Бизнес эрхлэгчдийг чөдөрлөсөн 125 шийдвэрийг цуцална

2016.09.28 Лхагва №090 (2121)

 

Гадаадын хөрөнгө оруулалт 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2016 оны эхний хагас жилийн байдлаар ердөө 35 сая ам.доллар болж буурсан. Хөрөнгө оруулалт ингэж буурахад төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхийг тогтоох шаардлага гарчээ. Улмаар Ерөнхий сайд захирамж гаргаж хөрөнгө оруулагчид болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг төрийн захиргааны болон хуулийн байгууллага хууль бусаар дарамт учруулсан эсэхээр  дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. 

 

Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ахлан ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын жагсаалтыг гаргаж хянасан байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 598 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 87 хууль нь аж ахуйн нэгжийн, 24 хууль нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулдаг байна. 

 

Түүнчлэн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 110 тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн нэгтгэж олгохоор зохицуулжээ. Харин захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 971 захиргааны хэм хэмжээний актаас хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой сайдын тушаал 168, агентлагийн даргын тушаал 25, нийслэлийн Засаг даргын захирамж 44, нийт 237 шийдвэр байдаг аж. Тэдгээрийг хянаж үзэхэд холбогдох хуулиудад нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй сайдын тушаал 78, агентлагийн даргын тушаал 12, аймаг нийслэлийн Засаг даргын захирамж 10  нийт 100 шийдвэр байгаа нь тогтоогджээ. Тиймээс Хуул зүй, дотоод хэргийн яам хөрөнгө оруулагчдад тээг болж хүндрэл чирэгдэл учруулж буй 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэч­лэн баталж бүртгүүлэх саналаа холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлжээ. Өнөө­дөр Захиргааны хэм хэм­жээний актын улсын нэгдсэн санд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй холбоотой зургаан журам бүртгэлтэй байна. Эдгээрээс Уул уурхайн сайдын 2015 оны Үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай 15 дугаар тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох , ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг баталсан нь Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгох бүртгэлээс хасах саналыг албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүллээ.

 

Мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам батлах тухай 155 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2011 оны Импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай  343 дугаар тушаалууд нь Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгож, бүртгэлээс хасах саналыг холбогдох сайд нарт уламжилжээ.

 

Түүнч­лэн холбогдох байгуул­лагуу­даас гаргасан нийтээр дагаж мөрдүүлж байгаа шийд­вэрүүдийг хянаж үзэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 22 тушаалаа хууль тогтоомжид заасны дагуу хянуулж бүртгүүлэхгүйгээр дагаж мөрдүүлж байсан зөрчил илэрчээ. Тиймээс дээрх тушаалуудыг хуульд нийцүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авах санал хүргүүлээд байна. Ийнхүү хөрөнгө оруулалтад хөндөлсөж, бизнес эрхлэгчдийн чөдөр болсон нийт 125 шийдвэрийг хүчингүй болгохоор болов.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.