Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймагт ажиллалаа

2016.09.23 Баасан №088 (2119)

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажиллаж байна. Тэрээр Хэнтий аймагт очсон даруйдаа иргэдтэй уулзаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад  хариуллаа. МАН-ын сон­гуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалт Засгийн газрын бодлогод 100 хувь туссан гэдгийг тэрээр хэллээ. “Энэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр боловсруулж, хэрэг­жүү­лэх арга зам, хүрэх үр дүнгээ тодорхойлсноороо өмнөх Засгийн газруудаас онцлогтой. 12-18 сарын дотор одоогийн хүндрэлийг зогсоож эдийн засгаа тогтворжуулах, улмаар хөгжүүлэх чиглэлээр тууштай ажил­лана” гэлээ. “Эхний ээлжинд их хөрөнгө мөнгө шаардахгүй ч ашгаа өгөх боломжтой салбаруудаа  дэмжих чиглэл барина.  Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг  энэ дөрвөн жилд Засгийн газар  хөгжүүлнэ” гэж Ерөнхий сайд хэллээ. Манай улс үйлдвэрлэгч орон биш учир гаднынхны тавьдаг шаардлага, чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүн, тухайлбал, эхний ээлжинд сайтар боловсруулсан арьс шир,  мах, сүү, хүнсний ногоо зэргээ нийлүүлэх боломжтой. Иймээс ирэх хавраас аймаг, орон нутагт үйлдвэржилтийн бодлогоо хэрэгжүүлж эхэлнэ. Гэхдээ олон туулай хөөж  хоосон хоцрохын оронд  яам бүр хоёроос гурван л үйлдвэр байгуулах төслөө Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэл­цүүлэхийг үүрэг болгосноо Ерөнхий сайд дурдав. Хөрөнгө мөнгө хүнд байгаа ч хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь энэ сараас олгож, үлдсэн 40 хувьд ногдох мөнгийг эдийн засаг сэргэсэн үед нөхөн олгохоор Засгийн газрын хуралдаанаараа шийдвэрлэснийг иргэд талархан хүлээж авлаа. Мөн “Насны хишиг” тэтгэвэр, бондын хүүгийн эргэн төлөлт, Эрүүгийн тухай хууль зэргийн талаар Ерөнхий сайдыг дагалдан яваа албаны хүмүүсээс тодруулж хариулт авлаа.
Тус аймагт эрчим хүчний дэд станц барихад шаардлагатай 350 сая төгрөгийн асуудлыг шийдчихвэл нэгдүгээр арван жилийн сургууль хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн байгаа юм байна. Ерөнхий сайд уг санхүүжилтийг шийдэхээ амлалаа. Иргэд бэлчээрийн талбайг усжуулах, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ариутгалын бодис зэргээр иж бүрэн хангах, Хэнтий, Улаанбаатар хотыг холбосон хатуу хучилттай замын их хэмжээний эвдрэлтэй хэсэг газрыг засварлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, театр болон эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтээ Ерөнхий  сайдад уламжиллаа.
Ерөнхий сайд өчигдөр Хэнтий аймагт ажилласныхаа дараа Дорнод аймагт хүрэлцэн очиж “Дорнод бү­сийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажил, “1000 айлын орон сууц”-ны инженерийн шугам сүлжээний ажлын явц зэрэгтэй танилцаж иргэдтэй уулзалт хийлээ. Өнөөдөр “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайгаар орж, “Алтай групп” тэжээлийн үйлдвэрийн нээлтэд оролцон Халх гол сумын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.