Эхний мэтгэлцээнд Х.Клинтон илүүрхлээ

2016.09.28 Лхагва №090 (2121)

 

Х.БАТСАЙХАН

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН, Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Д.Трамп, Х.Клинтон нарын эхний халз мэтгэлцээн даваа гаригийн орой (Монголын цагаар мягмар гаригийн өглөө) Нью Йорк мужийн Хофстра их сургуулийн хурлын танхимд боллоо. Мэтгэлцээний хөт­лөгчөөр NBC телевизийн улс төрийн тоймч Лестер Холт ажилласан юм. Халз мэтгэлцээнд Х.Клинтон Ардчилсан намын бэлгэдлийн өнгө болох улаан хослолтой ирсэн бол Д.Трамп БНН-ын бэлгэдлийн өнгө болох цэнхэр зангиагаар гоёж иржээ. Мэтгэлцээн доор дурдсан үндсэн зургаан сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд асуудал тус бүр дээр ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.   

 

Ажилгүйдэл

Д.Трамп: Билл Клинтон, Барак Обамагийн үед Канад, Мексиктэй хийсэн чөлөөт худалдааны гэрээнээс болж их алдагдал хүлээж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Мичиган, Огайо мужид хэдэн зуун мянган ажлын байр бий болгох боломж байсан ч чөлөөт худалдааны гэрээнээс болоод чадаагүй. Би тэдэнд ажлын байрыг нь буцааж өгөх болно. АНУ НАФТА дахь оролцоогоо дахин харж үзэх цаг болсон. Алдаатай гэрээг өөрчлөх болно. 
Х.Клинтон: Чөлөөт худалдааны гэрээг байгуулсан Б.Клинтоны засаглалын үед экспорт 30 хувиар нэмэгдсэн байдгийг сануулъя. Харин БНН-ын Жорж Буш есөн сая хүн ажилгүй болж, таван сая хүн орон гэргүй болсон 2008-2009 оны хямралын үеэр баячуудын талд үйлчилж, дундаж давхаргыг дэмжээгүйгээс болж эдийн засаг багагүй уналтад орсон шүү.     

 

Татвар
Д.Трамп: Баячуудад ногдуулах татварыг багасгах хэрэгтэй. Учир нь баячууд л ажлын байр бий болгодог. Корпорациудын татварыг 35-аас 15 хувь хүртэл бууруулна. Ингэж байж л бид бизнесээ, ажлын байраа хадгалж үлдэнэ. Мичиган болон бусад мужуудаас мянга, мянган ажлын байр гадагш гарч байна. Үүнийг цаашид тэвчиж чадахгүй. Компаниуд мөнгө олохын тулд гадагшаа гарцгааж байна шүү дээ. 
Х.Клинтон: Татварын бод­лого дундаж давхаргынхныг нэмэг­дүү­лэхэд чиглэх ёстой болохоос баячуудад давуу тал олгох ёсгүй. Д.Трампын бодлогоор явбал эдийн засгийн хоёр дахь хямрал нүүрлэж, 3.5 сая ажлын байр үгүй болох болно.    

 

Гэмт хэрэгтэй тэмцэх
Д.Трамп: Манай улсад хууль ёс, эмх журам гэж алга. Бид муу хүмүүсээс зэвсгийг нь хураах л ёстой. Хууль бус цагаачид зэвсэг эзэмших бололцоо олгож байгаа нь бидний сул тал, гэмт хэрэг гарах нэг шалтгаан болж байна. Латин америк, африк гаралтай иргэд бараг тамын гэмээр нөхцөл байдалд амьдарч байна шүү дээ. Тиймээс хуулийг мөрдүүлж, эмх журам тогтоох болно.    
Х.Клинтон: АНУ-ын хэмжээнд хүчирхийллийн бус, харьцангуй хөнгөн гэмт хэргийн улмаас шоронд орж байгаа хүмүүсийн ихэнх нь африк, латин америк гаралтай иргэд байдаг. Бидэнд цагдаа, иргэдийн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх зайлшгүй шаардлага байна. Цагдаа зөвхөн зайлшгүй үед л зэвсэг хэрэглэх ёстой. Иргэддээ хоёр дахь боломж олгох (анх удаа болон хөнгөн гэмт хэрэг үйлдэгсдэд), хувийн шоронгуудын тоог цөөрүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай.      

