Ж.Дэлгэрсайхан: Бизнес эрхлэгч, иргэдийнхээ татварыг нэмэх нь эдийн засгийн сууриа улам баллах сөрөг нөлөөтэй

2016.09.02 Баасан №079 (2110)

Г.БАЛЖИННЯМ 

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, сайжруулах, төсвийн алдагдлыг тэнцвэржүүлэх зэрэг асуудлуудад Засгийн газраас авах арга хэмжээний талаар эдийн засагчид байр сууриа илэрхийлж эхэллээ. Ихэнх нь шүүмжлэх хандлагатай байна. Таны хувьд?
-Эдийн засгийн хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Үүн дээр шинэ Засгийн газар, Монголбанкны зүгээс нөхцөл байдлын талаар ил тод зарлалаа. Ил тод зарласныг миний хувьд буруутгахгүй. Зарлах нь зөв. Бид бүгд бодит байдлыг аль аль талдаа хүлээн зөвшөөрөх, түүнийг засварлах цаг нь болсон. Олон Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд алдаатай ажиллаж иржээ. Энэ бүхэн нь нотлогдож байна. Ялангуяа сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг нэлээд хүндэрсэн. Өнөөгийн Засгийн газрын хийж байгаа үйлдлүүдийн хувьд санал нийлэх ч зүйл байна, нийлэхгүй нь ч байна. Санал нийлж байгаа нь гэвэл, бодит үнэнийг зарлаад түүнээс гарах таван чиглэл бүхий хөтөлбөрийг санал болгосон нь зөв. Хөтөлбөрийн агуулга ч гэсэн харьцангуй боломжийн, эдийн засгийг сэргээх, түүнд суурилсан дараа дараагийн бодлогоо хэрэгжүүлэх зарчмаар явах бололтой. Өнөөдөр бидэнд шууд нийгмийн халамжийн бодлогоо хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх эдийн засгийн бодит боломж үнэндээ алга. Тиймээс эдийн засгийн хүндрэлийг хэрхэн яаж даван туулах вэ гэдэг гарц хамгийн чухал болоод байгаа юм. Харин даван туулсны дараа нийгмийн халамж, бусад бодлого, хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь харьцангуй ойрхон сон­согдоно. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг арга замыг маш сайн тодорхойлох ёстой. Энэ бол бас эргэлзээтэй байгаа. Мөн үйлдвэрлэлээ яаж сайжруулах, төсвийн дарамтыг урт хугацаанд яаж саармагжуулж чадах вэ гэсэн арга механизм одоогоор тодорхойгүй байна. Маш тодорхой болгох ёстой. 
-Санал нийлэхгүй байгаа зүйл нь...
-Татварын асуудал. Нийгмийн халамжийн чиглэлтэй зүйлүүд буюу оюутны 70 мянга гэх мэтийн зүйлүүдийг танах нь зөв. Нийгмийн хавтгайрсан халамж, мөнгө тараадаг байдал бол 2004, 2008 оны сонгуулийн амлалтаас эхэлж газар авсан. Мөнгө байхгүй биш, мөнгөө буруу зарцуулснаас болж Монголын эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдал үүссэн юм. Зарим салбарын татаас, чиглэл, хөтөлбөрүүдийн үр дүнг харж зогсоох хэрэгтэй. Үр дүнгүй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байх шаардлагагүй. 
-Жишээлбэл...
