Х.Тэмүүжин: АН-д амбийцаа дарж чаддаг лидер хэрэгтэй байна

2016.09.16 Баасан №085 (2116)

Ч.ГАНГЭРЭЛ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа. 

-Хамгийн их анхаарал татаж байгаа сэдвийн нэг нь маргааш (өнөөдөр) болох АН-ын ҮЗХ-ны хуралдаан байна. Саяхан нэг удаа хуралдуулахаар товлосон ч УИХ-ын ээлжит бус чуулгантай болчихлоо гээд хойшлуулсан ш дээ. Гадна талдаа өгсөн тайлбар нь энэ боловч АН-ын ҮЗХ-г хуралдуулах гэхээр ирц бүрдэхгүй байгаа юм биш үү. Одоо хуралдаж чадах болов уу?

-Ирц бүрдүүлэх дээр ямар ч асуудал байхгүй ээ. Өмнөх хурлын үргэлжлэл учраас ирсэн ирцээрээ хуралдаад шийдвэрээ олонхиороо гаргаад явах боломжтой. Өмнөх хурлын тухайд “УИХ-ын ээлжит бус чуулганаар татвар нэмэх, цалин тэтгэмж хасах гэх мэт олон нийтийн эрх ашиг хөндсөн, сэтгэл түгшээсэн асуудлыг хэлэлцэх нь. Тийм учраас ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулж байна” гэсэн нь тухайн үеийн шалтаг байсан байж магадгүй. Зарим хүний хүсч байгаа шийдвэрийг гаргах олонхи бүрдэж байна уу, үгүй юү гэдэг дээр л маргаан байгаа. ҮЗХ-ны ирц бол асуудал биш. Хэн ямар шийдвэр хүсээд, тэр шийдвэрийг гаргах хэмжээний олонхи бүрдэж байна уу, үгүй юү гэдэг дээр л ҮЗХ-г хуралдуулах уу, үгүй юү гэдэг шийдвэр гараад байгаа юм. Аль аль талдаа энэ ҮЗХ-ны шийдвэр чухал. АН шинэчлэгдэх үү, үзэл санааныхаа хувьд хаашаа харж, юу руу зорьж явах вэ. Сонгуулийн ялагдлаа, өөрсдийн алдаагаа ухаалгаар, эрүүл саруулаар тунгаан хэлэлцээд улс төрийн дараагийн зорилго, үйл хэргийн төлөө АН цул байж чадах уу, үгүй юү. Аль фракц, хэн эрх мэдэлтэй байх гэхчилэн хуучин, шинэ сорилтууд бидний өмнө байгаа. Ийм учраас аль аль нь яаран бас шийдвэр гаргахаасаа болгоомжилж байх шиг байна. Тэрнээс шалтгаалаад л ҮЗХ хуралдах, хуралдахгүй, хурлаараа юу шийдэх, шийдэхгүй вэ гэдэг дээр үл ойлголцол байгаа. Хурлаа хийж чадахгүй хойшлуулаад байгаа үнэн шалтгаан бол энэ. Том улс төр гэхээсээ илүүтэй АН-ын доторхи улс төрийн том өөрчлөлтийн өмнөх нам жим байдал юм уу даа.

-Шинэчлэлийн хаалгаа зөв нээж чадах уу гэдэг дээр асуудал байгаа гэж байсан. Уулзалтууд явагдаад л байх шиг байна. Танд тийм чиг ажиглагдаж байна уу. ҮЗХ-ноос юу хүлээх юм бэ?
