Колумбид 52 жил үргэлжилсэн иргэний дайн зогслоо

2016.09.28 Лхагва №090 (2121)

Кубын дэмжлэгтэйгээр дөрвөн жилийн турш хэлэлцээр хийсний эцэст Колумбийн Засгийн газар, Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчний удирдагчид өчигдөр Картахен хотноо энхийн гэрээнд гарын үсэг зурж, тус улсад 52 жил үргэлжилж, 260 мянган хүний аминд хүрсэн цуст тэмцэл эцэс боллоо. Дэлхийн хэвлэлүүд энэхүү үйл явдлыг “түүхэн” хэмээн онцолж байна. 


Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун оролцсон нь уг үйл явдал хэчнээн чухал болохыг илтгэнэ. Ёслолд оролцогчид энхтайван, найрамдлыг бэлгэдэн бүгд цагаан өнгийн хувцас өмссөн, гарын үсэг зурах мөчид Бетховены баярын хөгжим эгшиглэсэн, түүхэн гэрээг зурсан үзэг сумны хэлбэртэй байсан зэрэг нь ёслолын бас нэгэн онцлог байсан юм. Зэвсэгт хүчний удирдагч “Тимощенко” хочтой Тимолеон Хименес гэрээнд гарын үсэг зурсны дараа цуст тэмцлийн золиос болсон хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйжээ. Харин Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос “Энэ дэлхий дээр нэг ч гэсэн дайн төгсч байгаад Колумби төдийгүй дэлхий нийт баярлаж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Тэрхүү түүхэн агшинд Х.М.Сантос “Дахиад дайн үгүй” гэсэн илгээмжийг Колумбиас дэлхий нийтэд илгээж байгаа гэсэн бэлгэдлээр чанга хэлэхэд танхимд цугларагсад чанга дуугаар давтацгаажээ. 


Колумбийн хувьсгалт, зэвсэгт хүчин нь 1964 онд Коммунист намын зэвсэгт жигүүр болон байгуу­лагдсанаасаа хойш Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлж иржээ. Харин одоо энхийн гэрээ байгуулагдсан тул зэвсгээ хураалгаж, энгийн улс төрийн нам болон төлөвших зорилготой гэдгээ Тимолеон Хименес мэдэгдсэн. Тэрээр өнгөрсөн хугацаанд үйлдсэн хэргүүдийнхээ төлөө албан ёсоор уучлал гуйсныхаа дараа энэ талаар мэдэгдсэн юм. Гэвч 52 жил гэдэг их хугацаа, 260 мянган хүн амиа алдаж, таван сая хүн хохирогч болсон гэдэг багагүй “шарх” болох нь ойлгомжтой. Хэдий цуст тэмцэл дуусч, удирдагч нь уучлал гуйсан ч колумбичууд тийм ч амархан уучилна гэж үү. Мэдээж үгүй. Тийм ч учраас Ерөнхийлөгч Х.М.Сантос “Биднийг хүнд ажил хүлээж байна” гэж хэлсэн биз ээ.  


Колумбын хувьсгалт зэвсэгт хүчнийг улс төрийн нам болгохыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар ирэх ням гаригт Колумбид санал асуулга болно. Урьдчилсан байдлаар, иргэдийн дийлэнх нь Тмолеон болон Колумбын хувьсгалт зэвсэгт хүчнийг хуульчлахыг дэмжиж байгаа ч ерөнхийлөгч асан А.Урибе тэргүүтэй эсэргүүцэгчид ч мөн байгаа юм.     


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.