Б.Энхбаяр: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд ялын бодлого чангарна

2016.09.12 Даваа №083 (2114)

С.ШИЙЛЭГТӨМӨР

Засгийн газраас өргөн барьсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Намрын чуулганы эхэнд батлахаар төлөвлөж буй уг хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас дараахь тодруулгыг авлаа. 

-Өмнөх парламентын ёсч­лолгүй орхисон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх боломж үнэхээр байсангүй юу?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтэнд ног­дуулах ял шийтгэл нь зорчих эрхийг хязгаарлах, долоогоос дээш хоногийн хугацаатайгаар хорих ял шийтгэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөл­дөр байгаа Эрүүгийн хуу­лийн ял шийтгэлийн бод­логотой уялдахгүй байсан. Хэрвээ энэ хуулийг есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн бол гэм буруутай эдгээдүүдэд ногдуулах ял нь байхгүй байх байлаа. Тухайлбал, зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүх гаргалаа гэхэд шийдвэрийг нь хэрэгжүүлэх цахим гав нь байхгүй. Цахим гавтай хол­боотой мэдээллийн сүлжээ, программ хангамж нь ч байхгүй байсан. Тийм учраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд ял завшуулахгүй байх, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг нэг өдөр ч эрхийн хамгаалалтгүй орхих ёсгүй гэдэг утгаар УИХ-аас буцааж, шууд хэрэгжих боломжтой хариуцлага заан одоо байгаа хууль­тайгаа нийцүүлж буцаа­гаад яаралтай өргөн барьсан.
-Эрүүгийн хуульд өөрч­­лөлт оруулах тухай хуу­лийн төслийг хамт өргөн барь­сан. Энэ нь Гэр бүлийн хүчир­хийлэл үйлдсэн хүмүүст ногдуулах шийтгэлийг Эрүү­гийн хуульд тусгаж байгаа гэсэн үг үү?
-Одоо хүчин төгөлдөр үйл­­чилж байгаа Эрүүгийн хууль, үйлчлэлийг нь хойш­луул­сан хууль хоёрын ял шийт­гэлийн бодлогын хувьд үзэл баримтлалын том ялгаа бий. Нэгдүгээрт, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль бол гэмт этгээдэд учруулсан хор уршгийн хэр хэмжээнээс хамаарч хүнд, хөнгөн ял өгөх асуудал яригддаг. Үйлчлэх ху­га­цааг нь хойшлуулсан шинэ Эрүүгийн хууль бол учруулсан хохирлын хэмжээнээс үл ха­маарч гэмт үйлдлийнх нь хэв шинжээр нь ялгамжтай ял шийтгэл ногдуулах зарчмын ялгаатай. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд одоогийн хуулиар гэмтлийн зэрэг нь хүнд байна уу, үгүй юү гэдгээс хамаарч өөр өөр зүйл ангиар зүйлчилж ял шийтгэдэг байсан бол шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд гэмт үйлдлийн хор уршгийн хэмжээнээс үл ха­маарч бие махбодын, сэт­гэл санааны, эдийн засгийн хү­чир­хийллийг зодож, гутаан доромжилж, тохуурхан даа­жигнаж үйлдсэн үү гэдэг хэв шинжээр нь ялгамжтай ял шийтгэхээр хуульчлагдсан бай­сан. Энэ зарчимд бид өөрч­лөлт хийгээгүй. Зөвхөн нэгэнт байхгүй цахим гав, долоо хоног хорих ялын оронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 1-3 сарын хугацаагаар баривчлах, хоёр жил хүртэл хугацаагаар хорих шийтгэл ногдуулахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах юм.
-Буцаасан хуульд байсан шийтгэлийг сая өргөн барьсан төслөөр арай чангаруулсан уу. Зорчих эрхийг хязгаарлахын оронд баривчилна гэдэг чинь чангаруулж байна гэсэн үг биз дээ?