-”Сайн хувьцаа”, “Сайн малчин”, “Сайн хашаа” зэрэг хөтөлбөрүүдийн эдийн засгийн үр дагавар нь нийгэмд ач тустай байдал нь юугаар батлагдсан бэ гэдэг нь эргэлзээтэй. Гэнэтийн шийдвэрээр бий болсон хөтөлбөрүүд юм. Эдгээрийг эргэн харах нь зүйтэй. Угаасаа нийгмийн замбараагүй ха­ламжийг зоригтой зогсоох цаг болсон. Улс төрийн амлалтаас бо­лоод нийгмийн халамжийг зогсоож чаддаггүй, бүр нэмж олгодог байдлыг хязгаарлах ёстой юм. Ямаанд, ноолууранд, мөн сонгуулийн насны бүлэг рүү чиглэсэн халамжийн бодлогоо зогсоох нь зүйтэй. Харин эсрэгээрээ гол эсэргүүцлийг дагуулж байгаа зүйл бол шууд татварууд. Жишээлбэл, хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгох цаг нь мөн үү, биш үү, түүнийг бий болгосноор орж ирэх мөнгө нь Монгол Улсын эдийн засгийг аврахуйц хэмжээний байх уу. Үгүй шүү дээ. Яг цэвэр шударгаар ажиллаж, хөдөлмөрлөж, орлого олж байгаа цөөн хэсгийнхээ орлого руу дайрах нь буруу юу, үгүй юү гэдгийг сайн бодох ёстой. Ялангуяа ажил эрхлэгчид рүү хандсан татвар нэмэх цаг бол өнөөдөр биш. Эдийн засаг хүнд байгаа үед бизнес эрхлэгч, иргэдийнхээ орлого руу чиглэсэн шууд татвар нэмэх нь эдийн засгийн сууриа улам баллах сөрөг нөлөөтэй гэж харж байна. Бүрэлдэж ядаж байгаа, өндийж ядаж байгаа бизнесийн салбаруудаа, хямралыг давж ядаж байгаа аж ахуйн нэгжүүдээ бүр унагах хандлага руу орно гэсэн үг. Нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалыг нэмэгдүүлэх нь маш буруу юм. Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэр тэтгэмж гэх зэрэг нь нийлээд Монгол Улсын төсвийн 20 орчим хувь л байдаг. Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжүүд, ер нь л татвар нэмснээр иргэдийн бодит орлогод хо­хи­рол учруулна. Зөвхөн иргэд гэлт­гүй иргэдэд ажил олгож байгаа бизнесийн байгууллагад ч гэсэн хохи­ролтой. Нөгөө талдаа тэтгэврийн даатгалтай хол­боотойгоор тэтгэврийн насыг нэ­мэх гэж байгаа нь бүр буруу зүйл. 
-Төсвийн гажуудал, нийгмийн даатгалын тогтолцооны гажуудлыг засахын тулд ийм алхам хийгээд байгаа гэж яриад байгаа?
-Үүнийг засахын тулд иргэдийн болон иргэдийн ажил хөдөлмөр эрхэлсэн хугацаа руу довлох нь буруу. Тэтгэврийн насыг өсгөх ямар үндэслэл байгаа вэ гэдгийг гаргаж ирэх ёстой. Монгол хүний дундаж нас хэд вэ, монгол хүн ажиллах хугацаандаа хэдэн төгрөг төрдөө тушаадаг юм, тушаасан мөнгөнийхөө хэдэн хувийг эргүүлэн авч чаддаг юм бэ. Нийгмийн даатгал, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцооны үндсэн мөн чанар бол тухайн иргэн ажил хөдөл­мөр эрхэлж байх хугацаандаа төлсөн шимтгэлээрээ тэтгэврийн насандаа ая тухтай, тайван амьдрахад оршдог. Тэр нөхцөлийг бүрдүүлэх ёстой болохоос биш төсвийн цоорхойг нө­хөх, төсвийн гажуудлыг нөхөх, төрийн буруугаас болсон нийгмийн даатгалын тогтолцооны гажуудлыг нөхөх нь иргэдийн ажилласан нас ч биш, төлж байгаа шимтгэл нь ч биш. Энэ бол ухралт. Иргэдийн орлогод шууд халдсан энэ үйлдлийг би хувьдаа эсэргүүцэж байгаа. 
-Татвар нэмэхгүйгээр эдийн зас­гийг хэрхэн сайжруулах боломж­той вэ?
-Татвар нэмэхгүй эдийн засгийг сайжруулах боломж манай улсад хомс. Яагаад гэвэл, одоо бий болсон эдийн засгийн хүндрэл бол нэлээд даамжирсан. Тийм учраас татвар нэмэхгүй байх хэрэгтэй. Эсрэгээрээ татвар нэмээд эдийн засаг сайжрах юм уу гэсэн асуулт гарч ирнэ. Энэ татваруудыг нэмснээр эдийн засаг, нийгмийн даатгалын тогтолцоо сайж­рахгүй. Татвар нэмснээр Мон­голын эдийн засгийг сэргээх тэр их мөнгөний хэдэн хувь нь орж ирэх юм бэ. Сард хоёр сая төгрөгийн орлогтой өрх гэхэд л статистик мэдээгээр дөрөвхөн хувь байна. Тийм учраас түр зуурын орлого нэмэгдүүлэх алхмаар нийгмийн тодорхой бүтцүүдийг алдах шаардлага байхгүй. 
