Б.Пүрэвдорж: Манай намын хуучин зүтгэлтнүүд зайгаа тавьж өгөхийг хүсэхгүй байна

2016.09.28 Лхагва №090 (2121)

Г.БАЛЖИННЯМ

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа. 

-УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсний дараа ихэнх гишүүн тойрогтоо ажиллаж байх шиг байна. Та Ховд руу явсан уу?
-Сонгууль дуусч, УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөсний дараа хоёр удаа тойрогтоо очиж ард иргэдтэй уулзсан. УИХ-ын ээлжит бус чуулганы дараа мөн яваад ирлээ. Сүүлд явахдаа Ховд аймгийн төвд болон Цэцэг, Дарви суманд очиж ажилласан. Иргэдтэй уулзаж хаанаас хэрхэн худаг гаргах, нутаг ус, баялгаа эзний хувиар хэрхэн ашиглах вэ гээд олон асуудлыг хөндөн ярилцаж, тодорхой шийдэлд хүрч чадсан. Мөн Дарви суманд улсын төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө гаргахгүйгээр хэвтээ тэнхлэгийн зам тавьж байгаа компанитай нэг тэрбум төг­рөгийн өртөг бүхий 1.5 км замыг шинээр барихаар тохиролцож, ажлыг нь эхлүүлээд ирлээ. 


-УИХ-ын ээлжит бус чуул­ганаар нэлээд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн хугацаанд нь баталж, шийдвэрлэсэн. Ер нь ээлжит бус чуулган хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ?
-УИХ-ын ээлжит бус чуулганаар уймраа Засгийн газрын уймраа мөрийн хөтөлбөр батлагдаж, уймраа төсвийн тодотгол хийгдлээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ирэх дөрвөн жилд ямар бодлогоор явах вэ гэдэг нь төсвийн тодотгол болон оруулж ирсэн мөрийн хөтөлбөр дээр огт харагдаагүй. Дээрээс нь ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс хэрхэн урагшлах, эдийн засгаа хэрхэн сайжруулах зэрэг асуудлаархи хөгжлийн концепци тодорхойгүй байна. Ерөнхийд нь дүгнэвэл энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулган хангалтгүй хэмжээнд боллоо гэж үзэж байгаа. 

-Төсвийн тодотгол хэлэл­цэхэд багагүй маргаан гар­сан. Зарим нь хангалттай хэм­жээгээр танаж чадсан төсөв батлагдсан гэж байгаа боловч зарим хүн эсрэгээр нь тайлбарлаж байна. Таны хувьд?
-Монгол Улсын эдийн засаг эрх баригчдын ярьж байгаа шиг доройтоогүй байгаа. Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал тартагтаа тултал унасан гэсэн мэссэжийг олон түмэнд тарааж байна. Нэг төсөвтэй болно гэдэг нэрийн дор асар их алдагдлыг нэг тоон дээр авааччихаад, тэрнийгээ АН өнгөрсөн дөрвөн жилийн хуга­цаанд ийм байдалд хүргэсэн гэж тайлбарлаж байгаа. Ийм яриа гаргасныхаа үр дүнд татвар нэмэх, халамж, цалин хөлсийг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэж оролдсон. Мөн хамгийн ноцтой зүйл бол өрийн таазыг нэмэгдүүлж 88 хувьд хүргэн, их хэмжээний зээлийг гаднаас авах зорилготой төсвийг оруулж ирсэн. АН-ын Засгийн газрын үед 2016 оны төсвийн төсөөллөөр өрийн тааз 58 байсныг 2017 онд 50, 2018 онд 40 хувь гэх зэргээр бууруулах бодлого барьж байсан юм. Харин МАН-ынхны сая оруулж ирсэн төсвийн тодотголоор өрийн таазыг 2016 онд багтаагаад 88 хувь, 2017 онд 90, 2018 онд 97.5, 2019 онд 105 хувьд хүргэж, 2020 онд бага зэрэг багасгах төсөөллийг оруулж ирсэн байгаа. Ингээд харахаар МАН бүхэл бүтэн найман жилийн хугацаанд засаглахаар төсвийн төсөөллийг оруулж иржээ. Ингэж сэрүүн зүүдэлж болохгүй ээ. Тэдний одоо байгаа байдалд нь, УИХ-ын ээлжит бус чуулганаар байсан байдалд нь ард түмэн дүнгээ тавьсан. Тийм учраас 2024 он хүртэл засаглана гэсэн зүүднээсээ салах хэрэгтэй. 