-Уулзалтууд янз бүр л байна. Зарим хүн дүрмээ шинэчлэх тухай, АН-ын үнэт зүйл, зарчим нь юу байх гээд ярьж байна. Цаашдаа улс төрийн зах зээл дээр АН бас амьд, гол хүчнээрээ явах ёстой. Тэрийгээ шийдэхийн тулд тодорхой хэмжээний дотоод чанар, агуулгын өөрчлөлт хийх ёстой юм биш үү гэсэн яриа хөөрөө зарим хүнээс гарч байна. Харин зарим нь тодорхой удирдлагын алдааг засаад энэ сонгуулийн ялагдлын хариуцлагыг хэн нэгэнд үүрүүлээд, цаашаа явах тухай зохион байгуулалтын шинжтэй зүйлийг хэлж байна. Нөгөө хэсэг нь намын дарга хэн болох, хэний фракцад энэ албан тушаал харьяалагдах, хэн хэн ямар байдлаар тохирох уу гэдэг юмнууд ярьж байна. Иймэрхүү янз бүрийн төвшний, олон талын сонирхол бүхий яриа өрнөж байгаа учраас АН-ын шинэчлэлийн талаар бүх төвшинд хэлэлцүүлэг хийгдэж байна гэсэн үг. Аль нь шийдвэр болж, хэрэгжих вэ гэдэг нь дараагийн асуудал.

-Шинэчлэлд ер нь юу нь чухал юм бэ. Дүрмээ шинэчлэх нь үү, даргаа солих нь уу. Эсвэл өмнөх алдаагаа дүгнэх нь чухал юм уу?
-Мэдээж өмнөх алдаагаа дүгнэхгүйгээр цаашаа явна гэж байхгүй. Дүгнэхдээ харин субъектив байдлаар хэн нэгний буруу гэж шууд хашгирч босч ирэхээсээ илүүтэй хамтаараа юун дээр алдсан юм бэ. Тодорхой бүлэг хэсгийн алдаа байгаа бол тэр нь юунаас болсон юм бэ гэдгийг эрүүл саруулаар ярилцах ёстой. Гэхдээ хэн нэгнийгээ намаас хөөх гээд байгаа юм уу, эсвэл хэн нэгнийгээ олны өмнө “дүүжилж” буруутан болгож харагдуулах гээд байгаа юм уу. Тэр тал руугаа явбал зөвхөн хувь хүмүүсийн зөрчил болж хувираад жинхэнэ асуудлаа эрүүл саруулаар харж чадахаа байчихна. Асуудлаа тойрч сууж байгаад ярих ёстой юм. Бид юун дээр алдав, юунаас болов, дахиад ийм алдаа гаргахгүйн тулд яах ёстой вэ гээд ярилцах ёстой.
-Таны бодлоор юун дээр алдсан юм бэ. Сонгуулийн өмнө бол та мажоритар тогтолцоог сонгосон нь манай намд ашиггүй хувилбар гэж хэлж байсан санагдаж байна.
-Алдааны тухайд хүн болгон дор бүрнээ дүгнэлт хийх гэж оролдож байна. Зарим нь хэвлэлээр гаргаад, зарим нь юунаас болов гэдгээр тодорхой үндэслэлүүд гаргах гээд эрэлхийлж байна. Миний хувьд АН сая болдог сонгуулиар юуг буруу хийж байна вэ гэдгээ харах том боломжийг нээж авлаа. Жаахан эргэцүүлээд, эрүүл саруулаар харвал бидэнд хэдэн том алдаа байна. 

-Ямар алдаа юм бэ?
