Паул Ван Воувэ: Монголчуудын сэтгэлгээ өвөрмөц, бас их баялаг

2016.09.14 Лхагва №084 (2115)

Г.Сонинбаяр

Бельги дэх Монгол Улсын өргөмжит консул, соёлын элч төлөөлөгчөөр ажиллаж буй Паул Ван Воувэ хэмээх эрхэмтэй уулзаж ярилцлаа. Тэрээр философич, сэтгүүлч мэргэжилтэй. Хүмүүнлэг болон соёл, урлагийн салбарт олон жил ажиллаж, тэр дундаа Монголын түүх,соёл, урлагийг Европт таниулах, тэнд ажиллаж амьдарч буй монголчуудад туслах чиглэлээр сүүлийн 20 гаруй жил идэвхийлэн ажиллаж байгаа хүн юм. 

-Та Монголд олон удаа ирсэн гэсэн. Анх хэдэн онд ирж байв?
-Би 1995 онд Монголд анх ирсэн. Түүнээс хойш олон удаа ирж байна. Зарим жил хоёр удаа ирж байсан гээд бодохоор лав 20 гаруй удаа иржээ. 
-Бельгиэс Монголыг зорьж ирэх, улмаар монголчуудтай энэ олон жил ойр дотно ажиллаж, холбогдох ямар сэжим байв?
-Би тэр үед Монголын талаар нэг их мэдлэгтэй байгаагүй. Хятадад гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж бай­­сан юм. Хятадын хөдөө орон нут­гийн хөгжлийн талаар бичдэг байсан. Тэр үед Бельгийн нэг сэтгүүлээс намайг Монголд очоод тэнд эдийн засаг, улс төрийн өөрчлөлт гарсан байгаа. Яг ямар өөрчлөлт болж байгаа талаар нийтлэл бичиж өгөөч. Очиж үзээд ирээч гэж санал тавьсан. Тэгээд л Монголд анх хөл тавьсан. 
-Монголд 20 жилийн өмнө ирэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Нийгэм, улс төрийн хувьд шил­жилтийн үе байлаа. Асар их хөгжил дэвшил, хувьсал өөрчлөлт харагдаж байсан ч нөгөө талаар хуучин Оросын нөлөөтэй сэтгэлгээ байсаар байсан. Түүнээс хойш Монголд ирэх бүртээ хөгжиж, дэвшиж байгааг нь харж, өөрчлөлтүүдийг мэдэрч байлаа. Ирэх болгондоо л шинэ зүйлүүдийг олж хардаг. Заавал шинэ юм бий болсон байдаг. Ялангуяа монголчуудын сэт­гэлгээ, менталитет, соёлтой ойрхон байх боломж надад олдож байсан. Энэ талаараа монголчууд их баялаг юм. 
-Монголчуудын тэр онцлогийг европчууд яг тан шиг мэдэрч, хүлээж авч чадаж байна уу? 
-1990-ээд оноос эхлээд Монголын талаар яриад л, Бельги дэх соёлын төвүүдээр бичлэг, гэрэл зураг зэрэг үзүүлж харуулах юмтай яваад сур­талчилж эхэлсэн. Тэр үед цөөн хэ­дэн монгол гэр бүл Бельгид ирж суурьшиж байсан юм. Бельгичүүдийн хувьд Монголын талаархи ойлголт ч бага байлаа. Одоо бол би Бельгид байгаа маш олон монгол хүмүүстэй сайн харилцаатай, байнгын холбоотой байдаг. Наадам, Цагаан сар, шагайн харвааны тэмцээнүүдийг тэнд байгаа монголчууд зохион байгуулдаг. 2007 онд намайг Монголын соёлын элчээр өргөмжилж, 2010 онд Өргөмжит кон­сул болгосон. Энэ хүрээндээ би Брюссельд байгаа Монголын ЭСЯ-тай хамтарч ажилладаг. Монголд ч гэсэн маш олон байгууллагатай хамтарч ажиллаж байна. 
-Энэ удаа ирээд ямар ажлууд амжуулж байна вэ?
