Иргэд хууль санаачлах эрхтэй болно

2016.09.28 Лхагва №090 (2121)

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төслөөр өчигдөр Иргэний танхимд  хэлэлцүүлэг хийв. Тус хэлэлцүүлэгт хуульч, судлаачид, багш нар болон төрийн зарим байгууллагын ажилтнууд оролцлоо. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг өнгөрсөн хоёрдугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд улам боловсронгуй болгох зорилгоор ийнхүү хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг хэллээ.

Хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгыг ажлын хэсгийн гишүүн хуульч А.Алтанзул, Х.Номингэрэл нар хийж, хуулийн төслийн талаарх Үндсэн хуулийн судлаачдын хууль зүйн дүгнэлтийг доктор Ч.Энхбаатар танилцуулсан юм. Иргэдийн улс төрийн эрхийн тухай хууль нь иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох улс төрийн эрхийг хэрэгжүүлэх үндэслэл, иргэд хуулийн төсөл боловсруулж хууль санаачлагчид уламжлах, ард нийтийн болон орон нутгийн санал асуулга явуулах зарчим, санал асуулгаар шийдвэрлэх асуудлын хүрээг тодорхойлох, санал асуулгыг бэлтгэх, зохион байгуулж явуулах, санал асуулгын үр дүнг хэлбэржүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулах зэрэг зорилтыг агуулсан байна.

Мөн иргэдийн санаачилгаар УИХ-ын чуулган болон ИТХ-ын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх, эсвэл ард нийтийн болон орон нутгийн санал асуулга явуулах, санал асуулгын дүнг шийдвэрлэгдсэнд тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах ажээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын чуулган болон ИТХ-ын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх саналыг тодорхой тооны иргэд хамтран санаачлах эрхтэй болох юм байна. Ард нийтийн санал асуулгыг тодорхой тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байх бол орон нутгийн санал асуулгыг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчид хамтран санаачлах эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Энэ хууль батлагдсанаар Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх механизм бүрдэж, иргэний улс төрийн эрх бодитой хэрэгжинэ гэж үзжээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.