-Нэгдүгээрт, Үндсэн хуу­лийн цэцтэй хамтарч сон­гуулийн дэвшилттэй тогтол­цоо, төлөөллийн ардчилалд байж болох зөв хувилбарыг үгүй хийсэн. Энэ бол бидний хамгийн том алдаа. Захиалагч нь нөгөө нам байсан байж магадгүй л юм. Гэхдээ тэд нартай үгсэн хуйвалдах замаар УИХ-д олонхийг бүрдүүлж Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авсан шүү дээ. Энэ бол маш том алдаа. 76 жижиг мажоритараар сонгууль явуулснаар өнөөдрийн УИХ бүрэлдэж, маш хүчтэй бөгөөд түрэмгий, харалган шийдвэрүүдийг гаргах бүх боломжийг улс төрд бий болгочихлоо. Бараг л хөнд­лөн­гийн хяналт байхгүй боллоо. Энэ бол сонгуулийн тоглоомын дүрмийг сонгуулиас сар хүрэхгүй хугацааны өмнө өөрчилсний гор. Хоёр дахь том алдаа бол маш олон сонгогч, иргэн байнга хэлдэг нэг зүйл бий. Тэр нь АН засаглаж чаддаггүй тухай яриа. Манай нам асуудлыг шийдэх зоримог алхам хийдэг ч дуусгадаггүй, өөр хоорондоо зодолдоод хаашаа явж байснаа нэг мэдэхэд мартчихдаг. Хамаг чадвар, нөөц, хүчээ дотроо бараад дуусдаг. Энэ бол маш том, гэхдээ дахин дахин давтагдаж буй алдаа. Үнэхээр ч АН-ынхан үнэт зүйл, зарчим дээрээ нэгдэхээсээ илүүтэй фракц гэж хуваагдан, албан тушаал, мөнгө, тодорхой лидерүүдээ даган бүлэглэж, тойрч зодолддог. Зодоон нь эд нар засаглаж чадахгүй байна гэсэн ойлголтыг үүсгэдэг. Зарим нэг нь эрх мэдэлтэй дарга болчихоороо насан туршдаа энэ чигээрээ байх мэт аашилж, өмнө нь ярьж байсан, амлаж байсан, шинэчилж өөрчилнө, асуудлыг шийднэ гэсэн зүйлсээсээ ухардаг. Энэ нь Засгийн газраа өөрсдөө унагасанаас эхэлсэн дээ. Та нар засаглаж чаддаггүй гээд байхад л Засгийн газраа унагаж, намын даргаа сольж хүмүүсийн зодоон болгож хувиргасан. Дараагийн Засгийн газар нь асуудал шийдэх, бодлого тодорхойлох гэхээсээ илүүтэй бялуу хуваах, бүлэглэлүүдээ гомдоохгүй байх гэдэг юм руу явчихсан. Сүүлдээ бүр сайд болж үзээгүй нь үзье гэх шахуу уйвагүй загнасан. Энэ бол гурав дахь том алдаа. Засаглаж чаддаггүй төдийгүй “бүр чадваргүй, урвагч, гацаагч, хорчингуудаар нүүр царайгаа хийсэн нам” гэсэн дүр зургийг нийгэмд үзүүлсэн. Дараагийн алдаа бол АН өөрийн мөн чанар, хувийн хэвшлийг дэм­жиж хамгаалах, хүний эрхийн талд зогсох, шударга ёсыг хангах гэх мэт олон үзэл баримтлалынхаа яг эсрэг явсан. Үүнтэй холбоотойгоор баялаг бүтээгчдээ гомдоосон. Бизнес эрхлэгчдэд таагүй байдал үүсгэж, хувийн хэвшлийнхэн зүгээр хийж байсан бизнесийг төр рүү булааж авах гэж оролдсон. Өөрөөр хэлбэл, АН-ын өөрийнхөө тээж явдаг бодлогоос өөр зүг рүү, зүүний маягийн, коммунист маягийн, заримдаа бүр фашист маягийн бодлого гаргасан нь баялаг бүтээгчид, эдийн засгийн салбарт байгаа хүмүүсийнхээ итгэлийг барж, гомдлыг нэмсэн. Энэ бол дөрөв дэх том алдаа байлаа. Тав дахь алдаа бол мэдээж сонгуулийн бэлтгэл огт хийгээгүй. Хийсэн ажлаа олон нийтэд хүргэж сайн тайлбарлаагүй төдийгүй, нам дотор байгаа гэрэлтэй, эерэг гэж харагдаж байсан бүх юмаа өөрсдөө харлуулж, баллуурдсан. Сонгуульд өрсөл­­дөхөд АН-ын нэр дэвшигчдээс бүтэн нэртэй нэг ч хүн үлдээгүй, шарх сорвигүй ороогүй л байхгүй юу. Өөрөө өөрсдийнхөө бүх нэр хүндийг нэг хэсэг нь өөрсдөө мөнгө гаргаж кампанчилж, хэвлэлд захиалга өгч байгаад баллаж унагасан. 

-Нөгөө л фракц хоорондын зодоон...
-Тэгэхээр нэг асуудлаас улбаатай юм шиг хэрнээ дэс дараалсан таван том алдаа гаргасан нь бидний сонгуулиар дүнгээ ийм хэмжээнд тавиулах, олон нийтээс болохгүй байна гэсэн муу дүн авах гол шалтгаан болсон. 