-Татвар нэмэхгүй байх давуу тал юу байна?
-Татвар нэмэхгүй байх нь нэгэнт орлого нь буураад байгаа иргэд ялангуяа биз­несийн үйл ажиллагаа нь хүндрээд байгаа аж ахуйн нэгжүүд хүндрэлийг хүндрэлгүй давах нөхцөл, нийгмийн масс, олонхио харсан бод­лого болж чадна. 
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэн. Далд байсан 34.2 их наяд төгрөгтэй тэн­цэх хэмжээний орлого ил болсон. Тэгэхээр татвар нэмэгдүүлэх нь далд эдийн засгийг дахин бий болгох уу?
-Энэ хууль хэрэгжсэн нь сайн зүйл. Хэрэгжсэнээр далд байсан мөнгө байр байрандаа орсон. Түүнээс 34 их наяд төгрөг гарч ирээд Монгол Улсын эдийн засаг сэргэчихнэ гэж байхгүй. Яагаад гэхээр тэр мөнгө нэг газраас нөгөө рүү л шилжсэн. Тэрнээс биш хил даваад орж ирсэн, шинээр бий болсон мөнгө биш. Өөр хувилбараар зүсээ хувиргаад байж байсан мөнгө. Түүнийг л байх ёстой газар нь татаж чадсан. Эдийн засгаа зөв баримжаалахад маш хэрэгтэй арга хэмжээ болсон. Татвар, нийгмийн даат­галаас зайлсхийж аж ахуйн нэгжүүд цалингийхаа бодит хэмжээг багаар тавьдаг зүйл бол одоо ч гэсэн бай­гаа. Нэмээд сөрөг үр дагаврууд зайлшгүй гарна. Татварын бодлого цаг үеэ олоогүй байна. Татварын бод­лого бол аж ахуйн нэгжүүдийг бий бол­гох, өсч өндийх, эрийн цээнд хү­рэх боломжийг нь олгодог байх ёстой. Бойжих бо­ломж олгохгүй бай­на. Тэгээд бүр хямарчихсан байхад нь татвар нэмнэ гэдэг бол маш хатуу, харгис бодлого. Мэдээж хатуу харгис бодлого болгон сөрөг үр дагаврыг авчирдаг.  
-Үүнээс гарах гарц юу байх вэ?
-Бидэнд нэн түрүүнд хэрэгтэй байгаа зүйл бол төсвийн сахилга бат. Төсвөө зөв зарцуулдаг, хэрэгжүүлдэг, хэрэгжүүлж чадахгүй бол хариуцлага тооцдог механизм бидэнд дутагдаж байна. Төсвийн алдагдал чинь Монгол Улсыг хүнд байдалд оруулах маш том шалтгаан болж байгаа. Нэг ёсондоо төр өөрөөсөө эхэлж алдаагаа засах ёстой. Төсөв нь өөрөө жил, жилийн их наядын алдагдалтай, энэ жил хоёр их наяд төгрөгийн алдагдалтай, нийт таван их наяд төгрөгийн дарамтад оруулсан. Жил бүр таамагласан орлого нь дутдаг, зарцуулалт нь хэтэрдэг сахилга батгүй төсвөөсөө эхлэх хэрэгтэй. Түүнээс гадна, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргийг эс тооцвол Хөгжлийн банк, Монголбанкаар, концессийн гэрээгээр гээд Засгийн газрын зарцуулалт бол хэд хэдэн урсгалаар гарч байсан. Энэ нь одоо батлагдаж байна. Мөн өрийн зөв удирдлагатай болох хэрэгтэй. 2012 оноос эхэлж маш их өр тавьсан. Харин өрийг зөв зарцуулсан уу гэвэл үгүй. Газар тариалан, үндэсний үйлдвэрлэл, хүнсний салбарт багахан хувийг оруулаад бусдыг нь бүтээн байгуулалт нэрийн дор зарцуулсан байдаг. Түүний дараа эдийн засгийн хүндрэл, санхүүгийн дарамтыг хэрхэн давах вэ гэсэн эх үүсвэрийн зөв шийдэлтэй байх ёстой. 
