Л.Оюун: Том төслүүдээ хөдөлгөж байж л эдийн засгийн хүндрэлээс гарна

2016.09.21 Лхагва №087 (2118)

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн багш, доктор Лувсандоржийн Оюунтай ярилцлаа. 

-Монголын эдийн засаг хүндэрсэн, хямарсан гэж улстөрчид, эдийн засагчид, олон улсын байгууллагууд янз бүрийн өнцгөөс тайлбарласаар байна. Та эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч дүгнэхгүй юу?
-Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг нэг хэсэг нь хямарсан, нөгөө хэсэг хүндэрсэн гэж тайлбарлаж байна. Үүнийг ялгаж, салгах хэрэгтэй. ДНБ-ий өсөлт нь хасах утганд ороод, энэ нь гурван улирал дараалах юм бол хямрал гэж нэрлэдэг. Манай улсын хувьд ДНБ нь хасах утгандаа ороогүй. Харин эдийн засгийн өсөлт уначихсан байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт 3.5-2 руу, хоёроос 1.2 хувь руу гэхчилэнгээр унаад байгаа учраас үүнийг хямрал биш хүндрэл гэж хэлэх нь зөв юм. 
-Тэгвэл эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах ёстой вэ. Засгийн газраас татвар нэмэх асуудал оруулж ирсэн ч багагүй эсэргүүцэлтэй тулгарснаас болж тэрхүү саналаа буцаачихсан. Нөгөөтэйгүүр олон эдийн засагч, судлаачид мега төслүүдээ хөдөлгөхгүйгээр Монголын эдийн засаг тэлэхгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нэг байна. Эдийн засгийн өсөлтийг хангая, хурдасгая гэвэл үйлдвэрлэлийг л дэмжих ёстой. Үйлдвэрлэл бол эдийн засгийн суурь шүү дээ. Бүтээгдэхүүн бараа үйлдвэрлэж орлого бүтээх нь хамгийн чухал. Тэгэхээр эдийн засгаа хүнд байдлаас гаргая гэвэл томоохон төслүүдээ хөдөлгөж, дорвитой алхам хийх ёстой. Дорвитой хөдөлж байж чанарын өөрчлөлт гарна. Тэгэхгүй ингээд өдөр хоногийг өнгөрөөгөөд, гал унтраагаад, үлгэн салган байдалтай байх юм бол огцом өөрчлөлт хийж чадахгүй. Үүнийг хийж чаддаг гол хүчин зүйл нь мега төсөл юм. Мега төсөл бол томоохон хэмжээтэй, олон хүнийг ажлын байраар хангадаг, улсын төсөвт их хэмжээний орлого оруулж өгдөг. Оюутолгой, Тавантолгой зэрэг цар хүрээний хувьд ижил хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлснээр улс орны эдийн засаг удаан хугацаанд тогтвортой өсөхөөс гадна удааширсан байгаа өсөлтийг хөдөлгөж өгнө. 

-Хэдийгээр саналаа буцаан татсан ч Засгийн газраас оруулж ирсэн татвар нэмэх асуудал буруу байсан гэсэн үг үү?
-Татвар нэмэхгүйгээр шийдэгдсэн. Гэхдээ татвар нэмнэ гэдэг бол үйлдвэрлэл хэт их болсон үед хэрэглэдэг арга. Өөрөөр хэлбэл, эрэлтэд суурилаагүй хэт их нийлүүлэлт хийгдэж байгаа бол татвар нэмэх аргыг ашигладаг. Тэгэхээр Засгийн газрын алдаа нь юунд байна гэхээр, төсвийн орлого бүрдүүлэх тал дээр татвар нэмье гэж ярьсан. Уг нь татвар нэмэх нь үйлдэрлэлийг хумих зорилготой хийгддэг. 
-Мега төслүүдээ хөдөлгөхийн тулд хөрөнгө оруулалт татах шаардлагатай. Хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ?