-Энэ бүх алдааг гаргасны хариуцлагын хэн хүлээх вэ?
-Манайхан намын үнэт зүйл, зарчим, хэлсэн амлалт, үзэл баримтлал руугаа хэн нь алхаж байна, хэн нь алхахгүй байна гэдгийг ялгаж харахгүй хэмжээнд хүртэл бужигнасан л даа. Намын олон нийтийн дунд ч тэр, сонгогч олны дунд ч гэсэн бужигнасан л тоос босгосон. Сүүлдээ энэ их тоосон дотор сайн нь ч аль юм, муу нь ч аль юм, зөв нь ч аль юм, буруу нь ч аль юм мэдэгдэхгүй болчихсон. Тэгэхээр тоосон дотор юу байгааг мэдэхгүй хүмүүс зүгээр нүүрээ угаагаад гэм хоргүй сууж байгаа МАН-ын хэд нь арай дээр юм биш үү гээд сонголт хийчихлээ. Тэгэхээр хариуцлага ярихаар хувь хүн, тодорхой бүлэг рүү гэхээс илүү бидний улс төр хийсэн арга барил, намын биш, намын эрх мэдэлтэй хэн нэгний зохисон хувийн дүрэм болохгүй байна аа гэсэн л үг. Үүнийг л засах ёстой. Алдаатай арга барил, даргын зохиосон хувийн дүрмийг өөгшүүлээд, биеэрээ тээгээд, эсвэл бүлэг хэсгээрээ дэмжээд яваа бол та нар болио, хэр хэмжээ нь хэтэрлээ, тоормозоо гишгэ гэх ёстой. Тэгэхгүй танай фракц муу, манай фракц сайн гэвэл аль аль нь буруудна. Ер нь алдаа гаргасанууд нь намын нүүрэнд гарч, лидерийн хэмжээний тоглолтыг энэ намын нэрээр хийхгүй арагш болох нь улс төр, ёс зүйн том хариуцлага. Ийм хариуцлагын тогтолцоо намд байх ёстой. Тэгэхгүй нөгөө л хэд, нөгөөх л арга барилаараа, өөрсдөдөө тааруулж зохиосон дүрмээр дахиад энэ намын нэрээр, энэ улс төрд явна гэвэл Монголын улс төрийг бүр хордуулж дуусна. Өөрөөр хэлбэл, намаа баллаад зогсохгүй улс орноо баллаад, үндэстнээ баллах хэм­жээний төвшинд очно. Тэгэхээр бидэнд тоормоз хэрэгтэй. Нэг яриа байдаг даа, “АН-д тоормоз байхгүй, Ардын намд хааз байхгүй” гэж. Өөрөөр хэлбэл, бид зөв юмны төлөө явж байгаа бол тоормоз хэрэггүй л дээ. Гэхдээ энэ үндэстэнд, энэ улс оронд, улс орны эдийн засаг, үнэт зүйлд муу юм хийж байгаа бол тоормозоо тултал нь гишгээд карданаа татаж сурах хэрэгтэй. Энийг улс төрийн хариуцлага гэж нэрлээд байгаа юм.

-Танай намын удирдлагад ажиллаж байсан хүмүүс ажлаа өгч чимээгүй болсныг нь хариуцлагаа үүрлээ гэж бодох уу?

-Зарим нэг хүн нэр заан тэр хүнийг намаас хөөж байж хариуцлага тооцсон болно гэх яриа гаргаж байна лээ. Намын гишүүнээс хэн нэгнийг хөөнө гэдэг зөв биш байх. Эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлах нь бидний амьдарч байгаа ардчилсан нийгэмтэй таарах эсэхийг нь би мэдэхгүй байна. Хуучин социализмын үед бол коммунист намаас хүнийг шууд хөөчихдөг л байсан. Харин одоо бол өөр. Тэгэхээр намын гишүүнээс хөөх тухай асуудал байхгүй болов уу. Харин намын лидерийн хэмжээнээс буулгаж, намыг удирдах, шийдвэр гаргах төвшинд байлгах, үгүй нь өөрөө улс төрийн хариуцлагын асуудал байх. 
