Ч.Отгочулуу: ТУЗ-ийн шинэ гишүүд Дубайн гэрээний хэрэгжилтийг анхаараасай

2016.09.23 Баасан №088 (2119)

"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуутай ярилцлаа. 

-Тантай өмнө нь ярилцлага хийхэд, төрийн өмчит компани, тэр дундаа "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэс Оюутолгой", "Эрдэнэс Монгол" компанийн удирдлагуудыг халж, солилгүй тогтвортой ажиллуулах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэтэл тэрнээс сар гаруйхны дараа дээрх компаниудын удирдлага болон ТУЗ-ийн гишүүдийг чөлөөллөө. Ямар шалтгаанаар чөлөөлсөн гэж дүгнэж байна вэ?
-"Эрдэнэс Монгол" болон харьяанд нь байдаг төрийн өмчит компаниудын удирдлагыг чөлөөлөх, томилох асуудал нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд буцаж очсон. Өмнө нь бол Компанийн тухай хуулиа мөрдөөд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд аль болох хараат бус, хөндлөнгийн, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах нь зөв гэсэн зарчмыг хэрэгжүүлж эхлүүлээд байсан. Харамсалтай нь эргээд төрийн захиргааны албан хаагчид ТУЗ-д ордог бүтэц рүүгээ шилжиж байх шиг байна. Уг нь аливаа том компанийн засаглалыг сайжруулахын тулд дор хаяж таван жилийн тууштай хөдөлмөр хэрэгтэй байдаг. "Эрдэнэс Монгол" компани Стратегийн шинэчлэлийн хөтөлбөр эхлүүлж байсан боловч одоо харин үргэлжлэх эсэх нь тодорхойгүй боллоо. Манай улсад улс төрийн, сонгуулийн мөчлөг дөрөв, дөрвөн жилийн хугацаатай байдаг. Энэ мөчлөг нь уул уурхайн мөчлөг болон зах зээлийн мөчлөгтэйгөө зөрчилдөөд эхлэх юм бол аль аль талдаа сайн зүйл авчирдаггүй. Уул уурхайгаа хэт бужигнуулснаас болж улс төрд эргээд сөрөг нөлөө үзүүлдэг. Хэт улстөржөөд ирэхээрээ эргээд уул уурхайн төсөлд ч гэсэн муу нөлөөтэй. Ийм л чөтгөрийн тойрогт орчихоод байна. Гадагшаа харьцаж байгаа том төслүүдийн удирдлага, засаглалыг уг нь тогтвортой байлгасан бол хэрэгтэй байлаа. Гэхдээ ардчилсан улсад хуулийн дагуу эрх барьж байгаа улс төрийн хүчин бодлогоо тодорхойлоод, хүмүүсээ томилоод хэрэгжүүлээд явах нь зөв гэж үзсэн байх л даа. Өөрөөр хэлбэл ямар хүнээр, ямар багаар бодлогоо хэрэгжүүлээд явах нь тухайн Засгийн газрын сонголтын асуудал. Тийм учраас миний хувьд хүндэтгэлтэй хандаж байна.   
Харин гадаадын зарим хэвлэлээр "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийг чөлөөлөх шийдвэрийн тухай мэдээлэл гарсан байна билээ. Нөгөө л сонгуулийн дараа болдог савалгаа нь эхэлж байна гэдэг байдлаар хүлээж авсан байна. 
-Таны хэлснээр гаднын хэвлэлүүд дээрх асуудлыг нэлээд нухацтай авч үзэж байгаа юм байна. Дагаад хөрөнгө оруулагчид мэдээж анхаарч байгаа. Тэд ямар дүгнэлт хийж байгаа бол?
-Хөрөнгө оруулагчдын өмнөөс шууд дүгнэлт хэлмээргүй байна. Ер нь хөрөнгө оруулагчдын хандлагыг ажиглаж байхад тэдний хувьд тогтвортой байдал маш чухал. Энгийнээр хэлэхэд нэг хүн, нэг баг, нэг институттэй харьцах харилцаа нь тогтвортой байх гэсэн үг. 
Оюутолгойн хувьд мэдээж энэ бол хувь нийлүүлэгчийн дотоодын асуудал. Нэгэнт Монголын тал эрх мэдлийнхээ хүрээнд сонголтоо хийж байгаа учраас хөрөнгө оруулагчид дуртай, дургүй байхаасаа үл хамаараад гаргасан шийдвэрийг нь хүндэтгээд явах байх. Харин гадаад зах зээл дээр сайнаар тусч байгаа гэдэгт би эргэлзэж байна. Ерөнхий зах зээлд сайны дохио болж чадахгүй. 