-Зээл авах нь тодорхой болж байх шиг байна. Гэхдээ хаанаас зээл авах нь тодорхойгүй байна. Энэ талаар танд мэдээлэл байгаа юу? 
-Сүүлийн үеийн мэдээллийг дурдвал Сингапур улсаас хоёр тэрбум ам.доллар авахаар ярьж байгаа. Гэхдээ Сингапур улсын зүгээс тодорхой шийдвэр гаргаагүй. Яагаад гэвэл, МАН-ын Засгийн газрын бодсончлон зээлийн нөхцөл нь тийм ч амар хялбар байхгүй байгаа. Хүү өндөр, тавьж байгаа нөхцөлүүд нь хүнд. Гадаад зах зээлээс зээл авахад нэлээд хүндрэлтэй учирна. Үүнээс болж эрх бариг­чид, Засгийн газар одоогоор тодорхойгүй нөхцөл байдалд орчихсон байгаа. Тийм учраас “Стэнд бай” хөтөлбөрт хамрагд­сан нь дээр юм байна гэсэн ойлголцолд хүрч магадгүй. 


-Аль нэг том ордыг зарах нь гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-Тийм амархан зарагдчихгүй байх. Эдийн засгийг сайж­руулах, тогтворжуулах гурван арга байдаг. Нэгдүгээрт, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, хоёр­дугаарт, татвар нэмэх, гуравдугаарт, гадаадаас зээл авах. Монголын эдийн засаг ингэтлээ хүндрээгүй шүү дээ. МАН-ынхны хэлж байгаачлан тийм хүнд хэмжээнд очоогүй. Харин манай эдийн засаг өсөхөд бэлэн байгаа. Татварын суурь бааз нь асар их нэмэгд­чихсэн. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж, үр дүнд нь 34 их наяд төгрөг ил болчихсон байгаа. Түүнээс маш их хэмжээний татвар орж ирнэ. 34 их наяд төгрөгийн эдийн засгийн үзүүлэлт нь ирэх жилээс мэдрэгдэж эхлэх юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн асар их ажлын үр дүн гарч ирэхэд бэлэн болчихоод байна. Тэгэхээр татвар нэмэх биш татварын бааз суурийг нэмэгдүүлэх замаар илүү их орлого олох боломж Монгол Улсад байгаа. Аль эсвэл зээл аваад дарга нарт үйлчилдэг бус эдийн засагт хэрэгтэй салбаруудаа дэмжээд, хөрөнгө оруулаад явах хэрэгтэй. Энэ мэтчилэн маш олон боломж байхад заавал нэг том үүцээ борлуулах замаар эдийн засгаа сайжруулах асуудлыг ярьж болохгүй.


-Засгийн газар татвар нэмэх, цалин хасах, төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад нь олгодог 36 сарын тэтгэмжийг цуцлах зэрэг төсвийн тодотголд тусгасан олон саналаа буцаасан. Шалтгааныг нь та юу гэж харж байгаа вэ?
-Эрх баригчид дээрх саналуудаа кнопынхоо илүүд найдаж оруулж ирсэн. Гэтэл сөрөг хүчний гишүүд үүнийг нь хангалттай эсэргүүцсэний үр дүнд олон нийтийн анхаарлын төвд орсон. Сөрөг хүчин, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч татвар нэмэх зэрэг асуудлаа буцаан татсан. Мэдээлэл хүн бүрт, нэг цаг дор хүрэх боломжтой нийгэмд амьдарч байна. Нөгөөтэйгүүр олон нийт дургүй байгаа учраас орон нутгийн сонгуульд сөрөг дүн авахаас зайлсхийж саналаа буцаасан гэж харж байгаа. 

 

-Ирэх жилээс бондын төлбөр хийгдэж эхэлнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд маш их хэмжээний зээл авснаас болж багагүй дарамт одоогийн Засгийн газарт ирсэн гэх зүйлийг эрх баригчид яриад байгаа ш дээ?
-Засгийн газрын зээл нийтдээ 4.1 тэрбум ам.доллар байгаа. Үүний хоёр тэрбум ам.доллар нь 2012 оноос өмнөх зээл. Тэгэхээр 2012-2016 он хүртэлх зээлийн хэмжээ 2.1 тэрбум ам.доллар гэсэн үг. Засгийн газрын зээл ердөө л энэ. Нэгдүгээрт, 2.1 тэрбум ам.долларын зээл бол манай улсын эдийн засгийг хүндрүүлэх хэмжээний хөрөнгө биш. Хоёрдугаарт, 2.1 тэрбум ам.доллараар эдийн засгийг сайжруулах асар их төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Хамгийн наад захын жишээ хэлэхэд, бид цементээ гаднаас авахааргүй болж байна. Барилгын материалынхаа дөнгөж 30 хувийг Монголд үйлдвэрлэдэг байсан бол одоо 70 хувь болж өссөн. Энэ бол "Чингис", "Самурай" бондын үр дүн. “Чингис", "Самурай" бондоор бид төсвийн цоорхойг нөхөөгүй. Харин үйлдвэрлэлийг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад өгсөн. Үр дүн нь өнөөдөр шууд гарахгүй. Гэхдээ ойрын нэг, хоёр жилийн дотор бүрэн дүүрэн мэдрэгдэнэ. 