-Гурван сар зорчих эрхээ хязгаарлуулах байсан бол гурван сар баривчлагдах, до­лоо хоногоос нэг жилийн хуга­­цаагаар хоригдох байсан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хоригдох болж байгаа. Тэгэхээр буцаасан хуулиасаа ялын бодлого нь чангарч байгаа гэсэн үг. Олон нийтийн дунд яриад байгаа шиг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн толгойг илээд байгаа юм ерөөсөө ч байхгүй. Харин ч эсрэгээрээ шийтгэл нь чангарч байгаа. Ялын бодлогыг игэж чангаруулахдаа гэр бүлийн хүчирхийлэлтэй ойролцоо төр­лийн гэмт хэргүүдэд ног­дуулж байгаа одоогийн хуулийн ял шийт­­гэлийн бодлоготойгоо ойрол­­цоо байх бодлогыг барьсан.
-Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуультай нийцэхгүй байсан заалтыг нь л өөрчилж дахин өргөн барьсан гэж ойлгож болох уу. Бусад заал­тууд нь хэвээрээ байгаа юу. Тухайлбал, хөрш айл нь цаг­даад мэдэгдэх үүрэгтэй гэх мэт заалтуудад өөрчлөлт орсон уу?
-Гэр бүлийн хүчирхий­лэлтэй тэмцэх тухай хуулийн үндсэн төсөлд нь зарчмын ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тухайлбал, өөрийн чинь асууж байгаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсээр байж мэдээлээгүй бол хариуц­лага хүлээлгэх заалтууд хэ­вээрээ байгаа. Цагдаагийн бай­гууллагад мэдэгдээгүйгээс болоод хүчирхийлэл үйлдэгдвэл мэдээлээгүй иргэнийг үүргээ биелүүлээгүйнх нь төлөө хө­дөл­мөрийн хөлсний доод хэмжээгээр торгоно.
-Гэр бүлийн хүчирхий­лэлтэй тэмцэх тухай хууль бат­лагдаад одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуультай уялдаад хэрэгжинэ. Ирэх оны долдугаар сараас сая хугацааг нь хойшлуулсан шинэ Эрүү­гийн хууль хэрэгжиж эхэлнэ. Тухайн үед Гэр бүлийн хүчир­хийлэлтэй тэм­цэх тухай хуульд бас өөрчлөлт оруулж шинэ Эрүүгийн хуультай нь нийцүүлэх үү?
-Тэрийг одоо хэлэх бо­ломжгүй. Яагаад гэхээр, Эрүү­гийн болон Зөрчлийн ту­хай хуулийг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажил их шаардана. Тухайлбал, зорчих эрхийг хяз­гаарлах ял байна. Гарцаагүй дэвшилттэй ялын бодлого. Мөн хорих ялын доод хэмжээг долоо хоног болгож байгаатай холбоотойгоор нээлттэй, хаалт­тай шорон барих асуудал бий. Ер нь хорих ялын доод хэмжээг долоо хоног байлгах нь зөв үү, буруу юу гэдгийг эргэж харах хэрэгтэй гэж боддог. Хуулийн хариуцлагаас гадна нийгмийн болон ёс суртахууны зэм, хариуцлага гэж байдаг. Долоо эсвэл 70 хоног хорих ялаар шийтгэгдсэн л бол хугацаанаасаа үл ха­маарч шоронд хоригдож бай­сан гэсэн нэр зүүнэ. Долоо хоног хоригдсон хүнийг “Энэ долоохон хоног шоронд суусан” гэхгүй, нийгэмд адилхан л “Чи шоронд байсан ш дээ” л гэнэ. Ялангуяа залуу хүмүүсийн хувьд насаараа сэтгэлдээ шарх­тай, нийгмийн зүгээс “Чи шоронд явж байсан юм байна ш дээ” гэсэн ял зэмтэй явна. Хань ижилтэй болох, ажилд орохоос эхлээд амьдралынх нь олон асуудалд энэ нь тээг болбол яана. Олон улсад ч хүнийг аль болох хорьж шийтгэхээс татгалзаж байгаа. Манай өмнөх парламентын гишүүд “Бид хү­ний эрхийг сайжруулахад маш том алхам хийсэн” гэж ярьж байгаа боловч долоогоос дээш хоногоор хорино гээд эсрэгээрээ хорих ялын хамрах хүрээг өргөжүүлэн шоронжуулах хууль баталчихсан нь үнэн ш дээ. Шинэ Эрүүгийн хууль есдүгээр сарын 1-нээс үйлчлээд эхэлсэн байсан бол хорих ял шийтгэгдэх хүмүүсийн тоо механикаар нэмэгдэх байсан. Ярьж байгаагийнхаа эсрэг зүйл хийсэн байснаа мэддэггүй л юм байх даа. Тиймээс Эрүүгийн болон Зөрчлийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхээс өм­нө дотор нь эргэж судалгаа шинжилгээ хийх шаардлагатайг үгүйсгэхгүй байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.