-Төрийн өмчит компаниудын болон Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд солигдоход ямар үр дүн авчрах бол гэдэгт ТУЗ-ийн гишүүнээр багагүй хугацаанд ажилласан хүний хувьд та хамгийн бодитой дүгнэлт хэлэх байх. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солих нь цаг хугацааны хувьд хэр оновчтой шийдвэр байсан бэ?
-Оюутолгойн хувьд гол гол шийдвэрүүдээ гаргачихсан.  "Рио Тинто"-гоос ч тэр, за тэгээд манайхаас ч тэр аль аль талдаа асуудал тавиад, маргах зүйл бишгүй байсан. Харь элгийн хоёр том байгууллагууд битгий хэл, ах дүү нар нийлээд хамтарч бизнес хийхэд хооронд нь асуудал үүсч л байдаг. Гэрээний хэрэгжилт, зардлын хэтрэлт, татвар төлбөр гэх зэргээр 2-3 жилийн хугацаанд сууж, ярилцсаны үр дүнд гол шийдэл дээрээ хүрч, тохиролцсон. Тийм учраас "Оюутолгой" төслийн хувьд гадаад зах зээлийн эрсдэлийг эс тооцвол нэг их хүндрэл гарахгүй байх. Гэхдээ эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед "Оюутолгой", "Тавантолгой", "Гацуурт" зэрэг төслүүдийн сайн, муу, хаана нь ямар хүндрэл гарч байсан зэрэг бүх асуудлыг нь судлаад, хамгийн хүнд үеийг нь туулаад гараад ирсэн хүмүүс бүгд солигдох нь л дээ. Ийм үед цаг алдах хүндрэл гарч магадгүй. Яагаад гэвэл, шинэ хүмүүс ажилтайгаа танилцана, зоригтой шийдвэр гаргахаасаа эмээнэ, сүрдэнэ. Амаргүй шүү дээ. Тэгээд алдаж болохгүй цаг хугацаа урсч өгнө.  Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол төрийг ямар улс төрийн хүчин авч явах нь сонгуулиар аль хэдийнэ тодорхой болчихлоо. Гэхдээ төрийн залгамж чанараа хадгалаад, өмнөх Засгийн газар алдсан бол сургамж аваад, оносон бол түүнийг нь үргэлжлүүлээд явах юм бол ард түмэндээ ч тэр, гадаад зах зээлд ч тэр мэргэжлийн харагдах байх л даа. Харин өнгөрсөн бүх зүйлээ муулаад, харлуулаад явах вий гэдгээс болгоомжилж байна. Гаднынхан ч тэр, манай залуу үе ч тэр үүнийг ойлгохгүй, бас хүлээн зөвшөөрөхгүй л болов уу даа. Гадаад зах зээл бол Монголын төрийн бодлого л гэж харна. Жишээ авъя л даа, Сангийн сайдын мэдэгдэл, Монголбанкны ерөнхийлөгчийн шуугиант мэдэгдэл гэх зэрэг байна. 
Мэргэжлийн, маш сайн эмч өвчтөндөө онош тавиад, тэгээд эм бичиж өгдөг. Эмнээс үүсэх сөрөг нөлөөг хэзээ ч хэтрүүлж, сүр бадруулж хэлж болдоггүй. Ингэх юм бол өвчтөнөө сэтгэл санаагаар алаад хаядаг. Үүнтэй адилаар мэргэжлийн бус гэж хэлмээр тус мэдэгдлүүд нь эдийн засагт сөргөөр нөлөөллөө. Ам.долларын ханш огцом хүчтэй саваллаа. Иргэд хэрэглээгээ танав. Банкны хадгаламж өсөв. Ингэснээр эдийн засгийг мөнгөөр тэтгэж байдаг судаснууд хатингаршиж үгүй болов. Дээр нь иргэд, зах зээл хоёрын хоорондын итгэлцэл дээр тогтож байсан "Сайн" хөтөлбөрүүдийг огцом зогсоолоо. Өвчтөнийхөө хамаг цусан хангамжийг зогсоож байгаад эмчлэх гээд байгааг би ойлгохгүй байгаа юм. Том төслүүдээ хөдөлгөх, урагшлуулах хэрэгтэй байна гэж бүгд ярьж байна. Тэр том төслүүд нь тэгвэл дангаар ургадаг мод биш. Ургаж, бойжиж, томроход хөрс суурь нь маш сайн байх ёстой. Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр, төрийн бодлого нь тогтвортой, ойлгомжтой байх ёстой. Эдийн засгийн орчин эрүүл, тунгалаг байх хэрэгтэй. Мөн Монголын эдийн засгийг зохицуулж байгаа гол байгууллагууд нь мэргэжлийн байж, хэлсэн үг бүр нь хариуцлагатай байх ёстой.