-Таны хэлсэн шиг ийм хариуц­лагыг сайн дураараа хүлээх чадвар танай намын дарга нарт байгаа болов уу. Өөрсдөө хойш сууж чадах уу?
-Энэ чинь өөрөө шинэ тоглоомын дүрмийн тухай яриа. Улс төрд ийм хэмжээний дүрэм, ийм хэмжээний шинэ соёл, хариуцлагатай ардчиллын уламжлал тогтоох хүсэл эрмэлзлэл АН-д байна уу, АН шинэчлэгдэж чадах уу гэх асуултын хариу энэ зүйлээс л эхэлнэ. Ийм хэмжээнд бид өөрчилж, ажиллаж чадахгүй бол олон нийт дахиад л дүнг нь тавьж, өөр сонголт хийсээр байх болно. Энэ байдлаараа удвал улс төрийн өрсөлдөөнөөс, сонгуулийн зах зээлээс бид өөрсдөө алга болно. 
Муйхар, харалган байдал юунд хүргэдгийг бид бэлээхэн харж байна. Олон нийт болон мэргэжилтнүүд хэлж л байсан. Эдийн засгийг тэтгэх том төслүүд яагаад яваагүй, яагаад хувийн хэвшлийнхний хийж болох байсан ажлыг төр өөр дээрээ авч дампууруулаад хаячихав гээд. Жишээ нь, коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байхад бидний зарж байгаа үнэ ямар байгаа билээ. Гол өрсөлдөгч Австрали яаж амжилттай ажиллаад, оросууд хажуугаар нь яаж ашигтай бизнес хийгээд, алдагдлыг нь яагаад бид хүлээгээд байгаа юм. Энэ бол хоёрын жилийн өмнө л ярьж байсан зүйл, нэг жилийн өмнө ч хэлэлцэж байсан л сэдэв. Шийдээгүйн үр дагавар иргэдийн амьжиргааны муудалт, улс орны эдийн засгийн уналт, хариуцлага нь эрх баригчдын сонгуульд авсан санал. 
-Ялагдлыг ер нь та бүхэн аль төвшиндөө амссан гэж үзэж байгаа вэ. УИХ-ын сонгуулийн дараа З.Энхболд дарга ажлаа өгсөн. Гэтэл нийслэл дээр ялалт байгуулаагүй. Одоо Л.Эрхэмбаяр дарга, Э.Бат-Үүл дарга нар ажлаа хийж байгааг танай зарим гишүүн шүүмжилж байна. Эсвэл та бүхэн ялагдаагүй юм уу?
-Зүрхэндээ тултал ялагдсан. Энэ сонгуулиар бид УИХ-д байгаа суудлаа алдсан биш, АН өөрийн мөн чанар болсон улс төрийн олон сэдвээ алдсан. Тэр өнцгөөс нь харъя л даа. Хэдэн дарга суудлаа алдаж, хэдэн нэр дэвшигч сонгуульд унах бол ардчилалд байдаг л зүйл. Харин АН-ын лидерүүд хүний эрхийн тухай ярихад олон нийт “Энэ одоо яагаад худлаа яриад байна” гэж хүлээж авах хэмжээнд очсон байна. Шударга ёс, эдийн засгийн хөгжил, хувийн өмч, бизнесийн эерэг орчин гээд АН-ын өөрийнх нь улс төрийн мөн чанар болж байсан гол сэдвүүдийг АН-ын ямар ч лидер барьж аваад ярих гэж оролдоход хэнд ч сонсогдохгүй, зүгээр л ам нь ангалзаж байгаа юм шиг хоосон оргидог болж. Энэ бол хэдэн суудлаа алдсан ялагдлын дэргэд маш том ялагдал.
-Үнэт зүйлээ алдсан ялагдал чинь 2014 оноос эхэлсэн биз дээ. Тэр үеэс л барьдаг, хорьдог, хаадаг, боодог болоо биз дээ?
