Солонгос, Хятад улсад зорчих иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ

2016.09.28 Лхагва №090 (2121)

М.МӨРӨН

 

БНСУ-ын Чэжү хот руу аялахаар төлөвлөж буй иргэдэд хандан  аяллын зорилгоо нотлох баримтыг сайн бүрдүүлж явахыг ГХЯ-наас зөвлөсөн байна. Чэжү хот тус улсын аялал жуулчлалын онцгой бүс. Тиймээс гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй байдаг. Сүүлийн үед Монгол Улсын иргэд тус хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачлалын албанд олноор саатуулагдах болсон байна. Үүний улмаас хил нэвтэрч чадалгүй нутаг буцах зэргээр эрсдэлд орж байгаа аж. Тухайн хүн өмнө нь БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан зэрэг шалтгаанаар хил нэвтрүүлэхгүй буцааж байгаа юм.

 

Мөн эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг, зөрчилд холбогдож байснаас хамаарч байна. Түүнчлэн буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баримт, биедээ авч яваа бэлэн мөнгө зэргийг харгалзан үзнэ. Тус улсын цагаачлалын албанаас ярилцлага хийж хил нэвтрүүлэх эсэх шийдвэрийг гаргаж байгаа аж. Тиймээс Чэжүг зорьж байгаа бол дээрх зүйлийг анхаарах шаардлагатайг онцолжээ. Үүнээс гадна ГХЯ-наас БНХАУ-д зорчих иргэдэд ч сэрэмжлүүлэг өгчээ. Үүнд, визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх, тус хуга­цаанд хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулжээ. Учир нь тус улсын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулиар  оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулдаг байна. Мөн хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-20000 юанийн торгууль ногдуулж, ноцтой гэж үзвэл хагас сар хүртэлх хугацаагаар саатуулна гэж заажээ. 

 

БНХАУ-ын хилээр 20 мянган юань буюу 5000 хүртэл ам.долларыг биедээ авч орохыг зөвшөөрдөг байна. Хэрэв энэ журмыг зөрчвөл мөнгийг нь хураан гарал үүслийг нь шалгах, мөнгөн дүнгийн есөн хувьтай тэнцэх хэмжээний валютаар торгодог юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.