Юу хэлэх гээд байна гэхээр, том төслүүд дээр яг үүнтэй адилхан зүйл битгий болоосой гэж бодож байна. Том төсөл бол том төсөл. Тэртээ тэргүй улс төрөөс маш их хараат байгаа. Дээр нь Монголын эдийн засгийн гол түүчээ болж байна. 
-Шинээр томилогдсон Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд мэргэжлийн байж чадах болов уу?
-Албан ёсоор зарлаагүй байгаа учраас Оюутолгойн ТУЗ-ийн шинэ гишүүдийн талаар дүгнэлт хэлж чадахгүй. Гэхдээ мэргэжлийн байгаасай гэж хүсч байна. Энэ дашрамд хэлэхэд, Да.Ганболд захирал, Б.Бямбасайхан захирал хоёртой хамтран нэг баг болж ажилласандаа их баяртай байгаа. Үнэхээр хөдөлмөрч, ажлын төлөө сэтгэлтэй, бизнесийн өндөр мэдлэгтэй хүмүүс. Их олон талаас нь бодож, тунгаах, олон түвэгтэй бодлогын хариу олох шаардлагатай том ажлын ард хамтдаа гарсан даа. Асар өндөр үнэтэй зөвлөхүүдийн эсрэг бид хэд чинь инженер, санхүүч, хуульч, бүр орчуулагч хүртэл болж үзнэ шүү дээ. Хааяа энгийн нэг үгийг өөр утгаар нь хөрвүүлснээс болж үүссэн асар том үр дагаврын араас засаж залруулах ажил ч хийдэг л байлаа. 
-Чөлөөлөгдөж байгаа ТУЗ-ийнхөн шинээр томилогдож байгаа удирдлагууд, ТУЗ-д ямар Оюутолгойг хүлээлгэн өгч байгаа вэ?
-Монголд сүүлийн 30, 40 жилийн хугацаанд хийгдээгүй том бүтээн байгуулалт бол Оюутолгой. Сүүлийн хэдэн жил бүгд л өөр өөрийн өвөрмөц онцлогтой, чухал онууд байсан. Үйлдвэрлэлээ зүгшрүүлээд, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлсэн. Дээр нь хоёр, гурван сонгууль дамжиж асар их улстөржсөн, маш их хардлага, сэрдлэгтэй байсан учир олон нийттэй зөв харьцах, олны дэмжлэгийг авах, нөгөө талдаа үндэстэн дамнасан том корпорацийн төлөөлөгчидтэй хэрэлдэх үедээ хэрэлдээд, хэлэлцэх үедээ хэлэлцээд л. Гэхдээ гол нь бизнес бол итгэлцэл гэдэг суурь зарчмаасаа хэзээ ч гажихгүй байхыг хичээдэг байсан. Баялгийн ихэнх нь байдаг гүний уурхай цаашид явах эсэх нь тодорхойгүй байдалтай байсан юм. Энэ гацааг арилгаж чадсан.Одоо гүний уурхайд ажиллах ажилчдаа олноор нь  аваад эхэлчихсэн. Ер нь өнөөдөр Оюутолгойд ажиллаж байгаа хүмүүс урам зориг дүүрэн байна. Оюутолгойд ханган нийлүүлэгч компаниуд ажилтай болж, орлого нь нэмэгдсэнээр баяртай байгаа. Базаад хэлэхэд, дөнгөж хөл дээрээ тогтож байсан, улстөржсөн, стандартын зөрүүгээс болж асар их маргаан дэгдчихсэн байсныг эв зүйгээр шийдэж, урагшлуулж чадсан. 
Өөр нэг зүйл бол, дэлхийд хамгийн томд тооцогдох төслийн санхүүжилтүүдийн нэгийг босгосон. Манай Монгол их сонин ш дээ. Жижигхэн үндэстэн атлаа зарим зүйл дээр дэлхийн зиндаанд л цойлоод байдаг. Монголын эдийн засаг өөрөө 10 тэрбум ам.доллар. Гэтэл энэ төслийн санхүүжилтээр 4.4 тэрбум ам.доллар босголоо. Эдийн засгийнхаа 44 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтыг дэлхийн хамгийн шилдэг 19 банк, санхүүгийн байгууллагаас авсан тохиолдол жижиг улсуудын дунд бараг байхгүй байх. Мэдээж Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын гэрээ бол бүх хүний сэтгэлд нийцсэн сайн гэрээ байгаагүй. Гэхдээ зарим нэг тохироог хийж чадсан. 
