Ж.Сандагсүрэн: Сонгинохайрхан дүүргийн асуудал төрийн бодлогод тусах ёстой

2016.09.23 Баасан №088 (2119)

- “Сонгинохайрхан хөгжлийн форум” өнөөдөр болно -

Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд санаачлан “Сонгинохайрхан хөгжлийн форум” нэртэй уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. “Өнөөдөр шийдэж, ирээдүйд хөгжицгөөе” уриатай энэхүү эдийн засгийн форумын талаар  Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.

-Дүүргийн эдийн засгийн форум өмнө нь зохион байгуулж байгаагүй санагдах юм. Танай дүүрэг яагаад хөгжлийн форум зохион байгуулах болов?
-Манай дүүргийн хувьд энэ фо­румыг зохион байгуулахаас арга­гүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл нийгмийн захиалгаар хийж байгаа гэж болно. Сонгинохайрхан дүүрэг хөгжлийн хувьд жилээс жилд хоцрогдож байна. Одоогийн энэ байдлыг өөрчлөхгүй л бол болохгүй нь гэдгийг цаг хугацаа харуулаад өгчихлөө. Сонгинохайрхан дүүрэгт 300 мянга гаруй Монгол Улсын иргэн амьдарч байгаа. Тэдний эрүүл мэнд, боловсрол, сурах орчны асуудал үнэхээр хүнд байна шүү дээ.  
-Тухайлбал ямар хүндрэл байна вэ?
-Цахилгаангүй 6000 айл байна. 
-Бүр алслагдсан хорооны иргэд л цахил­гаангүй байгаа байлгүй дээ?
-Үгүй. Хороо бүрт цахилгаанд хол­­богдож чадаагүй өрх бай­даг. Дээр нь гурван ээлжээр хичээл­лэдэг нийт сурагчдын 60 хувь нь Сон­гино­хайр­ханд байна. Гурван ээлжээр хи­чээллэнэ гэдэг хүүхдүүд хи­чээ­лийн бус цагаар өөрийгөө хөг­жүү­лэх ямар ч боломжгүй болгож байгаа юм. Эрүүл амьдрах баталгаа, гудамжны гэрэл­­түүл­гээс эхлээд аюулгүй орчин алдагд­сан. Эрүүл аюулгүй байдлын индекс гэж гаргадаг. Энэ индексээр Сонгинохайрхан дүүрэг сүүл мушгиж яваа. Эрүүл мэндийн салбарт нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэм­жээ гэхэд манайх зарим дүүргээс 30 дахин бага байна. Өөр дүүрэгт нэг иргэнд 30 мянган төгрөг ногдож бай­хад манайд 1000 төгрөг байна гэсэн үг. Арай хэтэрхий зөрүүтэй байгаа биз. 
-Танай дүүрэг ганцаараа нийс­лэлээс татаас авдаг. Энэ байдлыг өөрчилье гэж байгаа хэрэг үү?
-Сүүлийн арав гаруй, бараг 20 жил Сонгинохайрхан дүүрэг эдийн засгийн хувьд өөрөө өөрийгөө тэтгэж явна гэсэн зорилго тавьж ажиллаж байсан. Өөрөө мөнгөө олдог, түү­нийгээ өөрөө зарцуулна гэсэн санаа л даа. Гэхдээ энэ нь боломжгүй гэдгийг цаг хугацаа харуулчихлаа. Дүүрэг өөрөө мөнгөө олдог болохын тулд ху­гацаа хэрэгтэй. Үүний өмнө бусад дүүрэгтэй ижил төвшинд очиж нэг гараанаас хөдлөх боломжийг төрийн бодлогоор зохицуулах шаардлагатай. 
-Тэгээд яах гэж. Сонгино­хайрхан дүүрэг хамгийн их хүн амтай уч­раас хоёр дүүрэг болгон хуваая гэ­сэн санаа ч гарч байгаа. Хэрвээ жи­жиг­­лээд хуваачихвал хөгжих бо­ломж байгаа юу?
-Дүүргийг шинэчилж хувааж болно. Гэхдээ энэ тийм сайн арга биш. Маш их хөдөлгөөн орно. Харин бид богино хугацаанд татварын шударга хуваарилалт хийгээч гэж хүсч байгаа юм. Ер нь дүүргүүд ну­таг дэвсгэр дээрээ байрлаж байгаа аж ажуйн нэгж, төрийн байгууллагын тат­вараар төсвөө бүрдүүлдэг. Хан-Уул дүүрэгт гэхэд Гадаадын иргэн харьяатын газар татварын ихэнхийг бүрдүүлдэг. Чингэлтэй дүүрэгт шүүх, цагдаагийн байгууллагууд, Баянгол худалдаа үйлчилгээнээсээ төсвөө бүр­дүүлж байна. Сонгинохайрханд аж ахуйн нэгж цөөн байрладагт дүүр­гийн 300 гаруй мянган иргэн маань буруугүй. Тиймээс л аж ахуйн нэгжийн тоогоор биш, амьдарч буй хү­ний тоонд тохирсон татварын шу­дарга хуваарилалтыг 3-4 жил явуу­лаад өгөөч. Үүний дараа бид бу­сад дүүрэгтэй ижил гараанд очсоны да­раа шинэ боломжууд гараад ирнэ. Улаан­­баатарт амьдарч байгаа хэн ч ижил нөхцөл боломжид амьдрах ёстой. 
-Татварын шударга хуваа­ри­лалт гэж та юу хэлээд байгаагаа тайл­барлаж өгнө үү? 
-Дүүргүүд татвар хураах хэм­жээгээр төсөв нь өөр байгаа. Тиймээс татварын улс хурааж аваад, буцаагаад дүүргүүдэд хуваарилах зарчим юм. Тараахдаа орон нутаг ямар чад­вартайг харгалзан үзэх хэрэгтэй. Түүнээс биш Сонгинохайрхан дүүрэг ийм байдлаар хөгжих аргагүй.
-Та бүхэн дүүргийн эдийн зас­гийн форумаа яагаад Төрийн ордонд хийх болов?
-Бид энэ асуудлыг дүүрэгтээ зөн­дөө ярьчихсан. Тэгээд ч Сонгино­хайрхан дүүргийн асуудал зөвхөн дүүргийн биш Монгол Улсын 300 мянган иргэний, төрийн бодлогоор шийдэх асуудал юм шүү гэдгийг харуулах гэж Төрийн ордонд зохион байгуулж байгаа юм.  
-Форумд ямар хүмүүс оролцох вэ. Ямар үр дүн гарна гэж хүлээж байна вэ? 
-Форумын үеэр энэ асуудлаа ир­гэддээ ойлгуулъя. Зорилгоо нэгт­гэе гэж зорьж байгаа. Арга хэм­жээнд нийс­­лэлийн удирдлага, УИХ-ын ги­­шүүд, гадаадын донор бай­гуул­лагын төлөөлөгчид, дүүргийн иргэд гээд 600 орчим хүн оролцоно. Ер нь бол дүүр­гийн иргэдтэйгээ хөгжлийн асууд­лаа хэлэлцэнэ гэсэн үг. Ирэх жил дүүргийн маань 25 жилийн ой бол­но. Дүүргээ хөгжүүлэхийн төлөө бүгдээ­рээ зүтгэе гэж энэ дашрамд хэлье. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.