-Том төсөл дээл том хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Хэзээ ч, хаана ч, аль ч оронд том төслийг хэрэгжүүлэхийн тулд мөнгө босгодог. Мөнгө босох хэрэгсэл нь бонд байдаг. Хамгийн хялбар арга нь энэ. Тэгэхээр Засгийн газар бонд гаргах нь мега төслийг хэрэгжүүлэх, түүнийг санхүүжүүлэх хамгийн дөт зам болно. Өөр замаар гэдэг юм уу, гадны хөрөнгө оруулалтаар хийж болох боловч аль аль талдаа давуу, сул талууд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, гаднын санхүүжилтээр хөрөнгө оруулалт хийгдэх юм бол өмчлөлийн асуудал яригдаад эхэлнэ. Концессийн гэрээ, төр хувийн хэвшлийн түншлэл гээд олон аргууд байдаг ч нэлээд урт хугацаа шаарддаг тул цаг алддаг. 
-Бонд гаргах эрх байгаа юм уу. Өрийн таазтай холбоотойгоор бонд гаргах эрх байхгүй гэж яриад байгаа ш дээ?
-Бонд гаргах эрх байгаа. ДНБ-тэй харьцуулах зээлийн хэмжээ буюу өрийн тааз гэсэн 55, 88 хувь гэсэн тоонуудыг бид өөрсдөө гаргаж ирдэг. Уг нь норм гэж байхгүй. Жишээлбэл, хамгийн сүүлийн тоогоор Япон улсын Засгийн газар л гэхэд ДНБ-ий хэмжээнээсээ 250 хувиар илүү мөнгийг олон улсын зах зээлээс босгосон байна. Тэр мөнгөөрөө бүтээн байгуулалт хийгээд дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй таван орны нэг болжээ. Өөрсдийнх нь гаргаж ирсэн өрийн таазны хэмжээ хэд ч байж болно гэдгийг үүнээс харж болно. Японууд босгосон санхүүжилтээрээ хийсэн бүтээн байгуулалтаа хойч үедээ өвлүүлж үлдээдэг. Харин хойч үе нь өмнөх үеийнхээ авсан зээлийг хүүтэй нь хамт төлдөг. Зүйрлэвэл, эцэг эхчүүд орон сууцны зээл аваад түүнийгээ үр хүүхдүүдтэй үлдээдэг. Үүнтэй яг ижил. Хэрвээ өрийн тааз гэж байдаг бол ээж, аав нь олох орлогынхоо 55, 88 хувьд л зээл авна гэсэн үг үү. Энэ бол хийсвэр ойлголт юм. Зээл бол байх ёстой асуудал. Нөгөөтэйгүүр, өндөр хөгжилтэй орнууд, үндэстэн дамнасан корпорациуд, амжилттай яваа компаниуд бол бүгд зээлээр өдий зэрэгт хүрсэн. Өөрийнхөө ашгийг хуримтлуулаад, түүгээрээ хөрөнгө оруулалт хийгээд өргөжихөд цаг хугацаа их шаардана. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр төсөл нь үнэгүйддэг. Мөнгө аваад халамжлаад, тусламж үзүүлээд байвал жинхэнэ өр болж хувирна.    
-Дорвитой арга хэмжээ авах ёстой гэлээ. Бидэнд хугацаа байгаа юу?
-Хэдий чинээ хурдан хэрэгжүүлнэ, төдий чинээ үр дүн гарна. Бизнесийн амжилт бол хурд. Алгуурлаад, дараагийн дөрвөн жил, арван жилд хөгжинө дөө гээд суугаад байвал байж л байна. 
-Хурдан үр дүн гаргахын тулд хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаа хийчихсэн, хөдлөхөд бэлэн төслүүдээ урагшлуулах ёстой юм биш үү. Улс төрийн ч бай, эдийн засгийн ч бай түр гацаанд орчихсон төслүүд олон бий шүү дээ?
