Монгол “Ромео Жульетта” 50 нас хүрлээ

2016.09.23 Баасан №088 (2119)

Хүн төрөлхтөний суут хүмүүн, Английн жүжгийн алдарт зохиолч У.Шекспирийн мэндэлсний 450 жилийн ойд болон УДЭТ-ын 85 жилийн ойд зориулсан тус театрын уран бүтээлчид “Ромео Жульетта” жүжгийг өнөөдрөөс эхлэн гурван өдөр дараалан тоглох гэж байна. УДЭТ-ын тайзнаа төрийн шагналт Н.Наранбаатарын найруулгаар тавигдсанаасаа “Ромео Жульетта” жүжгийг хойш нийт 67 удаагийн  тоглолтоор 31500 үзэгчид хүргээд байгаа ажээ. 
“Гэгээн муза-2016” олон улсын наадмаас шилдгийн шилдэг шаг­налыг хүртсэн “Ромео, Жульетта” жүжиг есдүгээр сарын 11-18-ны хооронд ОХУ-ын Буриадын Улан-Үд хотноо болсон “Алтан Сэргэ” олон улсын театрын наадамд оролцон, хэд хэдэн номинацид тэргүүлсэн юм. Тухайлбал, гавьяат жүжигчин Ж.Оюундарь  өрлөг эхийн дүрээр шилдэг эмэгтэй туслах дүр, жүжгийн Меркуциогийн дүрээр жүжигчин Э.Тодгэрэл шилдэг эрэгтэй гол дүр, мөн шилдэг хөгжмийн зохиол но­минацид хөгжмийн зохиолч Б.Чинбат нар шалгаран “Алтан сэргэ”-ийн эзэд болсон байна. Мөн Ромеогийн дүрд тоглосон УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн юм.
У.Шекспирийн жүжгүүдээс дэлхийн өнцөг булан бүрт хамгийн олон удаа тавигдсан хоёр жүжгийн нэг нь “Ромео Жульетта” билээ. Чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар анх тавигдсан түүхтэй. Анхны Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тогложээ. Түүнээс 30 жилийн дараа 1996 онд урлагийн гавьяат зүт­гэл­тэн Ч.Найдандоржийн най­руул­­гаар дахин үзэгчдийн хүр­тээл болж байжээ. Тухайн үед Ромеод жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтан­багана, Жульеттад жүжигчин И.Одон­чимэг, Г.Урнаа нар тоглож байсан юм. Гуравдахь удаагийн “Ромео Жульетта” төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулгаар, цоо шинэ өнгө аяс, дэглэлтээр олны хүр­тээл болоод байгаа билээ. Энэ удаад Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэ­баяр, Жульеттын дүрийг жү­жигчин О.Дөлгөөн нар бүтээсэн юм.  
Ийнхүү 400  гаруй жилийн өмнө зохиогдсон алдарт “Ромео Жульетта” Монголын тайзнаа хагас зуун жил амьдарч байна.      


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.