 

-Танай нам сөрөг хүчин болсон. УИХ-д анх удаа суухдаа та сөрөг хүчний гишүүн болоод ажиллаж эхэллээ. Эрх баригчид нь сөрөг хүчнээ сонсдоггүй тал ажиглагддаг. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн ийм зүйл гарч л байсан. Тэгвэл одоогийн эрх баригчид сөрөг хүчнээ сонсож, санал бодлыг нь хэр хүлээн авч байна вэ?
-Бид 2000 онд амьдраагүй. 2000 онд "Твиттер", "Фэйсбүүк", сошиал орчин тийм сайн ажилладаггүй байсан. Тэр үед цөөнх байхдаа телевиз, сонингоор л дамжуулж олон нийтэд үзэл бодол, байр сууриа хүргэдэг байсан шүү дээ. Үүнээс болж хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл төдийлөн сайн хүрдэггүй байлаа. Харин өнөөдөр бид шал өөр орчинд амьдарч байна. Жишээлбэл, Б.Пүрэвдоржийн М.Энхболдод хандаж хэлсэн үгийг нэг нь фэйсбүүк хаягаар цацахад тухайн өдөрт 190 мянган хүн үзэж байх жишээтэй. Өдөр нь хэлсэн үг орой гэхэд Монгол Улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа хүмүүст хүрэх боломжтой эрин зуунд амьдарч байна. Бидний хэлсэн үг УИХ дээр кнопоор хэчнээн дутлаа ч гэсэн ард түмэнд байнга хүрч байгаа. Тийм учраас эрх баригчид хүссэн хүсээгүй сөрөг хүчнийхээ үгийг сонсдог эрин зуунд амьдарч байгаагаа ямагт ойлгох ёстой. Кнопынхаа илүүгээр бидний хэлсэн үгийг хүлээж авахгүй байж болно. Гэхдээ ард түмэнд бидний хэлсэн үг үнэ цэнэтэй хүрч байгаа шүү. Эрх баригчдын ирээдүйг шийдэхээр очиж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.    

  
-Сэдвээ ҮЗХ руу хандуулъя. Танай намын ҮЗХ хуралдалгүй нэлээд удлаа. Энэ сарын 16-нд хуралдахаар байсан ч хойшлуулчихсан. Гүйцэтгэх зөвлөл яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-1990 онд ардчилсан хувьсгал хийсэн, АН-ыг байгуулсан олон хүн намдаа зүтгээд явж байгаа. Түүнийхээ хүчинд олон хүн дарга сайд, намын дарга гээд бүхий л том албан тушаалд очицгоосон. Гэхдээ одоо АН шинэчлэгдэх цаг болсон. ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй байгаа энэ үзэгдлийг хуучин хүмүүс нь шинэ төрхийг бий болгохгүй, одоо байгаа байдалтайгаа зууралдаж үлдэхийн тулд тэмцэж байгаа тэмцэл гэж харж байна. Хоёр сар гаруй ҮЗХ-ны хурлаа хийж чадахгүй байна гэдэг нь манай намын "ах" нар зайгаа тавьж өгөх бодолгүй байна гэдэгтэй агаар нэг. 

-Ирц хүрэхгүй байгаагаас болж ҮЗХ хуралдахгүй байна гээд байгаа?
-Ирц дээр ямар ч асуудал байхгүй. Хангалттай бүрдэнэ.

-АН-ын даргын суудалд хэн суух вэ гэсэн асуудал дээр фракцууд нь тохиролцож чадахгүй байгаа юм биш үү?
-АН-ын хуучин зүтгэлтнүүд байр сууриа тавьж өгөхгүй байна. Ямар орчинд амьдарч байгаагаа мэдэх ёстой. Шинэ орчинд, шинэ нийгэмд, шинэ дүр төрхийг АН гаргаж ирээд явах ёстой. Мөн дүрэм, журмын хувьд хамгийн ойлгомжтой, хүн болгон мөрдөж ажилладаг, хариуцлагатай нам болох ёстой. Ингэж байж нийгмийг зөв зүгт урагшлуулах нам болж чадна. 

-Хуучин зүтгэлтнүүд зайгаа тавьж өгөхгүй байна гэж хэллээ. Энэ нөхцөлд одоо бий болоод байгаа шинэчлэлийн давалгаа хэр далайцтай байх бол?
-Ирэх арванхоёрдугаар сарын 06-нд АН шинэ даргатай болно. АН-ыг ирээдүйд зөв удирдаад явах даргатай болно гэдэгт эргэлзэхгүй байна. 