-Жишээлбэл...
-Жишээлбэл, менежментийн төлбөрийг бууруулснаар олон зуун сая ам.долларын хэмнэлтийг Монголд авчирсан. Мөн баяжмалаа ямар аргаар тооцож, роялти авах вэ гэсэн маргаанд цэг тавьж чадсан. Жижиг юм шиг хэрнээ бас л том үр дагавартай асуудал байсан. Татварын маргааныг олон улсын Арбитрын шүүхэд очилгүйгээр, олон арван сая ам.долларын зарга хийлгүйгээр, Монгол Улсын хуулийн дагуу хоорондоо хэл амаа олоод зохицуулдаг жишиг тогтсон. Зөвхөн ТЭЗҮ-д л байсан өгөөжийн харьцааг эрхзүйн хувьд баталгаажуулж чадсан. Мөн "Би-Эйч-Пи"-гийн гэгдэх 2 хувийн шимтгэлийг үгүй болгож чадсан гээд олон зүйлийг хэлж болно. 
-Та түрүүн хэлсэн. Залгамж халааны тухай. Улс төрд ийм буруу хандлага тогтоод удаж байна. Тэгвэл Оюутолгойн дараагийн ТУЗ, удирдлуудад тийм ажлыг, энэ л зүйлийг орхигдуулалгүй, үргэлжлүүлээд аваад яваасай гэж онцолж хэлэх зүйл байна уу?
-Маргаантай асуудлуудаа цэгцэлсэн, олон чухал баримт бичгүүдийн нэг бол Дубайд тохирсон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарал тавиасай. Аюулгүй байдалд онцгой анхаардаг соёл тогтсон. Энэ сайн соёлыг зөвхөн Оюутолгой гэлтгүй Монголын бүх уул уурхайд түгээн дэлгэрүүлээсэй. Монголын бусад уурхайнуудаас ч тэр суралцаасай. Одоо гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажил их чухал. Монгол хүмүүсийг удирдлагын багт олноор нь бэлдэж, ирээдүйн төслийн удирдагч нараа бэлдэх ёстой. Мөн дотоодын ханган нийлүүлэлт байна. 
-Үүн дээр алдчих вий гэсэн зүйл байна уу?
-Гайгүй байх. Гол нь бизнесийн зарчмаараа л хандаасай. Улстөржөөд л явчих юм бол ямар ч асуудлыг яаж ч мушгиж болдог.   
-Эдийн засаг хүндэрсэн байдалтай байгааг бүгд хэлж байна. Том төслүүдээ хөдөлгөхгүйгээр сайжруулна гэж байх уу?
-Энгийн жишээ хэлье. Хотын захад хувийн эмнэлэг ажиллуулж байсан нэг хүн зовлонгоо ярьж байна. Оюутолгойн бүтээн байгуулалтын ид үед, Тавантолгойн ажил явж байх үед үйлчлүүлэгч нар нь оочерлоод дийлддэггүй байсан гэж. Одоо харин байхгүй. Үйлчлүүлэгч нар нь хайчсан гэхээр улсын эмнэлгийн гадаа хоёр, гурав хоногоор дугаарлаж байна гэж байна. Тэгээд маш богино хугацаанд ямархуу чанартай үйлчилгээ авдаг юм бол доо гэж. Энэ мэт жишээнээс үзэхэд том төслүүд хөдөлснөөр асар олон жижиг, дунд бизнесийг чирж байсан нь харагдаж байна. Дээр нь 2007 онд манай эдийн засаг долоохон их наяд төгрөг байлаа. Одоо харин 3-4 дахин өсчихсөн байна. Энэ өсөлтийн ихэнх хувийг Оюутолгойн бүтээн байгуулалт, Тавантолгойн үйл ажиллагаа бүрдүүлсэн гэж баталгаатай хэлнэ. Уул уурхайн төсөлд гадаадаас ордог хөрөнгө оруулалтын шугамаар Монголд орж ирж байгаа ам.доллар болгоны цаана 2-3 ам.доллар жижиг дунд бизнест очиж байдаг гэсэн албан бус судалгаа байдаг. Яагаад гэвэл, уул уурхай нь хүний цалин өгнө, цалин авч байгаа хүн ядаж л банкинд моргейжийн зээлээ төлнө, банк цаашаа өөр хүнд зээл өгч эргэлтэд оруулна. Үндэсний компаниудаас худалдан авалт хийвэл түүний цаана ханган нийлүүлэгч нар нь байгаа. Монголын эдийн засгийг ингэж огцом тэлэхэд энэ хоёр орд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Цаашид ч гүйцэтгэх болно. 