-Хүний эрхийн эсрэг байдаг бүх механизм сонгуулийн дараа зүгээр өөрөө өөрчлөгдөхгүй. Хууль гар­гаж системийг шинэчилж байж өөрч­лөгдөнө. 2012 онд айдастай, хаалт­тай байсан зүйлс хэвлэл мэдээл­лээр задарч олон нийтийн дунд илүү нээлттэй, ил харагдаж эхэлсэн. Энэ харагдсан зүйлсийг шийдэхэд хуулийн салбарын шинэчлэл хамгийн чухал байсан нь үнэн. Харамсалтай нь 2014 оноос буруу эргэлт хийгдэж эхэлсэн. Бид эхлүүлсэн ажлаа дуусгаж чадсангүй. Яагаад хийж чадаагүй вэ гэдэгт түрүүний том шалтгаанууд нөлөөлсөн. Эрх мэдлээс буусныхаа дараа барьдаг, хорьдог, хаадаг зүйлс буруу болох тухай дахиад ярьж эхэлж байна. Энэ бол 2012 оноос өмнө байсан л үзэгдэлүүд. Гэтэл энэ дөрвөн жилийн хугацаанд үүнийг засах боломж бидэнд байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь, бид юуг нь ч засч амжилгүй хэн нь дарга, хэн нь том бэ гэх дотоод зөрчил, хэрүүл тэмцлээсээ болоод боломжоо алдаад, дээр нь намаа үнэгүйдүүлээд буулаа. 
-Сая Э.Бат-Үүл дарга өөрийг нь яллагдагчаар татсанийг мэдэгдэж, хууль бус зүйл болж байгааг хэллээ. 
-Ийм үзэгдэл одоо гарч байгаа юм биш ш дээ. Санаж байвал 2004 оны сонгуулийн өмнө АН-ыг ялагдуулж, МАН (тухайн үеийн МАХН) буцаад эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд юу хийж байлаа. Тухайн үеийн АН-ын дарга М.Энхсайханыг С.Зоригийн хэргийн гол улс төрийн захиалагч болгож хувиргах гэж Дамирангийн Энхбат гэдэг хүнийг Францаас хулгайлж ирж байсан ш дээ. Тэгээд мэдүүлэг өгүүлээд, Д.Энхбатад М.Энхсайхан захиалга өгч С.Зоригийг алуулсан болгох гэсэн боловч тэр хүн нь ёстой эрийн хугархай байсандаа өөрийнхөө амь насаар энэ гүтгэлэгийг хааж гарч байлаа. Энэ бол 2004 оны өмнөх үзэгдэл. Тэгвэл 2017 оны өмнөх үзэгдлийг та бид одоо харж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол өрсөлдөгч, АН-ын нэг лидерийг дахиад нөгөө С.Зоригийн аллагын хэргээр “дүүжлэх” гэж оролдож байна. 2004 оны гол захиалагч нь хэн байсан, гардан зохион байгуулагч нь хэн байсан, хэн хэн ямар сайдын албан тушаалтай байсан билээ. Тухайн үеийн түүхийг эргээд л хар. Хууль зүйн сайд нь хэн байв, Тагнуулын дарга нь хэн байсан юм, Ерөнхий сайд нь хэн байв, хэн сонгуульд дэвших гэж энэ ажлыг зохион байгуулсан юм. Энийг гардан зохион байгуулсан хуулийн байгууллагын арга барил нь юу байсан юм бэ гээд. Эргээд үүнийг санахад одоо юу нь ч өөрчлөгдөөгүй байгааг л харна. Энэ бол хамгийн том эмгэнэл. Дахиад хэлэхэд, шийдэж болох эрх мэдэл, ширээ сандал дээр нь сууж байсан хүмүүс одоо хэвлэлийн бага хурал хийхээс өөр эрхгүй хэмжээнд очоод суучихсан байна. Надад энэ л эмгэнэлтэй санагдаж байна.
-Олон нийтэд бол Б.Булганыг сонгуулийн өмнө буюу АН эрх барих үед барьж хорьсон. Магадгүй энэ нь хэргийн сэжүүр гаргасан юм болов уу гэсэн таамаг байгаа ш дээ?
