Б.Х.Сайтиев: Би олон шилдэг бөхөд гай тарьсан

2016.09.26 Даваа №089 (2120)

Бувайсар Хамидович Сайтиев 1975 оны гуравдугаар сарын 11-нд Дагестаны Хасавюрт тосгонд төржээ. Түүнийг “Надад яагаад Бувайсар гэдэг нэр өгсөн юм бэ” гэж асуухад нь эмээ нь “Тийм нэртэй сайн хүн байсан” гэж хариулсан аж. Бувайсар зургаан настайдаа дасгалжуулагч Исак Ирбайканов, Султан Гасимов нарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Түүнийг 13 настай байхад эцэг нь ослоор нас барж, дөрвөн хүү, хоёр охиноо ганцаараа өсгөх амаргүй ачаа эхийнх нь нуруун дээр иржээ. Гэсэн ч хэдэн хүүхдээ хүний зэрэгт хүргэж чадсан юм. Сайтиевын бөх болох төрөлхийн гоц авьяас чадвар нь багад нь тодорч, 1989 онд спортын мастер цол хүртэв. Дараа жил нь Новокузнецк хотод спортын дотуур байртай сургуульд орж, 1991 онд болсон ЗХУ-ын өсвөр үеийнхний аварга шалгаруулах сүүлчийн тэмцээнд түрүүлсэн. 1993 онд залуучуудын ЕАШТ-д түрүүлсэн нь Сайтиевын амьдралд онцгой өөрчлөлт авчирсан. Тэрээр үүнийхээ хүчинд Красноярск хотод шилжин ирж, алдарт дасгалжуулагч Дмитрий Георгиевич Миндашвилигийн шавь болсон юм. Түүний хувьд 1995 он гайхалтай жил байлаа. 20 насандаа залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д нэгэн амьсгаагаар түрүүлж, алтан дубль хийсэн. 

