зорин иржээ. Дүү Р.Гансүх нь Улаанбаатар хотноо аж төрдөг юм байна. Тэнгэрийн орноо одсон дүү нарынх нь хүүхдүүд Хэнтийн Батширээтээс, нийслэлээс хүрэлцэн ирж найрагч нагацынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн, нэрэмжит наадмыг нь ивээн тэтгэж оролцсон юм.


Найрагчийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх ёслол морин цагийн амгай хагалан эхэллээ. Энэ бол Дарханчуудын сэтгэл зүрхний халуун дэмжлэгээр сүндэрлэн боссон хөшөө. 1992 онд Дархан суманд найрагчийн гэрэлт хөшөөг босгоход гол үүрэгтэй оролцсон хүний нэг нь UBS телевизийн найруулагч Самбуугийн Болд. Тэрээр хөшөөнд цэцэг өргөх үеэр 24 жилийн өмнөх дурсамжаа хуваалцав. Тухайн үед Дархан сумын ард иргэд суут найрагчийнхаа гэрэлт хөшөөг сүндэрлүүлэн босгоход бүхий л талаар тусалж, ихэнх айл өрхүүд нь халуун хошуутай мал  халзан цагаан хониороо хандив өргөж байжээ. Тиймээс уг хөшөөг монгол хүний сайхан сэтгэлийн дээжээр, халзан цагаан хониор боссон хөшөө хэмээн С.Болд найруулагч тодотгосон юм. Дархан Ахай нутгийнхан ийм л халуун сэтгэлтэй, бас оюунлаг зон олон. Хүндэтгэл дээдлэлээ илэрхийлэхдээ халуун хошуутай халзан цагаан хонио барьдаг нь ч нүүдэлчин монголчуудын сайхан уламжлал. Ийм л уламжлалаар хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг Дархан суманд очиход нутгийн нэгэн мянгат малчин 100 хонь хандивлажээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нэмэр болгоорой хэмээн монгол хүний сайхан сэтгэлээр ийнхүү халуун хошуут малаа улсдаа бэлэглэсэн нь сайхан мэдээ байлаа. Эдийн засаг хүндэрсэн энэ үед Дархан сумынхны энэ сайхан сэтгэлийн хандив өөр олон сумынханд үлгэр жишээ болох болов уу. Малтайгаа байхад монгол хүн ядуурах хямрах учиргүй билээ. 
 


“Оюухай” алтан цом О.Цэнд-Аюушийнх болов


Бямба гаригийн их үдэд “Оюухай-2016” наадам эхлэхээр товлогдсон байлаа. Уг наадмын өмнө ойн арга хэмжээнд оролцогчид Р.Чойномын гэр музейг үзэж сонирхлоо. Энэхүү музейг байгуулагдсан цагаас нь хойш найрагчийн зээ дүү Ч.Мишиг удирдан эрхэлж, үзвэрүүдийг нь баяжуулж, хямгадсаар иржээ. Ч.Мишиг гуайд МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны дарга, яруу найрагч Н.Пүрэв “Утга зохиолын төлөө” хүндэт өргөмжлөлийг гардуулсан. Газар газрын найрагчдыг Шар нохойтын өвөлжөөн дахь гэрэлт хөшөөнд дөрөө мултлахад Р.Чойном найрагчийн ээжийнх гэрийг барьж, хойморьт нь том гүнгэрвээнд найрагчийн хөрөг болон хэвлэгдсэн бүтээлүүдийг нь дэлгэн тавьж, өмнө нь өрөм, ааруул тэргүүтэн цагаан идээ таваглан угтсан нь  үнэхээр сэтгэл хөдөлгөм гэнэтийн бэлэг байсан билээ. Тэр бүх ховор нандин үзмэр сэлт бол Дархан суман дахь Р.Чойномын нэрэмжит музейн сан хөмрөг юм. Уг музейд найрагчийн зурсан зураг, бичсэн шүлгүүдээс эхлээд амьдрал, уран бүтээлтэй нь холбоотой олон арван үзмэр бий. Музейг үзэж нүд сэтгэлээ баясгахын зэрэгцээ Р.Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн номын сангийнхны гаргасан үзэсгэлэнд олон хүн саатан морилсон. Тус номын сангийнхан Хэнтий нутгаас төрөн гарсан бүх зохиолчдынхоо намтар, танилцуулгыг хэвлүүлсэн ном бүтээлүүдийнх нь хамт, мөн Р.Чойном найрагчийн хэвлэгдсэн бүх номуудыг олонд дэлгэн үзүүлсэн юм. Төрийн шагналт ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ, төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, Ринчиний Чойном, төрийн шагналт эрдэмтэн, нэрт археологич, зохиолч Хөдөөгийн Пэрлээ, Монголын шинэ үеийн уран зохиолын үндсийг тавилцагчдын нэг, анхны уран зохиолын бүлгэмийн гишүүн асан Шагдарнэрэнгээс эхлээд Хан Хэнтийн авьяас билэгт зохиолч, найрагчдыг тоолбол 200 шахам хүн бий. Эдгээр зохиолчдын бүтээлийг эмхэтгэн ботилсон нэгэн цогц ном хэвлэгдэхэд бэлэн болоод байгаа ч хөрөнгө мөнгөгүйн улмаас олны хүртээл болж чадалгүй хоёр жил болж байгааг энэ дашрамд хэлмээр санагдана. Бөх, мориндоо хоёр, гурван зуун саяар нь мөнгө зарцуулдаг юм чинь бүхэл бүтэн 100 жилийн турш төрөн гарсан 200 зохиолчийнхоо бүтээлийн чуулганд 15-хан сая төгрөг гаргачих сэтгэлтэй эрх мэдэлтэн, бизнесмэн Хэнтийд байгаа гэж итгэнэм. 


Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойн нэг гол арга хэмжээ “Оюухай-2016” наадам нижигнэсэн алга ташилтын дор эхэллээ. Наадамд Улаанбаатар, Хэнтий, Дорнод,  Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь аймаг болон  өмнөд, урд хөршөөс ирсэн төлөөлөгчид гээд нийт 50 хүн шүлгээ дуудсанаас Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш тэргүүн байрт шалгарч “Оюухай” наадмын алтан цомыг гардсан  юм. Харин хоёрдугаар байрт Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Алтанхуяг,  гуравдугаар байрт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч М.Амархүү, тусгай байруудад Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Л.Ганзул, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга нар шалгарав. Хэнтий аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналаар яруу найрагч Б.Баттулгыг шагнасан. Хэнтийн ИТХ болон Засаг даргын Тамгын газрын удирдлагууд овоо тахилганд явсан тул их найрагчийнхаа ойд ирээгүй гэдгийг төлөөлөгч нь шагнал гардуулахдаа зарлана лээ. Оюун билиг, эрдэм ухаанаас илүү овоо тахилга чухал болсон цаг хойно яалтай билээ. Харин “Зохист дорно” хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал Х.Эрдэнэцэцэг Улаанбаатар хотоос зорин ирж “Оюухай” наадмын тусгай байрын эзэнд өөрийн байгууллагын нэрэмжит шагналаа гардуулсан. Мөн энэ үеэр Дархан сумын яруу найрагч МЗЭ-ийн гишүүн Ш.Батцэцэг Г.Сэр-Одын нэрэмжит шагналаар энгэрээ  мялаасан юм. Р.Чойномын урласан ногоон халзан боржигин хуурыг  хүндэтгэн залсан тайзнаа найрагчийн дүү, ач, зээ нар айргийн таван байр эзэлсэн найрагчдын шагналыг гардуулснаар “Оюухай-2016” наадам өндөрлөв. Найрагчийн 80 насны ойг өндөр хэмжээнд зохион байгуулсан “Өд” сангийн удирдлага, хамт олон, Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрынханд найрагчид, зочид төлөөлөгчид талархал гүн илэрхийлж байлаа. Дархан Ахай нутгийнхан ийнхүү нэрт найрагчийнхаа ойг хол ойр, хилийн чанадаас ирсэн эрхэм хүндэт зочдынхоо хамт өргөн дэлгэр тэмдэглэв. Ирсэн гийчин буцдаг хойно оюун билгийн цагаан эрчис хурсан Дархан Ахай нутгийн тэнгэр дор онгод найргаа дуудсан найрагчид зүг зүг салан одохдоо гурван жилийн дараа болох “Оюухай” наадмаар дахин уулзах сайхан ерөөл өргөсөн билээ. 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.