-Эх үүсвэрийн зөв шийдэл гэж...
-Нүүр тулсан өрийн дарамт гарцаагүй нүүр тулаад хүрээд ирлээ. 2012 онд таван жилийн дараа гэж байсан бол одоо хэдхэн сарын дараа болчихлоо. Түүнийг давах зөв хувилбартай байх ёстой. Тэр нь одоо яриад байгаа “Стэнд Бай”, гадны бусад санхүүгийн байгууллагын тусламж, гадаадын хөрөнгө оруулагчидтай ашигтай зөв гэрээ хийх, мега төслүүдэд зөв хөрөнгө оруулалт татах зэрэг олон хувилбар байна. Түүнээс хамгийн зөвийг нь сонгох хэрэгтэй. Түүний дараа эдийн засгаа сэргээх, сайжруулах гаргалгаагаа зөв тодорхойлж чадах юм. Олон Засгийн газар дамжиж ирсэн алдааг засах боломжтой болчихлоо ш дээ. МАН үнэмлэхүй олон суудал авсан учраас.
-УИХ-д сая өргөн барьсан төс­вийн тодотголын хувьд хэр бодитой, ханатай байна вэ?
-Урсгал зардал нэлээд хэтэрсэн байсан. Орлого, зарлага аль аль нь өссөн байна. Зардал талыг гайхаж байгаа. Урсгал зардал, тэр дундаа нэлээд олон яамны урсгал зардал өссөн байсан. Мэдээж хэрэг УИХ-аар хэлэлцэж байгаа учраас шалтгааныг нь харалгүй шүүмжилж болохгүй. Юунаас болоод урсгал зардал өссөн юм бэ гэдгийг л асуумаар байна. Шалтгааныг нь Сангийн яамнаас тайлбарлах ёстой. Ер нь эргэлзээтэй төсөв байсан. Урсгал зардал нэмж байгаа нь өмнөх Засгийн газартай холбоогүй байвал маш буруу. Хямралын үед бүх төвшинд иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан байхад Засгийн газар өөрөө урсгал зардлаа нэмж байгаа бол асуудалтай. Яамдын тоо, төрийн албан хаагчдын тоо цөөрсөн байгаа. Түүнээс гадна орлого талыг нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Мөн төсвийг тэнцвэржүүлэх эх үүсвэр юу юм бэ гэдэг нь энэ төсөв дээр тодорхой бус байгаа. 
-Ойрын жилүүдэд Монголын эдийн засаг ямар замаар явах шинжтэй байна гэж харж байгаа вэ?
-Бид өөрсдөө ийм байдалд оруулсан. Гол буруутан нь төр өөрөө. Тийм учраас Монгол Улс ямар байх вэ гэдэг хоёр үндсэн гаргалгаагаар л шийдэгдэнэ. Төр үнэхээр чадварлаг, ухаалаг, судалгааны шинжилгээнд суурилсан, мэргэжлийн төвшинд ажиллаж чадвал, тэр төр нь зөв ярьж, зөв ярьснаа хэрэгжүүлдэг, хийдэг байж чадвал гэрэл гэгээтэй нэг гарц харагдана. Харин бахь байдгаараа байгаад байвал манай улс ойрын хэдэн жилдээ хүнд байдалтай л байна. Түүнээс гадна амлалтаа биш эдийн засгаа хөөцөлдөж, шат дараатай зөв арга хэмжээ аваад, ойрын жилүүдэд эдийн засаг тогтворжих, суурийг тавиад явбал дараагийн 4-5 жилд сэргэх, өөдрөг болох боломж бий. Бид жижиг эдийн засагтай. Тийм учраас хэдхэн зөв шийдлүүд буюу томоохон төслүүдээ зөв хөдөлгөх, ухаалаг удирдлагатай ажиллавал цөөхөн хүн амыг арай ч ийм байлгаад байхгүй. Тэгэхээр төрөөс л шалтгаална. Ялангуяа иргэдийг бодитой урт хугацааны ажлын байртай болгох бодлого их дутагдаж байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.