-Мөнгө босголоо гэж бодъё. Харин босгосныхоо дараа төсөл санаачилж, хэрэгжүүлэх биш бэлэн хийчихсэн байгаа төсөл дээр яг санхүүжилт хэрэгтэй боллоо гэхэд нь мөнгөө оруулах ёстой. Засгийн газрын бас нэг алдаа бол энэ. Мөнгө босгож ирчихээд дараа нь ямар төслийг санхүүжүүлэх вэ гээд хайгаад яваад байдаг. Энэ бол маш буруу. Төсөл эхэллээ л бол цагийн секунд шиг мөнгө урсаж эхэлдэг. Жишээлбэл, хүн зээл авчихаад ямар байшин авах вэ гээд хайгаад явдаггүй шүү дээ. Энэ байшинг авна гэж бодчихоод дараа нь зээл авдаг. Гацаанд орчихоод байгаа төслүүдийг ч мөн ялгаагүй. ТЭЗҮ болон бусад бичиг баримт нь бэлэн болсон, эхэлсэн төслүүдэд мөнгө босгоод хөрөнгө оруулах хэрэгтэй. 
-Мега төслүүдээ ямар нэгэн шалтаг шалтгаанаас болж, эсвэл улс төрийн маргаанаас болж хөдөлгөхгүй удаад байвал Монголын эдийн засаг аль чиглэлд явах бол?
-Хөдөлгөөнгүй нэг газраа зогсоод байвал ямар байх вэ. Нэг хэсэгтээ байрандаа зогсож магадгүй. Дараа нь ухарч эхэлнэ, унаж эхэлнэ. Тэгэхээр цаг хугацаатай уралдах ёстой. 
-Мега төслийг улстөрчид ярих нь хэр зөв бэ?
-Буруу. Улстөрчид биш бизнесийнхэн л яриах ёстой. 
-Мега төслийг дагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгждөг...
-Яг зөв. Мега төслийн бас нэг сайн тал юу гэхээр, том үйлдвэрүүдийг тойрч, мэрж жижиг дунд үйлдвэрүүд амьдардаг. Манайх шиг өрхийн төвшинд үйлдвэрлэдэг зүйлийг жижиг дунд үйлдвэр гэж ярьдаггүй. Жижиг дунд үйлдвэр гэдэг бол том төсөл байгаа үед амьдардаг бизнес юм. Солонгосын жишээ байна. 10 жилийн турш мега төсөл хэрэгжүүлэх бодлогоо боловсруулсан. Ингээд мега төсөл буюу гангийн үйлдвэр, хөлөг онгоцны үйлдвэр зэргийг хөдөлгөөд эхлэхэд дагаад хувцас, түүхий эд, цай хоол зэргийг нь хийдэг жижиг дунд үйлдвэрүүд нь аяндаа хөгжиж эхэлсэн. Авто машины "Хьюндай" үйлдвэрт очиж үзэхэд арав орчим л хүн ажиллаж байсан. Харин жижиг дунд үйлдвэрүүд нь авто машины салон, толь, шалавч, хөгжим, шилийг нь хийдэг. Тэгэхээр мега төсөл нь жижиг дунд үйлдвэрээ араасаа чирээд явчихдаг нь харагдаж байна.  
-Хөрөнгө оруулалт хийгдэхэд дагаад валютын ханшид өөрчлөлт гарна. Гэх мэтчилэн олон давуу тал байгаа байх?
-Тийм. Хөрөнгө оруулалтаар долларын дотогшлох урсгал нэмэгдэнэ. Ингэснээр нийлүүлэлт ихсэж ханшид нөлөөлнө. Хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг чинь дотоодын зах зээл дээрээс бараа үйлчилгээ авч байгаа тохиолдолд л нийлүүлэлтээ нэмнэ. Тэрнээс хөрөнгө оруулалт орж ирсний дараа Оросоос цахилгаан, Хятадаас өөр юу байдаг юм аваад орж ирсэн доллараа гадагш гаргаад байх юм бол үр нөлөөгөө үзүүлэхгүй. Дотоодын зах зээлд тогтож байж ханшид нөлөөлнө. нөгөөтэйгүүр долларын ханш чанга байхын давуу талыг харах ёстой. 
-Жишээлбэл...
