Коксжих нүүрсний үнийн өсөлт хэр удаан үргэлжлэх вэ

2016.09.05 Даваа №080 (2111)

Х.БАТСАЙХАН

Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн зургаан сарын дотор даруй 80 хувиар өслөө. Өвөл, хаврын заагт 80 орчим ам.долларт хэлбэлзэж байснаа гуравдугаар сараас зугуухан өгссөөр өнгөрсөн сарын сүүлээр 140 ам.долларын босго давж, 2014 оноос хойшхи дээд үзүүлэлтдээ хүрлээ. Коксыг металл, хүнд үйлдвэрлэлийн “талх” гэж нэрлэдэг. Эрдэмтэд энэ удаагийн өсөлтийг хар төмөрлөгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравдугаарт ордог Энэтхэг худалдан авалтаа нэмэгдүүлсэн, гол экспортлогчдын нэг БНХАУ олборлолтоо хорогдуулж, уурхайнуудын жилд ажиллах өдрийн тоог 330 байсныг 276 болгон багасгасантай холбон тайлбарлаж байгаа юм. 
Коксжих нүүрсний гол экспортлогч Австрали улс зах зээлийн нөхцөл байдал ийнхүү эерэгээр өөрчлөгдсөнтөй холбоотойгоор сүүлийн саруудад олборлолтоо эрс нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд “BHP Billiton” зэрэг компаниудын хүчин чармайлт гол үүрэг гүйцэтгэж байгаа аж. 

Үнийн өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 
БНХАУ коксжих нүүрсний уурхайнуудынхаа ажиллах цагийг 20 орчим хувиар хорогдуулсан. Гэсэн ч ган боловсруулалтаа үргэлжлүүлэн өсгөсөөр буй. Энэ нь үнэ тогтвортой байна гэж найдах нэг хүчин зүйл мөн боловч эдийн засгийн шинжээчид,  судалгааны байгууллагууд, коксжих нүүрсний олборлолтоор дагнадаг компаниуд одоогоор энэ асуудлаар өөдрөг бус мэдэгдлийг хийж байгаа юм.  Тухайлбал, коксжих нүүрсний экспортоор дэлхийд тэргүүлэгч Австралийн “BHP Billiton” үнийн өсөлт он дуустал үргэлжилнэ гэж үзэхгүй байгаагаа шууд зарласан. Ашигт малтмалын үнэ ханшаар дагнасан агентлаг, судалгааны байгууллагууд ч асуудалд маш тайвнаар хандаж байна. Тодруулбал, тэд 2016 оны таамгаа 80 ам.доллараас дээш хөдөлгөөгүй хэвээр байгаа юм. Коксжих нүүрсний үнэ өсөхөд хамгийн их баярлах ёстой улсуудын нэг нь Австрали. Коксжих нүүрсний үнэ сэргэж эхэлсний дараа тус улсын эрх баригчид 2016-2017 оны төсөвтөө өөрчлөлт оруулан 91 ам.доллар байхаар тооцоолж оруулж ирсэн юм байна. Энэ шийдвэрийг нь эдийн засагчид “хэт өөдрөг” хэмээн зад шүүмжилжээ. Коксын үнийн талаар гутранги таамаг илэрхийлэгсдийн дурдаж байгаа шалтгаануудыг харваас “Олборлолтоо багасгах БНХАУ-ын шийдвэрт улс төр орсон байх магадлалтай, түүнчлэн нөөцөө ашиглах зорилгоос үүдэлтэй” гэсэн шалтгаан хамгийн их жин дарж байна. БНХАУ-ын коксжих нүүрсний гол ордууд байрладаг Шанси мужид хүчтэй аадар бороо орж, үер болсны улмаас гол замууд эвдэрч сүйдсэн. Урд хөрш импортоо нэмэгдүүлсэн нь үүнтэй их, бага хэмжээгээр холбоотой юм. Өөрөөр хэлбэл, цаг зуурын шалтгаантай гэсэн үг. Тиймээс БНХАУ-ын импорт эргээд бууна, тэр үед коксжих нүүрсний үнэ ч дагана гэж шинжээчид дүгнэж байна. 

Хэн юу хэлэв

Раг Удд: Үнийн өсөлт түр зуурынх
“BHP Mitsubishi Alliance”-ынЕрөнхийлөгч: 
-Коксын үнийг тодорхойлогч гол хүчин зүйл нь төмрийн хүдрийн эрэлт хэрэгцээ байдаг. Аль нэг улс олборлолтоо багасгаж бууруулах нь түр зуурын хөдөлгөөн үүсгэхээс  тогтвортой байдал үүсгэхгүй. Цаашид үнэ тогтвортой өснө гэсэн итгэл байхгүй учир манай компани зардлаа аль болох багасгаж, бүтээмжийг чинээнд нь тултал нэмэгдүүлэх бодлогоо өөрчлөхгүй.  
    