-Соёлын хүрээнд ямар шинэлэг зүйл байгааг сонирхож ирсэн. Тухайл­бал Монголын дижитал арт, цахим урлаг, орчин үеийн урлаг, фэшн буюу загвар дизайн, театр гээд ер нь бүхий л салбарт ямар шинэлэг өөрчлөлт гарч байгааг сонирхож байна. Энэ бүхнийг судалж харах ямар ач холбогдолтой вэ гэхээр, Бельги, Монголын эдгээр соёлын салбаруудад харилцаа холбоог тогтоох зорилготой. 20 гаруй жил би судалгаа хийсэн. Монголчуудын бэлгэдлийн талаар судалгаа хийж, Мон­голын бүх өнцөг буланд очиж үзжээ. МУИС-ийн доктор С.Дулам багштай хамтарч ажилладаг.
-Судалгааныхаа талаар ном бү­тээл гаргасан уу?
-Анх ирснээс хойшхи хоёр жи­лийнхээ судалгааны гэрч болгон 1997 онд гэрэл зургийн цомог гаргасан. Тэр цомгийн зургууд уламжлалыг илүү тодот­­госон. Одоо нэг ном гаргахаар бэл­дэж байна. Тэр нь “Шилжилтийн үеийн Монгол” гэсэн гэрэл зургийн цомог гарна. Би Европын соёлд да­саж, зохицсон хүн боловч нөгөө та­лаа­раа монгол соёлын гэрч болохыг хүсдэг. Монголчуудын нүүдэлчин сэт­­гэлгээ хараахан алга болчихоогүй, уст­чихаагүй байгаа. Тийм болохоор нэг талаас монголчууд өөрийн гэсэн монгол сэтгэлгээг алдаж болохгүй. Гэх­дээ бас шинэ сэтгэлгээнээс сурал­цах ёстой. 
-Жил бүр Монголд ирэхдээ ши­нэ юм хайдаг гэлээ. Монголын шинэ урлаг, шинэ үеийн соёл, сэтгэлгээний талаар ямар бодолтой байна вэ? 
-Хөдөө хотын хооронд их том ялгаа байна шүү дээ. Гэхдээ Монгол тун сонирхолтой. Шинэчлэлт, өөрчлөлт асар хурдан явагдаж байна. Тэр бол монголчуудын сэтгэлгээний онцлогтой холбоотой. Нэг сонирхолтой зүйл нь олон залуус гадагшаа сурахаар явж байна. Улс орны ирээдүй бол хүн. Сургуулиудын боловсролын чанарын асуудал чухал. Багш нарын мэдлэг, чад­варын асуудал мөн адил. Бас миний олж нээсэн өөр нэг зүйл гэвэл эрүүл мэндийн салбарт, эмч нарын хувьд 1995 оноос хойш нэлээд дэвшил гарсан гэж үзэж байна. 1995-1996 онд Монголд ирж байхад Нэгдүгээр эмнэлэг, Арвай­хээрийн эм­нэл­эг хоорондоо маш ял­гаа­­тай, зөрөөтэй байсан. Бас нэлээд хэ­дэн эмнэлэгт очиж үзсэн. Маш олон залуу сувилагч, эмч нар тэнд ажил­лаж байсан. Тэд улам ихийг сурах юм­сан гэсэн хүсэлтэй байсан. Одоо ч ийм эрмэлзэл их байна. Энэ их сайн хандлага. 
-Та соёл, урлагаас гадна хүмүүн­лэгийн чиглэлээр нэлээд ажил хий­дэг. Тиймээс эрүүл мэндийн сал­барыг илүү сонирхож байсан уу?
-Би жижиг төслүүдэд санхүүгийн тусламж олгох тал дээр ажилладаг. Ялан­гуяа боловсролын салбарт дэмж­лэг үзүүлэхэд анхаардаг. Мөн эрүүл мэндийн салбар их чухал. Би сая Монголд ирээд “Мөнгөн гүүр” гэж эмнэлгээр орсон. Тэдний тоног, төхөө­рөмж маш шинэлэг, тэр ч бүү хэл Бельгид байхгүй орчин үеийн тоног тө­хөөрөмж ч байна лээ. Монголын эм­нэлгийн эмч, сувилагч нар маш сайн боловсрол эзэмшсэн байна. 
-1990-ээд оноос Бельгид монгол­чууд цөөн байж. Одоо бол тэнд монголчууд маш олон болсон. Тэр хэ­рээр монголчуудын талаархи ойл­голт өөрчлөгдөж байна уу? 
