А.Клименко: Монголын далбаатай хөлгүүд Крымийг бараагаар хангаж байна

2016.09.28 Лхагва №090 (2121)

Х.БАТСАЙХАН

 

Украины Ерөнхий прокурор асан Святослав Пискун гэгч өнгөрсөн долоо хоногт Крымийг тусгаарлах асуудлаар гаргаж буй олон улсын хүчин чармайлт талаар болж байгаа талаар мэдэгдэл хийжээ. Түүндээ манай улсын талаар дурдсан нь анхаарал татав. Крымд нэвтэрч байгаа гадаадын хөлөг онгоцыг шалгадаг “Майдан Гадаад харилцаа” сангийн судлаач А.Клименкогийн хэлснээр, одоо Монгол Улсын далбаатай 10 гаруй хөлөг онгоц Крымийн боомтуудад тогтмол нэвтэрч байгаа аж.  

 

ОХУ Крымыг нэгтгэсний дараа буюу 2014 оны зургадугаар сарын 16-наас хойш Украин улс Крымийн хагас арал руу олон улсын хөлөг онгоц оруулахыг хоригложээ. Улмаар Европын холбоо, АНУ ч энэ шийдвэрийг дагаж, хөлөг онгоцуудаа Крымын боомтуудад оруулахаа больсон аж. Ингэснээр Крымд усан замаар хэрэгцээт бараа бүтээгдэхүүн очиж чадахаа больж, нэг ёсондоо шахалт үзүүлэх ёстой байв. Гэтэл Киевийн энэ санаа нь бүтэлгүйтжээ. Крымд ачааны хөлөг онгоцууд урьдын адил орж, гарч, наймаа худалдаа урьдын адил явагдаж байгаа болохоор тэд сэтгэл маш дундуур байх нь аргагүй. Крымд санал асуулга явагдсаны дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблей хуралдаж, Крымын санал асуулгыг хууль бус гэж үзэж байгаа эсэх асуудлаар санал хураалт явуулахад 100 улс “Хууль бус”, 11 улс “Хуулийн дагуу” гэсэн санал өгч, 58 улс татгалзсан. Энэ санал асуулгын цаад зорилго нь Крымд явагдсан санал асуулгыг хууль бус болсон гэдгийг дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, Крымд цэрэг оруулсан ОХУ-ын үйлдлийг буруутгаж, хориг тавих болон бусад шийтгэлийн арга механизмыг хэрэгжүүлэхэд олон улсын дэмжлэгийг авах явдал байсан юм. Өөрөөр хэлбэл, “Хууль бус” хэмээн зөвшөөрч саналаа өгсөн 100 улс цаашид Крымыг дэмжих эрхгүй болсон. Гэтэл одоо Крымыг бараа таваараар хангаж байгаа хөлөг онгоцуудын дунд тэдгээр 100 орны хөлгүүд байгаа нь украинчуудыг онцгой ихээр бухимдуулж байгаа аж. Украиныг хамгийн ихээр дэмждэг Европын холбоо, Туркийн онгоцууд бүртгэлээ өөрчлөх замаар Крымын боомт руу нэвтэрч байгаа юм байна. Ингэхдээ НҮБ-ын санал асуулгад татгалзсан буюу түдгэлзсэн санал өгсөн улсуудыг ашиглаж байгаа ажээ. 


Манай улсын хувьд, НҮБ-ын санал асуулгад түдгэлзсэн санал өгсөн учир аль нэг талынх нь эрх ашгийг хамгаалах албагүй, Крымд нэвтэрч байгаа хөлөг онгоцонд далбаагаа ашиглуулснаар олон улсын гэрээ конвенцийг зөрчөө­гүй. Гэхдээ А.Клименкогийн ярианы байдлаас “Далбааны” асуудал өөр салбарт ч нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй” гэж санагдахаар байгаа юм. Тэрээр  “Туркийн онгоцууд хоёр аргаар Крымд нэвтэрч байна. нэгдүгээрт, тэд бүртгэлээ НҮБ-ын санал асуулгад түдгэлзсэн болон татгалзсан орнуудын оффшор арлууд руу шилжүүлж байна. Хоёрдугаарт, тэдгээр орнуудын төрийн далбааг ашиглах болсон. Тэд одоо бүгд Монголын далбаанд орсон. Бидний өмнө Монгол гэсэн далайн том эрх ашиг гарч ирлээ. Гэхдээ зүгээр орхихгүй, арга хэмжээ авах болно” гэсэн байсан юм. 