-Мега төслүүдийг бизнесийнхэн бус улстөрчид их ярьж байна. Энэ хэр зөв бэ?
-Зөв, бурууг тогтоодог хамгийн сайн шалгуур бол цаг хугацаа байдаг. Нөгөө талаас цаг хугацаа өөрөө алтнаас ч илүү үнэ цэнэтэй болчихоод байна. Манай зарим төсөл эхлэх гэж яваад 10 жил болж байна ш дээ. Энэ бол ямар ч ардчилсан оронд байдаг л зовлон юм байна. Англид ч тэр, Германд ч тэр. Зарим төслүүд тав, зургаан жилээр хоцроод анхны төсөв нь дөрөв, тав дахин өссөн жишээ маш олон байна. Гэхдээ ардчилсан тогтолцооны сул талыг нөхөхийн тулд зарим өндөр хөгжилтэй орнууд том төслөө мэргэжлийн багаар удирдуулж байна. Канад, Англид мэргэжлийн төслийн нэгж байгуулаад ажиллуулж байна. Ингэснээр том төслүүдээ хамаагүй хурдан ашиглалтад оруулдаг. Цаг хугацаа хэмнэнэ. Төсөл хэрэгжүүлэгч компани нь олон улсын зах зээлд илүү сайн өрсөлдөнө. Нөгөө дэмжсэн төр засаг нь илүү их татвар, роялтиг аваад л сууж байна.
Сингапурт анх "Темасек"-ийг байгуулаад эхэндээ бас л маргаантайгаар мега төслүүдийг санхүүжүүлж байсан юм билээ. Одоо харин тэр мега төслүүд нь Сингапурын эдийн засгийг солонгоруулж чадлаа. Асар том боомтууд, санхүүгийн том хорооллууд гэх мэт. Сингапурын Ерөнхий сайд нь галыг өөр дээрээ авч чаддаг буюу улстөржилтийн сөрөг нөлөөнөөс том төслийнхөө хувь заяаг хамгаалж чаддаг. Тэгэхээр манлайлал их чухал байдаг юм байна. Зарим оронд жишээлбэл, Казахстанд том том их сургуулиудыг дор нь босгож байна. Мэдээж хүчтэй гар чухал гэх байх л даа. 
Мөн зарим оронд засаглал нь их сайн байна. Улс төрд хэн гарч байгаагаас үл хамаараад төрийн алба нь, төслийн нэгж нь, шүүх, бизнесийн нэгжүүд нь хүчтэй учраас урагшилдаг. Харин манай улсад сүүлийн сонгуулиудыг харахад дандаа том төслүүдээ тойрч маргаж байна. Тэгээд хэн хожоод байгааг сүүлдээ бүр ойлгохоо больчихлоо. Яахав оноо авах маягаар улс төрийн нам хожиж байж магадгүй.  Гэхдээ бид асар их хугацаа алдаж байна. Ирээдүйд 20, 30 жилийн дараа бидний үр хүүхдүүд хаана, ямар ажил хийх юм бэ гэж бодохоор яг үнэндээ айдаг. Монголдоо ажиллаад, бизнес хийгээд явахын оронд тэд маань хаана ажиллах уу. Гадаад оронд шал угаагаад явж байх уу, үгүй юу. 20, 30 жилийн дараа Эрдэнэтийн нөөц дуусвал яах юм, Зэсийг орлох хямд материал зах зээлд нэвтэрвэл Оюутолгой яах юм. Монголчууд хаана ажиллах юм. Ингэж улстөржиж, сонгуулиас сонгуулийн хооронд том төслүүдээ тойрч маргасны төлөөсийг нь бидний үр хойч л төлнө.

Мал аж ахуй хөгжөөд 75 гаруй сая толгой болсон ч бэлчээрийн даац нь хүндрээд эхэллээ. Зарим нэг шинэ гишүүний хэлж байгаагаар залуучуудаа бүгдийг нь гадаа гандуулж, хөдөө хөхрүүлж явах нь 30 жилийн дараа тохирох шийдэл мөн үү, биш үү. 
