Үнийн уналт буюу төмс, хүнсний ногооны салбарын доройтол

2016.09.26 Даваа №089 (2120)

 

Г.БАЛЖИННЯМ

 

Бороотой хүйтэн өдрүүд үргэлжилсээр. Тариаланчдын хэлдэгээр энэхүү "агаарын саатал" нь намрын их ажлыг түр хугацаанд уялаа. Гэсэн ч удахгүй налгар өдрүүд дахин эхэлж, трактор, комбайнаа асааж, ажлын бээлийгээ өмссөн тариаланчид тариа, ногооны талбай руугаа хөдөлнө. Их ажлын үеэр Төв аймгийн Жаргалант, мөн Сүмбэр сум буюу хуучнаар Октябрийн сангийн аж ахуйд хүрч очсон юм. Эдгээр сум нь Монгол орны тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэртээ залган оршдог билээ. 

Тариаланчийн зовлон
Жаргалант суманд өнгөрсөн баасан гаригийн орой 22:00 цагийн орчимд очсон юм. Урьдчилан холбогдсоны дагуу тус сумын залуу ногоочин Уужуу намайг Жаргалантын уулзвар дээр тоссон юм. Уужуу өнгөрсөн жил таван га талбайд төмс тарьж багагүй ургац авсан учир энэ жил талбайгаа томсгож, 10 га-д тариалалт хийжээ. Тухайн өдрийнх нь хураалт дууссан ч, төмсөө ачиж зоорилох ажил үлдсэн байсан тул шууд тариалангийн талбай руу нь бид хөдөлсөн юм. Уужуу энэ өдөр 10 тонн буюу таван портер төмс хураан авахаар төлөвлөсөн байсан ч капатл буюу төмсийг хөрснөөс ил гаргадаг техникийнх нь жийргэвч резин тасарч гэмтсэнээс болж гурван цаг орчим ажил нь зогссон байна. 


Гэхдээ ажилчдаас болж ажил саатаагүй учраас өдрийнх нь цалинг бүтнээр нь өгнө гэдгийг талбайн эзэн онцолсон юм. Нэлээдгүй том талбайд тарьсан, дээрээс нь хүйтрэхээс өмнө төмсөө хурааж дуусгах шаардлагатай учир эрэгтэй, эмэгтэй нийлсэн 20 хүн цалинжуулан ажиллуулж байгаа ажээ. Хэрвээ хөрснөөс нь гаргасан төмсөө техникийн гэмтэл, эсвэл хүн хүчний хангалттай хүрэлцээгүйгээс тухайн өдрөө хурааж амжихгүй хонуулбал тариаланч эрсдэл хүлээнэ. Өөрөөр хэлбэл, хөрсөн дээр ил хонуулсан төмсөө хулгайд алдах, хяруу унавал хайрагдах аюултай юм. Хайрагдсан төмсийг хэн ч худалдаж авдаггүй аж. Өдрийн хураалт дуусч оройн 22:00 цагийн орчимд эмэгтэй ажилчдаа хүргэж өгсөн юм. Харин бидэнтэй хамт долоон эрэгтэй ажилчин үлдсэн бөгөөд бүгд ачигч хийх аман гэрээ байгуулсан байлаа. Уужуу тэр өдөр гурван портер буюу зургаан тонн төмс хураан авсан бөгөөд сүүлийн ачаагаа ачин гэрт нь ирэхэд шөнийн 00.00 цаг өнгөрч байсан юм. Өдрийн ажил дууссан. Одоо харин ажилчдын цалин тавина. Нэг хүнд өдрийн 25 мянган төгрөгийн цалин өгдөг байна. 13 эмэгтэй ажилчинд нийт 325 мянган төгрөг өглөө. Харин долоон эрэгтэйд ачигч хийсэн нэмэгдэл болгон тус бүрт нь 30 мянган төгрөгийн цалинг олгосон юм. Тэрээр өдөрт ажилчдын цалин болгож, нийт 535 мянган төгрөг тавьдаг. Уг нь 10 га газарт тариалсан төмсөө дөрвөн өдөрт хурааж дуусгахаар тооцоолсон боловч техникийн гэмтэл, цаг агаарын байдлаас шалтгаалан сунжирч магадгүй болжээ. 


