Монголын түүх бол булаацалдаж тоглодог тоглоом биш

2016.09.19 Даваа №086 (2117)

Саяхан Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгон өөрчилсөн билээ. Ийнхүү АН-ын эрх барьж байх үед гарсан өөр олон шийдвэр МАН-ын үед эргэн өөрчлөгдөх, эс бөгөөс бүр үгүйсгэгдэх нөхцөл үүсээд байна. Хоёр намын үзэл суртлаас үүдсэн энэхүү утгагүй өрсөлдөөний хөлд тэгвэл хэн, юу, хэрхэн хохирох вэ. 

Юун түрүүнд, Монгол Улсын түүхэнд үнэн юм гэж үгүй болно. Хэн дуртай нь төрийн эрхэнд гарч ирээд тэрхүү түүхийг үгүйсгэж, эсвэл нулимж, эцэст нь өөрийнхөө дур зоргоор шинэчлэн зохионо гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилд Ардын хувьсгалын түүхт ой гэдэг шошгыг үндэсний баяр наадмын тодорхойлолтоос авч хаях дэмий, элий балай алхмууд хийгдсэн. Тэгвэл өнөөдөр түүхийг эргээд л үзэл сурталжуулах өнөөх хэнээ дахин сэдэрлээ. Ийм хэнээтнээр энэ удаа МАН тодров. 
Төрийн эрхэнд гарч ирсэн намууд түүхийг өмчлөх гэсэн увайгүй санаархлыг хэрэг­жүүлж эхэлдэг нь Монголд хэдийнэ дадал болжээ. Зөвхөн нам ч бус, хувь хүмүүс хүртэл өөрийн явцуу эрх ашгийн үүднээс түүхийг гуйвуулах, өөрсдийн өчүүхэн ашиг сонир­холдоо авчирч наах гэсэн оролдлогууд удаа дараа гарч байна. Тухайлбал, Монгол Улсын төрийн тэргүүн хэн байхаас хамаарч, 800 жилийн өмнө төрсөн Чингис хааны маань төрсөн өдөр өөрчлөгддөг тийм жигтэй хачин суртал дунд бид амьдарч байгаа. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед Чингис хааны төрсөн өдөр зургадугаар сарын 01-ний өдөр болж таарч байсныг уншигчид мартаагүй буй биз ээ. Тэгж л Н.Энхбаярын төрсөн өдөр Чингис хааныхтай давхцаж байв. Тэгвэл Ц.Элбэг­дорж Ерөнхийлөгч болсноос хойш тэр өдөр өөрчлөгдөж, Эзэн Богд Чингис хааны төрсөн өдрийг тогтоож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтсугай хэмээн тогтоол баталж, бүх ний­тээр амардаг болгосон. Одоо Ардчилсан нам биш, МАН төрийн эрхэнд гарч ирсэн болохоор энэ тогтоол удахгүй цуцлагдах биз. 
Энэ мэт тэнэглэл төрд минь нүүрлээд удаж байна л даа. 1921 оны ардын хувьсгалыг МАН, 1990 оны ардчилсан хувьсгалыг АН өмчилдөг бичигдээгүй хууль бий. Тэр суртлын үүд­нээс бол ардын хувьсгалыг дөвийлгөх нь МАН-ыг магтаж байгаа болчих гээд, ардчилсан хувьсгалыг ач холбогдлыг нь үнэлчихвэл АН-ыг сайшаасан болчих гээд байдаг бололтой юм. Үнэхээр ч өнгөрсөн дөрвөн жилд АН төрд олонхи бол­могцоо зарим тэмдэглэлт өдрийн нэр зүсийг өөрчилж, заримыг нь бүр хуулиар хориглосон. Тэдгээрийн нэг нь Улс тунхагласны баяр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр билээ. Уг нь бүх нийтээрээ амарч тэмдэглэдэг байсан энэ өдрийг сэргээн тэмдэглэх санаачилга МАН-аас мөн л удахгүй цухалзах бизээ. АН харин энэ өдрийн оронд Монгол бахархлын өдөр гэгчийг са­наачлан бий болгосон. Тиймд АН-ын санаачилсан өдрийг МАН тэмдэглэх нь ёсонд хазгай тул бас л тэр өдрийг энэ цагийн өнгөн дээр тэмдэглэхээ болих болов уу гэж тааж байна. 