-Зөв удирдаад явах удирдагч нь хэн байх бол?
-Шинэ удирдагч нь залуу, шинэ нийгмийн дүр төрх болсон, Монголыг урагш авч явах мэдлэг, боловсролтой хүн байх ёстой. Тэр хүн нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуульд намаа ялалтад хөтлөх хүчтэй лидер хүн байна гэдэгт эргэлзэхгүй байна. 

-Орон нутгийн сонгуульд хэр зэрэг ач холбогдол өгч байгаа вэ. Даргагүй АН орон нутгийн сонгуульд яах бол? 
-МАН-ын рейтинг унаж байгаа. Гэхдээ АН-ын рейтинг өсөхгүй байгаа. Хэрвээ ҮЗХ-гоо хуралдуулаад шинэ, хүчтэй даргатай болчихсон байсан бол орон нутгийн сонгууль ямар ч асуудалгүй. Хувь хүний хувьд орон нутгийн сонгуульд олон газар ажиллаж байна. Ховдод ажиллаад ирлээ. Энэ долоо хоногт багтаад Булган, Хөвсгөл аймгуудад ажиллана. УИХ дахь АН-ын бүлэг есөн гишүүнтэй. Бид аль болох олон аймагт очиж ажиллахыг эрмэлзэж байгаа. 

-Ялна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Итгэлтэй байна.

-Шинэчлэлийн хөдөлгөөнийх­нийг харж байхад таны хэлснээр АН-ын хуучин зүтгэлтнүүдийн туслахууд, зөвлөхүүд нэлээд байсан. Тэр дундаас таны хүсч байгаа шиг дарга сонгогдож чадах болов уу?
-АН-ыг шинэчилнэ гэсэн хөдөл­гөөнөөс удирдагчийг харж болохгүй. АН-д олон хүчтэй хувь хүмүүс, лидерүүд байдаг. Тэр дотор ний­гэмд илүү хүлээн зөвшөөрөгдсөн, танигд­сан, өөрийн гэсэн бодолтой, энэ намыг манлайлаад явах чадвартай хүн байгаа. 

-Олон нам нийлж АН байгуу­лаг­даж байсан. Тэр утгаараа нэлээд хэдэн фракцтай. Энэ фракцуудын “зодоон” үргэлжилсээр байвал АН шинэчлэгдэхгүй байх. Фракцуудын зөрчлийг хэрхэн арилгах ёстой юм бол?
-Зарим хүмүүс АН-ыг татан буулгах хэрэгтэй гэдэг. Гэхдээ би үүнтэй санал нийлдэггүй. 2000 оноос хойш 16 жилийн турш оршихдоо АН Монголын хамгийн том улс төрийн хоёр хүчний нэг болж хувирсан. Одоо харин өмнөх үеийн лидерүүд залуучуудынхаа ард суугаад, тэднийгээ дэмжээд, гаргаж ирээд явах юм бол нам маань илүү хүчтэй, эв нэгдэлтэй харагдана. 

-ҮЗХ-г татан буулгах ёстой гэдэгт санал нийлдэг үү?
-Хүссэн хүсээгүй арванхоёрдугаар сарын 06-нд намын их хурал болж шинэ дүрэм батлагдана. ҮЗХ шинэ бүрэлдэхүүнээр ажиллах эрх зүйн орчин бий болно. ҮЗХ гэсэн нэр ч өөрчлөгдөх магадлалтай. Гүйцэтгэх зөвлөлийн нэр ч ялгаагүй өөрчлөгдөнө. Бид бүх зүйлийг шинээр эхэлнэ гэсэн бодолтой байгаа. Тэр үед ҮЗХ татан буугдана. 

-УИХ-ын сонгуульд АН үнэмлэхүй ялагдсан. Танай намын нэг лидер "Зүрхэндээ тултал ялагдлаа" гэж хэлж байсан. Фракцуудын зөрчлөөс болж ялагдсан гэж тайлбарлах хүн олон байдаг. Ялагдлын шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Нийгмээс хэт тасарсан дарга нарын нам болсон учраас энэ ялагдал ирсэн. Тэгэхээр бид маш хурдан шинэчлэгдэх ёстой. Дүрэм журамдаа өөрчлөлт оруулах ёстой. Сум, баг дээр байгаа жирийн гишүүдээс эхлээд намын дарга хүртлээ нэг дуугаар амьсгалдаг, асуудалд нэг сэтгэл зүрхээр ханддаг болж байж ялалтад хүрнэ. 2012-2016 онд маш олон хувь хүн өөр өөрийн дураар тоглолт хийсний уршгаар АН ялагдсан. 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.