Ажил шувтарч Уужуутай хэдэн хором ярилцлаа. Тариаланчдад учирч байгаа саад, бэрхшээлийн талаар Уужуу "Өмнө нь тариалан эрхэлдэг хувь хүмүүст бага хэмжээний зээл банкнаас олгодог байсан. Энэ жил олгосонгүй. Эдийн засгийн хямралаас болж байх шиг байна. Харин аж ахуйн нэгжид 10 сая хүртэлх хэмжээний зээлийг гаргаж өгч байгаа юм билээ. Тийм болохоор хэд хэдэн хүн нийлж хоршоолол болж, 10 сая төгрөгийн зээл авсан. Гэхдээ хүү нь нэлээд өндөр байгаа. Банкны бодлого гэж байдаг байлгүй дээ. Өнгөрсөн жил авсан зээлээ төлчихсөн. Харин энэ жил хэдэн тариаланчтай нийлж бага хэмжээний зээл авсан. Банкуудын хүү дунджаар 2.2 хувь байгаа. Ажилчдын цалингийн хувьд хувь хүнээс өндөр хүүтэй зээл авсан. Машин, техникээ барьцаалж шүү дээ" гэсэн юм. 


Мөн төмсний үнийн асуудалд төрөөс зохицуулалт хийхгүй бол тариалангийн салбар, тэр дундаа төмс, хүнсний ногоо тарьж амьдардаг хүмүүсийн ажил цаашид үргэлжлэхэд багагүй хүндрэлтай болсон байна. Ажилчдын цалин, хоол, унд, техник хэрэгслийн сэлбэг, шатахууны мөнгө гээд өдөр бүр мөнгө шаардагддаг. Энэ мөнгөө нөхөхийн тулд хураасан төмснийхөө тодорхой хувийг хямд үнэтэй зарахаас өөр аргагүй байдаг байна. 
Ажиллах хүч харин хангалттай байдаг байна. Зарим сумын удирдлагууд дунд сургуулийн сурагчдад нэг сарын чөлөө олгож, ургац хураалтад оролцож, орлого олох боломжийг олгодог ажээ. 


Маргааш өглөө нь бид 07.00 цагийн үед ажилдаа гарцгаалаа. Нутгийнхний нэрлэснээр колонк хэмээх газар очиход 30 орчим портертой тариаланчид цугласан байсан юм. Тэд ажилчдаа хүлээж байгаа аж. Цалингийн нөхцөл, танил талаараа "өрсөлдөн" ажилчдаа хуваан тэвшин дээрээ суулгана. Төмс хураалтад явах ажилчид харин өдөрт нь цалингаа авах илүү сонирхолтой тул тохирсон нөхцөл санал болгосон тариаланчийн тэвшин дээр гарч суун, ажилдаа явдаг. Уужуу өдөрт нь цалин олгоно хэмээн хашгирч урд өдрийнхтэйгээ адил тооны ажилчин авч чадлаа. Харин өмнөх өдрийнх шиг нь техник нь гэмтэж, бүтэлгүйтсэнгүй. Маш сайн ажилчид авч чадсаны эцэст өмнөх өрийнхөө алдагдлыг нөхөж, оройн 23.00 цаг гэхэд долоон портер төмс хураан авч чадлаа. Тохиролцсон ёсоороо ч ажилчдынхаа цалинг олгосон юм. 


Маргааш нь харин өөрөө төмс хураалтаа үргэлжлүүлэх ажилтай тул хоёр тонн төмс борлуулахаар жолооч хөлслөн хот руу ачууллаа. Харин би дараагийн сум руу хөдөлсөн юм. Орой нь Уужуутай утсаар холбогдоход нэг кг-ыг нь 200 төгрөгөөр борлуулсан гэлээ. Хоёр тонн төмс нь нийт 400 мянган төгрөг болсон аж. Энэ нь ажилчдынх нь нэг өдрийн цалингаас ч бага тоо юм. Стандарт хэмжээгээр ачихад нэг портерт хоёр тонн төмс багтдаг.

 

Зоорь ба хадгалалт
Жаргалантаас хөдлөөд, тэндээс 40 гаруй км-ын зайтай орших Октябрийн сангийн аж ахуйд очлоо. Ногоочин Лхагваагийнх харин 20 га-д төмс тариалсан бөгөөд их ажлын ард намайг очихын өмнөх өдөр гарчихсан байсан юм. Тэрээр хашаандаа найман тонны багтаамжтай хоёр нүхэн, 60 тонны багтаамжтай нэг зимлякан буюу дээврэн зооритой аж. 60 тонны багтаамжтай зоорио өнгөрсөн зун барьсан гэлээ. Бороо хур ихтэй, зуншлага сайтай байсан учраас нэлээдгүй сайн ургац хураан авсан аж. Хашаан дахь гурван зоорь нь дүүрч, үлдсэнийг нь машиныхаа грашт багтаажээ. Намайг очиход Лхагваа зоорин дотроо төмсөө үр, таваараар нь ялгаж байлаа. Дөрөв, таван тонн төмс хямдхан ч гэсэн зарж ажилчдын цалин, банкны зээл зэргээ төлөх ёстой учраас ийн ялгаж байгаа аж. Мөн л арваад хүн хөлсөлж авчээ. 