Ингэснээр нэр алдраа цуурайтуулж, 74 кг-ын жинд гарамгай бөх төрснийг бөмбөрцөгт тунхаглан зарласан түүхтэй. Сайтиев 1996 онд АНУ-ын Атланта хотод болсон олимпийн наадамд түрүүлэв. Ингэснээр чөлөөт бөхийн спортоос төрсөн олимпийн хамгийн залуу аварга болсон амжилт нь одоо ч оршин тогтносоор байна. Түүнчлэн олимпийн алтан медаль хүртсэн анхны чечень үндэстэн болжээ. Тэрээр 2000 онд Австралийн Сидней хотод болсон олимпийн наадамд АНУ-ын бөх Брэндон Слэйд дийлдсэнээр амжилт нь одоо ч есдүгээр байрт орсон юм. Гэхдээ тэрхүү олимпийн наадамд төрсөн дүү Адам нь алтан медаль хүртэж, Сайтиев гэдэг нэрийг олимпийн дэвжээнд дахин мандуулсан билээ. Бөхийн спортод зүтгэсэн нэг гэр бүлийн ах, дүү гурвын хоёр нь дэлхийд цуутай бөх болсон юм. Адам Сайтиев ахынхаа барилддаг 76 кг-д хүч үзэж, 1999 онд Европ, дэлхийн аварга болсон. Харин дараа жилээс 85 кг-ын жинд хүч үзэх болсон. Адам тамирчны замналаа олимпийн нэг, дэлхийн хоёр, Европын дөрвөн удаагийн алтан медалиар өндөрлүүлсэн гайхамшигт бөх. Ах, дүү Сайтиевын гарамгай амжилт нь ХХ зууны далаад оны сүүлч, наяад оны эхээр дэлхийн дэвжээг эзэгнэж ясан Анатолий болон Сергей Белоглазов хоёрыг өөрийн эрхгүй санагдуулдаг. Сидней олимпийн тааруухан амжилт нь Сайтиевийн амар заяаг үзүүлээгүй. 
Тэрээр дараахь дөрвөн жилд нь бэлтгэл сургуулилтаа уйгагүй хийсний хүчинд 2004 оны олимпод түрүүлсэн. Сайтиев олимпийн хошой аварга болсныхоо дараа “Одоо нэг бүтэн нойртой хонох нь” хэмээж байлаа. Афины олимпийн наадмын доод буюу 66 кг-ын жинд ОХУ-ын Махач Муртазалиев хүрэл хүртсэн юм. Сайтиев доод жингийнхээ дүүг өсч өндийж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх ур чадвар сууж байгааг анзаарахгүй байж чадаагүй бөгөөд түүнтэй нүүр тулж ач тач үзэлцэнэ гэдгээ сайн мэдэж байлаа. Муртазалиев 66 кг-ын жинд олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэнээс гадна ДАШТ-д нэг, ЕАШТ-д хоёр, ОХУ-ын АШТ-д гурвантаа түрүүлсэн шилдэг бөх. Сайтиев хавиргаа бэртээж 2006 оны ДАШТ-д оролцож чадаагүй. Мөн дараа жил нь хөлбөмбөг тоглож байгаад нуруугаа гэмтээснээр хэвтэрт хагас жил болсон. Энэ зуур Муртазалиев 2007 онд жин өгсч, 74 кг-д өрсөлдөх болов. Тэр жил будаг нь ханхалсан аварга Муртазалиев Сайтивыг ялж, ОХУ-ын аварга болсон юм. Тэд 2008 оны нэгдүгээр сард Красноярск хотод болсон Иван Ярыгины нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнд дахин таарахад Муртазалиев ялсан юм. Ид гялалзаж байсан Муртазалиев цаашлаад Финландийн Тампере хотод болсон ЕАШТ-д түрүүлэх нь тэр. Улмаар Сайтиев дөрөв дэх олимпийн наадамдаа оролцох боломж маш бага болов. Тэрээр олимпийн наадмын өмнөхөн дасгалжуулагчаа сольж, Салим Ноцалхановын удирдлага дор бэлтгэлээ хийх болсон юм. Ноцалханов бол Дагестаны домог болсон дасгалжуулагч. 1977 оны ЗХУ-ын өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээнд түүний таван шавь алтан медаль хүртсэн түүхтэй. Гэхдээ Сайтиев өөрийгөө Миндишвилигийн шавь байхдаа маш их амжилт гаргасаа хэзээ ч мартдаггүй. Тэгээд ч Ноцалханов түүний анхны багшийнх нь багш байсан. 
Тэр хоёрын хамтын ажиллагаа богино хугацаанд амжилтад хүрч, Сайтиев хоёр сарын дараа болсон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд өөрөөсөө есөн насаар дүү Муртазалиевийг ялж түрүүлсэн билээ. Ингэснээр дөрөв дэх олимпийн наадамдаа оролцох эрхтэй болсон юм. Санкт-Петербургт байгуулсан чухал ялалтын дараа дасгалжуулагч, тамирчин хоёр олимп хүртэл маш эрчимтэй бэлтгэл хийв. Сайтиев ч өөрийгөө ясны тамирчин болохоо баталж, 2008 оны Бээжингийн олимпийн наадамд аваргалсан билээ. Хүн төрлөхтөний спортын их наадмаас гурав дахь алтан медалиа зүүснийхээ дарааа сонинд ярилцлага өгөхдөө “Би дөрвөн жилийн өмнө Атлантад илүү хурдтай тэсрэлттэй барилдаж байсан. Харин Бээжингийн олимпийн наадмын өмнөх шиг бие бялдарын бэлтгэлийг сайтар хийсэн удаа үгүй. Гэхдээ биеийн бэлтгэл маш чухал гэсэн бодол толгойд орсон болохоор хийсэн” хэмээн ярьсан юм. Тэрээр 2009 оны тавдугаар сард зодог тайлж, ОХУ-ын шигшээ багийн ахлагчийн үүргээ хүлээлгэн өгөх үедээ “Би чөлөөт бөхийн спортод 20 гаруй жил хүчин зүтгэж, олон оргилыг байлдан дагууллаа. Надад дөрвөн удаагийн олимпийн аварга болж дээд амжилт тогтоох боломж байсан. Гэвч би чадаагүй, үүнд гомдох зүйл байхгүй. Өөр олон залууг алдрын оргилд хүрэхэд нь саад болмооргүй байна. Би үнэндээ олон сайхан бөхөд “гай” болж байсан шүү. Одоо үлдсэн амьдралаа гэр бүлдээ, охин, гурван хүүдээ зориулмаар байна. Байнга бэлтгэл хийж, тэмцээнд  оролцож, онгоцоор нисэх нь байтугай ингэж бодох ч хэцүү байна. Би зодог тайлж байгаа ч их спортоос явахгүй. Дасгалжуулагч болж, залуучуудыг өндөрлөгт хүрэхэд нь туршлагаараа тусламаар байна” гэж хэвлэлд ярилцлага өгчээ. Сайтиев олимпийн наадмаас гурван алтан медаль хүртсэнээс гадна ДАШТ-д тав, ЕАШТ-д зургаа, ОХУ-ын АШТ-д тав, Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд долоон удаа түрүүлж, 1995-1999 онд ганц ч ялагдал хүлээгүй. Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Сайтиевыг 1996, 1997, 1998, 2003, 2005 оны шилдэг тамирчнаар тодруулж, 2007 онд “Чөлөөт бөхийн түүхэн дэх шилдэг бөх” төрөлд шалгаруулж “Алтан өмсгөл” шагнал хүртээсэн юм. Монголын Үндэсний олимпийн хорооны дэлхийн шилдэг тамирчинд олгодог “Чингис цом” шагналыхааа хоёр дахийг нь түүнд 2009 онд хүртээсэн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Биеийн тамир, спортын зөвлөлийн гишүүн, домогт бөх Сайтиев зодог тайлсны дараа Красноярск хотод байрлах Д.Миндишвилигий бөхийн академид ажиллаж шилдэг залуу бөхчүүдийг бэлтгэх үйлст арвин баялаг туршлагаа зориулж байна. Тэрээр 2010 онд Красноярск хотын хүндэт иргэн болсон билээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.