-Би энэ оны хоёрдугаар сард өгсөн ярилцлагаа санаж байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж асуухад хариулж байсан юм. Хуучин ажлын хэсэг дээр нэг алдаа байдаг юм. Ямар нэг алдаа, завхралгүй гэмт хэрэг илрүүлэхийн тулд эхлээд үйлдлийг нь тогтоож гүйцэтгэгчийг нь барьвал зөв, шүүхэд гэмт хэргийг нотлоход дөхөм байдаг. Гүйцэтгэгчээс нь мөрдөж байж хэргийн учир шалтгааныг хөврүүлдэг. Гэтэл С.Зоригийн аллага гүйцэтгэгч рүүгээ биш “Захиалагч хэн бэ” гэх хардалтын улс төр босгоод, дараа нь энэ боссон улс төрөө хэний эсрэг ашиглах вэ гэдэг хэлмэгдүүлэлтийн зэвсэг болгосон. Тиймээс захиалагчийн араас биш гүйцэтгэгчийн араас эхлээд яв гэдэг чиглэл, байр сууриар би хувьдаа сайд байхдаа хандсан.
-Ер нь танай нам болон Мон­голын улс төр өөрчлөгдөх болов уу? 
-Зорилгынхоо төлөө урагш зүт­гэхээсээ гадна буруу эргэлтэн дээр тоормоз гишгэж чаддаг лидерүүд байх хэрэгтэй. Би гурав, дөрвөн ярилцлагадаа С.Баяр гэдэг хүний нэрийг фанат нь юм шиг л дурдаж байна. Уг нь би фанат нь биш. Гэхдээ тэр хүн тоормоз гишгэж чаддагаа үйлдлээрээ харуулсан. Үүн шиг залуучуудаа гаргаж ирэх гэж, ачаа үүрүүлэх гэж, эсвэл хоосон амбийц, эрх мэдлийн уралдаанаас илүүтэй бодлогын нам болж хувирахын тулд бодлогын лидерүүдээ түлхэж өөрөө үлддэг байх улс төрийн соёл хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Тэмүүжинг, Гантөмөрийг, Батчимэгийг гэж хувь хүн ярихгүй. Шинж чанар ярьдаг тийм лидерүүд хэрэгтэй байна. Манай, танай фракцын хүн гэж ярихаас илүүтэй энэ хүн нь үнэт зүйлтэй юу, бодлоготой юу. Энэ намын үнэт зүйлийг гол тээгч нь мөн үү. Энэ хүн бидний улс төрд тавьж байгаа өндөр босгыг давж чадах уу гээд шинж чанар яриад, ийм  шинж чанартай лидерүүдийг, улс төрийг урагш нь түлхье. Ийм шинж чанар байхгүй бол тэр хэсгийг нь хойш татъя. Татахгүй бол надтай цуг хойшоо суугаач гэж амбицаасаа татгалзаж чадах шинэ дүр, соёл л манай намд хэрэгтэй байна. Ингэж улс төрд шинэ түүх үлдээх, эерэг жишиг тогтоовол өөрчлөлт гарах л байх. 
-Өөрийгөө золиослоод бусдыг урагшлуулах хүн танай намд байна уу?