Тэдний санаагаар бол Монгол бахархлын өдөр нь АН-ынх, Улс тунхагласны өдөр нь МАН-ынх юм чинь. Энэ бүхэн нэгдмэл нэг төртэй, нэг түүхтэй, нэг бахархалтай, тэр байтугай нэг тусгаар тогтнолтой улс мөн эсэхэд эргэлзэхэд хүргэлээ. Өөрийн намын хамааралтай өдрүүдээ тэмдэглэх нь бүх нийтэд үнэндээ падлийгүй. Нам бүр өөрийн нам байгуулсан өдрөө намынхаа хүрээнд тэмдэглэх нь тэдний хэрэг. Бас өөрсдийн тус тусын намын байран дахь шатны бариул, эсвэл аль нэг зай талбайгаа хэний, юуны гэж нэрлэх нь хамаа ч алга. Гэтэл улс орны түүхэн баярт өдрүүд, тэмдэглэлт ой, ард түмний хамааралтай төв талбай, өргөн чөлөөг өөрсдийн үзэл сурт­лын бай болгох нь туйлаас зохисгүй, тун чиг жигшилтэй харагдаж байна. Нэг нам нь гарч ирээд л улсын түүхийг өөрчилж, улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэх бүхнийг “Энэ бол бидний юм” гэж өмчилж болно гэж үү. Аливаа юмны автор болох сайхан л байх. Гэхдээ Чингис хааны төрсөн өдөр, Улс тунхагласны баярын түүхт өдөр, эсвэл Үндсэн хуулиа баталсан бахдлын өдөр зэрэг нь МАН, АН хоёрын булаацалдаж тоглодог тоглоом биш.
Улс тунхагласны баяр минь үнэндээ МАН-ын өмч мэт хаяглуулж байсныхаа горыг амсаж, албан ёсоор тэмдэглэх баярын жагсаалтаас хасагдсан. Үүний нэгэн адилаар Монгол бахархлын өдөр ч удахгүй сураг алдрах нь. Дашрамд хэлэхэд, Чингисийн талбайг Сүхбаатарын талбай гэж нэр­лэх, тэмдэглэлт өдрүүдийг өөрчлөх, аль нэг ойг тэмдэглэх, эс тэмдэглэх нь үнэндээ бол аль нэг намын дур зоргын асуудал биш баймаар. Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын ойг сүр дуулиантайгаар тэмдэг­лэлээ. Тэмдэглэсэн нь буруу гэж шүүмжлэх гэсэнгүй. Харин хэрвээ АН төр барьж байсан бол тэмдэглэх байсан болов уу гэх сониуч бодол төрснийх. 
Түүхийн үйл явдлуудад эрэмбэ хийх гэсэн явуургүй оролдлого цаашид үргэл­жил­сээр байх уу. Ач холбогдол нь арай илүү гэдгийг АН, эсвэл МАН шийдэж чадах уу. Жишээ татацгаая. Чингис хаан, Сүхбаатар жанжин хоёрын гавьяаг зэрэгцүүлэн жиших эрх тэдэнд бий юу. Чингис хаан нь Монгол Улсыг эмхлэн байгуулсан, дэлхийг эзэлж явс­наараа Сүхбаатараас илүү их гавьяатай. Ингэж цэцэрхэх тэнэгийн амыг нь ард дээр нь гартал алгадмаар санагддаг. Д.Сүхбаатар нь Чингис хаанаас илүү гавьяатай гэж боддогтоо биш ээ. Гагцхүү энэ хоёр хүнийг эрэмбэлэх, жиших харьцуулах, ганц талбайг алиных нь нэрээр нэрлэх вэ гэж гавьяагаар нь уралдуулах нь утгагүй тэнэг зүйл гэж боддогтоо юм. 