Бид энэ талаар Монгол Улсын далайн захиргаанаас тодруулахад “Монгол Улс ОХУ-тай хэвийн харилцаатай. НҮБ-ын санал асуулгад төвийг сахисан хариулт өгсөн. Тийм болохоор Монголын далбааг тавьчихвал Крымд нэвтэрч болох юм байна гэсэн бололцоог олж харсан байх. Гэхдээ А.Клименкогийн мэдэгдэлд хөлөг онгоцных нь нэр байхгүй байгаа учраас шалгах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн юм.

 

Украин дахь Монголын эрх ашиг зөрчигдөх вий 


Албаны эх сурвалж ийм хариу өгсөн ч бид асуудлыг арай өөр нүдээр харах ёстой мэт санагдана. А.Клименкогийн хэлснээр бол украинчууд Туркийн хөлөг онгоцны эздийг шүүхэд өгөх юм байна. Турк улс НҮБ-ын чуулган дээр Крымын санал асуулгыг хууль бус гэж үзсэн. Сая өндөрлөсөн НҮБ-ын 71 дүгээр чуулганы үеэр Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган нь Украины Ерөнхийлөгч П.Порошенкотой уулзах үедээ Крымийг Украины газар нутаг гэж үздэгээ илэрхийлсэн байна лээ. Ингэхээр хөлөг онгоцны эздийг шүүхэд өгөөд арга хэмжээ авахуулчих магадлал өндөр. Харин Монголыг яах вэ. “Зүгээр өнгөрөөхгүй, зохих арга хэмжээ авна” гэдэг нь юу байж болох вэ. Туркийн онгоцууд Монголын далбаатай Крымд нэвтэрсэн байлаа гэхэд Монгол Улсын хувьд ямар ч асуудалгүй. Олон улсын конвенцийн дагуу зэвсэг гэх мэт хориотой бараа тээвэрлээгүй л бол Монгол Улс далбаагаа ашиглуулах эрхтэй. Харин эрх ашиг нь зөрчигдсөнөөрөө Украин улс ямар нэг хориг арга хэмжээ авч магадгүй. Бүр тодорхой хэлбэл, ашиглуулсан арван далбаанаас олсон ашиг Украин дахь Монголын эрх ашгаар солигдож мэдэх юм. 


Монгол Улс хэдийгээр Крымийн асуудалд Украиныг дэмжээгүй ч найрсаг харилцаа хэвээрээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоод 24 жил болсон. Монгол Улсаас Украин улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа энэ сарын 8-ны өдөр Ерөнхийлөгч П.Порошенкод итгэмжлэх жуух бичгээ барьсан. Хоёр улсын Засгийн газар, Сайд нарын танхим хооронд аялал жуулчлал, худалдаа, боловсрол соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүд хийгдэж хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Киевт монгол оюутнууд олноор суралцдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс 20 иргэнийг бакалаврын сургалтад уул уурхайн инженер, нисэхийн инженер, авто замын инженер, хөдөө аж ахуйн инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, барилгын инженер зэрэг мэргэжлийн чиглэлээр, таван иргэнийг докторын сургалтад байгалийн ухааны чиглэлээр тэтгэлгээр суралцуулж байна. Эдийн засгийн салбарт ч харилцаа муугүй. Далайн захиргааны газрын нээлттэй тайлангаас харахад энэ оны эхний хагаст улсад 85 сая төгрөг төвлөрүүлээд байгаа юм билээ. Крымд нэвтэрч байгаа 10 хөлөг онгоц Монголын далбаатай зорчиж байгаа нь үнэн бол ашиг нь хоёр орны найрсаг харилцааны хажууд өчүүхэн бага байх учиртай.     

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.