-Золиослох биш л дээ. Намын даргаас гадна улс төрд маш олон боломж бий. Зөвхөн энэ суудал АН-ын лидерүүдийн туйлын зорилго, мөн чанар юм шиг харж болохгүй. Дарга шинээр сонгогдлоо гэхэд намын дарга улс төрийн намын 50 хувь. Үлдсэн 50 хувь нь намын даргын ард ямар лидерүүд, ямар салбараар ямар бодлого гаргаад юуны төлөө эгнэж байна вэ гэдгийг л харна ш дээ. Бидэнд эгнээ чухал. Гэтэл АН-ын хамгийн дутагдалтай тал бол мөр зэрэгцэж эгнэж, жагсаж сураагүй. Саяхан Н.Алтанхуяг дарга нэг чухал үг хэлсэн байна лээ. АН-д гурван үе зэрэгцэн орших боломж анх удаа гарч ирлээ гэж. Өмнө нь бол нэг үе л “Биднээс өөр хүнгүй” гэж явж ирсэн. Яагаад гэвэл дээр нь ах байхгүй, доод үеэ зөвшөөрөхгүй. Одоо бол ахмад, дунд, залуу гэсэн гурван үе АН дотор зэрэгцээд зогсох боломж анх удаа бий боллоо. Тэгэхээр эгнээ гэдэг зүйлийг суралцах ёстой. Өөрөөр хэлбэл, эгнэж зогсохын оронд чи хойшоо бай, би урдаа гарна, 90 онд чи хаана байсан юм гэх мэт явган хэрүүлээ орхих хэрэгтэй. Яагаад гэвэл улс төр өөрөө эгнээгээр явдаг. Энэ эгнээнд гурван үе гар гараасаа бариад зэрэгцээд зогсох учиртай. Ийм боломж түүхэндээ анх удаа гарч ирлээ. Гол нь эгнээ. Хэн нэг нь ширээний голд, нэг хэсэг нь ширээний буланд, зарим нь бүр хаалганы гадна зогсох тухай биш. Ачаагаа хуваалцаж үүрэх, ажлаа хамтарч хийх тухай. Үүнийг ойлгож байгаа бол нэг нь намын дарга болоод бусад нь хэн ч биш болчихно гэх бодол утга муутай. 
-АН өнөөдөр намын дарга, 2020 оны сонгууль гээд том улс төрөө яриад байна. Харин сарын дараа болох орон нутгийн сонгуулийн талаар бодож байна уу?
-Орон нутгийн намын дарга нар, зарим залуус үнэхээр их санаа зовж байна. Сонгуулиас өмнө ҮЗХ хуралдаад түр дарга ч юм уу тавиач дээ. Энэ хүмүүс нь орон нутгийн сонгуулийг нуруундаа үүрээд гараг л дээ гэж зөндөө хэлж байгаа. Харамсалтай нь, ҮЗХ хуралдаж чадсангүй. Ачаа үүрч, хариуцлага хүлээх эзэн байхгүй учраас юм орхигдоод байна л даа. Энэ бол намын дарга гэдгийг ачаа үүрэх биш, миний, манай фракцын эрх мэдэл нэмэгдэнэ гэж андуураад байгаагийн зовлон юм. 
-Тэгвэл танай зарим гишүүнд арванхоёрдугаар сарын 6-нд их хурлаас намын даргаар сонгогдох нь 2017 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдөх эхний шат гэж харагдаад байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Арванхоёрдугаар сарын 6-нд АН шинэчлэл хийгээд 2020 оны АН-ын дүр төрх, хариуцлагын тухай ярьж байгаа юм. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд яллаа гэвэл намаас явна. Ялагдлаа гэвэл намын даргын хувьд нам дотроо хүлээн зөвшөөрөгдөж цаашаа явахад түвэгтэй болно. Тийм учраас АН гэсэн энэ нэрийн дор үнэт зүйл зарчим олон зүйлээрээ нэгдээд сууж байгаа энэ хүмүүсийг нэг удаагийн тариур шиг хувийн амжилтын төлөө ашиглах гэж явж байгаа хүмүүс байвал хэрэггүй. Бид 2020 он, 2020 оноос хойших Монголын хувь заяа, Монголын улс төр, АН-ын дүр төрхийн тухай ярьж байгаа болохоос 2017 оны сонгуулийн тухай яриагүй. Яг бидэнтэй адил бодож байгаа АН-ын маш олон жирийн гишүүн байгаа. Тэр хүмүүс дахиад хэн нэгний тоглоом болж, шоглоомыг нь үүрч үлдэхийг хүсэхгүй. 
-Тэгвэл та АН-ын даргад өрсөлдөх үү?
-Одоохондоо үгүй ээ, би түрүүнд хэлсэн дээ. Намын дарга 50 хувь. 50 хувь нь эгнээ гэж. Эгнээнд цуг зогсох гэдэг АН-д шинэ соёл, шинэ дүрэм. Энэ шинэ соёлын төлөө явах хэрэгтэй байна. 

 

 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.