-Экспортын бараа үйлдвэрлэдэг хэсэгт маш их ашигтай. Монголд хямд төгрөгөөр үйлдвэрлээд гадагш нь өндөр үнэтэй доллараар зарчихаар ашиг олно. Харин эсрэгээрээ импортлогчдод алдагдалтай. Тэгэхээр импортын барааг орлуулах үйлдвэрлэл бий болгох боломжийг дотоодод олгодог юм. Нөхцөл байдал дээрээ бид тоглож сурах хэрэгтэй. Ер нь төгрөгөө чангаруулах гээд, долларыг сулруулах гээд байгаадаа гол биш. Ханш тогтвортой байх нь л чухал. Савалгаа багатай байх юм бол бизнес эрхлэгчид өөрсдийгөө жолоодоод, өөрсдийнхөө хөрөнгийг удирдаад явчихдаг.  
-Ирэх жил бондын төлбөр хийгдэж эхэлнэ. Ихээхэн дарамт учрах байх?
-Босгосон бондын төлбөрийн нэг хэсгийг бондоос мөнгө авсан этгээдүүд төлнө. Нөгөө хэсгийг нь Засгийн газар хариуцна. Засгийн газар бол бизнес хийх орчныг бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Бизнес хийх орчин юу байсан гэхээр, замын асуудал байсан. Зам дагаад хөгжил гэдэг. Зам тавьсны ач холбогдлыг хүмүүс өөрсдөө мэдэрч байгаа. Засгийн газар үүнийг хариуцдаг учраас төсөв буюу орлогоосоо төлөх ёстой. Засгийн газар шууд ба шууд бус татвар зэргээр байнгын орлоготой байдаг. Ямар нэгэн байдлаар төлөх л ёстой. Барилгын найман хувийн зээлийн санхүүжилтийг барилгынхан, жижиг дунд үйлдэрлэгчид авсан зээлээ мөн өөрсдөө төлнө.    
-Зээлийг зээлээр төлөх тухай яриа бас байна?
-Өмнө нь зээл авчихсан орон. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл буурчихсан байгаа. Бага хүүтэй урт хугацаатай, их хэмжээний зээл авч, зээлийг зээлээр төлж болох боловч явуургүй. Тийм зээл олдох нь ч хэцүү. Харин тодорхой төслүүд буюу мега төсөл, хувийн хэвшлийнхэний эхлүүлсэн төсөл зэрэг дээр бага хүүтэй зээл олдоно. Үүнийг хайж олох хэрэгтэй. Мөн бонд гаргаж мөнгө босголоо гэхэд зээл төлөхөөсөө илүү төсөл хэрэгжүүлж, орлого бүтээгээд, орлогоосоо авсан зээлээ хүүтэй төлөөд, өмнө нь авсан зээлээ төлөх эх үүсвэрийг олж авах хэрэгтэй. Тэгэхээр зээл болгон орлого бүтээх ёстой.  
-Ярилцлагынхаа төгсгөлд эдийн засгийн бас нэгэн үзүүлэлт болох дефляцийн тухай асуумаар байна. Инфляц хасах руу орж дефляц бий боллоо. Энэ хэр удаан үргэлжлэх бол. Юунаас болж үүсэв?
-Дефляц, инфляц хоёрын үр дагавар нь адилхан байдаг юм. Аль аль нь эдийн засгийг хумина. Яагаад эдийн засгийг хумидаг гэхээр, юмны үнэ буурчихаар үйлдвэрлэл ашиггүй болоод эхэлдэг. Алдагдалтай ажиллаад эхлэхээр үйлдвэрүүд аажмаар хаалгаа хааж эхэлдэг. Одоо үүссэн дефляц бол нэг их удаан үргэлжлэхгүй байх. Харин дефляц яагаад бий болов гэхээр, миний анзаарч байгаагаар манай улсын хэрэглээний сагсан дахь махны үнэ үүнд нөлөөлсөн. Мах бол инфляцыг ч тодорхойлдог гол бараа шүү дээ. Яг энэ үед махны үнэ унадаг. Яагаад гэхээр, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд малчид махны нийлүүлэлтийг нэмдэг. Дагаад үнэ нь буурдаг.       


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.