Лхагваагийн хувьд зээл болоод зээлийн хүү өндөр байгааг мөн дурдлаа. Түүнээс гадна хүн цалинжуулж дахин зоорь ухуулах, эсвэл хувь хүнтэй тохирон зоорь түрээслэн төмсөө хадгалах гэсэн хоёр сонголт байгааг онцолсон. Эсвэл бүр зооринд нь багтахгүй илүү гарсан төмсөө бүгдийг нь хөлдөөчихгүйн тулд хямд зарж ч магадгүй гэлээ. Тус сумын иргэдийн ихэнх нь мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Тэр утгаараа төмс, хүнсний ногоогоо хадгалах зоорь, агуулах дутмаг байдаг байна. Тус суманд уг нь төмс, хүнсний ногоо хадгалах зоорь байдаг. Гэхдээ сангийн аж ахуй байх үед нь хувьчлал явагдаж, цөөн хэдэн хүн зоорийг нь худалдан авчээ. Зоорины эзэд өөрсдөө төмс, хүнсний ногоо тарьдаг учраас иргэдэд түрээслэх нь харьцангуй бага байдаг байна. Энэ талаар Лхагваа "Орон нутагт төмс, хүнсний ногоо тариалдаг иргэдийн хувьд түрээсийн зооринд ногоогоо нэг их хадгалдаггүй. Өөрсдөө зоорь ухчихдаг. Харин Улаанбаатар хотын ойролцоо төмс тариалдаг хүмүүс түрээсийн зоорь нэлээдгүй хэрэг болдог юм шиг байна лээ. Хотын ойролцоо төмс тарьдаг манай нэг найз энэ тухай ярьж байсан" гэв. 


Хүнс, хөдөө аж ахуйн яамны албан ёсны цахим хуудаст мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд 182.2 мянган тонн багтаамжтай 3600 гаруй төмс, хүнсний ногооны зоорь байдаг байна. Зоорийн нийт багтаамжийг хураан авсан ургацтай харьцуулахад хадгалах хүчин чадлын хангамж 71.5 хувьтай ажээ. Нийт зоорийн 40 хувь нь чанарын сайн үзүүлэлттэй, 60 хувь нь чанарын дундаас доогуур үнэлгээтэй юм байна. 


Тэгвэл цаашид зоорийн багтаамж, чанарыг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийгдэх вэ. Албаны хүнээс энэ тухай асуухад, "Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт энэ тухай тусгасан байгаа. Тодорхой тендер, шалгаруулалт зарлаж, зоорийн багтаамж, чанарыг нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээ авч ажиллана" гэснээс өөр тоймтой зүйл хэлсэнгүй. 


Үе үеийн Засгийн газар яг энэ асуудалд анхаарал хандуулсаар ирсэн. Гэхдээ хамгийн сүүлд 2010-2012 онд энэ төрлийн төсөл, сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд зоорийн хэмжээ 10 орчим мянган тонноор л нэмэгдсэн байдаг юм. 


Зах зээлийн үнэ буюу Монгол vs Хятад
Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг цөөн хэдэн бүтээгдэхүүний нэг бол төмс, хүнсний ногоо. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 175 мянган тонн төмс, 117мянган тонн хүнсний ногоо хураан авах төлөвлөгөөтэй байгаа. Харин одоогийн байдлаар төмсний хураалт 45 хувь, хүнсний ногооны хураалт 43 орчим хувьтай үргэлжилж байгаа юм. 


Харин гол асуудал нь төмс, хүнсний ногооны үнэ. Тариаланчид дөрвөн улирал ажилтай байдаг. Хавар нь тариалж, зун нь усалж, зэрлэгийг нь зулгаадаг. Харин намар нь хурааж, өвөл нь зоориндоо хадгалахаас гадна шинэ жил, цагаан сарын үед үнэ нь бага зэрэг өсөхөд ялгаж, зардаг юм. Харамсалтай нь хөлс, хөдөлмөрөө шингээн байж тарьж, хураасан ногоогоо маү хямд борлуулж байна. Үүнээс болж зээлээ төлж чадахгүйд хүрч, үргэлжлүүлэн тариалах боломж нь тун хязгаарлагдмал байдалд хүрээд байна. Төмсний үнийн хувьд өнөөгийн ханшаар тариаланчид ченжүүдэд нэг кг-ыг нь 200 төгрөгөөр борлуулж байгаа юм. Энэ нь зардлаа нөхөх, зээлээ төлөхөд хүрэлцдэггүй ажээ. Төмсний үнэ ийн унасныг тариаланчид импортын буюу Хятадаас хямд үнэтэй төмс оруулж ирж буйтай холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, төмсний үнэ бага зэрэг өсөх төдийд л Хятадаас хямд үнэтэй, чанаргүй төмс их хэмжээгээр орж ирдэг байна. Энэ үед дотоодын төмсний үнэ хүссэн хүсээгүй унадаг ажээ. 