-Эхэндээ Бельгид байгаа монгол­чуудтай бид тийм ч сайн харилцаатай бай­сангүй. Тэд нэгдүгээрт, соёлд нь сайн дасаагүй, дээрээс нь бас архи дарс уудаг, буруу үйлдэл хийдэг байсан тул бельгичүүд болон монголчууд хоорондоо найрсаг байгаагүй. Яваан­даа залуу үе, хүүхдүүд нь тэнд сургуульд яваад, нийгэмдээ дасаад, хэлийг нь сураад ирэхээр яг бельги хүмүүс шиг болчихсон. Одоо тэднийг бельгичүүд маш сайн хүлээж авдаг. Харин настай хүмүүст л жаахан асуудал бий. Тэд хэл мэддэггүй болохоор асуудалтай. Залуу байхдаа гол төлөв Орост сургууль төгс­сөн, орос соёлтой инженерүүд Бельгид очдог. 
-Бельги дэх монголчууд ямар­шуухан аж төрж байна вэ. Гол төлөв ямар ажил хийж байна. Том том компаниудад ажилладаг монголчууд байдаг гэсэн?
-Одоо бүх юм өөрчлөгдсөн. 20 жи­лийн өмнөхөөс гэсэн үг шүү дээ. Ер нь эмэгтэй хүмүүс нь айлын гэрийн үйлчлэгч, цэвэрлэгч хийдэг. Сургуульд суралцаж гайгүй боловсрол эзэмшсэн хүмүүс ч бас бий. Миний мэдэхийн хэд хэдэн монгол эмэгтэй бий. Аннаверс гэж хотод боомтод ажилладаг монгол эмэгтэй бий. Азжаргал гэж эмэгтэй Антвэрпэн хотод хуулийн чиглэлээр бака­лавр болсон. Одоо тус хотын боом­тод ажилладаг. Нараа гэж эмэг­тэй бас мундаг ажиллаж байгаа. Тэрээр Антвэрпэн хотын за­хир­­гаанд ажил­ладаг. Антвэрпэн бол хүнийг их татдаг, хуучин цагт Европын соёл, худалдааны төв байсан. Маш сонирхолтой хот. 
-Бельгид Монголоос оюутан залуус суралцах боломжууд хэр байдаг вэ? 
-Тодорхой тооны монгол оюутан бий. Олон улсын оюутан солилцооны хөтөлбөр байдаг. “Эразмус Мундус” гэж хөтөлбөрийн шугамаар монгол оюутнууд суралцдаг. Голланд эсвэл  франц хэлээр сургалт нь явдаг хө­төлбөр л дөө. Заримдаа англи хэ­лээр хичээл нь ордог. Жишээлбэл, Бельгид олон жил амьдарч байгаа нэг монгол охин хэл сайн сурсан. Тэр охин анагаахын чиглэлээр сурч бай­гаа. Сайн эмч, сувилагч байхын тулд амь­дарч байгаа газрынхаа хэлийг маш сайн сурахгүй бол болохгүй. “Эразмус Мундус” хөтөлбөрт оюутан солилцох боломжтой. Гэхдээ үүнд цаг хуга­цаа нэлээд ордог. Тийм ч амар­­гүй хөтөлбөр. Хоёр их, дээд сур­гуу­лийн хүрээнд гэрээ байгуулж байж хэрэгждэг Европын холбооны хөтөл­бөр. Энэ хөтөлбөр сүүлийн үед Ази руу чиглэж байгаа.  
-Бельгичүүд Монгол руу хэр их ирдэг вэ. Монголын тухай мэдлэг, төсөөлөлтэй болсон хүмүүс нь ирж үзэхийг хүсдэг байх?
