Б.Гантөмөр: Халаалт, цахилгаан, цэвэрлэх байгууламжийг удирдах программыг бид зохиосон

2016.09.23 Баасан №088 (2119)

Монгол залуус ухаалаг удирдлага, хяналтын программыг зохион түүнийгээ зах зээлд борлуулж эхэлжээ. Гэр болон албан тасалгаа, зуслангийн байшингийнхаа халаалтын тохиргоор компьютерээр хянаж, мэссэжээр команд өгөх, авто машины байршлыг мөн компьютерээр хянах боломжтой программууд монгол инженерүүдийн ухаанаар бүтсэн байна. Энэ талаар “Электрик смарт мониторинг” ХК-ийг үүсгэн байгуулагч Б.Гантөмөртэй ярилцлаа.
-Ийм ухаалаг хяналт, удирдлагын программ Мон­голд нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн. Та нарын бүтээсэн программ юугаараа онцлог вэ?
-Монгол үйлдвэрлэгч орон биш болохоор ийм элект­роникийн бүтээл хийхдээ чийп, модул гэх мэтийг нь гадаадаас авдаг. Харин монгол инженерүүд бид программыг нь бичээд бүтээгдэхүүн бол­гож гаргаж байгаа юм. Бидний зохиосон программууд бол халаалтын удирдлагад зориул­сан мессэжний алсын зайн удирд­лага байна. Мөн GPS-ээр байршил тогтоогч программ бий. Энэ бол google map дээр бүх байрлалыг харуулна. Тэр байтугай хаагуур явсан түүхийг нь ч харуулдаг. 
-Мессэж бичээд л байр­лалыг нь олчихдог гэсэн байх аа?
-Тийм манайх хоёр төрлийн GPS удирдлагын программ хийж байгаа. Нэг нь мессэжний GPS. Энэ прогаммыг машиндаа суурилуулчихсан байхад ма­шиныг нь өөр хүн унаад явлаа гэхэд хаана байгааг нь мэдэхийн тулд тодорхой ко­манд бичиж явуулаад л байр­лалыг нь мэдчихнэ. Шууд л google map дээрээс хараад хя­нана. Бүр тодорхой түүх харъя гэвэл тухайн машин  хэдэн км/цаг хурдтай явсныг ч мэ­дэж болно. Мессэжний ийм удирд­лага ашиглан мөн ха­лаалтад зориулсан программ зохиосон. Энэ бол халаалтаа зай­наас удирдана гэсэн үг. Ямар температурт ажиллах вэ гэдгээ зайнаас тохируулна. Орон гэр, өрөө тасалгааныхаа халаалт ямар хэмтэй байгааг мессэжээр авчихна.
-Мессэжээр команд явуулж, хариуг нь авна гэхээр үүрэн телефон ашиглана гэсэн үг үү?
-Тийм. “Мобиком”, “Юнител”, “Скайтел” зэрэг үүрэн телефоны утасны сим картыг ашиглана. 
-Өвлийн цагт орон сууцны төвлөрсөн халаалт, дулаан, цахилгаан зэргийг мөн удирдах боломжтой юу?
-Манай компанийн бүтээг­дэхүүн  болох  микроконт­роллерт суурилсан ухаалаг төхөө­рөм­жүүд болон үйлд­вэрийн авто­матжуулалт, компью­­терийн  хя­налтын программ хан­гам­­жуудыг цэ­вэрлэх бай­гуу­ламжийн удирд­лага, орон  сууц­ны хүйтэн халуун ус бо­лон түгээх байгууламжийн хя­налт, удирдлагад ашиглах боломж­той. Мөн цахилгааны тасралтгүй тэжээлийн хяналт удирдлагын программ ч бий. Ийм программ банк зэрэг байн­­гын үйл ажиллагаатай, ца­хил­гаан тасралтгүй ашиглах шаард­лагатай газруудад их чухал.  