Хоёр жилийн өмнөх жишээг дурдая. Төв аймгийн Жаргалант сумын нэгэн тариаланч энэ тухай ярьсан юм. Хоёр жилийн өмнө төмсний үнэ доод цэгтээ хүрч нэг кг нь 100 төгрөгт хүрчээ. Энэ үед Жаргалант суманд Оросын Буриадаас 100 орчим тонны багтаамжтай ачааны тэрэгтэй дөрвөн машин ирж, тус сумын иргэдээс төмс худалдан авчээ. Зах зээлийн ханш хямд байгааг мэдэж байсан учраас нэг кг-ийг нь 150 төгрөгөөр худалдан авч байсан байна. Зах зээлийн ханшаас 50 төгрөгөөр илүү, дээрээс нь хот руу зөөхгүй шууд зоориноос нь худалдан авч байсан учраас тэндхийн маш олон тариаланч төмсөө заржээ. Долоо хоног бүр ирж байсан учраас хил залгаа оршдог сумдаас ч мөн төмсөө зарах гэж олон тариаланч ирдэг байсан байна. Харин 150 төгрөгөөр чанартай төмс худалдан авсан тэдгээр хүмүүс хилийн цаана 2-3 дахин илүү үнээр борлуулдаг байжээ. 


Тэгвэл үнийн зохицуулалтыг хэрхэн хийх вэ, мөн импортын төмс, хүнсний ногоонд хориг тавьж болох уу. Ерөнхий сайд саяхан тариалангийн бүс нутгаар ажиллахад олон тариаланч энэ талаар асууж байсан юм. Харин үнийн уналтыг зогсоох, импортод хориг тавих нь маш төвөгтэй асуудал гэдгийг тэрээр хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Хятадаас орж ирж буй төмс, хүнсний ногоог холбогдох яамнаас хориглох, зогсоох эрх зүйн зохицуулалт байдаггүй аж. Зөвхөн татвар нэмэх асуудал л яригддаг байна. 
Үүнийг өөрөөр тайлбарлая. Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-нд Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элссэн байдаг. Гэвч элссэнийхээ хэргийг өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүй гэхэд буруудахгүй. ДХБ-ын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой. Мөн дотоодод үйлдвэрлэдэг ижил төрлийн үйлдвэрлэлийг дэмжихдээ зөвхөн тарифын зарчмыг баримтлах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, Монголд хөгжих гэж ядаж байгаа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжихдээ гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүний импортод квот тогтоох, шууд хориглох гэх мэт тарифын бус арга хэрэглэж болохгүй. Импортын татварыг нэмэгдүүлэх аргаар л тэмцэнэ гэсэн үг. Гэхдээ тариф нь хэмжээтэй. Монгол Улсын хувьд, нийт барааны импортын тарифын дээд хязгаар 20 хувь. ДХБ-ын гишүүн орнуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хийгээд эхэллээ гэхэд импортын татварыг 20 хувь хүртэл нэмэхээс өөр хамгаалалт хийх боломжгүй гэсэн үг юм. 


Энэ бүгдээс харахад төмс, хүнсний ногооны салбар төдийлөн сайнгүй байгааг ажиглаж болно. Харин мэргэжлийн зарим хүмүүс энэ салбарын зах зээлийг сайжруулахын тулд төмс, хүнсний ногооны экспортыг нэмэгдүүлэх, хоёрдагч бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд анхаарах ёстойг санууллаа. Нөгөө талдаа төмс, хүнсний ногоог улаанбуудайг шиг стратегийн бүтээгдэхүүнд оруулж, урамшуулал олгох, мөн борлуулах механизмыг сайжруулж өгөх хэрэгтэйг онцолж байсан юм. Дараагийн Засгийн газар болгон үүнд анхаарал хандуулна гэдэг. Харин дорвитой өөрчлөлт ерөөс гардаггүй. Төмс, хүнсний ногооны салбараа энэ чигт нь үргэлжлүүлсээр байх уу, эсвэл аварч үлдэх үү.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.