Альберто Кальдерон: Үнэ цаашдаа 120 орчим ам.доллараар тогтох байх
Уул уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэгч “Orica” компанийн захирал:
-Үнэ цаашдаа 120 орчим ам.долларт тогтох болов уу. БНХАУ-ын коксжих нүүрсний талаар баримталж байгаа бодлого үүнд нэг их нөлөө үзүүлэхгүй. Харин Энэтхэгийн төмрийн хүдэр боловсруулалт өсч байгаа явдал ийм найдлага төрүүлж байгаа юм.

Даниэль Хайнс: Коксын үнэ оны эхнийхээс ямар ч байсан өндөр тогтоно
“ANZ”-ийн шинжээч:
-Оны эхний улиралд коксжих нүүрсний үнэ дэндүү бага, өртгөөсөө ч доогуур байсан. Тиймээс энэ удаагийн өсөлтийг байх ёстой хэмжээнд очиж байгаа гэж ойлгож болно. Цаашид зохистой хэмжээндээ тогтох байх. Оны эхнийх шиг тэгтлээ доошоо орохгүй. Дэлхийн нэр хүндтэй эдийн засагчид коксжих нүүрсний үнийн энэ удаагийн өсөлтийг ийнхүү удаан үргэлжлэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч буцаад өртгөө ч нөхөж чадахгүй болтлоо унахгүй гэдэгт санал нэгдэж байна.

Коксын үнийн өсөлт Монголд хамаатай юу
Коксжих нүүрс бол манай улсын экспортын гол бүтээгдэхүүн. Үнэ нь өндөр байх үед төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээгээрээ зэсийг давж гарч байсан удаа ч бий. Гэхдээ манай улсын хувьд зэс, нүүрс хоёрт нэг том ялгаа бий. “Эрдэнэт” УБҮ баяжмалаа Лондонгийн металлын биржийн ханшаар зардаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн үнээр өгч чаддаг. Харин коксжих нүүрсний хувьд өөр. БНХАУ-ын хэлсэн үнээр нь өгөхөөс өөр аргагүй байдалтай явж байна. 
Энэ оны эхний найман сарын байдлаар 8.2 сая тонн коксжих нүүрс экспортолсны 4.5 саяыг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК олборложээ. Тус компани олборлосон нүүрсээ БНХАУ-ын “Чалко” компанид 27 ам.доллараар нийлүүлж байна. Нүүрс нийлүүлэх гэрээг улирал тутамд шинэчилдэг бөгөөд ирэх аравдугаар сараас 30 орчим ам.доллар болгож нэмэгдэнэ хэмээн удирдлагууд нь ярьж байгаа юм. Манай нүүрс нэгдүгээрт, угааж боловсруулаагүй, хоёрдугаарт, олборлогдоод 2-3 жил болсон, чанарын өөрчлөлттэй овоолгоны нүүрс учраас ийнхүү дэлхийн зах зээлийн үнээс дөрөв дахин хямдаар зарж байгаа гэнэ. Бусад компаниудын хувьд, “Эрдэнэс Тавантолгой”-н хямд үнээс шалтгаалж нүүрсээ өндөр үнээр борлуулах боломж нь хязгаарлагддаг байна. 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдэгдлээс харахад “Чалко”-д төлөх өрийг 2017 он дуусахаас нааш барагдуулж амжихгүй. Тиймээс дэлхийн зах зээлийн үнэ энэ жил ч, ирэх жил ч манай олборлогчдод онцын хамааралгүй байх нь.  

Т.Наран: Хятадуудын мэдэлд орсонтой холбоотой
"Монгол нүүрс" ассоциацийн гүйцэтгэх захирал:
-Дэлхийн зах зээлийн үнэ Монголд хамаагүй байгаа нь төрийн мэдлийн Тавантолгойн орд газрын үйл ажиллагаа хятадуудын мэдэлд бүрэн орсонтой холбоотой. Тавантолгойн нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэл, удирдлагын багийг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “TTJVCo” компани хариуцдаг. Энэ бол алдагдалтай ажиллах үндсэн шалтгаан. 

Л.Наранбаатар: уул уурхайг хамгийн бүдүүлэг хэлбэрээр явуулж байна
Уул уурхайн эдийн засагч:
-“Чалко”-гийн өрийг төлөх нэрээр хятадууд манай нүүрсийг хамгийн хямд үнээр буюу өртгөөр нь авч байгаа. Үндсэндээ гаднаас нь харахад Тавантолгой Монголын төрийн мэт харагдаж байгаа ч Хятадын мэдэлд очсон гэж харагдахаар байгаа юм. Төрийн өмчит компани нь идэвхи зүтгэл байхгүй, ямар ч боловсруулалтгүйгээр зарж байгаа нь уул уурхайг хамгийн бүдүүлэг хэлбэрээр явуулж байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.