Хамгийн том ажлын байр бол боловсрол, эрүүл мэндийн салбар болчихоод байгаа. Гэхдээ гурван хүний нэг нь багш, нэг нь эмч, нэг нь сурагч, оюутан, өвчтөн болоод явах юм уу. Ингээд бодохоор улстөржилт хэрээсээ хэтэрвэл ажлын байр бий болгодог бүтээлч салбар улам багасна гэсэн үг. Харин бизнесээ сорж, мөлжиж, торгож амьдардаг хэсэг нь л томроод байна. Энэ бол зөв зам биш. Улс төр нь бизнестээ ороод, бизнес нь улс төрдөө ороод яваад байх энэ тогтолцооноос цөөн хэдэн зальтай хүн хождог байж магадгүй. Гэхдээ нийтээрээ бид асар том ухралт хийж байна.     

-Засгийн газар хамгийн их маргаан дагуулсан татвар нэмэх саналаа буцаагаад татчихсан. Одоо харин яаж эдийн засгийн хүндрэлээс гарах вэ гэсэн асуулт үлдлээ. Ингэхийн тулд Оюутолгойн тодорхой хувийг зарна гэсэн таамаг мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Бодитой эсэхийг нь мэдэхгүй байна. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуульд “Стратегийн орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа, лиценз эзэмшиж байгаа компанийн 10 хүртэлх хувийг хөрөнгийн биржээр дамжуулан эргэлтэд оруулж болно” гэсэн заалт байдаг юм. Эрдэнэтийн 10 хувийг, Оюутолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр дамжуулаад мөнгө босгох боломж байгаа. Гэхдээ одоо цаг нь мөн үү гэдэг дээр эргэлзэж байна. Яагаад гэхээр, зэсийн үнэ 4700 орчим ам.доллар дээр тогтчихлоо. Цааш өсөх магадлал бага байна. Уг нь ёроолдоо хүрчихлээ гэж бодож байтал 2017 онд маш том хоёр төсөл ашиглалтад ороход бэлэн болчихоод байгаа юм байна. 

-Ямар төсөл гэж?
-Перу улсад хоёр том төсөл байгаа.Африкт ч олон төсөл ашиглалтад орж магадгүй. Замбид байдаг Гленкор асар том өргөтгөл хийгээд дуусч байна. Өмнөд Австралийн Засгийн газар 20 сая доллар гарган, судалгаа хийлгэж байна. Яаж зэсийн салбар дахь байр сууриа бэхжүүлэх, яаж тээврийн зардлаа бууруулах, яаж гарцаа нэмэгдүүлэх вэ гэдэг дээр. Түүхийн эдийн үнэ унаад байхаар нийлүүлж байгаа бүх улс шоконд ордог. Ингэснээр хамгийн түрүүнд юу хийдэг гэхээр, тоо хэмжээгээ өсгөдөг. Тоо хэмжээгээ өсгөхөөр үнэ нь эргээд унадаг. Энэ мэт жишээг харахаар 2017 онд ч гэсэн зэсийн үнэ сайнгүй байх магадлалтай. 

-Оюутолгойн 34 хувийг зарвал яг өнөөгийн байдлаар 700 сая ам.доллар болно гэсэн тооцооллыг хаанаас билээ уншиж байсан юм. Оюутолгойг үнэлбэл хэдий хэмжээний болох бол?
- “Эрдэнэс Оюутолгой”-г үнэлнэ гэсэн үг. “Эрдэнэс Оюутолгой” Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байгаа гэдэг утгаараа 500-700 сая ам.доллараар үнэлэгдэх магадлалтай. Үнэлгээний олон аргачлал байдаг. Бүртгэлийн үнэ гэж байдаг. Мөн ижил төстэй компаниудын үнэлгээгээр жиших нэг арга байгаа. Манайхаас бага нөөцтэй, жижиг компаниудын хувьцааны өнөөгийн үнэ, зах зээлийн нийт үнэлгээ нь хэд дахин өндөр байж болдог. Газрын хэвлийд байгаа баялаг маань дангаараа, өөрөө үнэлгээ болж чадахгүй. Тэр баялгийг ямар технологиор гаргаж авах, гаргаж авсан хойноо яаж зарах юм, тэр компанийн удирдлага, засаглал нь ямар юм, үйл ажиллагаа явуулж байгаа улс орон нь хэр тогтвортой юм гэх мэт олон хүчин зүйлийг тооцож байж таамаг үнэлгээ гаргаж болно.  

-Эдийн засаг хүнд, ард түмний худалдан авах чадвар муудсан байгаа. Тийм учраас маш хурдан хугацаанд Оюутолгойн тодорхой хувийг зарж магадгүй гэсэн таамаг байна. Үүнээсээ болоод бодит үнээс нь хэд дахин хямд зарчих вий гэсэн айдас байна. Зарахгүй хүлээгээд байвал үнэ нь өсөх магадлал байгаа болов уу?