-Би өөрийн орчин, эргэн тойрондоо Монголын талаар их ярьдаг болохоор тэр хүмүүс бол наашаа их ирдэг. Гэх­дээ Монголын талаар юу ч мэдэх­гүй хүн манайд их бий. Миний эргэн тойр­ныхон л наашаа ирдэг. Би Бельгид Монголыг илүү сайн таниулах гэж оролдож үзсэн. Сурах бичиг, ном хэв­лэдэг хэвлэлийн газруудтай яриад Монголын талаар сурах бичигтээ жаа­хан оруулж болдоггүй юм уу гэсэн чинь бараг бүгдээрээ үгүй гэсэн. Ганц­хан хэвлэлийн газар л Хубилай хаа­­ны үеийн Монголын тухай нэг ном хэв­лэсэн байсан. Бельгичүүд Грек, Ром, Месо­потам, Египетийн талаар их ярьдаг мөртлөө Монголын талаар огт мэд­дэггүй. Би үүнийг өөрчлөх гэж маш их зүтгэл гаргасан. “Тэр Монгол чинь тээр тэр алс хол ш дээ” гэх маягийн ха­­­риулт авч байсан. Хэдэн зууны өм­нө бол монголчуудыг бельгичүүд бар­бариз гэж нэрлэдэг байсан. Энэ нь бар­­бадос буюу зэрлэг бүдүүлэг гэсэн утгатай грек үг. 
-Бельги дэх монголчуудын наа­дам, Цагаан сар болон бусад соёлын арга хэмжээг нутгийн иргэд, оршин суугчид хэр сонирхож үздэг бол? 
-Үндэсний баяруудаа монгол­чууд зөвхөн өөр  хоорондоо л  тэмдэг­лэчих­дэг. Би монголчуудад нэлээд олон хоногийн өмнөөс энэ талаараа зар­лаад, олон нийтэд ийм баяр болох гэж байна шүү гэж мэдэгддэг байгаач гэж зөвлөдөг. Тэгээд ч монголчууд сурахгүй байгаа юм. Алтай гэж эмэгтэй Антвэрпэнд энэ талаар нэлээд идэвхтэй ажилладаг. Бусадтай нь ажиллахад хэцүү. Хэл сайн мэдэхгүй, ойл­голцохгүй болохоор бэрхшээл их гардаг гэсэн үг. Харин монгол залуу­чууд, хүүхдүүдтэй бол харил­цахад амар. Тэд Бельгид сураад, хэлийг нь сурчихсан болохоор ямар ч асуудалгүй. 
-Та бас Бельгийн дунд сур­гуу­лийн хүүхдүүдэд Монголын та­лаар соёлын өдөрлөг явуулдаг гэсэн?
-Сургалт буюу воркшоп зохион байгуулдаг. Энэ бас л Монголыг та­ниулах нэг ажил. Асуултаас тань жаа­­­хан хазайгаад хэлэхэд би Улаан­баатарын 24 дүгээр сур­гууль­тай  хол­боотой ажиллаж байгаа. “Арти­кур” гэж сургалтын урлантай мөн хол­боо­той байдаг. Тэр урлан залуу­чуу­­дад зориулсан сургалт явуулдаг. Би Бельгид нэг үзэсгэлэн зохион бай­гуу­лах гэж байгаа юм. Хүүхдийн эрхийн асуудлаар зургийн үзэсгэлэн. Эндээс монгол хүүхдүүдийн бүтээ­лийг авч яваад үзэсгэлэн гаргана. Перу, Сенегал, Конго, Румын, Бельги, Монгол гэсэн олон орны хүүхдүүдийн бүтээл орсон үзэсгэлэн гаргах гэж байгаа.
-Таны Монголд хэрэгжүүлэх аж­лын ойрын төлөвлөгөөг сонирхож болох уу? 
-Урлагийн салбарын хүмүүстэй хамтарч ажиллана. “Норд арт” гэж ар­га хэмжээнд их анхаарал хандуулж байна. Монголын Урлагийн зөвлөлийн шугамаар орон орноос ирсэн зураач нар хамтарч бүтээл хийдэг. 2017 онд олон улсын “Медиа арт фестиваль” болно. Энэ бол маш орчин үеийн урлаг юм. “Номадик арт резиденс” гэж арга хэмжээг зохион байгуулна. Ланд арт чиглэлээр мөн монголчуудтай хамтарч ажиллахаар зорьж байна. Сүхбаатар аймагт ланд арт үзэсгэлэн гаргана. Жил болгон энэ ланд артыг өөр өөр газар зохион байгуулдаг. Дэлхийн маш олон улс орны уран бүтээлчид танилцаж харилцан бие биеэсээ суралц­даг ийм арга хэмжээнүүд тун со­нир­холтой. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.