Түүний нэгэн адил 1911 он, 1921 он хоёрыг ч хооронд нь эрэмбэлэх нь зохимжгүй. Харин АН, МАН хоёр бол эрэмбэлэх гэж оролддог. АН 1911 онд болсон Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг 1921 оны ардын хувьсгалаас илүү ач холбогдолтой гэж барим тавим нотлох гэж улайрдаг. Үнэн учрыг нь та бүхэн мэдэж байна уу. Тэр үйл явдлыг үнэхээр дээдчилэн бодсондоо биш, 1921 оны ардын хувьсгал МАН-ын үйл хэрэг гэж харагддаг учраас л тэр юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчөө үгүйсгэхийн тулд л түүхийг нь дөвийлгөхөөс эрс татгалздаг. Энэ хоёр түүхт өдрийн ач холбогдлын эрэмбийг өнөөдрийн бид тогтоож, шүүх эрхгүй байхгүй. 
Сүхбаатарын талбай юу, Чингисийн талбай юу гэдэг нэр булаалдах тоглоом ч ялгаагүй. МАН-ын засаг барьж байх үед төв талбай нь АН-ын автор бүхий нэртэй байж таарахгүй учраас л өнөөдөр нэрийг нь буцаан солилоо. Улс нийтийн, үндэсний түүхийг өмчилж, өөрийн хаяг, шошгыг тавих энэ мэт хэнээрхлүүд цаашид ч үргэлжилнэ. Гэвч эцсийн дүндээ улс орон, ард түмэн хохирно. Алсуураа асар их хор уршиг тарина. Аль нэг нам нь гарч ирээд үндэсний бахархлыг дур зоргоороо өөрчилдөг жи­шиг тогтох юм бол үндэсний хувьд нэг үзэл санаа, үнэт зүйл гэж байх боломжгүй болно. Үндэсний нэгдсэн уламж­лалгүй, бахархалгүй болж, “Манай нам, танай нам” гэсэн үзэл суртлын яахаас ч буцахгүй талцал хуваагдал бий болно. Бодитой жишээ нь мөнөөх л манай төв талбай шүү дээ. Чингисийн талбай болгож нэрийг нь өөрчлөхийг эсэргүүцэж байсан хүмүүсийг тухайн үед улаан коммунист, МАН-ын бууны нохой гэж хочилж жигшиж байсан. Тэгвэл одоо эргээд Чингисийн талбай гэж нэрлэхийг дэмжиж байсан хүмүүсийг адгийн ардчилагч, АН-ын бөгс долоогч гэж хочлох уу. 
Одоо АН-ын үед гаргасан алдааг бид засах болно гэж хэлээд МАН их олон зүйлийг өөрчлөх байх. Гэвч энэ нь алдааг засч байгаа хэрэг биш, харин түүхийг дахин дахин заазалж, шүүж байгаа үйлдэл болох аюултай. 
Зүй нь Монголын түү­хийн бүх тэмдэглэлт ой, түүхэн хүмүүс, тэдний алдар гавьяа, алдаа оноо аль нэг намд хамаатах өмч биш. Д.Сүхбаатарыг МАН, Чингис хааныг АН өмчилнө гэсэн ху­ваа­рилалтыг хэн ч хийгээгүй. Тиймээс эрх барьж буй МАН-ын хувьд АН-аас өмчөө булааж авч буй мэт аашлах хэрэггүй. Монголын түүх бол та нөхдийн булаацалдаж тоглодог тоглоом биш. Хэн дуртай нь эвдэлж, эсвэл эргүүлж засч байна гээд гар хүрдэг ч эд биш. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.