-Гүний уурхайн бүтээн байгуулалт таван жилийн дараа дуусаад, 6-7 жилийн дараа бүрэн хүчин чадлаараа ажиллана. Тэр үед борлуулалтын орлого нь хамаагүй өндөр болчихсон байна. Үнэлгээ нь тэр үед өсөх магадлал нь илүү харагдаж байна.

-Гадаад зах зээлд зарлаа гэхэд хэн эсвэл ямар улс худалдаж авах бол?
-Тэрийг хэлж мэдэхгүй. Дотоодын хөрөнгийн биржээр дамжуулбал Монгол Улсын иргэд худалдан авах боломжтой. Яахав төслийг хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа “Рио Тинто” сонирхож магадгүй л юм. Гэхдээ итгэлтэй биш байна.  

-Тэгвэл эдийн засагч хүний тань хувиар асууя. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах тухай хүчтэй ярьж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-”Стэнд бай” хөтөлбөрт өмнө нь хамрагдаж байсан. Үүний дараа эдийн засаг сэргэсэн үү гэвэл сэргэсэн. Гэхдээ яг “Стэнд бай” хөтөлбөрөөс болсон уу, эсвэл Оюутолгойн гэрээ нөлөөлсөн үү гэдэг нь одоогоор тодорхой биш байна. Тиймээс өнгөрсөн туршлагаа сайн судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар хэр хэмжээний мөнгө хэмнэсэн бэ гэдгээ эргэн харах хэрэгтэй юм. Тийм ч их хэмжээний тоо гарахгүй байх. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад ямар байдал үүсдэг вэ гэхээр, бие даасан мөнгөний болон төсвийн бодлого явуулах чадавхи жаахан хязгаарлагдах гээд байдаг. Хязгаарлагдах албагүй л дээ. Гэхдээ тийм эрсдэл бий. Харин тэрний оронд “айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг шиг өөр арга хэмжээ явуулаасай гэж бодож байна. Манай улс чөлөөт зах зээлийн эдийн засагт ороод 26 жил боллоо. Чөлөөт зах зээлийн эдийн засгийг чөлөөтэй гэдгийг илэрхийлдэг гурван хэмжүүр байдаг. Нэгдүгээрт, хүний хөдөлмөр чөлөөтэй хөрвөж чадаж байна уу, үгүй гэдэг асуудал. Хэнийг таньдаг, мэддэг гэдгээрээ биш, харин ижил тэгш байдлаар өндөр боловсрол эзэмшээд, шударгаар өрсөлдөөд,  хариуцлагаа хүлээгээд ажилладаг тогтолцоо байна уу гэдгээр нь эхний шинжийг илэрхийлж болно. Хоёрдугаарт, капитал чөлөөтэй хөрвөж байна уу үгүй юу. Танд 100 мянган төгрөг байг. Та тэр мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх, бонд худалдаж авах, хүн ажиллуулах, банкинд хадгалах зэрэг эрх нь чөлөөтэй байх ёстой. Гуравдугаарт, газар чөлөөтэй эргэлдэж байх ёстой. Онолын хувьд дээрх гурван хүчин зүйл чөлөөтэй хангагдаж байвал манайх чөлөөт зах зээлтэй орон гэж тооцогдох боломжтой. Манайд байдал ямар байна? Газар гэхэд л нэг хэсэг эрх мэдэлтэй, мэдээлэлтэй хүмүүсийн баяждаг хэрэгсэл болчихсон байсан. Одоо бид түмний өмчийг түмэнд нь ойртуулах талаар сайн ажилламаар байна. Эрх чөлөөг хүмүүст олгох тусам эдийн засаг нь тэлж байдаг юм. Хамгийн наад захын жишээ авахад гадаад паспорт, орон сууцны хувьчлал, мал хувьчлал, 1997 оны Ашигт малтмалын хууль гэх зэрэг.

-Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж өмнөх Ерөнхий сайд хэлж байсан. Эдийн засаг хүндрэхэд өмнөх засгаа муулдаг. Сайжирвал өөрсдийнх нь гавьяа мэтээр ярьдаг. Аль ч нам, аль ч засаг ийм зүйл ярьдаг. 2012 оныг их ярьдаг. Харьцуулалт хийвэл?