 

Кибер довтолгоо, Оросын аюул
Х.Клинтон: Оросууд манай бүх л салбарын байгууллагууд руу кибер довтолгоо хийж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Би үүнд сэтгэл маш их зовж явдаг. Д.Трамп В.Путиныг магтдагийг би мэднэ. Гэхдээ тэр бидний эсрэг маш нухацтай, харгис тоглоомыг тоглож байна. Ардчилсан намын шуудан руу Оросын хакерууд өнгөрсөн долдугаар сард довтолсныг Д.Трамп сайшаасан байсан. Энэ бол байж болшгүй асуудал. Би үүнийг Д.Трамп В.Путинд өөрийн улсынхаа мэдээллийг өгөх боломж олгосон гэж үзэж байна. Аюулгүй байдлын салбарт ажиллаж байсан Бүгд найрамдах намын нөлөө бүхий 50 гишүүн яагаад Д.Трампыг “Удирдагч байж болохгүй хүн” гэж дүгнэсний нэг шалтгаан нь энэ.
Д.Трамп: Ардчилсан намын цахим шуудан руу хаанаас довтолсныг хэн ч тодорхой мэдэхгүй. БНХАУ ч юм уу, өөр хаанаас ч байж болно.   

 

Лалын улс
Х.Клинтон: Бид жилийн дотор Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийг устгаж, Сириэс хөөн гаргана гэж найдаж байгаа. Д.Трамп “Лалын улс” бүлэглэлийг устгах нууц төлөвлөгөө байгаа” гэж ярьдаг. Хэрвээ байгаа юм бол яагаад нууцлах ёстой юм бэ. Түүнд тийм төлөвлөгөө угаасаа байхгүй байх л даа. 
Д.Трамп: Б.Обама, Х.Клинтон нар Иракаас цэргээ гаргаснаараа “Лалын улс” байгуулагдах нөхцлийг хангаж өгсөн. Хэрвээ Иракт ядаж 10 мянган цэрэг үлдээсэн бол, алан хядагчдын эзэлж авсан газрын тосны ордуудыг бөмбөгдөөд байсан бол ингэж хүчирхэгжих боломж гарахгүй байлаа.  

 

УАЦЭ, холбоотнууд
Д.Трамп: Бид Япон, БНСУ зэрэг олон улсыг цөмийн зэвсэгтэй улс орнуудаас хамгаалдаг. Үүний тулд тэрбум тэрбумаар нь үргүй зардал гаргаж байна. Яагаад тэр улсууд хамгаалагдсаныхаа төлөөсөнд тат­вар төлж болохгүй гэж. Умард Атлантын цэргийн эвслийн зардлын 60 хувийг бид дангаараа гаргадаг. Энэ байгууллага алан хядагчидтай тэмцэхэд гол үүргийг гүйцэтгэх ёстой. Гэтэл одоогоор тийм зүйл алга.


Х.Клинтон: Есдүгээр сарын 11-ний халдлага гарснаас хойш АНУ алан хядагчидтай тэмцэж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Умард Атлантын цэргийн эвсэл үүрэг оролцоогоо хангалттай харуулсан гэж бодож байна. БНСУ, Японд хандаж хэлэхэд, бид харилцан туслалцах гэрээгээ хүндэтгэнэ. Дэлхийн бүх улс орнуудтай найрсаг хамтрагч байхыг эрмэлздэг удирдагч байх болно. Мөн олон улсын хэм, хэмжээг зөрчигчидтэй хатуу тэмцэнэ.   

Мэтгэлцээний төгсгөлд Х.Клинтон Д.Трампад хандан “Эмэгтэйчүүдийг элдвээр доромжилдог” гэртээ латин америк эмэгтэйг үйлчлүүлэгчээр ажиллуулдгийг нь сануулаад “Тэд ирэх сонгуульд санал өгнө гэдгийг анхаараарай” хэмээн чимхээд авсан юм. Мөн Д.Трамп Х.Клинтоны цахим шуудангийн шуугианыг эргэн сануулж, нөгөөх нь татварын асуудлыг нь сөргүүлж тавьсан.  


Хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээн дууссаны дараа хэвлэлүүд  хэн  нь давуу байсан талаар санал асуулга явуулж эхэлсэн. АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаас үзвэл мэтгэлцээнд Х.Клинтон давуу байжээ. Тухайлбал, CNN-ийн явуулсан судалгаагаар, үзэгчдийн 62 хувь нь Х.Клинтоныг давуу байсан гэж үзсэн байна. Мэтгэлцсэн 10 гол сэдвийн зургаад нь түүнийг давуу байсан учир ийн үнэлжээ. “Вашингтон пост” сонин “Мэтгэлцээнд хөндөгдсөн 22 асуудлын 12-нь Д.Трамп худлаа болон бөөрөнхий хариут өгч байсан” гэж дүгнэсэн байна.  Тэд ирэх сарын 9, 19-нд дахин хоёр удаа халз мэтгэлцэх бөгөөд сонгууль арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болно. 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.