Б.Цогтгэрэл: УБТЗ-ын даргыг санал хураалтаар шийднэ

2016.09.26 Даваа №089 (2120)

М.АЛТАНЦЭЦЭГ

 

Москва хотноо маргааш “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал болно. Энэ удаагийн хурлаар УБТЗ-ыг цаашид хэн удирдахыг шийдэх юм байна. Тус нийгэмлэгийн тал хувийг эзэмшигч Оросын төмөр зам нийгэмлэгийн тэргүүн О.Белозёров саяхан Монгол Улсад ажлын айлчлал хийсэн. Тэрээр айлчлалынхаа үеэр  "УБТЗ нийгэмлэгийг дүрмийн дагуу орос хүн удирдах ээлж болсон" гэж хэлсэн тухай мэдээлж байв. Түүний хэлсэн үг  энэ удаагийн  Ерөнхий хорооны хурлын уур амьсгал “ширүүн” болно гэсэн анхааруулга гэж ойлгож болохоор байгаа юм. 


Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын даргаар ажилласан хүмүүс бүгдээрээ монгол хүн байсан юм. Энэ нь өөрийн хүнээ томилох хүсэлтээ Монгол Улс уламжилж оросууд зөвшөөрч байсан гэсэн үг. Харин энэ удаа нийгэмлэгийн даргаар орос хүн томилох шийдвэрт хүрвэл бүх зүйлд оросын талын нөлөөлөл их болно гэсэн үг. Харин Монголын талаас томилохоор шийдвэр гаргасан тохиолдолд УБТЗ-ын даргад  Д.Загджав, Л.Халтар, Д.Жигжиднямаа нарын нэрийг дэвшүүлээд байгаа юм. Ерөнхий хорооны хуралд Монголын талыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ахалж оролцох юм байна. Түүнээс хуралтай холбоотой мэдээллийг тодруулахад “УБТЗ-ын даргыг санал хураалтаар шийднэ. Бусад асуудлын талаар ерөнхий хорооны хурлын дараа мэдээлэх боломжтой” гэлээ.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.