-2012 оны Засгийн газар бол нэлээд хүндэрсэн эдийн засаг хүлээж авсан шүү дээ. Нөгөө л сонгууль болгоны өмнө төсөв өндөр алдагдалтай байдаг жишиг байж л байсан. Гадаад худалдааны алдагдал нь ДНБ-ийхээ бараг 10 хувьд хүрчихсэн, ил төсвийн алдагдал нь таван хувьд хүрсэн, дээр нь нууц өрүүд ихтэй байсан. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтээс бараг нэг тэрбум ам.доллар зээлж, урьдчилж аваад 21 мянга болгоод тараачихсан өндөр инфляцтай, халуундаа шатаж байсан эдийн засаг байсан. Одоо Тавантолгой яагаад хүндрээд байна гэхээр ерөөсөө л “Чалко”-гийн гэрээ шүү дээ. Анхнаасаа их хатуу нөхцөлтэй хийчихсэн. “Эрдэнэс Тавантолгой” маань арай ядан зардлаа нөхөх хэмжээнд борлуулалтаа хийж байна. Хувийн хэвшлийн нэг компаниа ч давхар хохироогоод л, өөрсдийгөө сүйтгэдэг буруу өрсөлдөөн үүсгэчихлээ. Ийм байдалд орсны гол шалтгаан бол ерөөсөө л улстөржилт. Сонгуульд ялахын тулд богино хугацааны марафон хийж, мега төслүүдээ урт хугацаанд золиосолдог буруу жишиг рүү л орчихоод байгаа юм. 
Дээр нь 2012 оны эдийн засаг жижигхэн байсан. Тухайн үеийн алдагдлын хувь хэмжээг нь харьцуулахад яг одоогийнхоосоо илүү юу байгаа юм. Одоо төсвийн алдагдал нь хоёр их наяд гэж байна. Манай эдийн засаг 27 их наяд хүрч байгаа байх. Гэтэл эдийн засгийнхаа 20 хувь ч гэнэ үү, 70 хувь ч гэнэ үү хэмжээний төсвийн алдагдалтай байна гэж зарладаг нь яаж байгаа юм. Төсвийн зардлаа хар л даа. Ихэнх нь мөрөөдлийн жагсаалт л байдаг биз дээ. УИХ-ын гишүүд өөрсдөө маш сайн мэдэж байгаа. Хүчээр баахан юм баталдаг. Экспортод гаргах зэс, нүүрснийхээ тоо хэмжээг мэддэг. Тэгээд сансраас нэг тоо авчраад тэрийгээ зэсийн үнэ, нүүрсний үнэ гэж үзээд тэдэн сая зэс, нүүрс гарга гээд лүндэн буулгадаг. Тэгээд л энэ хоёр агаарын тоогоо үржүүлээд тавьчихдаг. Энэ алдагдлуудын зарим нь хий бичилтийн эсвэл сонгуульжсан бас авилгажсан тооцооллын алдагдал ш дээ. Ер нь одоогийн эдийн засаг бол балансынх бус харин мессэжийн л эдийн засаг.

-Мессэжийн гэдэг нь...
-Зах зээлд ямар дохио өгөх вэ гэдэг чинь бүхнийг шийддэг болчихоод байна. Хятад, Орос, Европын орнуудын Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нарыг хараарай. Хэлэх үгээ хэд дахин боловсруулж байж хэлдэг. Энэ үг гадаадад яаж очих, дотоодод хэрхэн нөлөөлөх гэдгээ мэдэж байж, тооцоолж байж, зөвлөлдөж байж хэлж, ярьдаг. Тэгж байж тэдний хэлсэн үг үнэ цэнэтэй байдаг юм. Манайх харин богино хугацааны улс төр хийж байгаа учраас Монгол төрийн сайдын үгийн үнэ цэнийг алдагдуулаад байна. Тиймээс зах зээлд нийлүүлж байгаа дохиогоо маш сайн анхаармаар байгаа юм. Монгол төгрөг бол үндэсний мөнгөн тэмдэгт. Монгол төрийн төсөв бол ард түмний төсөв.  Энэ бол эрх мэдэлтний хувийн өмч биш. Энэ чухал албан тушаалтнуудын үг бол улс төрийн намын үг биш. Эд бол ард түмэндээ үйлчилдэг төр, төрийн бодлогын үг байдаг. Зах зээл өөрөө ч тэр ард түмний өмч, ард түмний талхаа олж иддэг талбар. Энэ зах зээлийг зохицуулагч нарын үг энэ эдийн засгийг залуурдаж байдаг юм. Залуурыг атгаж буй хүмүүст намын, сонгуулийн жижиг эрх ашиг харах ёс суртахууны эрх байхгүй.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.