Эдгээр программууд бүгд windows application дээр суурилсан. Өөрөөр хэлбэл компь­ютерийн windows7, windows8, windows10 программууд дээр ажилладаг, монголчууд бид өөрсдөө хийсэн программ байгаа юм. Ихэнх үйлдвэр, цех зэрэг газарт гаднаас оруулж ирсэн хяналт тавьсан байдаг. Софт вайр талаас нь ярихад  гаднынхан ийм бьюлдер программыг бол хийчихсэн л дээ. Тэрийг нь монгол инженерүүд модул зэргийг нь нэмж оруулаад хайбрид буюу монгол, гадаад нийлсэн хоёрдмол программ болгодог. Харин манайх бол цэвэр монгол программчлалтай. Компьютерийн хөгжил хурдас­сан өнөө үед компьютер дээр C sharp зэрэг бьюлдерүүд байдаг. Тэрийг доод төвшнөөс нь яг цэврээр, наад төвшнөөс харагдах байдлаар бүгдийг нь монголчууд өөрсдөө хийдэг гэсэн үг. 
-Эдгээр программууд зах зээл дээр хэр эрэлттэй байдаг юм бол. Эдийн засгийн хувьд хэр үр өгөөжтэй вэ?
-Нэлээд эрэлттэй. Орон сууцны конторуудын дис­пет­черүүд ашиглахад тохи­ромжтой. Жишээ нь, дулаан түгээхээс орон сууцнуудад ирж байгаа халуун усны өгөх, буцах температур дээр тохируулгатай хаалт тавиад компьютероор хянаж болно. Одоо бол диспетчерүүд бүгдийг гараараа, өөрийн мэдрэмжээрээ л механикаар хийдэг. Зарим нь л хагас автомат байдаг. Тэрийг хөнгөвчлөхийн тулд компьютерт оруулаад тохиргоо хийчихнэ. Тэгээд хэдэн команд өгөөд л тохируулаад байна. Өвлийн горим, хавар, намрын горимд оруулах гэх мэт команд өгдөг ч юм уу. Миний хийсэн программ хангамжийг хэд хэдэн компани суурилуулсан. Ашигтай нь батлагдсан. Ха­рин нэг дутагдалтай юм байдаг. Тэр нь ажиллаж байгаа диспетчерүүд компьютер дээр ажиллаж чаддаггүй, мэдлэг нь хүрдэггүй учир программаа ашиглаж чаддаггүй. Тиймээс компьютерээ унтраачихаад сур­сан зангаараа гараараа очиж барьж үзэж, халуун хүйтнээ тохируулаад байдаг. Цахилгааны хяналт удирдлагын программ ч дулааныхтай адил. 
-Хот суурин газрын бохир усыг цэвэршүүлэх байгууламжийн хяналтын удирдлагын программ тун сонир­холтой санагдлаа. Цэ­вэр­лэх байгууламжид тавьж туршиж үзсэн үү?
-“Набсан” гэж компани Налайхын Городок дээр тендерт шалгарч ажил аваад бид программ хангамжийг нь хийсэн. Хот суурин газрын цэвэршүүлэх байгууламжийн хяналт удирдлагын программыг Городокт суурилуулсан. Улаан­баатар хотын цэвэршүүлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болоод байгаа. Энэ цэвэрлэх байгууламжийг ч компьютероор удирдаж болно. Городокт ба­га хүчин чадалтай цэвэрлэх бай­гууламжийг манай зохиосон программаар удирдаж байгаа. Цэвэршүүлэх байгууламжийн үйлдвэрийн бүх процессыг удирдана. Жишээ нь, эхлээд том хог хаягдлыг, дараа нь лаг элсийг ялгана гэх мэтээр. Хамгийн сүүлд нь биологийн аргаар цэвэршүүлээд дахин хлоржуулах гэх мэт бүх үйл явц автомат удирдлагаар явна.  
-Яг ийм программуудыг монгол инженерүүд өмнө нь зохиож байгаагүй  юу?
-Яг дангаараа хийснийг би л лав хараагүй. Хосолсон конт­­роллер удирдлагатай PLC төхөөрөмжүүд бол бий. Дэлхийн олон брэндийн төрөл бүрийн контроллерууд байдаг. Тэднийг шууд тоног төхөөрмж, удирдлагатай нь оруулж ирдэг. Түүнээс биш өөрсдөө удирдах программ хангамж хийх гэдэггүй. Ингэж гаднын юмыг авахын дутагдалтай тал нь программын лиценз нь үнэтэй байдаг. 
-Танай программыг авахад ямар үнэтэй вэ?
-GPS программ 250-300 мянгад суурилуулж өгнө. Ийм л дундаж үнэтэй.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.